“Залбирахад ирэх амар амгалан,” Найз, 2025 оны 11-р сар, 30–31.
Газар бүрийн анхдагчид
Залбирахад ирэх амар амгалан
Тэнгэрлэг Эцэг тэднийг үргэлжлүүлэн удирдсан.
1844 онд АНУ-д болсон бодит түүх.
“Бүр дээшээ, аав аа!” гэж Мэри чанга хэлэв.
Аав нь инээн, савлуурыг дахин хүчтэй түлхлээ. Савлуурыг Миссиссиппи мөрөн рүү унжсан том модонд уясан байв. Усан дээгүүр нааш цааш савлахад нүүрийг нь илэх салхи, хэвлийг нь гижигдэх мэт мэдрэмжид Мэри дуртай байлаа.
“Би дараагийнх нь!” гэж Элизабэт хэлэв.
Мэри савлуураас үсрэн бууж, дүүгээ суулгалаа.
Мэригийн гэр бүл Наувуд амьдардаг байв. Түүний эцэг эх хэдэн жилийн өмнө Сүмд нэгдсэн бөгөөд гэгээнтнүүдтэй нэгдэхийн тулд байгаа бүхнээ заран ийшээ нүүж ирсэн байлаа.
Науву хөл хөдөлгөөн ихтэй газар байв. Өдөр бүр шинэ хүмүүс ирдэг байлаа. Шинэ хот барихад нөр их хөдөлмөр шаардагдаж байсан бөгөөд хүүхдүүд хүртэл тусалж байв. Ийнхүү тусалж байгаа нь Мэрид том, чухал хүн болсон мэт санагддаг байлаа. Заримдаа тэр шинэ ариун сүм дээр ажиллаж байгаа аавдаа үдийн хоолыг нь авчирч өгч тусалдаг байв.
Мэри ням гарагт хамгийн сайхан хувцсаа өмсөж, дүү нартаа хувцас хунараа өмсөж сүмдээ явахад нь тусаллаа. Хүн бүр бошиглогч Иосеф Смитийг Есүс Христийн тухай заахыг сонсохоор модны доор цуглав. Мэри хэзээ нэгэн цагт тэд хэрхэн Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдарч болох талаар суралцах дуртай байлаа. Бошиглогч маш олон гайхамшигтай зүйлийг харж, сонссон байв.
Гэвч зарим хүн бошиглогчид дургүй байлаа. Түүнийг хорлох гэсэн хүмүүсийн тухай түүх Мэригийн чихэнд хүрч байв.
Зуны нэгэн орой Мэри оройн хоолны дараа ээждээ цэвэрлэгээ хийхэд нь тусалж байлаа. Дараа нь аав нь гэртээ ирэв. Түүний нүд нулимстай байлаа.
“Юу болсон бэ?” гэж ээж нь асуув.
“Бошиглогч Иосеф алуулсан байна” гэж аав нь хэллээ.
Ээж нь ч бас уйлж эхлэв. “Сүм түүнгүйгээр яаж оршин тогтнож чадах юм бэ?” гэж тэр асуулаа.
Мэри маш их гуниглаж, айж байв. Бошиглогч бол Бурханы сонгогдсон үйлчлэгч гэдгийг тэр мэдэж байсан. Тэнгэрлэг Эцэг яагаад ийм зүйл болохыг зөвшөөрч чадав аа?
Тэр уйлсаар гэрээсээ гарч, цэцэрлэг рүү гүйв. Хэсэг бутны дэргэд сөхрөн суугаад Мэри залбирч эхэллээ. “Тэнгэрлэг Эцэг минь, бид яах билээ? Бидний бошиглогч алуулсан байна” гэв. Нулимс хацрыг нь даган урсана.
Гэтэл нэгэн намуухан дуу хоолой “Би өөрийн хүмүүсийг удирдах өөр нэгэн бошиглогчийг томилно” хэмээн Мэригийн оюунд хэлэв.
Зүрх сэтгэл нь амар тайван, баяр хөөрийн мэдрэмжээр дүүрлээ. Тэр нүдээ арчаад, байшин руугаа хамаг хурдаараа гүйв.
Мэри: “Ээж ээ, аав аа! Намайг залбирахад Тэнгэрлэг Эцэг хариуллаа” гэж хэллээ. Тэр сонссон дуу хоолой, мэдэрсэн амар амгалан мэдрэмжийнхээ талаар тэдэнд ярив.
Аав, ээж нь түүнийг чанга тэврэхэд Мэри бүх зүйл сайхан болно гэдгийг мэдэж байв. Тэр гунигтай хэвээр байсан бөгөөд хүнд хэцүү цаг тэднийг хүлээж байгаа ч Тэнгэрлэг Эцэг үргэлжлүүлэн удирдан, тусална гэдгийг мэдэж байлаа.
Зураг чимэглэлийг Кристин Сорра