2025
Хаан өвөө дээрээ очсон нь
2025 оны 11-р сарын Найз сэтгүүл


“Хаан өвөө дээрээ очсон нь,” Найз, 2025 оны 11-р сар, 20–21.

Хаан өвөө дээрээ очсон нь

Өвөө нь Гифтэд өвөг дээдсийнх нь түүхийг ярьж өгөв.

Нигерид болсон бодит түүх

Тэнгэрт сар гарсан орой модны доор өвөөгөө тэвэрч буй охин

Гифт завины хажуу ханыг налан суугаад, ус хоёр тийш цацрахыг сонирхон харж байлаа. Давлагаа руу гараа сунгахад цацрах ус гарыг нь зөөлхөн гижигдэнэ. Энэ бол түүний хамгийн дуртай аялал байлаа. Тэр гэр бүлийнхээ хамтаар өвөөгийнхөө тосгон руу явж байсан бөгөөд орхиж гарсан хотоос нь тэс өөр зэрлэг, эрх чөлөөт ертөнцөд хором тутамд улам ойртсоор.

Хотод бол Гифт бусдаас үл ялгарах, сая сая хүний нэг нь л байв. Заримдаа юу өмсөж, юу хийж байгаа нь хэнд ч хамаагүй, зүгээр л өөрийнхөөрөө байх нь сайхан санагддаг байлаа. Гэвч өвөөгийнх нь тосгонд байдал огт өөр. Тэнд Гифт бусдаас өөр байлаа. Тэр бол ухаалаг хааны ач охин буюу гүнж байв.

Хоёр цагийн дараа усан онгоц зогслоо. Автобусаар зургаан цаг явж очих аян замынх нь хамгийн урт хэсэг үлдсэн байв. Тэр ядарсан ч гэсэн удахгүй өвөөтэйгөө дахин хамт байна гэдгээ мэдэж байлаа. Үүний төлөө ядарч цуцах бол юу ч биш юм.

Очих зам донсолгоотой байв. Гифт цонхоор харагдах үүлний хээ дүрс, зурайн өнгөрөх үзэсгэлэнт байгалийг ажин цагаа нөгцөөхийг хичээв. Автобус зогсоход нар хэвийж байлаа. Урт зам туулсны эцэст нэг юм өвөөдөө ирлээ! Гифт автобуснаас үсрэн бууж, тосгоны байшин руу гүйв.

Өвөөгөө хайн байшин дотор, ээжийнх нь хүүхэд байхдаа ямаагаа тэжээдэг байсан хашаа, шөнө орой шумуулаас хамгаалахын тулд цонхнуудаа хаадаг байсан унтлагын өрөө, тосгоны зөвлөлийн хуралд оролцохын тулд тод өнгийн ороолт, цаасан титэм зэрэг хааны өмсгөл өмсөн явдаг байсан байшингийн арын хэсэг зэргээс хайв.

Харин тэнд өвөө нь гэрийнхээ цэцэрлэг рүү харан сандал дээр тайван сууж байлаа. Гифт инээмсэглэлээ.

“Өвөө!” гэж түүнийг дуудахад

өвөө босож, гараа дэлгэн зогсов. Тэр “Хонгорхон үр минь” гэж шивнэн, түүнийг халуун энгэртээ тэврэн авлаа. “Энд суугаад надтай хамт амар” гэхэд

“Би таныг санасан шүү” гэж Гифт хэлэв.

“Би чамайг бүр ч их санасан. Ирсэнд чинь баяртай байна” гэж хэлээд өвөө нь хэсэг дуугүй байснаа “Энэ цэцэрлэг ямар онцгой болохыг чи мэдэх үү?” гэж асуув.

Гифт мэдэхгүй гэж толгойгоо сэгсэрлээ.

Өвөө нь өмнө нь байх мод руу заан, “Энэ бол манай гэр бүлийн мод” гэж хэлэв. Гифт уг мод хөгшин, бат бөх харагдаж байгааг анзаарчээ.

“Модны эргэн тойронд байх хавтангууд дээр өвөг дээдсийн маань нэрс байгаа. Бид гэр бүлээ үргэлж санаж байх ёстой” гэж өвөө нь хэлэв.

Гифт хавтан дээрх олон нэр хэнийх болохыг мэдэхгүй байлаа. Танихгүй хүнийг тэр хэрхэн мэдэх билээ дээ? “Өвөө, надад тэдний талаар ярьж өгөөч” гэж Гифт гуйв.

Өвөө нь нэрсийг нэг нэгээр нь уншиж, өвөг дээдсийнх нь түүхийг Гифтэд ярьж өглөө. Түүнийг ярьж байх зуур эдгээр нь зарим талаараа түүний түүх гэдгийг Гифт ухаарчээ. Өмнө нь огт уулзаж байгаагүй энэ гэр бүлийн гишүүдтэй адил төстэй олон зүйл түүнд байв.

Тэр агшинд Гифт нэгэн чухал зүйлийг ойлгосон юм. Эрх чөлөөг зөвхөн эндхийн давлагаа, газар нутаг биш, энэ тосгонд өвөөтэйгөө хамт мэдэрсэн гэр бүлийнх нь холбоо мэдрүүлж байв.

Өвөө нь тэнгэрт одод түгэх хүртэл түүх ярьжээ.

Эцэст нь өвөө санаа алдан, “Дотогшоо орсон нь дээр байх” гэв.

Гифт: “Түр хүлээж байгаарай” гээд

мод руу очиж, холтсонд нь зөөлөн гэгч хүрэв. Дараа нь тэр газар дээрх хавтангуудыг хараад өвөг дээдэс бүрийнхээ түүхийг саналаа. Тэр нэгэн өдөр ариун сүмд очиж, тэдний төлөө ариун нандин ёслолуудыг гүйцэтгэнэ. Тэдний ачаар л тэр одоо энд байгаа. Тэр тэдний өгсөн бэлгийн хариуд өөрийн хийх ёстой бүхнийг хийх болно.

Өвөөгөө түүнд гараа өгөхөд Гифт гараас нь барилаа. Гифт гэр бүлийнхээ мод руу эргэж нэг хараад, гэрийнхэн нь угтан авахаар хүлээж буй байшин руу явж оров.

PDF түүх

Зураг чимэглэлийг Одри Дэй