2025
Ариун Сүнсийг сонсох нь
2025 оны 3-р сар


“Ариун Сүнсийг сонсох нь,” Найз, 2025 оны 3-р сар, 40-41.

Ариун Сүнсийг сонсох нь

“Намайг Хүүхдийн хэсгээс юу сурсныг таагаарай“ гэж Чим хэлэв.

Филиппинд болсон бодит түүх.

Радио телевизийн зураг чимэглэл

Чим нойрмог нүдээ нээлээ. Нэг юм амралтын өдөр болсон байв!

“Сэрээрэй. Бид хоцорлоо шүү“ гэж ээж нь дуудав.

Чим дахиад унтахыг хүсэж байсан ч хүнсээ цуглуулах өдөр болсон байлаа. Тэр ээждээ долоо хоногийнхоо хүнс худалдан авахад нь туслах хэрэгтэй байв. Тиймээс тэр босоод, өглөөний ундаа хурдхан уув.

Ээж нь Чим болон түүний хоёр ахын төлөө олон зүйл амжуулдаг байлаа. Түүний ээж маш завгүй ажилладаг бөгөөд гэртээ нэг их байгаад байдаггүй. Чим болон түүний ах нар гэрийн ихэнх ажлыг хамтран хийдэг байв. Чим ээждээ туслахдаа баяртай байлаа.

Чим ээжтэйгээ захаас эргэж ирэхэд ээж нь ажилдаа явах хэрэгтэй болов. Түүнийг байхгүй байх үед Чим болон түүний ах нар ням гарагт бэлдэв. Маргааш сүм рүү явахдаа өмсөх гутал, өмд, цамцаа Чим гаргаж тавив. Ах Робин нь түүнд цамцаа индүүдэхэд нь тусалжээ. Дараа нь тэд оройн хоол хийв.

Ээжийгээ гэртээ ирэхэд Чим гал тогоогоо цэвэрлэж байв. Ээж нь маш их ядарсан харагдав.

“Май, ээж ээ” гээд Чим ээждээ аягатай халуун хоол өгөв.

Ээж нь инээмсэглээд, “Өнөөдөр хоол хийсэнд баярлалаа. Амттай харагдаж байна!” гэв.

Маргааш өглөө нь Чим эртлэн сэрээд сүмдээ бэлдэв. Тэр Хүүхдийн хэсгийн найзуудтайгаа уулзаж, Есүс Христийн тухай суралцахдаа догдолж байлаа.

Тэр намуухан дуугаар “Ээж ээ?“ гээд хаалгыг нь тогшоод, “Өнөөдөр та бидэнтэй хамт сүм рүү явах уу?” гэхэд

ээж нь, “Үгүй ээ. Би үдээс хойш ажилдаа явах ёстой” гэв.

“За” гээд Чим бага зэрэг гуниглав. Ээж нь тэдэнтэй хамт сүмд очилгүй бараг нэг жил өнгөрчээ. Чим, “Машинаа болгоомжтой бариарай бас өдөрт нь амжилт” гэж ээждээ хэлэв.

“Явахад бэлэн үү?” гэж түүний дүү Мэттиү асуув.

“Тэгэлгүй яах вэ!” гээд Чим гутлаа өмсөөд, ах дүү хоёртойгоо хамт автобусанд суухаар хаалгаар гарч одлоо.

Чим сүмийн байр луу алхаж байхдаа баяртай байлаа. Ариун ёслолын үеэр Чим Есүс Христийн талаар бодохыг хичээлээ. Тэр Хүүхдийн хэсэгт Ортэга эгчийн хичээлийг сонсох гэж илүү их хичээв.

“Өнөөдөр бид Ариун Сүнсний талаар суралцах болно. Ариун Сүнс бидэнд Тэнгэрлэг Эцэгийн захиасыг дамжуулдаг. Энэ нь радиотой адилхан юм” гэж Ортэга эгч хэллээ.

Чим Ортэга эгчийн барьсан радионы зургийг харлаа.

“Радио дохио хүлээн авч, үүнийг бидний сонсож чадах дуу чимээний долгион болгон хувиргадаг. Та нар үүнийг сонсохын тулд зөв сувагтай нь тааруулах хэрэгтэй. Ариун Сүнсийг сонсохын тулд бид зүрх сэтгэл, оюун бодлоо ч бас зөв сувагтай тааруулах хэрэгтэй” болохыг тэр тайлбарлаад, “Бид яаж тэгэх вэ?” гэж асуув.

Хүүхэд бодож эхлэв. Тэгэхэд Чим “Есүс Христийг дагаж, зарлигуудыг сахиснаар“ гэв.

Ортэга эгч инээмсэглэн, “Яг зөв!” гэв.

Сүмийн дараа Чим оройн хоол хийхэд дахин туслав. Тусалж байхад нь түүнд халуун дулаан мэдрэмж төрж байв. Тэр гэр бүлдээ үйлчилснээр зүрх сэтгэлээ Ариун Сүнсийг мэдрэх зөв сувагт тааруулж байгаагаа мэдэж байлаа.

Ээж, хүү хоёр хамтдаа хоол хийж буй зураг

Ээжийгээ гэртээ ирэхэд нь Чим тэврэв. Дараа нь тэд хоолон дээрээ залбирч, идэж эхлэв.

“Өнөөдөр намайг сүм дээр юу сурсныг таагаарай“ гэж Чим хэлэв. Тэр ээждээ Хүүхдийн хэсгийн тухай ярих дуртай байв.

“Юу сурсан бэ?” гэж ээж нь асуухад

“Бид Ариун Сүнсний тухай мэдэж авсан. Энэ нь яг л радио шиг. Бид зарлигуудыг сахивал зүрх сэтгэлээ Түүнийг сонсож чадах зөв сувагтай тааруулж чадна” гэж Чим хариулав.

Ээж нь толгой дохиод, “Гайхалтай! Тэгвэл зарлигуудыг сахих ямар жишээнүүд байдаг вэ?” гэхэд

Чим инээмсэглээд, “Ээждээ туслах!” гэв. Тэр чанга инээн, “Ээж ээ, би танд хайртай шүү!” гэв.

PDF түүх

Зураг чимэглэлийг Уран Дуо