2025
Гунигтай байна
2025 оны 3-р сар


“Гунигтай байна,” Найз, 2025 оны 3-р сар, 36-37.

Гунигтай байна

Би яагаад бусадтай адил аз жаргалтай байж чадахгүй байгаа юм бэ?

АНУ-д болсон бодит түүх.

Саванна хөнжлөөрөө толгойгоо бүтээв. Өнөөдөр маш хүнд өдөр байлаа.

Өнөөдөр хичээлийнхээ үеэр Саванна юунд ч анхаарлаа төвлөрүүлж чадсангүй. Тэр ядарч, сэтгэлээр унаж, гунигласан байв. Түүний сэтгэлд амар авагдахгүй хүнд жинтэй зүйл орсон мэт санагдаж байлаа. Өдөр дуусах үед тэр зүгээр л ширээнийхээ доор мөлхөж ороод, нуугдахыг хүсэж байв.

Сүүлийн үед Саванна ер нь л гунигтай байх болжээ. Найз нар нь түүнийг баярлуулахыг хичээж байсан ч заримдаа Саванна тэдэнтэй хамт байхыг хүсдэггүй байв. Түүнд тэд үргэлж аз жаргалтай байдаг юм шиг санагддаг байв. Заримдаа тэр найзуудыгаа түүнгүйгээр илүү аз жаргалтай байх байсан гэж бодох болов.

“Би яачихсан юм бол оо?” гэж Саванна гайхав. Би яагаад бусадтай адил аз жаргалтай байж чадахгүй байгаа юм бэ?

Тэр тэнгэрт байх саарал үүлс шиг хүйтэн, ганцаардмал байдлыг мэдэрч байв. Одоо тэр зүгээр л унтахыг хүсэж байлаа.

Саванна унтлагын өрөөнийх нь хаалга онгойхыг сонсов.

“Саванна“ гэж ээж нь дуудан, ирж орных нь захад суун, ”Юу болсон бэ?” гэж асуулаа.

Орон дээрээ суун гунигтай харагдах охин ба түүний ээж хоёр

“Яагаа ч үгүй ээ. Би зүгээр л ядраад байна” гэж Саванаа хэлэв.

“Чи итгэлтэй байна уу? Чамд санаа минь зовж байна” гэж ээж нь асуухад,

“Би зүгээр ээ“ гэж Саванна хэлэв.

“За за” гээд Ээж нь босож зогсоод, “Чи надтай юуны ч тухай ярьж болно шүү. Ээж нь охиндоо хайртай шүү” гэв.

Саванна оройн хоол хүртэл орондоо хэвтэв. Тэр шөнө Саванна унтаж чадсангүй. Түүний тархинд бүх зүйлийн талаарх бодол тасралтгүй эргэлдэж байв.

Маргааш нь тэр ядарсан хэвээрээ л байлаа. Бас нэг урт өдөр өнгөрлөө. Саванна сургуулиасаа гэртээ ирээд гал тогооны ширээний ард суугаад, санаа алдан цонхоор гадагш харлаа. Дахин цас орж байв.

“Саванна?” гэхэд

тэр эргэж хараад, эмээгээ өрөөнд нь орж ирэхэд гайхав.

“Сайн уу, эмээ. “Та юу хийж яваа юм бэ?” гэж Саванна асуув.

Эмээ нь ирж суугаад, “Ээж чинь надаас ирэхийг хүссэн юм. Тэр чамд санаа зовсон байсан” гэж хэллээ.

“Би зүгээр л их ядарсан байгаа. Би зүгээр дээ“ гэж Саванна хэлэв.

Эмээ нь эелдгээр инээмсэглэн, “Би өвөөтэй чинь нүүсэн зуны талаар чамд ярьж байсан бил үү?” гэв.

“Үгүй байх аа” гэж Саванна хэлэв.

“Би байнга гунигтай байдаг байсан. Би аз жаргалтай байхыг хүссэн ч юу ч надад хамаагүй санагддаг байв. Би маш их ганцаардсан” гэж эмээ нь хэлэв.

“Гэхдээ танд өвөө, ээж хоёр байсан шүү дээ” гээд Саванна эмээгийнхээ гутал руу доош харан, “Та яагаад ганцаардсан юм бэ?” гэхэд,

“Юу болоод байгааг би ойлгохгүй байсан. Би өмнө нь хэзээ ч тийм байдалд орж байгаагүй. Эцэст нь би эмчид үзүүлсэн“ гэж эмээ нь хэлэв.

“Тэгээд юу болсон бэ?”

Эмээ нь түүнийг тэврээд, “Би сэтгэл гутралд орсноо мэдсэн“ гэв.

“Өө, тэгээд танд зүгээр л гуниглаж байгаа юм шиг санагдаж байсан уу?“ гэж Саванна асуув.

“Үгүй ээ, сэтгэл гутрал бол зүгээр л гуниглах төдий зүйл биш. Миний уйтгар гуниг арилахгүй юм шиг санагдаж байсан. Надад хийдэг энгийн зүйлсээ хийхэд хүртэл төвөгтэй санагдах болсон. Бусадтай, тэр ч байтугай өөрийнхөө гэр бүлтэй харилцахад надад хэцүү байсан. Надад тусламж үнэхээр хэрэгтэй байсан” гэж эмээ нь тайлбарлав.

Саванна толгойгоо өргөөд, “Ямар төрлийн тусламж?” гэж асуув.

“Эмч асуудлыг тайлбарласны дараа бид хамтдаа намайг дээрдүүлэх төлөвлөгөө гаргасан. Гэвч заримдаа би гунигтай хэвээр байдаг байлаа. Би залбирахад маш их цаг зарцуулдаг байв. Би ганцаардсан үедээ Аврагч миний хажууд сууж байгаагаар төсөөлөн боддог байлаа. Түүний тухай бодох нь надад илүү их тус болдог байсан“ гэж эмээ нь хэлэв.

Саванна гадаа байгаа цасыг хараад бие нь зарсхийн, “Би ч гэсэн их гунигтай байдаг. Би аз жаргалтай байхыг хичээдэг ч заримдаа чаддаггүй. Тэгээд ийм мэдрэмжтэй байгаадаа өөртөө уурладаг“ гэж хэлэв.

“Ойлгож байна аа, үр минь” гээд Эмээ нь Саваннаг тэврэн, “Надад ч бас заримдаа тийм мэдрэмж төрдөг. Чи ганцаараа биш шүү. Би чамд хайртай, аав ээж нь чамд хайртай, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамд хайртай. Тэд чиний зовлонг ойлгодог учир хэзээ ч чамайг орхихгүй” гэлээ.

Магадгүй эмээгийн зөв байх. Би ганцаараа биш гэж Саванна бодов. Саваннагийн цээжин дэх хүнд ачаа хөнгөрөв.

“Би ээжтэйгээ ярилцах хэрэгтэй байх. Тэр ч бас надад туслахыг хүсэж байгаа” гэж Саванна хэлэв.

“Ёстой сайхан санаа байна” гээд эмээ нь Саваннагийн гарыг атгав.

Саванна инээмсэглээд эмээгийнхээ мөрийг дэрлэлээ. Тэр цаашид өмнөх шигээ ихээр даарч, ганцаардахаа болив.

Охин эмээ хоёр тэврэлдэж байгаа нь
PDF түүх

Зургийг Марина Пэссарродона