“Гайхамшигт жигнэмэг,” Найз, 2025 оны 3-р сар, 30-31.
Газар бүрийн анхдагчид
Гайхамшигт жигнэмэг
“Тэнгэр дэх эцэг минь, бидэнд оройн хоол алга. Бидэнд туслаач.”
АНУ-д болсон бодит түүх.
Хүйтэн салхи исгэрч, гар тэргийг тойрон цасан шуурга эргэлдэнэ. Жэйн нимгэхэн хөнжлөө мөрөө тойруулан чанга ороолоо. Тэр хөлөө мэдрэхээ больсон ч алхсаар байв. Тэд Ютагийн Солт Лэйк Сити рүү явж байлаа.
Жэйний гэр бүлийнхэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар Англид байхдаа мэдэж авсан ажээ. Бошиглогч Сүмийн гишүүдээс Юта мужид ирэхийг хүсэх үед түүний гэр бүл аян замдаа зориулж олдсон мөнгө бүрээ хадгалжээ. Тэд далайг гатлав. Одоо тэд хээр талыг гар тэргээр туулж байна. Тэд хэдэн сар явган явсан ба хоол хүнс нь дуусаж байлаа.
Жэйний хацрыг даган нулимс нь урсаж байв. Тэр, “Би маш их өлсөж байна. Би дахиад хөлөө зөөж чадахгүй юм шиг байна!” гэж ах Томастаа хэлэв.
Томас тэрэгний дугуйнаас суларсан шир огтлоод, “май, үүнийг зажил” гээд, “бид алзахгүй ээ” гэлээ.
“Баярлалаа“ гэж Жэйн хатуу ширийг зажлангаа шивнэн хэлэв.
Удалгүй шөнийн буудаллах цаг болжээ. Эрэгтэйчүүдийн зарим нь одос үхэр агнахаар явцгаав. Жэйн тэднийг олзтой ирнэ гэж найдаж байлаа. Түүний гэдэс хов хоосон байв. Хүлээж байх зуураа ядарч, өлсөж, даарсан Жэйн болон гэр бүлийнхэн нь жижиг гал тойрон сууж байв.
“Залбирцгаая“ гэж Жэйн хэлэв.
Гэрийнхэн нь хамтдаа өвдөг сөгдөн, ээж нь, “Тэнгэр дэх эцэг минь, бидэнд оройн хоол алга. Бидэнд туслаач” гэж залбирав.
Жэйн ах, эгч нарынхаа хамт хэсэг зуур чимээгүй суув. Тэгтэл ээж нь нуруугаа засан, цэх суув.
“Яасан бэ?” гэж Томас асуув.
Ээж нь, “Би нэг юм саналаа” гээд гар тэрэг рүүгээ яаран очиж, гэр бүлийнхээ ачааг задлав. Дараа нь тэр жижиг төмөр хайрцаг гаргаж ирээд онгойлголоо. Дотор нь маш хатуу хоёр жигнэмэг байв. Тэр жигнэмгүүд хэдэн сарын өмнөх далайн аяллаас нь үлдсэн байжээ.
Жэйн ихэд догдлов. Тэд хүнстэй болох нь тэр! “Эдгээрийг жижигхэн хуваацгаая“ гэж Жэйн хэллээ.
Гэвч тэд хуваахыг оролдсон боловч жигнэмэг дундуураа ч хуваагдахааргүй хатсан байлаа.
“Ингээд үзье“ гэж ээж нь хэлэв. Тэр жигнэмгүүдийг ширмэн тогоонд хийж, дээр нь бага зэрэг ус хийв. Дараа нь тэр таглаад, тогоогоо нүүрсний гал дээр тавилаа.
Жэйн гэрийнхэнтэйгээ хамт дахин залбирав. Есүс Христ таван мянган хүнийг хэдхэн талх, загасаар хооллосон судрын түүхийг тэр бодлоо. Тэнгэрлэг Эцэг тэдэнд ч бас тусалж чадна гэдгийг тэр мэдэж байлаа.
Хэсэг хугацааны дараа ээж нь тогооныхоо тагыг аажуухан авав. Тогоо амсраа хүртэл хоолоор дүүрсэн байв! Тэдний гэр бүлд бүгдэд нь хангалттай хүрэхүйц байлаа.
Жэйн ээжийгээ чанга тэврээд, “Энэ бол гайхамшиг” гэв.
Зураг чимэглэлийг Симини Блокэр