2025
Сармагчны эрэлд
2025 оны 3-р сар


“Сармагчны эрэлд,“ Найз, 2025 оны 3-р сарын, 4-5.

Сармагчны эрэлд

“Энэ нь яг л би сонсъё гэсэн үедээ Ариун Сүнсийг хэрхэн сонсож чаддагтай л адил юм.“

Коста Рикад болсон бодит түүх.

Ард нь зогсох охин, хүү хоёр зургийн хүрээнээс гадуурх ямар нэг зүйлийг заан инээж байх агшинд хөмсгөө зангидан зогсох хүү.

Этан, “Хөөх! Чи тэрийг харсан уу?” гэж асуув.

“Тийм ээ, хөөрхөн бяцхан сүүлийг нь хар даа!“ гэж Лили хэллээ.

Бостон дээшээ харсан ч зөвхөн сүүдэр л харав.

“Өнөөдөр бид аль хэдийн гурван сармагчин харлаа!“ гэж Итан хэллээ.

Гэвч Бостон юу ч харж чадсангүй! Түүний гэр бүл зэрлэг сармагчнуудыг харахаар ширэнгэн ойд ирсэн аж. Гэвч сармагчнууд Бостоны харж чадахгүй хэтэрхий хол зайд байв.

Бостон харааны бэрхшээлтэй ажээ. Тэр зөвхөн өөрт нь маш ойрхон юмсыг л харж чаддаг байв. Ер нь тэр харааны бэрхшээлтэй байгаадаа эмзэглэдэггүй байв. Харааны бэрхшээлтэй ч гэсэн тэр олон догь зүйлийг хийж чаддаг. Тэр брайл үсгийг хуруугаараа уншиж, харанхуйд таягтайгаа явж чаддаг. Бас дуу хоолойг нь сонсоод хүмүүсийг олдог байв.

Гэхдээ заримдаа Бостонд харааны бэрхшээлтэй байх нь таалагддаггүй. Яг өнөөдрийнх шиг.

Бостон газар суугаад санаа алдав. Шударга биш байна! гэж тэр бодлоо.

Хэдэн минутын дараа түүнд нэг санаа төрөв. Тэнгэрлэг Эцэг минь, надад хангалттай ойрхон ирэхэд нь сармагчнуудад туслаач гэж Бостон дотроо залбирав.

Бостон хараахан сармагчин олж хараагүй л байв. Тэгээд тэр холоос нэг чимээ сонсжээ.

Нарны шилтэй хүү чих тавин сонсонгоо инээмсэглэж байгаа нь

“Та нар сонсов уу? Энэ сармагчин байх!” гэж Бостон хэллээ.

“Би юу ч сонсоогүй“ гэж Этан хэлэв.

“Би ч бас сонссонгүй. Чи ямар сайн сонсдог юм бэ!” гэж аав нь хэлэв.

Бостон жим даган нэгэн сармагчин бут дундуур гүйхийг сонсов. Дуу гарсан зүг рүү тэр заагаад, “Тэнд!” гэв.

Дараа нь тэр өөр хэд, хэдэн чимээ сонсов. Зарим үед гэр бүл нь түүний заасан зүг рүү харах үедээ л сармагчин олж харж байлаа. Гэвч ямар ч сармагчин түүний харж чадах зайд ирсэнгүй.

Нарны шилтэй хүү дууны долгионоор ярьж байгаа нь.

Удалгүй гэртээ харих цаг боллоо.

“Ямар ч сармагчин харуулж чадаагүйд уучлаарай“ гэж ээж нь машин руу алхаж явахдаа хэлэв.

Бостон мөрөө хавчаад, “Зүгээр ээ, Би нэгийг ч харж чадаагүй ч тэднийг олноор нь сонссон“ гэж хэллээ. Тэгээд тэр залбирлынхаа тухай бодон, “Энэ нь надад Ариун Сүнсийг санагдуулж байна” гэхэд

“Наадах чинь юу гэсэн үг вэ?” гэж ээж нь асуутал тэр,

“Би сонсох гэж зогсохдоо тэднийг миний эргэн тойронд байгааг мэдсэн. Би тэднийг харж чадахгүй байсан ч сонсож чадсан. Энэ нь яг л би сонсъё гэсэн үедээ Ариун Сүнсийг сонсож чадаж байгаа юм шиг л санагдаж байна” гэж хэлэв.

“Мундаг зүйл сурчээ” гэж ээж нь хэллээ.

Бостон хажуугийн бутнуудаас нэг юм сонслоо. Тэгтэл яг түүний өмнө ямар нэг зүйл жим дээр гарч ирэв! Тэр сармагчин улаандуу үстэй, урт сүүлтэй байлаа. Тэр сармагчин зогсоод, түүн рүү харснаа модод руу буцан орлоо.

Сармагчин! Эцэст нь тэр нэгийг харлаа!

Бостон инээмсэглэв. Харааны бэрхшээлтэй байх нь заримдаа хэцүү байдаг. Харин өнөөдөр энэ нь түүнд Ариун Сүнсний талаар суралцахад тусалсан юм. Үнэхээр догь байлаа.

улбар шар сармагчин
PDF түүх

Зургийг Алисса Гонзалэз