2025
Залбирахын аргагүй ууртай байв
2025 оны 1-р сар


“Залбирахын аргагүй ууртай байв,” Найз, 2025 оны 1-р сар, 4–5.

Залбирахын аргагүй ууртай байв

Габриэла гүнзгий амьсгаа авав. Тэр тайвшрахын тулд юу хийж болох вэ?

Германд болсон бодит түүх.

Габриэла унтлагын өрөөний хаалгаа савахдаа “Хэн ч намайг ойлгодоггүй!” гэж орилов. Өнөөдөр хүнд өдөр байлаа. Сургууль дээр хэн нэгэн түүнийг шоолжээ. Габриэла гэртээ ирээд Муттидаа (ээж) аашилж, уурласан байв.

Габриэла орон дээрээ унаж, уйлж эхлэв. Хацрыг нь даган нулимс урсаж, цээж нь уурандаа багтарч ядаж байлаа. Ийм байдалтай байх түүнд таагүй байлаа.

Тэр тусламж хэрэг болох болгонд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч болно гэж Хүүхдийн хэсгээс сурснаа санав. Тэр дээрдэхийн тулд залбирмаар байсан ч анхаарлаа төвлөрүүлж чадахааргүй бухимдсан байлаа. Тэр нүдээ аниад, хэдэн удаа гүнзгий амьсгаа авав. Тэр тайвшрахын тулд юу хийж болох вэ?

Хэдэн секундийн дараа түүнд нэг бодол төрөв.

Талархаж явдаг зүйлсээ бод.

Тэр нүдээ нээгээд, өрөөгөө тойруулан харлаа. Мутти, Вати (аав) хоёрын зураг ханан дээр өлгөөтэй байв. Габриэла гэрийнхэндээ уурласан ч тэдэнд хайртай.

“Би аав, ээж хоёрынхоо төлөө талархаж байна” гэж тэр хэлэв.

Дараа нь тэр өөрийн үеэлүүд болох Гвэндолин, Лидиа, Томас нарын тухай боджээ. Тэд үргэлж түүнтэй тоглоомоо хуваалцаж, мөн түүнийг инээлгэдэг байлаа. Тэр тэдэнтэй тоглох дуртай.

“Би үеэлүүдийнхээ төлөө талархаж байна” гэж Габриэла хэлэв.

Тэгээд тэр цонхоор харлаа.

Нар жаргаж, тэнгэр улбар шар, улаан, шар, ягаан зэрэг өнгөөр алаглан гоё харагдлаа.

“Би нар жаргаж байгаад талархаж байна” гэж Габриэла хэлэв.

Дараа нь тэр өөр олон зүйлийн тухай боджээ. Тэр өдөр сургууль дээрээ идсэн үдийн хоолныхоо төлөө талархав. Тэр найзуудынхаа төлөө талархав. Тэр амьдарч байгаа байрныхаа төлөө талархав.

Талархдаг зүйлсийнхээ тухай бодох нь хөгжилтэй байлаа! Габриэла амьдралд нь хэчнээн олон сайн сайхан зүйл байсныг огт анзаараагүй байв.

Ариун Сүнс адислалуудынхаа тухай бодох санаа төрүүлснийг тэр ойлгов. Одоо түүний зүрх сэтгэл амар амгалан болжээ. Тэр залбирахад бэлэн боллоо.

“Тэнгэрлэг Эцэг минь, Намайг Муттид уурласанд уучлаарай. Намайг тайвширч, дахин аз жаргалтай болоход тусалсанд баярлалаа. Адислалуудыг минь сануулахаар Ариун Сүнсийг илгээсэнд баярлалаа. Есүс Христийн нэрээр, амен” гэв.

Тэр өрөөнөөсөө гарч ирэв. Мутти, Вати хоёр гал тогоондоо оройн хоол хийж байлаа. Тэр Муттиг тэврэн

“Танд уурласанд уучлаарай” гэлээ.

Мутти “Зүгээр ээ. Уучлал гуйсанд баярлалаа” гэв.

Тэд оройн хоолны ширээгээ тойрч суугаад, хоолоо адислав. Тэгтэл Габриэлад нэгэн санаа төрөв!

“Ширээ тойроод, бүгдээрээ талархаж байгаа зүйлсээ хэлцгээе” гэв.

Вати инээмсэглэн, “Сайхан санаа байна!” гэлээ.

“Би савангийн төлөө талархаж байна” гэж Мутти хэлэв.

Вати хэсэг бодсоноо,

“Пицца” гэв. Тэд бүгд инээлдэв.

Дараа нь Габриэлагийн ээлж ирлээ. Тэр юу гэж хэлэхээ аль хэдийн мэдэж байв.

“Би залбирлын төлөө талархаж байна” гэв.

PDF түүх

Зураг чимэглэлийг Симини Блокэр