2025
Гукатай хамт сүм рүү явсан нь
2025 оны 1-р сар


“Гукатай хамт сүм рүү явсан нь,” Найз, 2025 оны 1-р сар, 30–31.

Газар бүрийн анхдагчид

Гукатай хамт сүм рүү явсан нь

Кэлвин өмнө нь хэзээ ч ийм сүм харж байсангүй.

Кенид болсон бодит түүх.

Кэлвин сүүний гялалзсан шилнүүдийг тавиур дээр болгоомжтой гэгч нь өрөв. Тэр хөдөө тосгонд байдаг өвөө эмээтэйгээ амьдрахаар саяхан нүүж ирсэн ажээ. Тэд өөрсдийн гэсэн сүүний дэлгүүртэй бөгөөд Кэлвин туслах дуртай байв.

“Өнөө орой бид сүмийн үйл ажиллагаанд явна” гэж Гука (өвөө) хэлэв. “Чи бидэнтэй хамт явах уу? Тэнд хөгжилтэй байх болно” гэлээ.

Кэлвин хөгжилтэй байх дуртай. Тэр “Тэгье!” Би та хоёртой явъя!” гэв.

Кэлвин өвөө, эмээтэйгээ дэлгүүрээ хаагаад үйл ажиллагаа руу явлаа. Тэд бөс бараа, жимс жимсгэнэ, савтай ургамлууд зардаг дэлгүүрүүдийн хажуугаар өнгөрөв. Тэд хэсэг зуур яваад сүм дээр ирлээ.

Хүү, өвөө хоёр сүмийн байрны гадаа

Кэлвин гайхалтай барилгыг хараад, мэл гайхан зогсов. Тэр өмнө нь хэзээ ч ийм сүм харж байсангүй. Ихэнх сүм орой дээрээ загалмайтай байдаг ч энэ сүм тийм биш байв.

Дотогш ороод Кэлвиний өвөө эмээ хоёр түүнийг олон сайхан хүмүүстэй танилцууллаа. Тэд амттай хоол идэж, тоглоом тоглоцгоов.

Гэвч Кэлвин сониуч зандаа хөтлөгдөн сүмийн танхимуудаар явж үзэв. Тэр Есүс Христийн зургуудыг олж харлаа. Дараа нь тэр нэг ангид ороод, ханан дээр хэдэн зураг байгааг анзаарав.

Энэ юун хүмүүс юм бол? гэж Кэлвин гайхан бодов.

Тэр өрөөнөөс гарч явахдаа үүдний танхимд хоёр залуу байгааг харлаа. Тэд цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн байв. Тэдний нэг нь “Сайн уу? Бид номлогчид байна. Чамайг хэн гэдэг вэ?” гэж асуув.

Кэлвин өөрийгөө танилцууллаа. Тэгээд тэр “Тэр зурган дээрх хүн хэн бэ?” гэж асуув. Тэр өрөөн дэх зургуудын нэг рүү заасан аж.

“Энэ бол бошиглогч” гэж нөгөө номлогч нь хэлээд, “Бошиглогч гэж хэн болохыг чи мэдэх үү?” гэж асуув.

Кэлвин инээмсэглээд, үгүй гэж толгой сэгсрэв.

“Бошиглогч бол Бурханы элч. Бурханы биднийг мэдээсэй хэмээн хүсдэг зүйлсийг тэр бидэнд заадаг юм” гэж өнөөх номлогч хэллээ.

Тэр орой Кэлвин өвөө, эмээтэйгээ гэр лүүгээ явж байхдаа номлогчдын түүнд өгсөн Мормоны Номыг барьсан байв. Тэр бошиглогчдын талаар мөн энэ шинэ сүмийн талаар илүү ихийг мэдэхийг тэсэн ядан хүлээж байлаа.

Гэртээ харьсныхаа дараа Гука “Чи бидэнд уншиж өгөх үү?” гэж асуув. Кэлвиний өвөө, эмээ хоёр уншиж мэддэггүй байв.

Эмээ, өвөө хоёртоо Мормоны Ном уншиж өгч буй хүү

“Тэгэлгүй яах вэ!” гэж Кэлвин хэлэв. Тэр Мормоны Номоо дэлгээд, чанга уншив. Тэр бүх үгийг ойлгоогүй ч ямар нэгэн онцгой зүйл мэдэрчээ.

Ням гараг болоход Кэлвин өвөө, эмээтэйгээ дахин сүмд очив. Тэр хүүхдүүдэд зориулсан ангид орлоо. Үүнийг Хүүхдийн хэсэг гэдэг байв. Тэр маш олон найзтай болов! Тэр бошиглогчид болон Есүсийн тухай илүү ихийг мэдэж авчээ.

Номлогчид Кэлвинд илүү ихийг зааж өгөхөөр ирэв. Нэг өдөр тэд түүнээс “Чи Аврагчийн үлгэр жишээг дагаж, баптисм хүртэх үү? гэж асуув.

Кэлвин нүүр дүүрэн инээмсэглээд “Тийм ээ!” гэлээ.

Кэлвин баптисмынхаа өдөр ус руу ороход ус хүйтэвтэр байв. Гэвч Кэлвин эргэн тойрноо хараад, өвөө эмээ, номлогчид, сүмийн бүх шинэ найзаа олж харлаа. Тэр үнэхээр их хайрлуулж байгаагаа мэдэрчээ!

Кэлвин Есүс Христийг дагахыг сонгосноор гэр бүлийнхээ анхдагч болсон юм. Тэр Түүнийг үргэлжлүүлэн дагаж мөн Түүнийг дагахад бусдад тусална гэхээс догдолж байв!

PDF түүх

Зураг чимэглэлийг Кристин Сорра