“Бороотой өдрийн зуслан,” Найз 2025 оны 1-р сар, 16–17.
Бороотой өдрийн зуслан
Тэнгэрлэг Эцэг яагаад түүний залбиралд хариулсангүй вэ?
АНУ-д болсон бодит түүх.
“Маргааш миний тоглолт болно, тийм ээ?” гэж ээж нь Лүсиг хөнжлөөр хучих үед тэр асуув.
Ээж нь толгой дохиод, “Тийм ээ! Маргааш орой 6:00 цагт болно” гэлээ.
Лүси тэсэн ядан хүлээж байв. Тэр багийнхаа анхны софтболын тоглолтыг хэдэн долоо хоногийн турш хүлээсэн. Энэ жил тэдний өмсгөл ягаан өнгөтэй болсон! Тэр үнэхээр догдолсон учир нойр нь хүрэхгүй байлаа.
Гэвч маргааш өглөө нь Лүси цонхоор хараад, хөмсгөө зангидав. Тэнгэрт бараан үүл нүүгэлтэж, хаа сайгүй шалбааг тогтсон байв. Бороо шөнөжин орсон байлаа.
Тэр өглөөний залбирлаа хэлэхээр өвдөг сөгдөв. “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, өнөө орой миний софтболын тоглолтод зориулж цаг агаар сайхан байхад туслаач” гэлээ.
Лүси сургууль дээрээ өдөржин тоглолтынхоо тухай бодов. Тэр шинэ ягаан өмсгөлөө өмсөж, ялалтын оноо авахаар хичээж байгаагаар өөрийгөө төсөөлөв. Гэвч гадаа бороотой, чийгтэй хэвээр.
Лүси дотроо хурдхан залбирав. Тэнгэрлэг Эцэг минь, өнөө орой бидэнд тоглох боломж олгож, нар бушуухан гарахад туслаач гэв.
Сургуулийн хонх дуугарахад Лүси үүргэвчээ шүүрч, гадагшаа гүйлээ. Тэр нар үүлний цаанаас цухуйж байгааг харав.
Гэвч ээж нь түүнийг авахаар ирэхдээ муу мэдээ дуулгав. “Өнөө оройны тоглолт цуцлагдсан. Харамсалтай байна” гэлээ.
Лүси тэнгэр лүү хараад, “Гэхдээ нар гарч байна шүү дээ. Бороо зогсох ч юм бил үү” гэв.
“Харин тийм ээ. Гэхдээ софтболын талбай үерлэсэн байна. Тэгэхээр бороо намдсан ч тоглоход хэтэрхий нойтон, шавартай болсон. Тэд тоглолтыг өөр өдөр товлох байх” гэв.
Лүсигийн нүдэнд нулимс цийлгэнэлээ. Тэр сэтгэлээр ихэд унав! Тэр орой тоглохыг үнэхээр, бүр үнэхээр их хүсэж байсан. Тэнгэрлэг Эцэг яагаад түүний залбиралд хариулсангүй вэ?
Лүси гэртээ яг л борооны үүл шиг зэвхий саарал, тоогүй мэдрэмжтэй байлаа. Түүнд дуртай номоо уншмааргүй санагдав. Ээж нь оройн хоолонд түүний дуртай гоймонтой хоолыг хийсэн ч тийм ч амттай байсангүй.
Оройн хоолны дараа Лүсигийн бага дүү Элли түүний өвөр дээр гараад, “Хамт тоглох уу?” гэж асуув.
Лүси санаа алдаад, “Тэгье ээ!” гэж хариуллаа. Дараа нь түүнд нэг санаа төрөв. Тэр “Бид хөгжилтэй зүйл хийх хэрэгтэй”
гээд шүүр аван, туг хийхээр үзүүрт нь ороолт уяв. Дараа нь тэр дүү нараа цуглуулав. Тэр тугаа гартаа бариад, “Бороотой өдрийн зусланд тавтай морил! Гадаа тоглож чадахгүй үед хөгжилдөхийн тулд энд л очдог юм шүү дээ” гэж тэр хэлэв.
Дүү нар нь баяртай байлаа.
“Эхлээд, бид зуслангийнхаа дууг дуулна” гэж Лүси хэлэв.
Охид марзан үгтэй дуу зохион, үүнийгээ дуулж байхдаа хөхрөлдөв. Дараа нь тэд тугаа бариад, аль болох чанга дуулж, өрөөг тойрон алхав.
“Одоо бид майхнаа босгох хэрэгтэй!” гээд Лүси дүү нартаа урц босгох хөнжил, дэр цуглуулахад тусалжээ. Урц нь хэд хэдэн удаа нурав. Гэвч тэд засаж янзлаад, дотор нь бөөгнөрөн, тоглоом тоглохоор суулаа.
Удалгүй орондоо орох цаг боллоо. “Маргааш дахиад бороо ороосой. Би бороотой өдрийн зусланд дахин ирж тогломоор байна!” гэж Лүсигийн дүү Лиза хэлэв.
Ээж нь Лүсиг сайхан амраарай гээд тэврэхдээ “Дүү нартайгаа тоглосонд баярлалаа” гэв. “Чи хэцүү нөхцөлд байсан ч сайн зүйл хийж гэрлээ гийгүүллээ. Би чамаар бахархаж байна” гэлээ.
Лүси ор луугаа авирахдаа баяртай байлаа. Түүний залбирал хүссэн шиг нь хариулагдаагүй. Гэсэн ч Тэнгэрлэг Эцэг түүнд гэр бүлээрээ хийх хөгжилтэй зүйл бодож олоход нь тусалсан ба энэ нь софтболын анхны тоглолтдоо ягаан өмсгөл өмсөхтэй адил зугаатай байв.
Зураг чимэглэлийг Эйприл Стотт