“Свахили хэл дээрх судар,” Найз, 2025 оны 1-р сар, 36–37.
Свахили хэл дээрх судар
Тусалж чадах ямар нэг зүйл надад байсан ч болоосой гэж Жарэд бодов.
Австралид болсон бодит түүх.
Жарэд ням гаргийн ангид орж, ангийнхантайгаа хамт суув. Тэр нэгэн танихгүй хүү орж ирээд, хоёр сандлын цаана суухыг анзаарчээ.
Жарэдын багш Тружэн ах ангийнхан руугаа инээмсэглээд “Энэ бол Эмманүэл. Тэр саяхан гэр бүлийнхэнтэйгээ Австралид нүүж ирсэн. Тэд манай тойрогт анхны ням гарагтаа сууж байгаа юм!” гэлээ.
Жарэд шинэ тойрогт явах хэцүү байхдаа гэж бодов. Тэр Эмманүэлын найз болохыг хүсжээ.
Тружэн ах судраа гаргаад “Бүгдээрээ 3 Нифай дээр очицгооё” гэв.
Жарэд судраа дэлгээд, Эмманүэл руу харлаа. Түүнд ямар ч судар байсангүй.
Жарэд инээмсэглэн, түүн рүү ойртоод, “Сайн уу? Намайг Жарэд гэдэг. Чи миний судраас харах уу?” гэв.
Эмманүэл хариу инээмсэглэн “Ммм, би англи хэл сайн мэдэхгүй. Уучлаарай” гэжээ.
“Чи ямар хэлээр ярьдаг вэ?”
“Свахили.”
Жарэд свахили хэл огт мэдэхгүй шүү дээ. Тэр хичээлийн үлдсэн хэсэгт Эмманүэлтэй их юм ярьж чадсангүй.
Жарэд оройн хоолон дээр Эмманүэлын тухай гэрийнхэндээ ярив.
“Тэр үнэхээр сайн хүүхэд юм шиг санагдсан. Гэхдээ бид сайн ойлголцож чадахгүй байна” гэж Жарэд хэлэв.
Ээж нь толгой дохиод, “Эмманүэл одоо гэрийнхэнтэйгээ их зүйл даван туулж байгаа. Эх оронд нь таагүй зүйл болж байгаа учраас тэд гэнэт дайжихаас өөр аргагүй болсон. Тэд бүх зүйлээ орхисон” гэлээ.
Жарэд уруу царайлав. Маргааш гэрээ орхиод, цоо шинэ улс руу нүүвэл ямар байх бол? Үнэхээр хэцүү байх байсан шүү дээ!
Эмманүэлд тусалж чадах ямар нэг зүйл надад байсан ч болоосой гэж тэр бодов. Гэхдээ юу хийх вэ?
Жарэд унтахаар бэлдэж байхдаа Эмманүэлын тухай бодохгүй байж чадсангүй. Тэр ширээн дээрээ Мормоны Номоо дэлгэж, хэдэн шүлэг уншив. Судар унших нь түүнийг үргэлж дээрдүүлдэг аж. Энэ үдэш ч гэсэн судар түүнд Эмманүэл унших сударгүй байсныг сануулав. Жарэд судраа хаагаад, хавтас руу нь ширтлээ. Тэгээд тэр сандлаасаа ухасхийн босоод, үүдний өрөө рүүгээ яаран гарав.
“Ээж ээ! Би Эмманүэлд хэрхэн туслахаа ойлголоо!” гэв.
Дараагийн ням гараг Жарэд Эмманүэлтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байв. Тэр ариун ёслолын танхимын урд хэсэгт бусад диконтой суугаад, шинэ Мормоны Ном өвөр дээрээ тавиад хүлээж байлаа. Номлогчид зөвхөн Эмманүэлд зориулсан энэ онцгой номыг авахад түүнд тусалсан байв.
Эмманүэлыг гэрийнхэнтэйгээ ариун ёслолын танхимд орж ирэхэд Жарэд инээмсэглээд, түүн рүү даллав. Эмманүэл Жарэдын хажууд суухдаа эргэлзсэн царайтай харагдав. Гэвч Жарэдыг Мормоны Ном өгөх үед тэр мэл гайхлаа.
“Энийг надад өгч байгаа юм уу?” гэж Эмманүэл асуув.
Жарэд толгой дохилоо.
Эмманүэлын нүд гэрэлтэв. Тэр шинэ Мормоны Номынхоо хуудсуудыг эргүүлэнгээ “Свахили хэл!” байна гэлээ. Тэр Жарэд руу инээмсэглээд, номоо энгэртээ тэвэрч, “Баярлалаа!” гэв.
Жарэд хариу инээмсэглэхдээ зүрх сэтгэлдээ халуун дулаан мэдрэмж мэдэрчээ. Тэр Эмманүэлын бүх зүйлийг сайжруулж чадахгүй гэдгээ мэдэж байсан ба хоорондоо сайн ярилцаж чадахгүй хэвээр байв. Гэхдээ зүгээр ээ. Тэд найзууд болохын тулд заавал нэг хэлээр ярих шаардлагагүй!
Зураг чимэглэлийг Кийт Нэгли