2025
Яг Иосеф шиг
2025 оны 1-р сар


“Яг Иосеф шиг,” Найз, 2025 оны 1-р сар, 4–5.

Хялбархан уншигч

Яг Иосеф шиг

Иосеф Смит үнэхээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харсан болов уу?

Филиппинд болсон бодит түүх.

Тэдний суух жижиг автобус хот дамжин ирэхэд Лэнсай ээжийнхээ хажууд суудалдаа суув. Ням гараг бол Лэнсайн хамгийн дуртай өдөр! Тэр Хүүхдийн хэсэгт очиж, Есүс Христийн тухай суралцах дуртай байв.

Өнөөх жижиг автобус тэдний буух зогсоол дээр ирлээ. Ээж нь Лэнсайн гараас хөтлөөд, тэд сүм рүү алхав.

Сүм рүү явж буй ээж охин хоёр

Ариун ёслолын цуглааны дараа Лэнсай найз Мариагийн хамт Хүүхдийн хэсэгт оров. Самбар дээр ойд залбирч байгаа нэгэн залуу хүүгийн зураг байлаа.

“Өглөөний мэнд!” Тэдний багш Круз эгч зураг руу заагаад “Энэ хэн болохыг мэдэх хүн байна уу?” гэж асуув.

Хүүхдийн хэсгийн хүүхдүүд

“Энэ Иосеф Смит!” гэж Лэнсай хариулав.

Круз эгч инээмсэглээд “Яг зөв. Иосеф Смит юу хийсэн билээ?” гэв.

Лэнсай зураг руу дахин харав. Тэр Иосеф Смитийг бошиглогч гэдгийг мэдэж байсан ч өөр олон зүйлийг мэдэхгүй байлаа.

“Тэр манай сүмийн анхны бошиглогч” гэж Мариа хэлэв.

“Дахиад л зөв!” гэж Круз эгч хэллээ. “Иосеф бага байхдаа аль сүмд нэгдэхээ мэдэхгүй байлаа. Тэрээр ойд очиж, аль нь үнэн болохыг мэдэхийн тулд Бурханд хандан залбирчээ. Тэр бас нүглийнхээ өршөөлийг гуйсан ажээ. Түүнийг залбирч байх үед маш хурц гэрэл харагдав. Тэр гэрэлд хэн байсныг та нар мэдэх үү?”

Лэнсай ангийнхантайгаа хариултыг хүлээж байлаа.

Круз эгч самбар дээр өөр зураг байрлуулав. Энэ нь Иосеф Смитийн дээр агаарт зогсож байгаа хоёр хүнийг харуулсан ажээ. Тэд цагаан орхимжтой байсан ба хурц тод гэрэлтэж байв.

“Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрсдийгөө Иосефт үзүүлсэн. Тэр Есүсийн Сүмийг сэргээх болно гэж Тэд түүнд хэлсэн юм. Бид үүнийг Анхны үзэгдэл гэдэг” хэмээн Круз эгч хэлэв.

Лэнсай нүдээ бүлтийлгэн гараа өргөж, “Ийм зүйл үнэхээр тохиолдсон гэж үү?” гэж асуув.

Круз эгч толгой дохиод, “Тийм ээ, үнэхээр тохиолдсон” гэв.

Лэнсайн сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрлөө. Тэр Круз эгчийн хэлсэн үг үнэн гэдгийг мэдэж байв.

Тэр орой Лэнсай Иосеф Смитийн тухай бодсоор байлаа. “Ээж ээ, би яаж Иосеф Смит шиг Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг харах вэ?” гэж асуув.

Ээжийгээ тэвэрч буй охин

Ээж нь Лэнсайг тэврэв. “Бидний ихэнх нь Иосеф Смит шиг Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг хардаггүй. Гэхдээ Тэд Ариун Сүнснээс ирэх бодол, мэдрэмжээр дамжуулан бидэнтэй ярьж чадна. Тэгж чи Тэднийг үргэлж чамтай хамт байдаг гэдгийг мэдэж авч чадна” гэв.

Круз эгчийг Анхны үзэгдлийн тухай ярихад Лэнсай халуун дулааныг зүрх сэтгэлдээ мэдэрсэн тухайгаа бодов. Энэ бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христээс ирсэн захиасыг түүнд илгээсэн Ариун Сүнс байсан юм! Тэр инээмсэглэж, ээжийгээ тэврэв. Тэд Иосеф Смиттэй ярьсан шигээ түүнтэй ч бас ярьсан байв!

PDF түүх

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни