Гэр бүлийн тунхаг ба та
Гэр бүлийн тунхгийн 30 жилийн ой энэ сард тохиож байна. Энэ нь өнөөдөр таны гэр бүлийг хэрхэн адисалж чадахыг олж мэдээрэй.
Зураг чимэглэлийг Иртаксе Лопез де Мунайн
Яг 30 жилийн өмнө 1995 оны 9-р сард Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” хэмээх тунхгийг гаргасан бөгөөд “гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” хэмээн тунхаглажээ.
Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Даллин Х.Өүкс тэр үед төлөөлөгч байжээ. Тэрээр “Гэр бүлийн тунхаг нь мөнхийн үнэний мэдэгдэл гэдгийг би гэрчилж байна. … Үүнийг зааж, үүний дагуу амьдар, тэгвэл та адислагдах болно” гэж хэлсэн.
Гэр бүлийн тунхаг дэлхий даяарх гэр бүлүүдийг 30 жилийн турш адисалсаар ирсэн, цаашид ч адисалсаар байх болно.
Бат бөх, аз жаргалтай гэр бүлүүдэд зориулсан зөвлөгөө
Гэр бүлийн тунхагт бошиглогч, төлөөлөгчид “Их Эзэн Есүс Христийн сургаалд суурилсан гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно” гэж гэрчилсэн.
Эдгээрт “итгэл, залбирал, наманчлал, уучлал, хүндэтгэл, хайр, өрөвч нинжин сэтгэл, хөдөлмөр, үр бүтээлтэй мөн эерэг үйл ажиллагаанууд” ордог.
Эдгээр сургаалыг ашиглах нь гэр бүлийг тань гайхалтай арга замаар адислах болно. Жишээ нь, та дараахыг хийж болно:
-
Гэр бүлийн залбирлыг уриалан дэмж. Залбирал гэр бүлүүдийг бат бөх болгодог. Залбирал танай гэр бүлийн нэг дадал болоогүй бол гэр бүлийнхнээ залбирч үзэхэд нь урамшуул. Хамт залбирах нь амар амгалан, хайр, эв нэгдлийг авчирдаг.
-
Хайраа үг яриа, үйл хэргээр харуул. Гэр бүлээ аль хэдийн мэдэж байгаа гэж бодсон ч тэдэнд хайртайгаа улам их хэл. Эелдэг зөөлөн, урмын үг ашиглаарай. Энэ нь танай гэрт Сүнсийг урьдаг.
Гэр бүлдээ үйлчлэх нь хайраа харуулах бас нэг сайн арга юм. Ах, эгч дүү нартаа нууцаар тусламж үзүүлэх эсвэл бусдаар хэлүүлэлгүйгээр гэрийн ажилд туслах талаар бодож үз.
-
Цагийг хамтдаа өнгөрүүлж, хөгжилтэй бай. Гэр бүлийн тунхагт гэр бүлүүдийг хүчирхэг, аз жаргалтай байлгахын тулд “чөлөөт цагаа үр бүтээлтэй мөн эерэг үйл ажиллагаа зохиох” тухай дурдсан байдаг. Та цэцэрлэгт хүрээлэнд дугуйгаар явж, хоол бэлдэж хуваалцах, богино хугацаанд явган аялж, спорт эсвэл хөлөгт тоглоом тоглож болно. Жагсаалт үргэлжилж болох ч хамтдаа цагийг өнгөрөөх нь гэр бүл хамгийн чухал зүйл гэдгийг сануулах болно.
-
Хамтдаа үйлчил. Хамт үйлчилбэл танай гэр бүл улам дотносно. Энэ нь хэн нэгэнд дуртай хоолыг нь хийж өгөх, хөршийнхөө гадаах цасыг цэвэрлэх зэрэг энгийн зүйл байж болно.
Аврагч гэр бүлийн үл ойлголцол, бэрхшээлийг наманчлал, уучлал, итгэлээр дамжуулан шийдвэрлэхэд тусалж чадна. Бид Есүс Христийг дагаж, Түүнд найдах үед гэр бүлийнхнээсээ мэдэрдэг хайр, хүндэтгэл өсөн нэмэгддэг.
Гэр бүлийг бат бөх, аз жаргалтай, улам дотно болгох өөр олон арга зам бий.
Та өөр юу хийж болох вэ?
Одоо мөн үргэлж байх үнэн
Төгс гэр бүл гэж байхгүй. Заримд нь хүнд бэрхшээл тулгардаг. Та гэр бүлийнхээ нөхцөл байдлыг хараад, гэр бүлийн тунхаг танай гэр бүлийг хэрхэн адисалж чадах талаар бодож болох юм. Гэвч энэ нь юу ч болж байсан гэр бүлийг тань адислах мөнхийн үнэнээр дүүрэн байдаг.