2025
Санваарын эрх мэдэл ба хүчнээс ирэх адислалууд
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 9-р сар


Санваарын эрх мэдэл ба хүчнээс ирэх адислалууд

Бурханы санваар Түүний бүх хүүхдийг адислахын тулд өнөө үед сэргээгдсэн юм.

Мелкизедек санваарын сэргээлт

Мелкизедек санваарын сэргээлт, Волтэр Рэйн

Өсвөр үеийнхэн санваарын тухай асуултуудыг байнга асуудаг. Санваарын талаар дэлхий дахинаа гэрчилж буй бидний гэрчлэл бол:

  1. Бурханы ариун санваар нь Түүний авралын болон өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд нэн чухал юм.

  2. Бурхан дэлхийд санваарыг сэргээсэн.

  3. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм санваарыг удирдан зохион байгуулдаг.

Бидэнд санваарын эрх мэдэл ба хүч яагаад хэрэгтэй вэ

Есүс Христ бол энэ Сүмийн тэргүүн мөн. Сүм бол хүн төрөлхтнийг гэтэлгэх чухал ажлыг гүйцэлдүүлэхийн тулд Түүний бүтээсэн зэмсэг юм. Тэрээр Сүмээр дамжуулан:

  • Өөрийн сайн мэдээг дэлхий даяар тунхагладаг.

  • Баптисм болон бусад бүх гэрээг, бүр Өөрийн селестиел хаант улсад орох гэрээний замыг санал болгодог.

  • Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэдэг.

  • Авралын бэлгүүдийг тэдэнгүйгээр нас барсан хүмүүст ч санал болгодог.

  • Амьд буй Бурханы хүүхдүүдийн бие махбодын хэрэгцээнд тохинуулдаг.

Есүс Христ зааж байгаа нь

Есүс Мариад зааж байгаа нь, Дан Бөрр

Эдгээр агуу зорилгыг гүйцэлдүүлж, Аврагчийн ирэлтэд бэлтгэхийн тулд Бурханы тасралтгүй үргэлжлэх удирдамж, эрх мэдэл, хүч Сүмд хэрэгтэй. Сүм бол “үнэн бөгөөд амьд сүм” (Сургаал ба Гэрээнүүд 1:30) юм. Учир нь Христ Өөрийн санваараар дамжуулан Өөрийн удирдлага, хүч чадлаар Сүмийг хангадаг.

Энэхүү ариун санвааргүйгээр Сүм бусад олон байгууллагын адил дэлхийд сайныг үйлддэг хэдий ч Бурханы хүүхдүүдийг Түүний оршихуй дахь мөнх амьдралын баяр баясалд бэлтгэх зорилгод хүрч чадахгүй байх байсан. Энэ санваараар болон энэ санваарын ажлыг удирдах түлхүүрүүдийн ачаар эрх мэдэл, дэг журмын аль аль нь Сүмд бий.

“Сүмд санваарын бүх эрх мэдлийг санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлага доор ашигладаг.

Сүмийн зохистой эрэгтэй гишүүд санваар хүртэж, санваарын албанд томилогдсоноор санваарын эрх мэдлийг хүлээн авдаг. Сүмийн бүх гишүүн Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар онцгойлон адислагдаж, томилогдсоноор өөрсдөд нь итгэмжлэн хүлээлгэсэн эрх мэдлийг ашиглаж болно.”

номлогч эгч нар

Өнөө үед сэргээгдсэн

1829 онд Мормоны Номыг орчуулж байх үед Их Эзэн Өөрийн санваарын бүтцийг бий болгож эхэлжээ. Иосеф Смит, Оливер Каудери нарын баптисмын талаарх залбирлын хариуд амилсан Баптисч Иохан хүрч ирэн тэдэнд “тэнгэр элч нарын тохинууллын мөн наманчлалын сайн мэдээний, мөн нүглүүдийн ангижралын төлөө усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг атгадаг” (Сургаал ба Гэрээнүүд 13:1) Аароны санваарыг хүртээсэн. Иосеф, Оливер хоёр энэхүү эрх мэдлээр, Сүмийг албан ёсоор зохион байгуулж бие биедээ болон бусдад баптисм хүртээсэн.

Үүнээс хойш удалгүй эртний төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар хүрч ирэн дээд санваар буюу Мелкизедек санваарыг, мөн “[түүний] хаант улсын түлхүүрүүдийг, … цаг хугацааны бүрэн байдлын … сайн мэдээний эрин үеийг” өгсөн (Сургаал ба Гэрээнүүд 27:12–13; 128:20).

залуу эрэгтэй толгой дээрээ гараа тавьсан байгаа нь

Мосе, Елиас, Елиа гэсэн эртний гурван бошиглогч Көртландын ариун сүмд Иосеф, Оливер хоёрт үзэгдэн, Израилын цугларалтын болон Их Эзэний ариун сүмүүдийн ажлын түлхүүрүүдийг тэдэнд итгэмжлэн өгөх үед санваарын нэмэлт эрх мэдэл ирсэн юм (Сургаал ба Гэрээнүүд 110:11–16-г үзнэ үү).

номлогчид

Адислах хүч

Нэг үгээр хэлбэл, Есүс Христийн сэргээсэн санваарын эрх мэдэл ба хүчний зорилго нь адислах явдал юм. Энэ нь Сүмийн бүх гишүүнд гэр орондоо болон дэлхий даяар бусдад үйлчилж, адислахдаа Бурханы хүчийг ашиглах боломжийг олгодог. Гишүүд Бурханы хаант улсыг өсөж хөгжин, газар дэлхийг дүүргэхэд тусалдаг өөрсдийнхөөсөө хавьгүй их тэнгэрлэг бэлгүүд, мөн хүчийг ашиглан, Түүний авралын болон өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд Аврагчтай нэгддэг (Сургаал ба Гэрээнүүд 65:2, 5–6-г үзнэ үү).

“Энэхүү дээд [Мелкизедек] санваар нь сайн мэдээг удирдаж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой.

Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” [Сургаал ба Гэрээнүүд 84:19] хэмээн Их Эзэн тайлбарласан.

Ёслолууд нь баптисмаас эхлэн, Их Эзэний өргөөнд хүлээн авсан гэрээнүүдээр дамжин үргэлжлэх санваараар гүйцэтгэдэг ёслолууд юм. Эдгээр гэрээг сахиснаар бид Христийн цагаатгагч ач ивээлээр “эгэл” эрэгтэй, эмэгтэй хүнээ орхиж гэгээнтэн болж, (Мозая 3:19-ийг үзнэ үү) Бурханы өмнө зөвтгөгдөж, ариусгагдан, гэм зэмгүй, толбогүй болдог (Сургаал ба Гэрээнүүд 20:29–31; 3 Нифай 27:16–20-ийг тус тус үзнэ үү).

Есүс Христ

Христ Америкт, Бэн Совардс

“Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас гаргасан “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинд өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-т үүнд тохирох дараах дүгнэлтийг хийсэн:

“Бид 1820 оны 4-р сарын 6-нд зохион байгуулагдсан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Шинэ Гэрээний үеийн Христийн сэргээгдсэн Сүм гэдгийг тунхаглаж байна. Есүс Христ энэ Сүмийн булангийн суурь чулуу бөгөөд Сүм Түүний төгс амьдрал, дуусашгүй Цагаатгал, бодит Амилалт дээр зангуугаа аргамждаг. Есүс Христ төлөөлөгчдийг дахин дуудаж, тэдэнд санваарын эрх мэдэл олгосон. Тэрээр бид бүхнийг Өөрт нь болон Өөрийнх нь Сүмд ирж, Ариун Сүнсийг мөн авралын ёслолуудыг хүлээн авч, үүрдийн баяр баясгалангаас хүртэхэд урьдаг.”