2025
Кени дэх баяр баясгаланг хуваалцаж байна
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 9-р сар


Кени дэх баяр баясгаланг хуваалцаж байна

Робэрт сайн мэдээг олсныхоо дараа таньдаг хүн бүртэйгээ үүнийг хуваалцмаар санагджээ. Үнэхээр хүн бүртэй шүү.

залуу эрэгтэй

Лесли Нилссон, Эрик Д.Снайдэр нарын гэрэл зургууд

Кенийн 18 настай Робэрт Л. 2024 оны 8-р сард баптисм хүртсэнээсээ хойш 50 гаруй найзаа Сүмд дагуулан ирж, 25-д нь баптисм хүртээжээ!

Хэдэн сарын өмнө бид түүнтэй ярилцахад нийт тоо нь ийм байсан юм. Тэр цагаас хойш өссөн байх.

Кенийн Кисуму дүүргийн Букуру салбарын гишүүн Робэрт 2024 оны эхээр Кенид хүмүүнлэгийн ажил хийж байсан нэг америк эртэй танилцахдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэж авчээ.

Робэрт: “Миний амьдрал сайжирна гэж огт санаагүй. Эцэг эхэд маань мөнгө байгаагүй учраас би сургуульд явж чадаагүй. (Кенид улсын сургууль ч төлбөртэй байдаг.)

Гэхдээ Тэнгэрлэг Эцэг надад тусална гэдгийг би мэдэж байсан. Би залбирч, Шинэ Гэрээг уншиж эхлэв. Дараа нь би ивээн тэтгэгчтэйгээ танилцсан” гэж Робэрт ярьсан.

Түүний “ивээн тэтгэгч” Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байсан бөгөөд тэрээр Робэртын амьдралыг хоёр арга замаар адисалсан юм. Үүнд: Сургуульд суралцахад нь (Сүмд саяхан нэгдсэн өөр нэг залуу эрэгтэйн адил) түүнд тусалж, хамгийн чухал нь сайн мэдээг түүнтэй хуваалцсан юм . Робэрт 6 сарын дараа баптисм хүртжээ.

залуу эрэгтэйчүүд

Кенийн Робэрт Л. хөршүүд, ангийнхан, хамт спорт тоглодог хүүхдүүд гээд олон арван хүнийг сүмд урьжээ.

Адислалаа бусадтай хуваалцах нь

Робэрт шинэ адислалуудаа бусадтай хуваалцахыг хүссэн нь ойлгомжтой байлаа. Тэр хэн нэгний боловсролыг ивээн тэтгэж чадахгүй ч хүмүүст сайн мэдээг зааж чадахаар байлаа!

Тэр хөршүүд, ангийнхан, хамт спорт тоглодог хүүхдүүд гээд таньдаг хүн бүрээ сүмд урьдаг болжээ. “Би нэг ням гарагт таван хүнтэй хамт, дараа нь өөр нэг ням гарагт 10 хүнтэй хамт ирсэн. Тэгээд би тэднийг энэ Сүм үнэн гэдгийг мэдэж, ойлгож, миний мэдэрсэн зүйлийг мэдрээсэй гэсэндээ тэдэн рүү номлогчдыг илгээсэн” гэж тэр ярилаа.

Удалгүй Робэртын зарим найз баптисм хүртэх сонголт хийж, уг ёслолыг гүйцэтгэхийг түүнээс хүсжээ.

Робэрт шиг шавийн ачаар Сүм Африкт хурдацтай хөгжиж байна. Тэрээр нэг долоо хоногт 10, дараа долоо хоногт 11 хүнд баптисм хүртээж, дараагийн долоо хоногт “дөнгөж” 4 хүнд баптисм хүртээжээ.

залуу эрэгтэйчүүд

Робэрт зүлгэн талбай дээрх майханд цугладаг Сүмийн салбартаа найзуудаа урьдаг.

Шинээр баптисм хүртсэн арав гаруй найз нь өнгөрсөн арван хоёрдугаар сард Кенид болсон ӨҮБББТ чуулганаар түүнтэй хамт байсан бөгөөд тэдний нэг найз нь аль хэдийн өөрийн нэг найздаа баптисм хүртээсэн байв.

Номлогчийн ажил хэрхэн үргэлжлэн явагддаг болохыг харж байна уу? Сайн мэдээг бусадтай хуваалцсанаар үргэлжилдэг!

Сүнсийг мэдрэх нь

17 настай Фрэдрик А. найз Робэрт нь түүнийг сүмд ирэхэд урих үед Сүнсийг маш ихээр мэдэрсэн учраас үгүйсгэж чадаагүй аж.

“Намайг сүмд очиход Бурханы Сүнс надад ирсэн юм. Надад Мормоны Номыг өгөхөд би уншиж эхэлсэн. Хэрэв би ойлгохгүй байгаа бол салбарынхаа ерөнхийлөгчөөсөө үргэлж асууж, бас залбирдаг” гэж Фрэдрик хэлэв.

залуу эрэгтэйчүүд

Робэрт (зүүн талд) Фрэдрикт сайн мэдээг танилцуулсан тэр цагаас хойш найзууд хэвээр байгаа.

18 настай Гифт М. бол Робэртын баптисм хүртээсэн өөр нэг найз юм. “Би дэлхий ертөнц дэх цорын ганц үнэн Сүмийн нэг хэсэг болсондоо баяртай байна” гэж Гифт инээмсэглэн хэллээ.

залуу эрэгтэй

Гифт номлолд үйлчлэхийг тэсч ядан хүлээж байгаа.

залуу эрэгтэйчүүд

Робэртын сүмд урьсан олон хүн баптисм хүртэхийг сонгосон бөгөөд тэд ч бас бусдыг цуглаанд урьж байна.

Хийх ажил маш их байна

Робэрт сургуулиа төгсөнгүүтээ бүрэн цагийн номлолд үйлчлэхээр төлөвлөж байна (Гифт, Фрэдрик хоёр ч бас адил). Тэр сайн мэдээг хэрхэн хуваалцахаа аль хэдийн мэддэг хэрнээ яагаад үүнийг хийхийг хүсэж байгаа юм бол?

“Би илүү их туршлагатай болж, илүү ихийг мэдэхийн тулд номлолд явах хэрэгтэй. Энэ нь миний итгэлийг хүчирхэгжүүлж, хандлагыг өөрчлөх болно. Энэ бол Бурханы надаас хийхийг хүссэн зүйл” гэж Робэрт хэлэв.

залуу эрэгтэйчүүд

Робэрт сайн мэдээг хуваалцаж дуусаагүй. Тэр номлолд үйлчлэхээр төлөвлөж байна. “Энэ бол Бурханы надаас хийхийг хүссэн зүйл” гэж тэр хэлсэн.