2025
Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд: Айх шалтгаан байхгүй
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 9-р сар


Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд: Айх шалтгаан байхгүй

Аврагчийг дахин ирэхийн өмнө зарим чухал зүйлийг урьдчилан хэлсэн байдаг. Гэхдээ айхгүй байх хүндтэй шалтгаан бий.

залуу эмэгтэй

Тэрээр захирч мөн хаанчлахаар дахин ирнэ, Мари РЛ.Сауэр

Бидний Аврагч Есүс Христ дахин ирнэ. Тэр энэ үнэнийг маш тодорхой заасан (Матай 24-ийг үзнэ үү). Олон хүн энэ үйл явдал хэзээ болохыг мэдэхийг хүсдэг ч Есүс “тэр өдөр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэр элчүүд ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ” (Maтай 24:36) хэмээн айлдсан.

Хэдий тийм боловч Их Эзэн Өөрийнх нь Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох хэд хэдэн тэмдгийг илчилжээ. Эдгээрээс олон нь, тухайлбал: сайн мэдээний Сэргээлт, Мормоны Номын ирэлт, Израилын цугларалт зэрэг нь сэтгэл хөдөлгөм бас гайхамшигтай билээ.

цаг

Гэвч … өөр бусад тэмдэг бий. Жишээлбэл:

  • Дайн, дайны тухай цуурхал, их үймээн самуун.

  • Өлсгөлөн, өвчин эмгэг, газар хөдлөлт.

  • Тэнгэр дэх (нар, сар, оддыг оролцуулан) болон газар дээрх (түймэр, их салхи, шуурга, хөшиглөх утаа зэрэг) тэмдгүүд.

  • Ёс бус байдал, бардамнал, хүйтэн хөндий байдал.

сүүлт од

Энэ бүхэн аймшигтай сонсогдож байж болно. Үнэндээ, Аврагч эцсийн өдрүүдэд олон хүн айснаасаа ухаан алдана гэж хэлсэн.

Одоо та дэлхий дахины асуудлуудыг болон өөрт тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдээ хараад цочирдон, сэтгэл зовниж байж болох юм. Хэрэв Хоёр дахь ирэлт болохоос өмнө аливаа зүйл улам бүр аймшигтай, хэцүү болох юм бол юуг тэсэн ядан хүлээх хэрэгтэй юм бол гэж та бодож магадгүй.

том бөмбөрцгийг толгод өөд түрж байгаа хүн

Гэхдээ Есүс Христ Өөрийнх нь шавь нарын нэг болох таныг Түүний ирэлтийг ингэж хүлээгээсэй гэж хүсэхгүй байх байсан.

Их Эзэний шавь нартаа өгөх захиас

Эцсийн өдрүүд дэх бүх үймээн самуун, өөрчлөлтийн үед ч Аврагч шавь нартаа “Бүү тэвдэн сандар” гэж хэлсэн. Яагаад? Учир нь “эдгээр бүх зүйл тохиоход та нарт өгөгдсөн тэрхүү амлалтууд биелэгдэх болно гэдгийг та нар мэдэж болно” (Cургаал ба Гэрээнүүд 45:35).

Есүс Христ бидэнд “бүү эмээ” (Сургаал ба Гэрээнүүд 50:41), “баяр хөөртэй байгтун” (Сургаал ба Гэрээнүүд 61:36) гэж хэлсэн. Тиймээс удахгүй болох гай гамшгийг бодохын оронд анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлэх нь дээр байж магадгүй.

Та нар “бүү эмээж,” алдар суут Хоёр дахь ирэлтийг хүлээж, Илчлэгч Иоханы хамт “Ирээрэй, Эзэн Есүс ээ” (Илчлэл 22:20) гэж хэлж болох гурван чухал арга зам байдаг.

далайн зураг

1. Бошиглогчид анхаарлаа хандуул

Аврагч Өөрийг нь ирэхээс өмнө олон хүнийг хууран мэхэлдэг олон хуурамч Христ, хуурамч бошиглогчид байх болно гэдгийг анхааруулсан. Биднийг замаас гаргахыг хичээж буй чанга, будлиантай, сөрөг дуу хоолой хаа сайгүй байдаг. Эцсийн өдрүүдэд Сатан “хүмүүсийн үрсийн зүрх сэтгэлийг эзэгнэж, мөн сайн болох түүний эсрэг тэднийг уурлуулан өдөөх болно” (2 Нифай 28:20). Сонгогдсон хүмүүс хүртэл үнэнээс холдох болно.

Гэвч Их Эзэн бидэнд асар их тусламжийг өгсөн. Тэрээр биднийг удирдаж, адислахын тулд бошиглогчдыг дуудсан. Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулга биднийг төөрөлдүүлэхгүй, төөрөлдүүлж ч чадахгүй. Тэрээр, “Миний өөрийн дуу хоолойгоор байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолойгоор байна уу, энэ нь адил болой” (Сургаал ба Гэрээнүүд 1:38) гэж айлдсан. Та ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны саяхан заасан “Аврагч эргэн ирэх гэж байгаа тул хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй!” гэсэн сургаал зэрэг тэдний заадаг үнэнийг батлах Ариун Сүнсийг Тэнгэрлэг Эцэгээс гуйж болно. Мөн: “Тэр дахин ирэхээр бэлтгэж байна. Түүнтэй адил бид ч бас Түүнийг хүлээн авахад бэлтгэх болтугай.”

Рассэлл М.Нэлсон

Та нар “бүхий л тэвчээр болон итгэлтэйгээр” (Сургаал ба Гэрээнүүд 21:5) тэдний сургаалыг дагах юм бол тэдгээр нь таны амьдралыг хэрхэн адисалж байгааг харж чадна.

Далын ахлагч Аллэн Д.Хэйни ийн хэлсэн: “Намайг хүүхэд байхад хожмын өдрүүдийн талаарх эдгээр бошиглол сэтгэлийг минь түгшээдэг байсан болохоор намайг амьд байхад Хоёр дахь ирэлт битгий болоосой гэж залбирахад хүргэдэг байв. … Харин одоо … би эсрэгээр нь залбирдаг болсон. …

“… Бид огтхон ч айх шаардлагагүй. Бид сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхийн тулд, мөн бие махбодын хувьд эцсээ хүртэл тэвчихийн тулд дагах ёстой сургаал ба зарчмуудыг амьд бошиглогчийн үгээс олдог.”

Та нар бошиглогч, төлөөлөгчдийн удирдамжийг дагаснаар айдас тань итгэл, найдвар, баяр баяслаар солигдох болно.

2. Ариун газруудад зогс

Аврагч эцсийн өдрүүдийн гай гамшгийн дунд “миний шавь нар ариун газруудад зогссоор байх болно, мөн шилжин нүүлгэгдэх нь үгүй” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээнүүд 45:32). Эдгээр ариун газарт бидний гэр орон, цуглааны байр, ариун сүм орно.

ариун сүм

Ерөнхийлөгч Нэлсон ариун сүмүүдийн талаар “Бидний аюулгүй байдал Түүний ариун өргөөнд орохуйц зохистой байхад оршиж байна” гэж заасан. Мөн “ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд бидэнд тусална.”

Есүс Христ

Орой үдшийн цаг, Ким Ён Сун

3. Дэлхийг бэлтгэ

Эцсийн өдрүүдэд Есүс Христийн Сүмийн гүйцэтгэх нэг үүрэг бол дэлхийг Түүний ирэлтэд бэлтгэхэд туслах явдал юм. Мөн та нар Түүний ажилд оролцсоноор тусалж чадна.

Та нар сайн мэдээг бусадтай хуваалцаж, “үнэнийг хаанаас олохоо мэддэггүйнхээ улмаас үүнээс хол байдаг” (Сургаал ба Гэрээнүүд 123:12) хүмүүст Бурханы гэрэл ба үнэнийг авчрахад тусалж чадна.

Түүнчлэн та хөшигний нөгөө талд байгаа бөгөөд “сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан … үүнийг хүлээн авах байсан” хүмүүсийн төлөө ариун сүмд баптисм гүйцэтгэж болно (Сургаал ба Гэрээнүүд 137:7).

Дэлхийд маш их сөрөг зүйлс байгаа үед та бусдад гэрэл нь байж, дэлхийд эдгэрлийг авчрахад тусалж чадна. Та Аврагчийг хүлээн авахад бэлэн байж болох хүмүүсийг бэлтгэхэд тусалж чадна.

Энэ бол том үүрэг хариуцлага ба тэсэн ядан хүлээх гайхамшигтай зүйл юм.