Есүс Христ бас сайн өдрүүдийн төлөө билээ
Бүх зүйл сайхан байгаа үед бид хэрхэн Аврагч дээр төвлөрсөн хэвээр байж чадах вэ? Энд хэд хэдэн санааг дурдав.
Найз тань зовж зүдэрч байгаа үедээ л тантай цагийг өнгөрөөж, аз жаргалтай байхдаа танаас зайлсхийдэг байв гэж төсөөлөөд үз. Энэ эрүүл холбоо харилцаа юу? Бараг л үгүй.
Бид Аврагчдаа ингэж ханддаг бил үү? Хэцүү үед Түүнийг хайж, сайхан цагт Түүнийг мартдаг уу?
Хүн бүр хэзээ нэгэн цагт хүнд хэцүү зүйлтэй тулгардаг учраас Есүс Христ бидэнд хүнд хэцүү үед маань хэрхэн тусалдаг тухай бид их ярьдаг.
Гэхдээ хэрэв бид азтай бол зарим өдөр, хэдэн долоо хоног эсвэл хэдэн жилийн турш бүх зүйл үнэхээр сайн сайхан байдаг. Заримдаа бид тэр үед Аврагчийг мартдаг. Мормоны Номд гардаг хүмүүс мөн адил мартсан. Тэд Бурханы адислалаар хэсэг хугацаанд хөгжсөн ч эцэстээ Түүнийг мартсанаас болж бардамналын золиос болсон юм.
Сайн цаг үе гэдэг нь бидэнд Есүс Христ гэнэт хэрэггүй болно гэсэн үг биш юм. Хөгжил цэцэглэлт бол Аврагчийг мартах биш, хамт баярлах төгс цаг үе юм.
Тэгэхээр сорилт бэрхшээлүүд Есүс Христ, Тэнгэр дэх Эцэг хоёрт хандахыг сануулахгүй байгаа үед бид хэрхэн Тэдэнтэй холбоотой байж чадах вэ?
Даруу бай
Бүх зүйл сайн сайхан байгаа үед адислал, ололт амжилтаа тэмдэглэх нь сайн хэрэг. Гэхдээ энд хүрэх боломжийг танд хэн олгосныг бүү мартаарай. Бенжамин хаан Мормоны Ном дахь номлолдоо энэ талаар ийн өгүүлсэн байдаг:
“Учир нь болгоогтун, бид бүгд гуйлгачид бус уу? Бид бүгдээрээ өөрсдөд байгаа бүх хөрөнгө, хоол хүнс мөн хувцас хунар, мөн алт, мөнгө, мөн бидэнд байгаа төрөл бүрийн бүх баялгийн төлөө тэрхүү нэгэн Биет, бүр Бурханд түшдэг биш гэж үү?” (Мозая 4:19).
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таны төлөө хийсэн зүйлсийг санаж, өөрийнхөө амжилтад даруухан байх нь Тэднийг сайхан цаг мөчүүддээ оролцуулах агуу арга зам юм.
Талархалтай хэвээр бай
Талархал бол бардамнал, мартамхай байдлын эсрэг хамгийн сайн ерөндөг юм. Бурханд талархах нь Түүнийг мөн Түүний болон Түүний Хүүгийн тань амьдралд хийдэг бүхий л сайн үйлсийг санахад тань туслах болно. Энэ нь хүнд хэцүү цаг үед ч мөн сайхан цаг үед ч үр дүнтэй байдаг.
Анхааралтай бай
Сатаны дуртай дайралтуудын нэг нь “[та нарыг] зуурдын аюулгүй байдалд тайтгаруулж мөн тайвшруулах” (2 Нифай 28:21) явдал юм. Өөрөөр хэлбэл, та сайхан цаг үедээ сэтгэл хангалуун, аюулгүй амьдарч, хамгийн чухал зүйлээ мартвал Түүнд таалагдах болно. Тиймээс Бурханыг бүү март! Та нар дайсны заль мэхээс сэрэмжилж, сайхан үедээ ч гэсэн тэдгээрийг эсэргүүцэж чадвал Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байж чадна.
Сайн хоньчин, Майкл Мам
Христэд төвлөрч бай
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Бид … амьдралаа Бурханы авралын төлөвлөгөө, Есүс Христ, Түүний сайн мэдээнд төвлөрүүлбэл амьдралд маань юу тохиолдож, юу тохиолдохгүй байгаагаас үл хамааран баяр баясгаланг мэдрэх боломжтой. Баяр баясгалан Түүний ачаар Түүнээс ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм” гэж заасан.
Амьдрал сайхан байгаа үед баяр баясгалангийн тухай энэхүү үнэнийг та хэр олон удаа боддог вэ? Энэ нь зөвхөн хэцүү үед зориулсан тайвшруулах зөвлөгөө биш. Энэ нь үргэлж, тэр дундаа хамгийн сайхан өдрүүдэд ч үнэн байдаг. Тиймээс сайн, муу аль ч үед Христэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд чадах бүхнээ хий.