Надад энэ нь хэрэгтэй гэдгийг тэр мэдээгүй
Надад хэцүү үед семинарын нэг найз маань өөрт нь ирсэн сүнслэг өдөөлтийг дагасан.
Мэлани Мизагийн авсан гэрэл зураг
Надад хувийн асуудлууд тулгарч байлаа. Нэг өдөр миний бие тааруу байсан болохоор семинарт явмааргүй санагдав. Гэхдээ би “Энэ бол миний сүүлчийн жил. Үүнийг би ашиглах хэрэгтэй” гэж бодсон.
Ингээд би тэнд очиж, Есүс Христ хэрхэн бидний хүн нэг бүрийг нэрээр нь мэддэг тухай ярилцав. Сургаал ба Гэрээнүүд 18:10-аас “Бодгалиудын үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун” гэдгийг уншлаа. Энэ шүлгийг тодруулан зурах үед минь сэтгэл маань хөдөлж эхлэв. Сэтгэл хөдөлсөн үедээ би их уйлдаг учраас ангидаа үүнийг дахиж уншихыг хүссэнгүй.
Дараа нь багш “Чиний сонирхлыг юу хамгийн их татсан бэ? Яагаад?” гэж асуухад би ярихыг хүсээгүй ч нэг найз маань энэ судрыг дурдсан юм. Тэрээр Бурхан биднийг ганцааранг маань орхихгүй, заримдаа бид мартдаг ч Тэр биднийг мэддэг бөгөөд бидний төлөө байх болно гэсэн гэрчлэлээ хуваалцав.
Үүнийг сонсоход Тэнгэрлэг Эцэг найзаар минь дамжуулан надтай ярьж байгаа юм шиг санагдаж билээ. Энэ нь Тэрээр “Надаас битгий нүүр буруул, би энд байна” гэж хэлж байгаа мэт санагдсан.
Намайг нулимсаа арчих гээд гартал найз минь над руу хүрч ирэв. Тэр “Би хуваалцахыг хүсээгүй ч энэ нь хэн нэгэнд туслах учраас хуваалцах хэрэгтэй гэж надад санагдсан. Тэр хүн нь чи байсныг би мэдээгүй” гэв. Энэ нь Тэнгэрлэг Эцэг надад санаа тавьдаг болохыг улам баталгаажуулж өгсөн.
Семинарын дараа би гэртээ ирээд залбирав. Жирийн үед би талархал илэрхийлж, ямар нэгэн зүйл гуйдаг. Гэхдээ тэр залбирал миний хэлж байсан хамгийн талархалтай залбирал байсан. Би өрөөндөө Сүнсийг мэдэрсэн бөгөөд Тэнгэрлэг Эцэг надтай хамт байгааг мэдэрсэн.
Зохиогч нь Гватемалын Сакатэпэкэз хотод амьдардаг.