Есүс Христ бол тохиох хамгийн сайхан нь
Есүс Христийн санал болгож буй баяр баясгалан танд үргэлж нээлттэй.
Дэлхийн төгсгөл болно гэж бодож байсан үеэ бод. Жинхэнээсээ шүү! Та давж чадахгүй гэж бодож байсан тийм хэцүү зүйлээ даван туулж байсан уу?
Тэгэхээр та дэлхийн төгсгөл ойртож байна гэж бодоогүй байж магадгүй. Гэхдээ таны дэлхий төгсөх гэж байсан юм шиг санагдаж байсан уу? Энэ нь чухал шалгалтад унах, хамгийн сайн найз чинь нүүх эсвэл хайртай хүн чинь гэнэт нас барах зэрэг ямар ч зүйл байж болно.
Өнгөрсөн зовлон зүдүүрийг хэрхэн даван туулснаас үл хамааран одоо өөрийгөө хар. Чи тэсч гарч чадсан байна! Бошиглогч, төлөөлөгчид бидэнд одоогийн болон ирээдүйн зовлон зүдүүрийг зүгээр л тэсэн гарахаас илүү ихийг хийж чадна гэдгийг маань сануулдаг. Бид зовлонгийн үед ч баяр баясгаланг олж чадна.
“Хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй”
Аврагч Гетсеманид болон загалмай дээр бидний төсөөлж чадахаас ч илүү их зовж тарчилсан. Хамгийн багаар бодоход бүх дэлхийн өвчин эмгэг, нүглүүдийг үүрэх (Алма 7:11–13-ыг үзнэ үү) нь хэцүү байх нь ойлгомжтой! Гэвч Тэр энэ бүхнийг даван туулсан.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон ийн заасан: “Тийм ээ, бидний гэм нүглийн төлөө Гэтэлгэгчид маань учирсан зовлон шаналал, шударга бус байдлын талаар бид тунгаан боддог бөгөөд энэ нь нухацтайгаар гүн гүнзгий эргэцүүлэн бодоход хүргэдэг. Гэхдээ бид заримдаа цэцэрлэгт, загалмай дээр, булшин дотор гацчихдаг. Булш хагарч нээгдэн, үхлийг ялсны … Христийн ялан дийлсэн тэр баяр баясал руу бид урагшилж чаддаггүй!”
Есүс Христийн ачаар бид өөрийнхөө зовлонд гацах шаардлагагүй. Бид урагш тэмүүлж, тэр ч бүү хэл ирээдүйгээ баяр баясгалан, мөн итгэлтэйгээр харж чадна.
Амьдрал бидний дааж давж чадна гэж бодсоноос илүү хэцүү мэт санагдаж болох ч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны саяхан заасан “Хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй!” гэдгийг санаарай. Ямар гайхалтай, тайтгаруулсан амлалт вэ! Ерөнхийлөгч Нэлсон дэлхийн өдөр бүр амсдаг зовлон шаналлын талаар ихийг мэддэг. Гэхдээ тэр “Хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй!” гэж хэлж чадна.
Хэрэв та хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүйг үнэхээр мэдэж байсан бол таны үзэл бодол хэрхэн өөрчлөгдөх байсан бэ? Энэ нь амьдралын бэрхшээлийг даван туулах арга замыг тань хэрхэн өөрчлөх вэ?
Христэд төвлөрсөн хэвээр байх нь
Ерөнхийлөгч Нэлсон биднийг баяртайгаар хүсэн хүлээхийг урьсан ирээдүйн нэг үйл явдал бол Есүс Христийн Хоёр дахь ирэлт юм.
“Тэд … айснаасаа ухаан алдана” (Лук 21:26) мөн ёс бусчууд дээр бууж буй устгал нь “хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй” гэж сонсогдохгүй гэдгийг та нар онцлон хэлэхээс өмнө энэ бол Есүс Христийн Хоёр дахь ирэлт гэдгийг тодотгон хэлье. Хэрэв бид Түүнд төвлөрөхөө болих юм бол гол санааг нь ойлгохгүй байна гэсэн үг. Тэрээр тохиох “хамгийн сайхан нь” бөгөөд бидний баяр баясгалангийн шалтгаан юм! Ерөнхийлөгч Нэлсон, “Аврагч эргэн ирж байгаа тул … хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй!” хэмээн хэлсэн.
Жишээ болгон, нифайчуудыг харцгаая. Тэд огт өөр тив дээр байсан ч, Аврагчийг нас барах үед Хоёр дахь ирэлтийнхтэй адил зарим нэг үхэл, сүйрэл, байгалийн гамшгуудыг туулсан юм. Бүхэл бүтэн хотууд тэнгист унав (3 Нифай 8-ыг үзнэ үү).
Гэвч тэр бүх үймээн самууны дараа Аврагчид итгэсэн хүмүүс тэрхүү гай гамшиг нь Аврагчийн үхлийн тэмдэг байсныг мэдэж байв. Тэднийг Есүс Христийн тухай болон харсан тэмдгүүдийнхээ талаар ярьж байх яг тэр мөчид Аврагч тэдэнд үзэгдсэн (3 Нифай 11:1–11-ийг үзнэ үү).
Нифайчууд ямар их баяр баясал мэдэрснийг төсөөлөөд үз дээ! Ийм аймшигт устгалын дараа Аврагч тэдэнд тохинуулж, тэднийг эдгээсэн. Нифайчууд айж, сандарсан ч Аврагчтайгаа уулзахдаа баярлаж, Бурханыг магтаж байв (3 Нифай 11:14–17-г үзнэ үү).
Аврагч нифайчуудад зочилсон шигээ энэ амьдралд тань Өөрийн биеэр зочилж ирэхгүй байж болно. Гэхдээ та судруудыг уншиж, ариун ёслолоос хүртэж, гэрээнүүдээ сахиснаар мөн бусад олон зүйлээр дамжуулан Түүнийг танин мэдэж чадна. Тэрээр таны нөхцөл байдлаас үл хамааран одоо мөн ирээдүйд баяр баясгаланг мэдрэхэд тань тусалж чадна.
Биднийг хүлээж байх зуур …
Аврагчийн Хоёр дахь ирэлт таны амьдралын үед тохиож ч болно эсвэл биелэхгүй байж ч болно. Аль нь ч байлаа гэсэн, Есүс Христ дээр яг одоо баяр баясгалан байна.
Ерөнхийлөгч Нэлсон бидэнд Аврагчийг ирэхийг хүлээж байхад маань тусалж болох дараах сүнслэг үнэнийг заасан: “Хайрт ах, эгч нар аа, маш олон гайхамшигтай зүйл биднийг хүлээж байна. Ирэх өдрүүдэд бид дэлхийд урьд өмнө үзэгдэж байгаагүй, Аврагчийн хүч чадлын хамгийн агуу илрэлүүдийг харах болно. Өнөөдрөөс “сүр хүч хийгээд агуу алдар суутайгаар” эргэн ирэх тэр өдрийг хүртэл Тэрээр итгэлтэй хүн бүрийн дээр тоо томшгүй олон боломж, адислал, гайхамшгийг хүртээх болно.
Өөрөөр хэлбэл, бид яг одоо болон Түүнийг эргэн иртэл мөн үүрд мөнх Христ дотор амар амгалан, баяр баяслыг олж авч чадна. Есүс Христ бол бүх хонгилын үзүүр дэх гэрэл мөн. Тэр бол зовлон зүдгүүрийн маань баяр баясгалан юм. Тэр бол айдсаас ангижруулагч юм. Тэр бол таны Аврагч. Та Түүнд анхаарлаа төвлөрүүлснээр амар амгалан, баяр баясгаланг энд, одоо мөн үргэлж авах боломжтой болно.