2025
Сүмд үйлчлэх талаар Габбитай ярилцсан нь
2025 оны 5-р сар


“Сүмд үйлчлэх талаар Габбитай ярилцсан нь,” Найз, 2025 оны 9-р сар, 40–41.

Сүмд үйлчлэх талаар Габбитай ярилцсан нь

Габби бол Зимбабвегийн Харарэ хотод амьдардаг 11 настай охин юм. Бид түүнээс сүм дээр дуу удирдах талаар асуулаа.

Инээмсэглэж буй охин

Өөрийнхөө тухай бидэнд яриач.

Би амттан болон гоё амттай хоол хийж, маримба хөгжим тоглох дуртай. Би дуулж, бүжиглэдэг. Бас лимбэ, ксилофон, төгөлдөр хуур тоглож сурч байгаа.

Бидэнд шинэ үүрэг даалгаврынхаа талаар яриач.

Бишоп надаас ариун ёслолын цуглааны дууг удирдахад туслахыг хүссэн. Би үүнийг таамаглаагүй байсан ба тэд надаас эгч хүнийг сонгоно гэж бодсон. Гэхдээ би хөгжимд дуртай учраас хайр, аз жаргалыг мэдэрсэн.

Заримдаа би ямар нэг зүйлийг буруу дуулж, хүмүүс сонсох вий гэхээс айдаг. Гэхдээ Ариун Сүнс надад олны өмнө тухтай байхад тусалдаг. Одоо би үүнд дасаж байгаа болохоор үнэхээр хөгжилтэй байгаа!

Ариун ёслолын цуглаан дээр дуу удирдаж байгаа охин

Ариун ёслолын цуглаан дээрх хүүхдүүдийн толилуулгын хөгжмийг удирдахад ямар байсан бэ?

Эхлээд аймаар байсан. Биднийг дадлага хийж байх үед би хааяа зарим үгийг мартчихдаг байлаа. Тэгээд би гэртээ ээжтэйгээ хамт дуулах дадлага хийсэн нь надад их тус болсон. Би Хүүхдийн хэсэгт дадлага хийж байхдаа уншиж чаддаггүй эсвэл үгийг нь мэдэхгүй хүүхдүүдэд туслахын тулд илүү чанга дуулсан.

Толилуулгын өдөр болоход би маш их догдолж билээ. Бүх зүйл сайхан болсон. Би амар амгалан, тайван мэдрэмжийг мэдэрсэн бөгөөд дууны үгс санаанд минь орж ирсэн юм.

Чи энэ туршлагаас юу ойлгож мэдсэн бэ?

Заримдаа юмс төгс болдоггүй ч энэ нь зүгээр. Тэдгээрээс суралцаж болно гэдгийг би олж мэдсэн. Хүүхдийн хэсэгт дуу удирдаж байсан нь намайг шинэ үүрэгт ажилд минь бэлтгэсэн!

Гадаа зогсож байгаа инээмсэглэсэн охин

Чи сүмд үйлчлэх талаар бусдад ямар зөвлөгөө өгөх вэ?

Заримдаа олон хүний өмнө үйлчлэх нь хэцүү байж болох ч хүүхдүүд бидний хувьд хэдэн настай ч байсан, хэр намхан эсвэл өндөр байхаас үл хамааран бид удирдаж чадна. Заримдаа айдас маань биднийг сэтгэлээр унагаж болох ч Ариун Сүнс бидэнд амар амгаланг мэдрэхэд тусална гэж би хэлмээр байна. Тэр үргэлж бидэнд эргээд босоход маань туслах болно.

PDF хуудас