“Лөүгийн чуулганы асуулт,” Найз, 2025 оны 9-р сар, 4–5.
Лөүгийн чуулганы асуулт
“Би Алисын үдэшлэгт очих хэрэгтэй юу?” гэж Лөү бичжээ.
Бельгид болсон бодит түүх
Лөү цэнхэр дугтуйг задлахдаа сэтгэл нь догдолж байлаа. Түүний хамгийн сайн найз Алис түүнийг төрсөн өдрийн үдэшлэгтээ урьжээ.
Гэвч Лөү урилгыг уншаад сэтгэл гонсойв. Дахиад л ням гаргийн үдэшлэг гэж тэр бодов.
Лөүгийн гэр бүл ням гарагт үдэшлэгт явдаггүй байв. Үүний оронд тэд хамтдаа цагийг өнгөрөөж, сүмдээ явж, Аврагчийг дурсан санах зүйлсийг хийдэг аж.
Гэвч энэ үдэшлэгт үгүй гэж хэлэхэд их хэцүү байлаа. Тэр яаж хамгийн сайн найзынхаа төрсөн өдөрт очихгүй байх билээ?
Лөү тэр орой эцэг эхээсээ “Би ганцхан энэ удаа л очиж болохгүй юу?” гэж асуув. “Ням гараг чухал гэдгийг би мэднэ. Гэхдээ би энэ удаа үлдэж хоцормооргүй байна” гэхэд аав нь
“Энэ бол хэцүү сонголт. Тэнгэрлэг Эцэг биднээс ням гаргийг ариун өдөр байлгахыг хүсдэг. Гэхдээ яахаа чи өөрөө шийд дээ” гэв.
Ээж нь Лөүг тэврээд, “Энэ долоо хоногт ерөнхий чуулган болно. Чи энэ асуултаа асууж болох юм” гэжээ.
Лөүгийн гэр бүл чуулганы өмнө асуух асуултаа бичдэг уламжлалтай байв. Тэгээд чуулганы үеэр тэд хариултуудаа эрэн сонсдог ажээ.
Лөү санаа алдаад “За” гэв.
Лөү унтахынхаа өмнө асуултаа бичив. Тэгээд тэр “Тэнгэрлэг Эцэг минь, би энэ үдэшлэгт очихыг үнэхээр их хүсэж байгаа ч юу хийхээ мэдэхгүй байна. Ерөнхий чуулганыг үзэж байхдаа хариултаа олоход туслаач” гэж залбирав.
Хэд хоногийн дараа Лөү дүү нартайгаа буйдан дээр бөөгнөрөн суув. Чуулганы цаг боллоо! Лөү нээлтийн дууны үеэр тэмдэглэлийн дэвтэртээ зурж байв. Тэгтэл эхний үг хэлэгч ярьж эхлэв.
Лөү толгойгоо өндийлгөв. Үг хэлэгч Хүндэтгэлийн өдрийн тухай ярьж байлаа! Адислал тэр дороо ирэхгүй байж болох ч Бурхан зарлигуудыг нь дагадаг хүмүүсийг адисалдаг гэж тэр хэлжээ.
“Тэнгэрлэг Эцэг миний асуултад хариулчихлаа гэж би бодож байна. Ийм хурдан гэж үү!” хэмээн Лөү хэлэв.
Маргааш нь Лөү сургууль дээрээ завсарлагаагаар Алисыг олж уулзав. “Намайг үдэшлэгтээ урьсанд баярлалаа” гэж Лөү хэлэв. Тэр уртаар амьсгаа аваад, “Ням гараг бол миний болон гэр бүлийн минь хувьд онцгой өдөр. Тиймээс би очиж чадахгүй” гэж хэлжээ.
Алис “За. Чамайг ирэхгүй гэхээр надад гунигтай байна” гэв.
Лөү хариуд нь “Надад ч бас. Гэхдээ бямба гарагт чи надтай хамт үсэрдэг парк руу явмаар байна уу? Тэгвэл бид хамтдаа тоглож, төрсөн өдрийг чинь тэмдэглэж болно” гэлээ.
“Дуртай яа!” гээд Алис мишээв.
Лөү хариу инээмсэглэлээ. Үдэшлэгт явахгүй байх нь хэцүү сонголт байлаа. Гэвч энэ нь зөв зүйл гэдгийг тэр мэдэж байв. Мөн Тэнгэрлэг Эцэг түүний чухал асуултад хариулсанд тэр талархалтай байсан аж.
Зураг чимэглэлийг Флавио Рэмонти