2025
Харвигийн баптисмын цамц
2025 оны 5-р сар


“Харвигийн баптисмын цамц,” Найз, 2025 оны 9-р сар, 36–37.

Харвигийн баптисмын цамц

Харви цагаан цамцаа хаанаас ч олж чадсангүй!

Индонезид болсон бодит түүх

Аав ээж хоёртойгоо таксины арын суудалд сууж байгаа хүү

Харви таксины ар талд Ибу (ээж), Бапак (аав) нартайгаа хамт сууж байлаа. Тэд Харвигийн баптисмд оролцохоор сүм рүү явж байжээ.

“Бапак, та баптисм хүртэх үедээ юу мэдэрч байсан бэ? гэж Харви асуув. Бапак хэдэн сарын өмнө баптисм хүртсэн ажээ. Одоо Харви найман нас хүрсэн болохоор тэр ч бас баптисм хүртэх гэж байлаа!

Бапак хэсэг бодлоо. “Ус үнэхээр хүйтэн байсан шүү!” гэж тэр хөхрөн хэлэв. “Гэхдээ би бас маш их хайрыг мэдэрсэн. Хэдийгээр манай гэр бүлийнхэн ихэнх нь сүмийн гишүүн биш ч гэсэн би тэдний болон Бурханы хайрыг мэдэрсэн” гэж тэр ярилаа.

Тэднийг сүмийн байранд ирэхэд сүмийн хүмүүс усан санг усаар дүүргэж, баптисмдаа бэлдэхэд нь тэдэнд тусалжээ.

Хоосон цүнх рүү харж байгаа сэтгэлээр унасан хүү; Дэндүү том цагаан цамц өмссөн хүү

“Харви, баптисмын хувцсаа өмсөх цаг боллоо” гэж Ибу хэлэв. Харви толгой дохиод, хувцсаа хийсэн цүнхээ авлаа. Гэвч цүнхэнд зөвхөн цагаан өмд нь л байв. Тэр цагаан цамцаа олсонгүй! Тэр бусад цүнхнүүдийг шалгаад, сүмийн энд тэнд үзлээ.

“Ибу, миний цамц энд алга” гэж Харви хэлэв.

Ибу баргар царайлав. Тэр ч бас хэдэн цүнх шалгаад, “Бид таксинд орхисон байх” гэв.

“Хувцасны шүүгээнд илүү баптисмын хувцас байгаа. Би тэднийг аваад ирье” гэж Путри эгч хэллээ.

Гэвч шүүгээнд байсан баптисмын ганц хувцас Харвид хэтэрхий томдохоор байв. Ибу санаа зовсон байдалтай харагдав. Баптисм удахгүй эхлэх гэж байлаа. Олон хүн ирчихсэн байсан бөгөөд Харви цамцгүй байв.

Харви: “Бид таксины жолооч цамцыг минь буцааж авчрахын төлөө залбирч болох юм. Хэрэв тэр авчрахгүй бол би том цамцаа л өмсье. Миний юу өмсөх хамаагүй ээ. Би баптисм л хүртмээр байна” гэлээ.

Залбирч буй ээж, хүү хоёр

Ибу, Бапак хоёр толгой дохив. Тэд хамтдаа чимээгүй газар буюу гал тогооны өрөө рүү явлаа. Тэгээд тэд гараа зөрүүлэн, толгойгоо бөхийлгөв.

Харви ийн залбирлаа. “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, би өнөөдөр баптисм хүртэж байгаадаа Танд талархаж байна. Цамцыг минь авчирч ирэхэд нь таксины жолоочид туслаач. Гэхдээ тэгэхгүй байсан ч зүгээр ээ.”

Залбирсныхаа дараа Харви өнөөх том цамцаа өмсөхөөр явлаа. Тэр цамц өвдөг хүртэл нь урт байжээ.

“Харви!” гэж Путри эгч үүдний өрөөнөөс дуудаад “Таксины жолооч ирлээ” гэв.

Жижигхэн өлгүүртэй цагаан цамц барьсан эрэгтэй

Харви, Ибу хоёр таксины жолоочийг үүдний хаалганы хажууд олж уулзав. Тэр Харвигийн цамцыг барьсан байв!

“Би эргээд харсан чинь суудал дээр байсан. Би чинийх байх гэж бодсон” гэв.

“Маш их баярлалаа” гэж Ибу хэллээ.

Харви түүнээс цамцаа аваад “Баярлалаа” гэжээ.

Тэр эрэгтэй инээмсэглээд, баяртай гэж даллав.

Удалгүй баптисм эхлэх цаг боллоо. Харви цамцаа сольж өмссөн байв. Цамц нь яг таарав! Бас цагаан, цэвэрхэн байлаа.

Хүүд баптисм хүртээж буй эрэгтэй

Харвиг баптисмын сан руу ороход ус цэл хүйтэн байв! Бапак залбирал хэлээд, Харвид баптисм хүртээв. Уснаас гарахад түүнд шинэхэн болсон мэт санагдаж тайван мэдрэмжийг мэдэрчээ.

Бапак Харвиг усан сангаас гаргаж, зөөлөн алчуураар мөрийг нь ороов. Харви өөрт нь тусалж, дэмжиж байсан бүх хүний тухай боджээ. Ибу, Бапак, таксины жолооч болон түүний гэр бүл. Мөн Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ.

Харви Бапакийг тэврээд “Таны зөв байжээ. Ус их хүйтэн байлаа!” гэв. Тэр хоёр инээлдэв. Дараа нь Харви Бапакийн нүд рүү хараад, “Гэхдээ өөр нэг зүйлийн талаар ч бас таны зөв байсан. Би маш их хайрыг мэдэрсэн” гэжээ.

PDF түүх

Зураг чимэглэлийг Бэтани Станклифф