2025
Биеийн аюулгүй байдлын талаар санаж явах ёстой 5 зүйл
2025 оны 5-р сар


“Биеийн аюулгүй байдлын талаар санаж явах ёстой 5 зүйл,” Найз, 2025 оны 9-р сар, 38–39.

Биеийн аюулгүй байдлын талаар санаж явах ёстой 5 зүйл

Чиний бие бол Тэнгэрлэг Эцэгийн өгсөн бэлэг. Тэр чамайг аюулгүй, аз жаргалтай байхад туслахыг хүсдэг. Хэн нэгэн үг юм уу үйлдлээрээ чамайг гэмтээхийг оролдох нь зүгээр биш! Бид бусдад эелдэг, хүндэтгэлтэй хандаж, тэднээс ч бас эелдэг, хүндэтгэлтэй байдлыг хүсэн хүлээх ёстой.

  1. Насанд хүрсэн хүнд ч гэсэн үгүй гэж хэлж болно. Чи өөрийн бие махбодыг хариуцна. Энэ нь хэн нэгэн чамд хүрч, тэвэрч, үнсэж болохыг чи шийднэ гэсэн үг. Чи “Үгүй,” “Надад бүү хүр,” “Намайг зүгээр орхи” гэж хэлэх дадлага хийж болно. Хэрэв чамд хүрэх эсвэл чамаас эвгүй санагдах ямар нэг зүйл хийхийг хүсвэл үгүй гэж хэлээд, чадвал орхиж яв.

  2. Яаж хүрэх нь аюулгүй, яаж хүрэх нь аюултайг мэдэж ав. Аюулгүйгээр хүрэх нь хайр халамж мэдрэхэд (тэврэх, high five хийж алгаараа цохилцох гэх мэт) эсвэл цэвэр, эрүүл байхад (эцэг эх чинь чамайг усанд ороход тусалж, эмч чамд өвдсөн үед тусалдаг шиг) тусалдаг. Заримдаа тариа хийлгэх гэх мэт аюулгүйгээр хүрэх явдал чамайг өвтгөж болох ч эрүүл мэндэд чинь тусалдаг учраас аюулгүй. Аюултайгаар хүрэх нь цохих, түлхэх, эмзэг эрхтэнд чинь хүрэх гэх мэтээр бие болон мэдрэмжийг чинь гэмтээдэг. Ийм маягийн өвтгөсөн, эвгүй байдлаар хүрэх нь зүгээр биш юм.

  3. Эдгээр нь бусад хүний хүрч болохгүй чиний биеийн эмзэг хэсгүүд юм. Эмзэг хэсгүүдэд усанд сэлэлтийн хувцсаар далдалдаг биеийн хэсгүүд багтдаг. Бусад хүмүүс чиний эмзэг хэсэгт хүрэх (хувцасны чинь дотуур эсвэл гадуур) эсвэл өөрсдийнх нь эмзэг хэсэгт хүрэхийг чамаас хүсэх нь буруу юм. Хэрэв чамд ийм зүйл тохиолдвол итгэж болох насанд хүрсэн хүнтэйгээ аль болох хурдан ярилцаарай.

  4. Нууц болон гэнэтийн бэлэг хоёрын хоорондох ялгааг санаарай. Гэнэтийн бэлэг гэдэг нь төрсөн өдрийн бэлэг гэх мэт хүн болгонд хөгжилтэй санагдах аз жаргалтай зүйл юм. Нууц гэдэг нь хэн нэгэн чамд хэнд ч битгий хэлээрэй гэсэн зүйл юм. Хэрэв хэн нэгэн чамд хүрч эсвэл гэмтээж байгаагаа нууцлахыг чамаас хүсвэл итгэж найддаг хүндээ тэр даруй хэлэх хэрэгтэй. Хэн нэгэн чамайг аюулгүй болоход туслах хүртэл итгэл найдвар даах насанд хүрэгчдэд хэлсээр бай.

  5. Хэн нэгэн чамд хүрэх юм уу чамайг гэмтээх нь чиний буруу биш. Чамайг гэмтээсэн хүн чамайг буруу зүйл хийсэн гэж чамайг болон бусдыг итгүүлэх гэж оролдож магадгүй. Гэхдээ чи буруу зүйл хийгээгүй. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамайг төгс мэддэг ба төгс хайрладаг. Итгэж болох насанд хүрсэн хүнээс тусламж хүсэж, үргэлж Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсэн залбирч болно гэдгээ санаарай.

PDF хуудас

Зураг чимэглэлийг Майк Маллан