Ерөнхий чуулган
Бурханы бошиглогчид
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


11:8

Бурханы бошиглогчид

Бошиглогчийн дуу хоолойг сонсож, дагах нь Хоёр дахь ирэлт хүртэл сайн зүйл болгоноос зууран барихад нэн чухал юм.

Хайрт өсвөр үеийнхэн минь ээ, ямар сайхан чуулганы хуралдаан болж байна вэ! Бид аль хэдийн Есүс Христийн гурван төлөөлөгчийн үгийг сонслоо шүү дээ. Ямар гайхалтай адислал вэ! Мөн бид дахиад нэгийг, ахлагч Хэнри Б.Айрингийг удахгүй сонсох болно. Сүнслэг найр үргэлжилсээр байна!

Намайг өнгөрсөн жил үг хэлэхэд бид Голиаттай нүүр тулсан Давидын түүхээр дамжуулан хэрхэн энэ дэлхийтэй нүүр тулах тухай хамтдаа суралцсан. Миний ярьж байсан таван чулууг санаж байна уу? Өнөөдөр би та бүгдийн насан дээр байхдаа уншаад гол дүр нь болохыг хүсдэг байсан Хуучин Гэрээний нэгэн түүхийг хуваалцана. Библи дээр бидэнд нэрийг нь хэлээгүй учраас бүгдээрээ түүнийг хотынх нь нэрээр Шунемийн бүсгүй гэж нэрлэе.

Эмэгтэй бошиглогчид зориулан талх барьж байгаа нь

Нэгэн өдөр бошиглогч Елишаг Шунемээр дайран өнгөрөх үед тэнд “нэгэн чинээлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зооглогтун гэж [урив]. Ингээд Елиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хооллодог бол[сон]” тухай бид уншдаг. Бошиглогч Елиша гэртээ хооллохоор урьсан түүний урилгад маш их баяртай байсан гэж би боддог. Түүнийг хэдэн удаа ороод гарсны дараа, нэгэн өдөр мөнөөх эмэгтэй нөхөртөө “[Т]эрхүү Бурханы хүн бол ариун гэдгийг би мэдсэн” гэж хэлжээ.

Тэр эмэгтэй “[Одоо] би мэдсэн” гэж хэлдэг. Уг эмэгтэй Елишаг бошиглогч гэдгийг мэдэлгүй гэртээ урин оруулсан харагддаг. Тэрээр Елишагийн хэлсэн, заасан зүйлсийг анхааралтай сонсож, Ариун Сүнсээр дамжуулан гэрчлэл хүлээн авчээ. (Тэр үед ямар ч зураг байгаагүйг санаарай! Тийм учраас бошиглогчийг царайгаар нь таних амаргүй байсан.)

Эмэгтэй бошиглогчид зориулан өрөө засаж байгаа нь

Гэвч энэ түүх үүгээр дуусаагүй. Нэг өдөр тэр эмэгтэй: “Иймд … жижиг дээд өрөө хийцгээе. Тэнд түүнд зориулан ор, ширээ, сандал, дэнлүүний суурь тавья. Тэр ирэхдээ тэнд орж байг” гэж нөхөртөө хэлжээ.

Энэ итгэлтэй эмэгтэй бошиглогчийг хотоор дайран өнгөрөхдөө байрлах газартай байлгахаар гэртээ өрөө гаргаж өгөхөд бэлэн байсан байна шүү дээ!

Өнөөдөр бид энэ үйл явдлаас нэгэн хүчирхэг сургамжийг авч болно.

Их Эзэн Шунемийн бүсгүйд Елишаг Бурханы бошиглогч байсныг гэрчилсэн бөгөөд тэрээр түүнийг хүлээн авахаар үүдээ нээжээ.

Бид ч бас өнөөдөр Бурханы бошиглогчдын тухай хувийн гэрчлэл хүлээн авч мөн зүрх сэтгэл, оюун санаа, гэр орноо энэ хожмын өдрүүдэд Их Эзэний бидэнд зориулсан захиаснуудад нээлттэй байлгаж чадна.

Хайрт өсвөр үеийнхэн минь, би та бүгдийг өөрсдөдөө дараах асуултыг тавиасай гэж урьж байна. “Надад Бурханы амьд бошиглогчдын тухай хувийн гэрчлэл бий юу?”

Эхнээс нь эхэлцгээе.

Бошиглогч гэж хэн бэ? Бошиглогч бол Бурханы өмнөөс ярихаар Түүгээр дуудагдсан хүн юм. Яг л эрт дээр үед байсан шиг бошиглогчид өнөөдөр энэ дэлхий дээр байгаа.

Бошиглогчид бол үзмэрчид мөн илчлэгчид. Энэ нь тэд бусдын харж чадахгүйг хардаг, ирээдүйн үйл явдлуудыг зөгнөн хэлж чаддаг гэсэн үг. Тэд бас биднийг гамшиг сүйрэлд бэлтгэж чадна. Бошиглогчид Их Эзэнээс зарлиг, илчлэлүүдийг хүлээн авдаг. Итгэлийн тунхаг ес дээр энэхүү хожмын өдрүүдэд үргэлжлэн ирэх илчлэлүүдийн тухай “Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг” гэж заасан байдаг.

Ахлагч Гари Э.Стивэнсон: “Их Эзэн биднийг энэ амьдралд аз жаргал, ирэх амьдралд селестиел алдар суу өөд хөтлөхийг хүсдэг учраас Өөрийн зарлигууд болон хүслийг өнөөдөр ч гэсэн бошиглогчдодоо илчилсээр байна” хэмээн хэлсэн.

Бошиглогчид мөн сайн мэдээг тунхаглаад зогсохгүй дэлхий дээр байгаа хүн бүрд сүнсээр өдөөгдсөн Бурханы элч мөн багш нь болдог.

Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн бүр бошиглогч, үзмэрч, илчлэгч юм. Их Эзэний удирдлаган доор зөвлөхөөр үйлчилж буй тэд сургаалыг тайлбарлах, тунхаглах, [Түүний] Сүмийн бодлого журмыг батлах эрх мэдэлтэй. Эдгээр чуулга шийдвэрээ санал нэгтэй гаргах ёстой байдаг учир тэд маш нухацтай залбирч, ярилцдаг. Ийм арга замаар Их Эзэн Өөрийн хүслийг биелэх болно гэсэн баталгааг бидэнд өгдөг.

Бошиглогчид Христийг гэрчилдэг буюу Түүний оршихуй, тохинуулал, тэнгэрлэг байдлыг гэрчилдэг.

Мормоны Номын бошиглогчдын зарим гэрчлэлийг уншицгаая.

Абинадай:

“Бурхан өөрөө хүмүүсийн үрсийн дунд доош ирэх болно, мөн өөрийн хүмүүсийг гэтэлгэх болно.

Мөн тэрээр маханбодод оршихын учир тэрээр Бурханы Хүү гэж нэрлэгдэх болно” хэмээн тунхагласан.

Лемен үндэстэн Самуел Есүс Христийг “эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч, тэнгэрийн болон газрын Эцэг, Бурханы Хүү” хэмээн гэрчилсэн.

Мөн бошиглогч Моронай: “[Би] Есүсийг харсан, тэрээр надтай нүүр тулан ярьс[ан]” гэж хэлсэн.

Нифайчууд дээр ирэхдээ Христийн хамгийн түрүүнд хийсэн зүйлсийн нэг нь арван хоёр төлөөлөгчийг дуудсан явдал байв. Тэрээр хүмүүст: “[М]иний сонгосон эдгээр арван хоёрын үгсэд анхаарлаа хандуулах аваас та нар адислагдах болно” гэж хэлжээ.

Одоо би эцэг эхчүүдэд болон хүүхэд өсгөж буй хүмүүст хандан хэдэн зүйл хуваалцъя. Их Эзэн Өөрийн биеэр авралын төлөвлөгөөний үнэнүүдийг Адам, Ева хоёрт заасан. Тэрээр тэдэнд: “[Э]дгээр зүйлийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заах зарлигийг би чамд өгч байна” хэмээн хэлсэн.

Чөлөөтэй заах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь сайн мэдээний үнэнүүдийг сурч мэдэн, тэдгээрийн талаар хувийн гэрчлэлтэй болж, тэрхүү мэдлэгээ хүүхдүүдтэйгээ хуваалцахыг хэлж байгаа юм. Энэ нь албан болон албан бус байдлаар зааж ойлгуулахыг дэмжих зорилготой. Энэ нь тэрхүү мэдлэг, гэрчлэлийнхээ дагуу амьдрах явдал билээ.

Мормоны Номд бидний мэдэх 2060 залуу дайчныг “үнэн шударга мөн чанд байдлын эрчүүд байв, учир нь тэд Бурханы зарлигуудыг сахихыг мөн түүний өмнө зөв шударгаар алхахыг заалгасан байв гэж дүрсэлсэн байдаг. Тэр залуучууд тухайн үед тэдний цэргийн удирдагч мөн бошиглогч байсан Хиламаныг дуулгавартай дагасан ба ээжүүд нь тэдний зүрх сэтгэлийг үнэн болон итгэлээр дүүргэснийг ойлгожээ.

Эцэг эхчүүд ээ, олон янзын дуу хоолой мөн зарим тохиолдолд хар бараанаар дүүрсэн байдаг энэ дэлхийд хүүхдүүдээ гэрэл ба үнэнд өсгөн хүмүүжүүлэхийг Бурхан Өөрөө бидэнд зарлигласан. Тэрээр бидэнд хүүхдүүддээ сайн мэдээний авралын үнэнүүдийг заах үүргийг хариуцуулсан юм. Бид ийн үйлдэхгүй л бол дэлхий үүнийг хийх нь үгүй.

Залуу найзууд минь, би та нартаа нэг урилга өгье. Ирэх өдрүүдэд би та бүхнийг өвдөг сөгдөөд, зүрх сэтгэлээ нээн, итгэлтэйгээр Тэнгэрлэг Эцэгээс Түүний сонгосон бошиглогч, төлөөлөгчид үнэхээр өнөө цагт энэ дэлхий дээрх Түүний дуу хоолой мөн эсэхийг баттай мэдүүлэхийг гуйн залбираасай хэмээн урьж байна.

Шунемийн бүсгүй бидэнд тэрхүү гэрчлэлийг Ариун Сүнсээр дамжуулан олж авч болохыг заасан. Бид тэднийг Бурханы тослогдсон хүмүүс гэдгийг мэдсэн цагт амьдралдаа тохиолдож буй саад бэрхшээлийг үл харгалзан дуу хоолойг нь итгэл, найдвар тээн дуулгавартай дагах болно гэдгийг би амлаж байна. Бошиглогчийн дуу хоолойг сонсож, дагах нь Аврагчийн Хоёр дахь ирэлт хүртэл сайн зүйл болгоноос зууран барихад нэн чухал юм.

Хорвоо ёс бус байдалд автсаар байгаа ч Есүс Христийн Сүм болон Түүний хаант улс хэзээ хэзээнээс ч илүү хүчирхэгжиж байгаа. Сион үзэсгэлэнт хувцсаа өмссөн байгаа төдийгүй Христийн хаан ширээ нуран унахгүй. Их Эзэн биднээс гэрчлэлдээ хүчтэй байж, итгэлээр дүүрэн байхыг мөн өдөр бүр наманчлаасай хэмээн хүсдэг. Аврагч Есүс Христ маань бидний хүн нэг бүрд Түүний ажлыг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа.

Бошиглогч Иосеф Смит нэгэнтээ: “Ах дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү?” хэмээн хэлсэн. Гэхдээ би захиасаа голчлон өсвөр үеийнхэн та нарт зориулж байгаа учраас би ах дүүс гэсэн үгийг өсвөр үеийнхэн гэсэн үгээр орлуулмаар байна. Бэлэн үү?

“[Өсвөр үеийнхэн] минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зоригтой бай, [өсвөр үеийнхэн] минь тэгээд ялалт өөд ахь, ахь! Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмж баяртай байг.

Би амьд бошиглогчдын удирдамжид мөн бүхнээ зориулан хичээж зүтгэж байгаад нь талархдаг. Би тэднийг өнөө цагт хаант улсыг нь урагшлуулж, байгуулж, удирдахаар Бурханаас дуудагдсан гэдгийг баттай гэрчилж байна. Мөн үргэлж ийм байх болно! Их Эзэн үйлчлэгчдээ үргэлж Өөрөө сонгосоор байх болно. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Энэ хэллэгийн испани хэл дээрх орчуулга нь “хичээнгүйлэн урих” гэсэн утгыг илэрхийлдэг.

  2. 2 Хаад 4:8

  3. 2 Хаад 4:9; тодотгол нэмсэн.

  4. 2 Хаад 4:10

  5. Амос 3:7-г үзнэ үү.

  6. “Их Эзэний удирдлаган доор [Сүмийн ерөнхийлөгч] Сүмийг тэргүүлэн удирддаг ба санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн юм. … Тэр бүхэл Сүмийн төлөө илчлэлт хүлээн авах мөн Бурханы хүслийг тунхаглах эрх мэдэлтэй” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 5.1.1.1, Gospel Library).

  7. Сургаал ба Гэрээнүүд 1:38-ыг үзнэ үү.

  8. Гари Э.Стивэнсон, “Есүс Христийн сайн мэдээ: Урам хайрлагч чимээ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар, 5.

  9. Матай 28:19–20; Сургаал ба Гэрээнүүд 21:1, 4–5; 107:35-ыг үзнэ үү.

  10. “Төлөөлөгч бүр хаант улсын бүх түлхүүрийг атгадаг бөгөөд Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор эдгээр түлхүүрийг ашигладаг” (Ерөнхий гарын авлага, 5.1.1.1).

  11. Ерөнхий гарын авлага, 5.1.1.1-ийг үзнэ үү.

  12. Сургаал ба Гэрээнүүд 107:27–31-ийг үзнэ үү.

  13. “Арван хоёр төлөөлөгч нь Есүс Христийн нэрийн “тусгай гэрчүүд” юм. … Тэд Түүний бурханлаг чанарыг болон Түүний амилалтын бодит байдлыг бүх дэлхийд гэрчилдэг (Ерөнхий гарын авлага, 5.1.1.1).

  14. Moзая 15:1–2

  15. Хиламан 14:12

  16. Ифер 12:39

  17. Мормоны номын талаар ярихдаа Бошиглогч Иосеф Смит: “Энэ ном нь мөн Аврагч амилалтынхаа дараа энэ тивийнхэнд айлчилсан тухай, тэрээр сайн мэдээг бүхий л бүрэн дүүрэн байдал, баялаг, хүч мөн адислалаар заадаг; тэдэнд Зүүн тивийнхэнд байсантай адил санваар, ёслолууд, бэлгүүд, хүч, адислалууд болон төлөөлөгч, бошиглогчид, пасторууд, багш нар, евангелистууд байсан юм” гэж заажээ (History, 1838–1856, volume C-1 [2 November 1838–31 July 1842], 1282, josephsmithpapers.org).

  18. 3 Нифай 12:1; тодотгол нэмсэн.

  19. Мосе 6:58; тодотгол нэмсэн.

  20. Сургаал ба Гэрээнүүд 68:25–28-ыг үзнэ үү.

  21. “Бид Есүс Христийн сургаалыг хүүхдүүдтэйгээ хуваалцах боломж бүрийг ашиглах ёстой. Ийн заах мөчүүд үнэ цэнтэй төдийгүй эсрэг талын хүчний няцашгүй оролдлогуудтай харьцуулахад хамаагүй цөөн байдаг. Хүүхдийн амьдралд сургаалыг суулгаж өгөхийн тулд зарцуулсан цаг тутамд авралын үнэнүүдийг эсэргүүцсэн эсвэл үл тоомсорлосон захиас, дүрслэлээр дүүрэн тоо томшгүй олон цагийн эсэргүүцэл оршин байдаг.

    Та нарын зарим нь хүүхдүүдтэйгээ хөгжилдөх замаар өөрсөдтэйгөө илүү дотно болгосон нь дээр байх хэмээн эргэлзэж эсвэл тухайн хүүхэд таны заадаг зүйлсээс залхаж эхлэх болов уу гэж асууж магадгүй. Ингэхийн оронд бид ‘Ийм бага цагт багтааж, ийм цөөхөн боломжийг ашиглан би тэдний итгэлийг гарцаагүй сорих саад бэрхшээлүүдийн эсрэг тэднийг хүчирхэгжүүлэх ямар сургаалын үгсийг хуваалцаж болох вэ?’ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Таны өнөөдөр хуваалцах үгсийг тэд өөрсдөдөө авч үлдэх бөгөөд өнөөдрийн энэ цаг хугацаа удалгүй улиран одох болно” (Хэнри Б.Айринг, “Есүс Христийн сургаал энгийн,“ Лиахона, 2024 оны 11-р сар, 97).

  22. Өсвөр үеийн хүүхэд бүр чухал! (Алма 57:6, 20-ийг үзнэ үү).

  23. Алма 53:21; тодотгол нэмсэн.

  24. Алма 56:44–48; 57:21-ийг үзнэ үү.

  25. Сургаал ба Гэрээнүүд 93:40-ийг үзнэ үү.

  26. Түүнчлэн бидэнд Иносыг “Их Эзэний халамж болон зөвлөгөөгөөр” өсгөн хүмүүжүүлсэн (Инос 1:1), түүнд “мөнх амьдралын болон гэгээнтнүүдийн баяслын” (Инос 1:3) талаар заасан эцэг эхийнх нь жишээ бий. Инос Бурханы зан чанарыг мэддэг байсан (Инос 1:6, 15, 17-г үзнэ үү).

  27. Сургаал ба Гэрээнүүд 21:1–2, 4–6-г үзнэ үү. “Эрх мэдэл, эд хөрөнгө, алдар нэр, махан биеийн таашаал нь аз жаргал авчирдаг гэж энэ дэлхий хэлдэг ч тийм биш юм! Тэдгээр нь авчирч чаддаггүй! Тэдгээр нь ‘Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг’ [Мозая 2:41] хий хоосон орлохоос өөр юу ч бүтээдэггүй.

    Үнэндээ аз жаргалыг хэзээ ч олж авч чадахааргүй газраас хайх нь илүү төвөгтэй юм! Харин таныг Есүс Христийн буулгыг өөртөө авч, ертөнцийг ялахад шаардлагатай сүнслэг ажлыг хийх үед энэ ертөнцийн таталтаас таныг дээш өргөх хүч зөвхөн Түүнд л бий.

    Тэгвэл, ертөнцийг ялснаар бидний амьдрал хэрхэн адислагдах вэ? Хариулт нь тодорхой. Бурхантай гэрээний харилцаанд орох нь биднийг Түүнтэй холбож, амьдралын бүх зүйлийг амар хялбар болгодог. Намайг буруугаар битгий ойлгоорой. Би гэрээ байгуулах нь амьдралыг хялбар болгодог гэсэн утгаар хэлсэнгүй. Үнэндээ дайсан таныг Есүс Христийн хүчийг олж мэдээсэй гэж хүсэхгүй байгаа тул эсэргүүцэл тулгарах нь зайлшгүй. Гэхдээ Аврагчийн буулгад орсноор та Түүний хүч чадал, гэтэлгэх хүчнээс хүртэх боломжтой болно гэсэн үг” (Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар).

  28. Ифер 8:26; Моронай 7:19–25-ыг үзнэ үү.

  29. Исаиа 52:1-ийг үзнэ үү.

  30. Дуулал 125:1; Исаиа 28:16-г үзнэ үү.

  31. Сургаал ба Гэрээнүүд 128:22; тодотгол нэмсэн.

  32. Сургаал ба Гэрээнүүд 1:30-ийг үзнэ үү.

  33. Итгэлийн тунхаг 1:5-ыг үзнэ үү.