Өөрийгөө захирах ариун журмаар чимэн гоёсон
Би хүн бүрийг оюун бодол, зүрх сэтгэлээ Христийнхтэй адил биеэ захирах ариун журмаар гоён чимэхийг чухалчлан урьж байна.
2021 оны 5-р сард бошиглогч Рассэлл М.Нэлсон Солт Лэйк ариун сүмийг сэргээн засварлах ажлыг очиж үзэх үеэрээ, цаг хугацааны шалгуурыг тэсэн гарсан, ур хийц, сүнслэг чанарын шилдэг бүтээл энэхүү ариун нандин барилгыг хязгаарлагдмал нөөц боломж, гуйвшгүй итгэлээр барьсан анхдагчдын хичээл зүтгэлийг шагшин бахаджээ. Гэсэн хэдий ч тэр бас элэгдлийн ул мөрийг буюу олон жилийн явцад ариун сүмийн анхны суурь чулуунд ан цав гарч, өрлөгт янз бүрийн гажилт үүсэж, бүтцийн бэхэлгээ хийх шаардлагатай байгаа тодорхой тэмдгүүдийг бас ажиглан харсан юм.
Байгалийн хүчийг тэсвэрлэхийн тулд ариун сүмийн суурийг улам бат бөх болгох томоохон арга хэмжээ авах нь зайлшгүй байсан шиг бид ч бас Есүс Христэд суурилсан өөрсдийн сүнслэг байдлын суурийг бэхжүүлэхийн тулд магадгүй урьд өмнө хэзээ ч авч байгаагүй онцгой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бидний хайрт бошиглогч тэр үед заасан юм. Тэрээр сэтгэлд хоногшсон захиасандаа: “Таны суурь хэр бат бөх вэ? Сайн мэдээний талаарх таны гэрчлэл, ойлголтод ямар шинэчлэл хэрэгтэй вэ?” гэсэн хоёр гүн гүнзгий асуултыг дотроо тунгаагаарай хэмээн бидэнд захиж үлдээсэн.
Есүс Христийн сайн мэдээ бодгалийг маань сүнслэг элэгдэлд орохоос сэргийлэх тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн, үр дүнтэй арга хэрэгслүүдээр биднийг хангадаг ба бидний суурийг бат бөх болгож, итгэлд маань ан цав гарахаас болон сайн мэдээний ариун нандин үнэнүүдийн тухай ойлголт, гэрчлэлд маань гажилт үүсэхээс хамгаалдаг. Энэхүү зорилгод хүрэх тодорхой нэг хамааралтай зарчмыг Сургаал ба Гэрээнүүдийн 12-р хэсэгт бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Иосеф Найтад өгсөн илчлэлээс олж харж болно. Иосеф Найт бол зөвхөн гадаад өөрчлөлтийн төлөө биш, харин шавийн зам дээр “тэнгэрийн багана мэт бат”, гуйвшгүй зогсохын тулд Их Эзэний тааллыг ойлгохыг чин сэтгэлээсээ эрэлхийлсэн зөв шударга хүн байв. Их Эзэн ийн тунхагласан.
“Болгоогтун, чамд, мөн тэрчлэн энэ ажлыг тогтоож мөн төлөвшүүлэх хүсэлтэй бүх хүнд би ярьж байна;
Мөн өөрийнх нь анхаарал халамжид итгэж даалгасан ямар ч зүйлд, бүх зүйлд даруу төлөв болон хайраар дүүрэн, итгэл, найдвар, мөн төгс хайрыг агуулдаг, биеэ барьдаг байхаас бусдаар хэн ч энэ ажилд тусалж эс чадна.”
Аврагчийн удирдамж энэхүү ариун нандин илчлэлд цэдэглэгдэж, өөрийгөө захирах чадвар нь Есүс Христ дээр бат бөх сууриа тавихад нэн чухал бэхэлгээ болдог гэдгийг бидэнд сануулдаг. Энэ нь зөвхөн үйлчлэхээр дуудагдсан хүмүүст гэлтгүй Их Эзэнтэй ариун гэрээнүүдийг байгуулж Түүнийг итгэлтэйгээр дагахаа хүлээн зөвшөөрсөн бүх хүнд заавал байх ариун журмуудын нэг юм. Өөрийгөө захирах чадвар нь энэхүү илчлэлд гарсан даруу байдал, итгэл, найдвар, төгс хайр, Түүнээс урсан гардаг цэвэр хайр гэсэн Христийнхтэй адил бусад зан чанарыг хүчирхэгжүүлж, хооронд нь уялдуулдаг. Түүнчлэн Есүс Христэд суурилсан суурийг маань хэврэгшүүлэхээс мөн дэлхийн нөлөөгөөр үүссэн үл анзаарагдам хэдий ч байнгын сүнслэг элэгдлээс бодгалиа хамгаалах утга учиртай арга зам бол өөрийгөө захирах чадварыг хөгжүүлэх явдал юм.
Христийн үнэн шавь нарыг чимэн гоёдог шинж чанаруудаас өөрийгөө захирах чадвар нь Аврагчийг Өөрийг нь илтгэн харуулдгаараа ялгардаг. Энэ бол уг тэнгэрлэг нөлөөг нээлттэй хүлээн авдаг бүх хүнд боломжтой Сүнсний үнэт жимс билээ. Энэ бол зүрх сэтгэлд эв эе авчирдаг, хүсэл, сэтгэл хөдлөлийг мэргэн ухаан, тайван байдалтай хослуулдаг ариун журам юм. Судруудад өөрийгөө захирах чадварыг бидний сэтгэл, үг, үйлдлийг цэвэршүүлэхийн сацуу тэвчээр, бурханлаг байдал, өрөвч нинжин сэтгэл рүү хөтөлдөг, сүнслэг аянд маань ахиц дэвшил гаргах амин чухал хэсэг хэмээн дүрсэлсэн.
Христийнхтэй адил энэ зан чанарыг хөгжүүлэхээр хичээж буй Түүний шавь нар улам бүр даруу төлөв, хайраар дүүрэн болдог. Тэдний дотор амар амгалангийн хүч бүрэлдэж, бүр дайсан хүчит шуургаар нүдэж байсан ч уур хилэнгээ хязгаарлах, тэвчээрийг төлөвшүүлэх, бусдад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандах чадвар нь сайжирч байдаг. Тэд аливаад түргэдэхгүйг хичээдгээс гадна сүнслэг мэргэн ухааны дагуу үйлдэхийг, номхон дөлгөөн байдал, Ариун Сүнсний намуухан нөлөөнд удирдагдахыг сонгодог. Ийм арга замаар тэд сүнслэг элэгдэлд өртөх нь багасаж, Христийн талаарх гэрчлэлийг нь ганхуулах сорилтын өмнө ч төлөөлөгч Паулын заасанчлан тэднийг хүчирхэгжүүлэгч Христээр дамжуулан бүгдийг хийж чадна гэдгээ мэддэг болдог.
Титэд бичсэн захидалдаа Паул Аврагчийг төлөөлж, Түүний тааллыг итгэлтэйгээр, үнэнчээр биелүүлэх хүсэлтэй хүмүүсийн шинж чанарын талаар ариун нандин зөвлөгөөг илгээжээ. Ийм хүмүүс нь зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, биеэ барьдаг байх ёстой хэмээн тэр дурдсан.
Гэсэн хэдий ч Паул тэдэнд “дур зоргоороо, түргэн зантай биш, … зодоонч биш” байх ёстой хэмээн анхааруулжээ. Ийм зан чанар нь Аврагчийн бодол санааны эсрэг бөгөөд жинхэнэ сүнслэг өсөлтөд саад болдог. Судрын агуулгад “дур зоргоороо биш” гэдгийг ихэрхэж, бардамнадаггүй нэгэн, “түргэн зантай биш” гэдгийг тэвчээр алдаж, уурлах эгэл хандлагаас зайлсхийдэг нэгэн, “зодоонч биш” гэдгийг үг, бие, сэтгэл хөдлөлийн хувьд зөрчилдөж, түрэмгийлж, ширүүн авир гаргахаас татгалздаг нэгэн гэж тодорхойлсон. Бид өөрсдийн зан авирыг өөрчлөхөөр итгэлтэйгээр, даруухнаар хичээх үедээ Түүний ач ивээл гэсэн хөдөлшгүй хаданд бат бөх бэхлэгдэж, Түүний ариун мутар дахь цэвэр, өнгөлж зүлгэсэн зэмсэг болдог.
Биеэ захирах ариун журмыг өөртөө төлөвшүүлэх хэрэгцээний талаар тунгаах үедээ би бошиглогч Самуелын ээж гайхалтай итгэлтэй эмэгтэйг буюу бүр аймшигт сорилтын дараа ч Их Эзэнд талархлын дуу өргөсөн Ханнагийн үгсийг санасан. Тэрээр: “Ихэд олон үг бардамнаж бүү ярьтугай. Ихэмсэг үгс амнаас чинь бүү гартугай. Хамгийг мэдэгч Бурхан ЭЗЭН тул Хамаг үйлийг дэнслэгч нь чухамдаа Тэр билээ” хэмээсэн. Түүний дуу бол залбирлаас ч илүү буюу даруухнаар, өөрийгөө захирч, хүлээцтэй үйлдэхийг өөртөө урьсан урилга юм. Ханна бидэнд жинхэнэ сүнслэг хүч чадал нь түрэмгий хариу үйлдэл эсвэл ихэмсэг үгсээр бус, Их Эзэний мэргэн ухаанд нийцсэн өөрийгөө захирсан, няхуур зан чанараар илэрхийлэгддэг гэдгийг сануулдаг.
Дэлхий ертөнц түрэмгийлэл, хийрхэл, тэвчээргүй авир, ихэрхүү явдлаас төрдөг зан авирыг байнга шахуу өргөмжлөхөөс гадна өдөр тутмын амьдралын дарамт, нэр хүнд олж авах, хүлээн зөвшөөрөгдөх хүсэл зэрэгтэй холбон ийм хандлагуудыг ихэнхдээ зөвтгөдөг. Бид өөрийгөө захирах ариун журмаас хараагаа салгаж, Ариун Сүнсний намуухан бас чиглүүлэх нөлөөг үл тоон үйлдэж, ярьснаар нийгэмдээ төдийгүй гэр бүлдээ заримдаа бүр шашны харилцаандаа гүнээ харамсахуйц үгсийг хэлж, ийн хандахад өөрийн эрхгүй хүргэдэг дайсны занганд амархан уначихдаг. Есүс Христийн сайн мэдээ биднийг энэхүү ариун журмыг ялангуяа сорилт бэрхшээлийн үед буюу хувь хүний жинхэнэ зан чанар ил гарч ирдэг ийм нөхцөл байдлуудад хэрэгжүүлээрэй гэж урьдаг. Бага Мартин Лүтэр Кинг нэгэнтээ: “Хүнийг дүгнэх туйлын хэмжүүр нь түүнийг ая тухтай, амар тайван үед ямар байдгаар нь бус, сорилт бэрхшээл, зөрчил маргаантай үед ямар зан авир гаргадгаар нь дүгнэх явдал юм” хэмээн хэлсэн.
Гэрээт хүмүүсийн хувьд бид Их Эзэнтэй байгуулсан ариун амлалтаа зүрх сэтгэлдээ бат суулгаж, Түүний төгс үлгэр жишээгээрээ тогтоосон загварыг няхуур дагаж амьдрахаар дуудагдсан. Үүний хариуд Тэрээр: “Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ нь миний сургаал, мөн үүний дээр барьж босгодог хэн боловч миний хадан дээр барьж босгодог, мөн тамын хаалганууд тэднийг дийлэх нь үгүй гэж амласан юм.
Зүрхээ бүү шаналга, Ховард Лион, Havenlight-ын зөвшөөрлөөр
Аврагчийн энэ дэлхий дээрх тохинуулал Түүний зан чанарын бүхий л талд өөрийгөө захирах ариун журмаар тодорхойлогдож байсан. Тэр төгс үлгэр жишээгээрээ бидэнд “зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, доромжлох тэдний эсрэг бүү доромжил” хэмээн сургасан. Тэрээр бидэнд маргаан, зөрчилдөөний улмаас уур хилэнд автаж болохгүй гэж заахдаа “та нар наманчилж, мөн бяцхан хүүхэд мэт бол[ох ёстой]” хэмээн тунхагласан билээ. Тэр бас Өөрт нь зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар ирэхийг хүсэгч хүн бүр хэн нэгэнд уурласан, хэн нэгний эсрэг аливаа зүйлийг тээж яваа аваас тэр хүнтэйгээ эвлэрэх ёстой гэж заасан. Хэдий хүмүүс бидэнд хатуу ширүүн, хүйтэн хөндий, дээрэнгүй бас тоомжиргүй хандсан ч Түүний нинжин сэтгэл биднээс одох нь үгүй, Түүний амар амгалан бидний амьдралаас авагдах нь үгүй гэж өөрийгөө захирах хандлага, өрөвч нинжин сэтгэлээр Тэр батлан хэлсэн.
Хэдэн жилийн өмнө, эхнэр бид хоёрт Мехико Сити дэх Сүмийн итгэлтэй гишүүдтэй уулзах ариун нандин, онцгой боломж тохиосон юм. Тэдний олон нь өөрсдөө эсвэл хайртай хүмүүс нь хулгайлагдах, хөнөөгдөх, зүрх шимшрүүлсэн бусад эмгэнэлт үйл явдалд өртөх зэргээр хэлэхэд ч бэрх сорилтуудыг тэвчсэн байв.
Тэдгээр гэгээнтний царайнаас бид ямар ч уур хилэн, хорсол, өшөө авах хүслийг олж хараагүй. Оронд нь бид тэднээс даруу байдлыг олж харсан. Тэдний царайд гуниг харуусал хурсан байсан ч эдгэрэх, тайтгарах чин сэтгэлийн хүсэл туяаран байсан. Хэдий тэдний зүрх сэтгэл шаналж эмтэрсэн ч эдгээр гэгээнтэн Есүс Христэд итгэх итгэлээр урагшилж, зовлон зүдгүүрийн улмаас сайн мэдээний талаарх итгэлд нь ан цав гарах, гэрчлэлд нь гажилт үүсэхгүй байхыг сонгосон.
Тэрхүү ариун нандин цугларалтын төгсгөлд бид тэнд байсан хүн нэг бүртэй мэндчилсэн. Гар барилт, тэврэлт бүр Их Эзэний тусламжтайгаар бид амьдралын сорилт бэрхшээл, уур бухимдалд өөрсдийгөө захирч хандахыг сонгож чадна гэсэн чимээгүй гэрчлэл болсон юм. Тэдний намуухан, даруухан үлгэр жишээ Аврагчийн заасан замаар бүх зүйлд биеэ барьж алхах урилгыг эелдгээр өгч байв. Бидэнд яг л тэнгэр элч нарын дунд байгаа юм шиг санагдсан.
Бүхнээс агуу Есүс Христ сүв бүрээсээ цус шүүрэх хүртэл бидний төлөө зовж шаналсан ч зүрх сэтгэлээ уур хилэнгийн галд өрдөөгүй төдийгүй дайрч давшилсан байтугай гомдоллосон үгийг, бүр ямар ч бузар үгийг амнаасаа гаргаагүй билээ. Бүр тэгтлээ зовж шаналсан үедээ хүртэл шүү дээ. Тэр биеэ төгс захирч, зүйрлэшгүй номхон дөлгөөн байдалд Өөрийгөө бус өнгөрсөн, одоо, ирээдүй дэх Бурханы хүүхэд бүрийг бодсон. Төлөөлөгч Петр: “Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа” хэмээн тунхаглахдаа Христийн эрхэм дээд зан чанарыг гэрчилжээ. Аврагч туйлдаа хүртэл шаналахдаа ч төгс, тэнгэрлэгээр Өөрийгөө захирсан юм. Тэрээр: “Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүсийн үрсийн төлөөх өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ” хэмээн тунхаглажээ.
Хайрт ах, эгч нар аа, би хүн нэг бүрийг бидний хайрт бошиглогч Рассэлл М.Нэлсоны өгсөн бошиглолын дуудлагад ариунаар хариулж, өөрсдийн оюун бодол, зүрх сэтгэлийг Христийнхтэй адил өөрийгөө захирах ариун журмаар чимэн гоёорой хэмээн урьж байна. Бид өөрсдөдөө үг, үйлдлээ захирдаг байх чадварыг суулгахаар итгэлтэй, тууштай хичээх үедээ амьдралаа Гэтэлгэгчийнхээ бат бөх суурин дээр илүү аюулгүй бэхэлж, хүчирхэгжүүлнэ гэдгийг би гэрчилж байна.
Өөрийгөө захирахыг байнга эрэлхийлэх нь бодгалийг маань цэвэршүүлж, зүрх сэтгэлийг маань Аврагчийн өмнө ариусгаад зогсохгүй, биднийг Түүн рүү аажмаар ойртуулан, Түүний Хоёр дахь Ирэлтээр Түүнтэй уулзах тэрхүү сүр жавхлант өдөрт биднийг итгэлтэйгээр, амар тайвнаар бэлдэнэ гэдгийг би чин сэтгэлээсээ гэрчилж байна. Би эдгээр ариун үгийг бидний Аврагч Есүс Христийн нэрээр хуваалцаж байна, амен.