Есүс Христийн цагаатгагч хайр
Есүс Христийн цагаатгагч хайрын бүрэн байдлаас эдгэрэл, өршөөл хоёрын аль алиныг олж болно.
Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд хайраа илэрхийлэхийн сацуу түүний бидний хүн нэг бүрд үзүүлсэн гайхамшигт үлгэр жишээнд талархах талархлаа илэрхийлж байна. Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн нэр төртэй амьдралыг бид бүгдийн төлөө хадгалж хамгаалж, гэрэлтүүлж ирсэнд Бурхандаа талархая.
Жил өнгөрөх тусам би Аврагч Есүс Христийг болон Түүний энэрэнгүй Цагаатгалыг улам их хайрладаг болсноо мэдэрдэг. Нүгэл, үхлийг ялан дийлэх боломжийг олгосон Түүний агуу золиос бол бүх хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их үр нөлөөтэй чухал үйл явдал юм. Түүний тэнгэрлэг бэлгийг ойлгох нь миний хувьд үхлийн дараа ч сүнслэг байдлаар сурах, өсөж хөгжих тэнгэрлэг заавар болдог.
Нүглийг өршөөх, бусдын нүглийн улмаас үүссэн шархыг эдгээх Аврагчийн гүн гүнзгий энэрэл бол Бурханы хайрын хамгийн гайхамшигт илрэл мөн.
Ноцтой нүгэлдээ өршөөл эрэлхийлж буй хүмүүст найдвар, бусдын ноцтой нүглийн улмаас авсан шархаа эдгээхийг эрэлхийлж буй хүмүүст тайтгарал санал болгохыг би хүсэж байна.
Есүс Христийн цагаатгагч хайрын бүрэн байдлаас эдгэрэл, өршөөл хоёрын аль алиныг олж болно.
Есүс Христэд итгэх итгэл
Хэрэв та ноцтой нүгэл үйлдээд, бүрэн наманчлах явцдаа байгаа эсвэл бүрэн наманчлахыг хүсдэг мөн өршөөлийн хэлэхийн аргагүй баяр баясгаланг мэдрэхийг хүсдэг бол энэхүү гайхамшиг таныг хүлээж байгаа гэдгийг ойлгоорой. Аврагч “Над дээр ир” хэмээн зогсолтгүй дууддаг.
Бидний Аврагч Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх нь Түүнийг мэдэж авах, Түүнд итгэх бодгалийн тань хүслийг бадрааж, зүрх сэтгэлд тань Түүнийг гэх орон зайг гаргаж өгөх болно. “Их Эзэн, энэ нь яаж хийгддэг вэ?” гэж Иносыг өөрийнхөө өршөөгдсөн эсэх талаар асуухад Их Эзэн хариуд нь “Чиний урьд нь хэзээ ч сонсож бас харж байгаагүй тэрхүү Христэд итгэлтэйн чинь учир буюу” гэжээ.
Мөн Моронай “Хэрэв та нар бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх чадавх, оюун ухаан болон хүч чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттай” хэмээн нэмж хэлжээ.
Нүглээс холдох, Бурханд хандах, Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх зэрэг нь сайхан эхлэл болно. Хүслээ Бурханд даруухнаар нийцүүлэхийн тулд бишоптоо эсвэл салбарын ерөнхийлөгчдөө ноцтой нүглээ хүлээх хэрэгтэй ч таны бүрэн өршөөл Аврагчаас ирэх болно. Өршөөл бол Есүс Христийн ач ивээлээр дамжин ирдэг тэнгэрлэг бэлэг юм.
Үнэнч шударга байх
Бурхан луу үнэхээр буцах хүслийг Тэнгэрлэг Эцэгтээ, өөртөө, хохирсон хүмүүст, санваарын удирдагчдаа чин үнэнч байх шийдвэр төгс байдал дагалддаг. Таны Тэнгэрлэг Эцэг Өөр лүү нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр ирэх шийдвэрт тань баясдаг. Гэмшсэн сэтгэлтэй байх нь Бурханы мутарт өөрийгөө даруусган даатгах явдал бөгөөд харууссан зүрхтэй байх нь төлөөлөгч Паулын хэлсэнчлэн “бурханы дагуух гашуудал” буюу ямар ч үнэ цэнээр хамаагүй Түүн рүү буцах зүрх сэтгэлийн гүн гүнзгий хүсэл юм.
Эвдэрснийг засах
Хүсэл эрмэлзэл тань эвдэлснээ засах хүсэлтэй болгоно. Гэхдээ зарим зүйлийг та өөрөө засаж чадахгүйг ухаарч мэдээд, Их Эзэнийг Өөрийнхөө ач ивээлээр дамжуулан таны үйлдлийн улмаас хохирсон тэр хүмүүсийг эдгээж туслаасай хэмээн үнэн голоосоо залбирах хэрэгтэй болж магад.
Бусдад үйлдсэн ноцтой нүглийн үр дагаврыг даван туулах нь ихэнхдээ сэтгэл шаналгам хэцүү байдаг. Та “учруулсан бүх хор хөнөөлөө залруулахаар чармайн хичээ[сэн]” Мозаягийн хөвгүүдийн үлгэр жишээг дагаж байна уу? Ухаараагүй байж мэдэх зүйлсийнхээ талаар хүндэтгэдэг хүмүүстэйгээ ярилц.
Энэ үгийг хэлэхээр бэлтгэж байхдаа би наманчилж буй, Сүмд буцаж ирэх хүсэлтэй нэг хүнээс э-мэйл хүлээн авсан юм. Түүний салсан эхнэр “мөнхийн гэрлэлт нь бүтэлгүйтэж, [үр хүүхэд нь хэцүүдэж], санхүүгийн аюулгүй байдал нь алдагдан, … төлбөрийн чадваргүй [болсон] мөн нөхөр нь итгэл алдаж өөрөөс нь урвасан зэрэг бачуурам мэдрэмж”-ээсээ болж шаналсаар байжээ.
Санваарын удирдагч нь “[салсан эхнэр, хүүхдүүдийнхээ төлөө өөр юу хийж болох талаар залбирч үзэхийг [түүнээс] хүсэх хэрэгтэй гэсэн мэдрэмж” авсан байсан гэдгийг тэр хуваалцсан юм. Би түүний зөвшөөрснөөр э-мэйлийнх нь нэг хэсгээс хуваалцъя.
“[Эхлээд] би гэр бүл салах шүүхийн шийдвэрийн дагуу миний өгсөн [мөнгө] хавьгүй өгөөмөр байсан гэж бодож байлаа. Гэвч салбарын ерөнхийлөгч маань надад энэ талаар хоёр долоо хоногийн турш залбирч, мацаг барихыг зөвлөсөн юм. …
Эхэндээ, цаашдын нөхөн төлбөрийн талаарх бодол намайг зовоож байв. Нэгэнт миний нүгэл санхүүгийн асуудал биш тул би ‘өгөөмөр нөхөн төлбөр’ гэдэг нь үнэхээр ямар утгатай болох талаар бодоод, удалгүй энэ нь мөнгөний асуудал биш гэдгийг ухаарсан юм.
Санваарын удирдагчид маань [салсан эхнэртэй] болон хүүхдүүдтэй минь уулзаж, тэдэнд одоо ч гэсэн хэцүү байгааг мөн шаналж шархалсан хэвээр байсныг олж харсан байв. …
Миний шинэ зорилго бол итгэлээр урагшлах байлаа. … Би зүгээр л хариу нэхэлгүйгээр туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, … гар дээр ирэх цалингийнхаа нэлээд хэсэг болох [тодорхой хэмжээний мөнгийг салсан эхнэртээ] цалин буух болгондоо илгээж байхаар шийдэв. Намайг эхний мөнгөн шилжүүлгийг хийхийн яг өмнөхөн Их Эзэн [хэмжээг нь хоёр дахин нэмж] төлөх [хэрэгтэй гэж оюунд минь мэдүүлэв].
Нөхөн төлбөр бол мөнгөний асуудал биш гэдгийг би мэдэж авсан. Энэ нь Их Эзэнд амьдралаа даруухнаар зориулах асуудал юм. … Мөнгө бол буруу сонголтынхоо улмаас миний гэр бүлээсээ салгасан тэр зүйлийг л орлоход туслах зүйл байсан. Энэ нь ямар ч хариу нэхэлгүйгээр амлалт өгөх, тэрхүү амлалтаа биелүүлэх, салсан эхнэртээ Сүнсийг эрэлхийлэх боломж олгох, өр төлбөрийн тал дээр санаа зовохгүй байхад нь туслах зүйл байв.”
Таны эвдэлсэн зүйлээ засаж сэргээх хүчин чармайлт мөнгөний асуудал биш байж магадгүй ч та Их Эзэнтэй даруухнаар зөвлөлдөх үедээ танд хийж чадах илүү олон зүйл байгаа гэдгийг олж мэднэ.
Аажим аажмаар ирэх тэнгэрлэг зөвшөөрөл
Их Эзэний өршөөлийг эрэлхийлэх үедээ Түүний бүрэн зөвшөөрлийг тэвчээртэй хүлээгээрэй. Дараах судрыг эргэцүүлэн бодоорой.
“Тэд өөрсдийгөө даруу байдлын гүнд хүргэн даруусгав; мөн … Бурханаас хүчтэйгээр залбиран гуйв; тийм ээ, бүр бүх өдрийн турш. … [Гэвч] Их Эзэн алдсуудынх нь учир тэдний гуйлтыг сонсохдоо удаан байв.
Гэсэн хэдий ч Их Эзэн тэдний гуйлтуудыг сонсож, … мөн тэдний ачааг хөнгөлж эхлэв … тэд … бага багаар дэгжиж эхлэв.”
Их Эзэн аажим аажмаар хүлээн зөвшөөрч, таныг адислах хүртэл тэвчээртэй байгаарай.
Их Эзэний цаг хугацаанд та Алмагийн хүүдээ хэлсэн, “чамайг эдгээр зүйл дахин бүү зовоогоосой” хэмээх үгсийг танд хэлэх Түүний дуу хоолойг сонсох болно. Таныг Аврагч руу үргэлжлүүлэн хандах аваас нэг л өдөр таны Тэнгэрлэг Эцэг “Өөрийн Хүүгийн гавьяат үйлээр … зүрх сэтгэлээс [тань] гэмшлийг зайлуул[ах]” болно.
Гэмтсэн мөн зовсон
Өөр хэн нэгний ноцтой нүглийн улмаас шударга бусаар шаналж шархалсан та бүхэнд би Аврагчийн хайр, энэрэл, тайтгарал, амар амгаланг хуваалцахыг үнэхээр хүсэж байна.
Таны мэдэрсэн гуниг, зүрх зүсэм явдал, хагацал, хууралтаас үүдэлтэй бачуурам мэдрэмж, төсөөлж байсан амьдрал чинь орвонгоороо эргэсэн зэрэг нөхцөл байдалд би Аврагч таныг мэддэг, танд хайртай гэдэг чин сэтгэлийн баталгааг өгье. Түүн рүү ханд. Тэр таныг тайтгаруулж, хүч чадал өгөх болно. Тэрээр таныг дэмжихийн тулд тэнгэр элч нараа илгээх болно. Хэзээ таны өвчин шаналал арилж, уй гашуу тань тайлагдаж, хүсээгүй дурсамж тань мартагдах вэ? Би мэдэхгүй. Гэхдээ Түүнд зовлон шаналлын тань үнснээс сайхан бүхнийг цогцлоох хүч буй гэдгийг би мэднэ.
Мичиганы Гранд Бланк дахь хайрт ах, эгч нар минь ээ, та нар Есүс Христэд итгэх цөхрөлтгүй итгэл, эр зориг мөн амин хувиа үл хичээсэн байдлынхаа ачаар ирэх долоо хоногуудад мөн саруудад Аврагчийн зүйрлэшгүй хайр, ач ивээлээс бүрэн дүүрэн хүртэх болно.
Та Түүнд итгэж найдсаар байвал харанхуйн үүлс болон шөнөөр шаналан мэгших нулимс нь өглөөний гэрэлд баясах баяр хөөр, амар амгалангийн нулимс болж хувирах болно. “Гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно. … Баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй.” Тэр цаг ирнэ. Тэр цаг ирнэ гэдгийг би гэрчилж байна.
Есүс Христийн цагаатгагч хайрыг хамгийн хэцүү нөхцөл байдалд олж болох хэдий ч бидэнд Аврагчийн маань цагаатгагч ач ивээл байнга хэрэгтэй. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан: “Бидний Аврагч мөнх бус оршихуй дахь Өөрийн цагаатгагч үйл явдлын ачаар газар бүрийн бүхий л эрэгтэй, эмэгтэй хүнийг тайвшруулах, эдгээх, хүчирхэгжүүлэх боломжтой. Гэхдээ Түүнийг эрэлхийлдэг, Түүнээс тусламж гуйдаг хүмүүст л Тэрээр ийнхүү үйлддэг гэдэгт би итгэдэг. Төлөөлөгч Жэймс ‘Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно’ (Иаков 4:10) хэмээн заасан. Бид Түүнд итгэх, Түүнээс тусламж гуйх үедээ тэрхүү адислалд тэнцэхүйц болдог.”
Ахлагч Робэрт Э.Вэллс
Би дотнын анд, чөлөөндөө гарсан ерөнхий эрх мэдэлтэн, өдгөө 97 настай ахлагч Робэрт Э.Вэллсээс 60 гаруй жилийн өмнө тохиолдсон явдлыг нь хуваалцах зөвшөөрлийг авсан юм.
32 настай Робэрт Вэллс 1960 онд Парагвайд олон улсын банкираар ажиллаж амьдарч байсан ба өөрийн эхнэр Мэрилтэй Уругвайгаас Парагвай дахь гэр лүүгээ тус тусдаа онгоцоор нисжээ. Робэрт, Мэрил хоёр зузаан үүлстэй тулгарсны улмаас орчин тойрноо харах боломжгүй болж, хоорондох радио холбоо нь тасарсан байна. Робэрт хурдхан газардсан бөгөөд эхнэрийнх нь онгоц осолдсон байсныг олж мэдэв. Эхнэр нь ч, хамт нисэж байсан хоёр найз нь ч амьд гарсангүй. Долоо, тав, хоёр настай гурван хүүхэд нь Асунсьон дахь гэртээ байжээ.
Ахлагч Вэллс уй гашуугийнхаа талаар:
“Сэтгэл доторх шаналал, хоосрол, өвдөж бугласан мэдрэмжийг минь ямар ч үгээр яаж ч илэрхийлсэн үүрд хангалтгүй байх болно. Уй гашуугийн нулимс минь огтхон ч татраагүй. Байдлыг улам муутгах гэсэн мэт, оюун санаа минь эхнэрээ алдсан гэдэг аймшигт мэдрэмжийг зохицуулах гэж оролдох үед би онгоцны осолд буруутай мэт гүн харамслыг мэдэрч байсан” гэж ярьсан юм.
Робэрт онгоцонд нэг бүрчлэн үзлэг хийлгүүлээгүй, нисэх үед нь эхнэртээ төхөөрөмж хэрэгслийг хэрхэн ашиглах тухай зохих зааврыг өгөөгүй гэж өөрийгөө буруутгаж байв. Тэрээр хайнга хандсандаа өөртөө бурууг өгч байлаа.
Робэрт ийн хэлсэн юм.
“Оюун санаа минь цочирдсоноос харанхуйд байлаа.… Би зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө л оршиж байсан бөгөөд өөр ямар ч шалтгаан байхгүй байв. …
Би … амьдрах ямар ч хүсэлгүй болсон байсан.”
Эцэст нь, Робэртод гүн гүнзгий сүнслэг үйл явдал тохиож адислагджээ. Тэрээр энэ тухайгаа ийн бичсэн юм.
“Бараг нэг жилийн дараа нэг орой намайг өвдөг сөгдөн залбирч байх үед гайхамшиг тохиосон. Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбиран гуйж байхад Аврагч дэргэд минь ирсэн мэт санагдаж, ‘Робэрт оо, миний цагаатгагч золиос чиний гэм нүгэл, алдааны төлөөсийг төлсөн. Эхнэр чинь чамайг уучилсан. Найз нөхөд чинь уучилсан. Би чиний ачаа дарамтыг хөнгөлнө …’ гэх үгсийг бодгаль, чихэнд минь хэлэх дуу хоолойг сонссон юм.
Тэр мөчөөс эхлэн гэм буруутайн [болон цөхрөлийн] ачаа дарамт гайхамшигтай байдлаар надаас авагдсан. Би аврагдсан байлаа! Тэр даруй би Аврагчийн Цагаатгалын бүхнийг хамарсан хүчийг … мөн энэ нь надад шууд нөлөөлснийг ойлгосон. Би … урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй гэрэл, баяр баясгаланг мэдэрсэн. Надад миний өөрөө олж аваагүй бэлэг болох Их Эзэний ач ивээлийн бэлэг өгөгдсөн байв. … Би үүнийг хүртэх ёсгүй байсан буюу үүнийг хүртэхийн тулд юу ч хийгээгүй ч Тэр надад үүнийг өгсөн.”
Ах, эгч нар аа, бидний хүн нэг бүр “Бурханы ач ивээлээр та нар Христээр, … Христийн цусны урсалтаар ариусгагд[ан] … ариун, толбогүй” байх болтугай.
Би бидний Аврагч, Гэтэлгэгчийн ач ивээл, өршөөл, хайрыг гэрчилж байна. Тэр амьд. Бид Түүнийх. Бид бол гэрээний хүүхдүүд. Биднийг Түүнд итгэж, Түүнийг даган, Түүнд найдах үед Тэрээр биднийг уй гашуу, нүглээс маань өргөх болно. Тэгээд бид энэхүү мөнх бус амьдралын дараа бидний Эцэгийн өргөөнд Түүнтэй үүрд мөнхөд хамт амьдрах болно. Есүс Христийн нэрээр, амен.