Ерөнхий чуулган
Өөрт оногдсоноо бүхий л зүрх сэтгэлээрээ хий
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


15:22

Өөрт оногдсоноо бүхий л зүрх сэтгэлээрээ хий

Аврагчид итгэж, өөрт оноогдсоноо бүх зүрх сэтгэлээрээ тэвчээртэй, хичээнгүйлэн хий.

Өнгөрсөн жил Европт аялах үедээ би Франкфуртын онгоцны буудал дахь хуучин ажиллаж байсан Германы Луфтанса агаарын тээврийн компанид зочилсон юм.

Тэд нисгэгчдээ сургахдаа бараг бүх гэнэтийн болон ердийн нислэгийн нөхцөлийг бүрдүүлсэн нарийн жолоодлогот нислэгийн симулятортай. Агаарын тээврийн ахмадаар ажилласан олон жилийн турш би нисгэгчийн үнэмлэхээ хүчинтэй байлгахын тулд зургаан сар тутам симулятор нислэгийн шалгалт өгч тэнцэх ёстой байв. Би тэдгээр үлэмж их стресс, түгшүүртэй үеийг болон шалгалтдаа тэнцсэний дараах зорилгодоо хүрсэн мэдрэмжийг ч тод санаж байна. Тэр үед би залуу ч байж, өөрийгөө сорих ч дуртай байж.

Айлчлалын үеэр Луфтансагийн удирдлагуудын нэг нь надаас симулятор 747-оор дахин нэг нисэж үзэх үү гэж асуусан юм.

Асуултыг бүрэн бодож амжаагүй байтал миний амнаас “Тэгье ээ, дуртайяа” гэх үг өөрийн эрхгүй гарах нь тэр.

Энэ үгийг хэлмэгц толгойд минь үй түмэн бодол орж ирэв. Би 747 онгоцыг нисгээгүй маш их удсан байв. Тэр үед би залуу, өөртөө итгэлтэй ахмад байлаа. Одоо би хуучин ахлах нисэгчийн хувьд нэр төрөө авч үлдэх ёстой боллоо. Би эдгээр мэргэжилтний өмнө ичгэвтэр байдалд орох болов уу?

Гэвч бодлоо өөрчлөхөд хэт оройтсон тул би ахмадын суудалд сууж, дотно хяналтын самбар дээр гараа тавилаа. Том онгоц маань нисэх зурвасаар хүчээ аван хязгааргүй хөх тэнгэр лүү хөөрөх үед би дахин нэг удаа нисэхийн баяр хөөрийг мэдэрч билээ.

Нислэг амжилттай болж, хөлөг онгоц төдийгүй миний нэр хүнд ч бүрэн бүтэн үлдсэнийг дуулгахдаа би баяртай байна.

Гэсэн хэдий ч энэ туршлага намайг даруусгасан. Ажил амжилтын оргил үедээ би бараг нүдээ аньсан ч нисэж чадахаар болсон байв. Энгийн зүйлсийг хийх гэж би одоо бүх анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай болсон.

Шавь байх нь сахилга баттай байхыг шаарддаг

Нислэгийн симулятортай холбоотой туршлага маань нисэх, сэлүүрдэх, тариалах эсвэл сурч мэдэх гээд аливааг сайн хийж сурахад сахилга баттай байхыг, байнга дадлага хийхийг шаарддаг гэдгийг сануулсан чухал сануулга байв.

Та нар ур чадвар эзэмшиж, авьяасаа хөгжүүлэхэд олон жилийг зарцуулж магад. Та нар шаргуу хөдөлмөрлөж, түүнийг нүдээ аниад хийж чаддаг болж болох юм. Харин ингэлээ гээд дадлага хийж, суралцахаа больж болно гэж бодож байвал хөлсөө урсган байж олсон мэдлэг, чадвараа аажим аажмаар алдаж байгаагаа та нар мэдэх болно.

Энэ нь хэл сурах, хөгжим тоглох, онгоцыг нисгэх зэрэг ур чадварт ч мөн хамаатай. Энэ нь мөн Христийн шавь болоход ч хамааралтай.

Энгийнээр хэлэхэд шавь байх нь сахилга баттай байхыг шаарддаг.

Энэ бол ердийн нэг оролдлого биш, зүгээр сууж байгаад болдог ч юм биш.

Есүс Христэд итгэх итгэл нь бэлэг хэдий ч үүнийг хүлээн авах нь бидний бүх “чадавх, оюун ухаан болон хүч чадл[ыг]” шаарддаг ухамсарт сонголт юм. Итгэл нь өдөр бүр, цаг тутамд хийх дадлага билээ. Үүний тулд байнга суралцаж, тууштай итгэл үнэмшилтэй байх шаардлагатай. Аврагчид итгэх бидний итгэл, үнэнч байдал энэ мөнх бус амьдралд тулгардаг сөрөг талуудын эсрэг соригдох үед улам ихээр хүчирхэгждэг. Бид итгэлээ тэжээн тэтгэж, идэвхтэй хэрэгжүүлж, хэзээ ч бууж өгөхгүй байснаар авч үлддэг.

Нөгөөтээгүүр бид үйлдлээрээ итгэл болон үүний үнэмшүүлэх хүчийг ашиглахгүй бол өмнө нь нандигнадаг байсан зүйлдээ итгэлгүй болж, үнэн гэж мэддэг байсан зүйлдээ итгэхээ больдог.

Хэзээ ч бидний анхаарлыг татахааргүй уруу таталтууд тийм ч аймшигтай бус санагдаж, илүү сэтгэл татам харагдаж эхэлдэг.

Өчигдрийн гэрчлэлийн гал биднийг хэсэгхэн хугацаанд л дулаацуулна. Галын дөлийн хүчийг хэвээр авч үлдэхийн тулд байнга тэжээн тэтгэх хэрэгтэй.

Шинэ Гэрээнд Аврагч талант гэх мөнгө буюу ариун нандин итгэлийг зарц бүрдээ хүлээлгэн өгсөн эзний талаарх сургаалт зүйрлэлийг заадаг. Талантаа хичээнгүйлэн ашигласан зарц нар талантаа өсгөсөн байв. Талантаа булсан зарц эцэстээ талантаа алдсан.

Сургамж нь юу байсан бэ? Бурхан бидэнд боломж, ур чадвар, мэдлэгийн бэлгүүдийг өгдөг. Тэр биднийг бэлгүүдээ өөрсдийгөө болон Түүний бусад хүүхдийг адислахын тулд ашиглаж, өсгөн нэмэгдүүлээсэй хэмээн хүсдэг. Бэлгүүдээ үе үе харж биширдэг цом адил өндөр тавиур дээр тавих юм бол адислал ирэхгүй. Ашиглах үед л бэлгүүд маань томрон, өсөн нэмэгддэг.

Та нарт бэлэг бий

Та нар: “Гэхдээ ахлагч Угдорф оо, надад үнэ цэнтэй авьяас чадвар ч юм уу бэлэг байхгүй шүү дээ” гэж хэлж болох юм. Бусдын бэлэг харахад илт, бахдам сайхан байхад таных харьцуулахын аргагүй энгийн гэж бодож байж магад. Мөнх бус байдлын өмнөх оршихуй дахь тэр нэгэн өдөр агуу бэлэг, авьяас чадвараар дүүрэн зоогийн ширээний ард зарим хүний таваг нь дүүрэн, халин асгарсан байхад дэргэд нь та нарынх арай ч дээ гэмээр тарчиг, хоосон байсан байх гэж бодож байж болох юм.

Ай би та нарыг тэвэрч, “Та нар гэрлээр адислагдсан нэгэн бөгөөд хэмжээлшгүй Бурханы сүнслэг хүүхэд билээ!” гэх агуу үнэнийг ойлгоход тань туслахыг ямар их хүсэж байна гээч. Та нар мөн төсөөлж чадахааргүй их чадавхыг дотроо тээж явдаг юм шүү.

Яруу найрагчдын тэмдэглэснээр та нар “алдар суугийн үүлэнд дайгдан” дэлхийд ирдэг!

Та нарын хаанаас ирсэн түүх болон хувь тавилан бурханлаг юм. Та нар энд ирэхээр тэнгэрийг орхисон ч тэнгэр та нарыг орхиж байгаагүй!

Та нарт өчүүхэн төдий ч эгэл жирийн зүйл үгүй.

Та нарт бэлэг бий!

Сургаал ба Гэрээнүүдэд Бурхан:

“Учир нь олон бэлэг байдаг, мөн хүн болгонд Бурханы Сүнсээр бэлэг өгөгддөг болой.

Ингэснээр бүгд ашиг тусыг олж болохын тулд заримд нь нэг бэлэг өгөгдсөн байдаг, мөн заримд нь өөр бэлэг өгөгддөг болой” хэмээн тунхагласан.

Бидний зарим бэлгийг сударт дурдсан байдаг ч өөр олон бэлэг дурдагдаагүй.

Бошиглогч Моронайн хэлснээр “Бурханы бэлгүүдийг үгүйсгэхгүй байхыг би та нарт ухуулж байна, учир нь тэдгээр нь олон; мөн тэдгээр нь нэг Бурханаас ирдэг.” Тэдгээр нь “өөр өөр замуудаар” ирж болно. “Гэвч хэнд ч мөн юунд ч үйлдэгч нэг л Бурхан байдаг.”

Бидний сүнслэг бэлгүүд үргэлж нүдэнд тусаад байдаггүй нь үнэн ч гэлээ тэдгээр нь ач холбогдол багатай гэсэн үг биш юм. Дэлхий даяарх олон гишүүнээс анзаарсан зарим сүнслэг бэлгийг та бүхэнтэй хуваалцмаар байна. Та нар дараах бэлгүүдээр адислагдсан эсэхээ бодоорой.

  • Энэрэнгүй ханддаг.

  • Анхаарал үзүүлэлгүй орхигдсон хүмүүсийг анзаардаг.

  • Баяр хөөртэй байх шалтгааныг олж хардаг.

  • Амар тайвныг тогтоодог.

  • Жижиг гайхамшгуудыг анзаардаг.

  • Чин сэтгэлээсээ магтан сайшаадаг.

  • Уучилдаг.

  • Наманчилдаг.

  • Тэвчээртэй.

  • Юмсыг энгийнээр тайлбарлаж чаддаг.

  • Хүүхдүүдтэй холбогдох чадвартай.

  • Сүмийн удирдагчдыг дэмжин баталдаг.

  • Нэгэн хэсэг гэдгээ мэдэхэд нь бусдад тусалдаг.

Та нар эдгээр бэлгийг тойргийн авьяас шоу дээр харахгүй байх. Гэвч эдгээр бэлэг Их Эзэний ажилд ямар үнэ цэнтэйг мөн бэлгээрээ дамжуулан та нар Бурханы хүүхдүүдийн нэгнийх нь сэтгэлийг хөндөж, түүнийг адисалж, бүр аварсан байж болох юм гэдгээ ойлгоосой гэж би найдаж байна. “Өчүүхэн мөн энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчрагддаг” гэдгийг санагтун.

Иймээс хүн нэг бүр өөрт оногдсон өчүүхэн үүргээ биелүүлцгээе.

Өөрт оногдсон өчүүхэн үүргээ биелүүл

Хайрт ах эгч, эрхэм найз нар аа! Бурханы өгсөн бэлэг, авьяас чадвараа таньж мэдэхэд Сүнс та бүхэнд туслах болтугай хэмээн би залбирч байна. Ингэснээр Их Эзэний сургаалт зүйрлэлд өгүүлсэн итгэлт зарц нар шиг бүгдээрээ тэдгээрийг хөгжүүлж, нэмэгдүүлцгээе.

Хүлээн авсан ажлаа тайлагнахаар энэрэнгүй Тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө зогсох өдөр ирнэ. Тэрээр бидэнд өгсөн бэлгээр нь юу хийснийг, ялангуяа Түүний хүүхдүүдийг адислахад бэлгүүдээ хэрхэн ашигласныг маань мэдэхийг хүснэ. Бурхан биднийг яг хэн болохыг, хэн болохоор бүтээгдсэнийг мэддэг тул өндөр хүлээлттэй байх нь гарцаагүй.

Гэвч Тэр биднийг тэнд хүрэхийн тулд ямар нэгэн агуу, баатарлаг эсвэл ер бусын зүйл хийхийг шаарддаггүй. Түүний бүтээсэн дэлхийд өсөлт хөгжил нь аажмаар, хүлээцтэй, тууштай, зогсолтгүй явагддаг.

Есүс Христ үхэл ба нүглийг ялахдаа тэрхүү эгэл хүний хийж чадахгүй ажлыг аль хэдийн хийсэн гэдгийг санаарай.

Бидний үүрэг бол Христийг дагах юм. Нүглээс холдож, Аврагчид хандан Түүний замаар шат шатаар алхах нь бидний үүрэг билээ. Үүнийг бид хичээнгүйлэн, итгэлтэйгээр хийх аваас эцэст нь төгс бус байдал, алдаа дутагдлынхаа хүлээснээс салж, Христээр төгс төгөлдөр болох тэрхүү төгс өдөр хүртэл аажмаар цэвэршдэг.

Адислалууд нүдний маань өмнө, амлалтууд өгөгдсөн, үүд хаалга нь нээлттэй байна. Ороод эхлэх нь бидний сонголт юм.

Эхлэл нь өчүүхэн байж болно. Гэхдээ зүгээр ээ.

Итгэл сул дорой байх үед Христ Есүст найдах найдвар, Түүний цэвэршүүлж, ариусгах хүчнээс эхэл.

Итгэлтэй байж, шавь байхад тулгардаг сорилтод энгийн жуулчид шиг биш, харин Вавилоныг орхиж, зүрх сэтгэл, оюун ухаан, алхам бүрээ Сион руу чиглүүлсэн үнэнч итгэгчид шиг хандахыг Эцэг маань биднээс хүсдэг.

Хичээл зүтгэл маань дангаараа биднийг селестиел болгодоггүй гэдгийг бид мэднэ. Гэвч хичээл зүтгэл нь биднийг Есүс Христэд үнэнч, тууштай болгож, тэгээд Тэр биднийг селестиел болгох боломжтой.

Бидний хайрт Аврагчийн ачаар ялалтгүй нөхцөл үүснэ гэж байхгүй юм. Хэрэв бид Түүнд итгэл, найдвараа тавих аваас ялах нь гарцаагүй. Тэр бидэнд Өөрийн чадал, хүч, ач ивээлийг харамгүй өгөхөө амладаг. Бид Түүнтэй мөн хайртай хүмүүстэйгээ мөнхийн алдар сууд амьдрах тэрхүү агуу, төгс өдөр лүү алхам алхмаар, бага багаар ойртоно.

Түүнд хүрэхийн тулд бид өнөөдөр, өдөр бүр өөрт оногдсоноо хийх ёстой. Өчигдөр хийсэн алхамдаа талархаж болох ч бид тэндээ үлдэж болохгүй. Туулах урт зам зурайж байгааг бид мэдэж байгаа ч, үүнд зориг мохох хэрэггүй.

Энэ бол Христийн дагалдагч бидний мөн чанар билээ.

Би Сүмийн гишүүн бүрийг болон Сүмийн нэг хэсэг байхыг хүсэж буй бүх хүнийг Аврагчид итгэж найдан, өөрт оноогдсоноо бүх зүрх сэтгэлээрээ тэвчээртэй, хичээнгүйлэн хийж, баяр баясгалан тань дүүрэн байж, хэзээ нэгэн өдөр Эцэгт байгаа бүхнийг хүлээн аваарай хэмээн уриалан адисалж байна. Энэ гэрчлэлээ би Есүс Христийн нэрээр хуваалцаж байна, амен.

Эх сурвалж

  1. Агаарын тээврийн ахмад ур чадвараа хурцалж, үнэмлэхээ шинэчлэхийн тулд зургаан сар тутам симулятораар шалгалт өгөх шаардлагатай байдаг. Энэхүү хатуу чанга сургалт нь ХНЗ зэрэг нисэхийн эрх бүхий байгууллагаас тогтоосон зохицуулалтын шаардлага юм.

  2. 1 Коринт 12:9-ийг үзнэ үү.

  3. Моронай 10:32

  4. “Бидний биеийн булчинг таталцлын хуулийг сөрөн ачаалуулснаар хөгжүүлж, хэвээр хадгалан авч үлддэгтэй адил мөнх бус амьдрал дахь өсөлт хөгжил нь Сатаны уруу таталт, мөнх бус амьдралын бусад сөрөг талыг сөрж зогсохыг хүнээс шаарддаг” (Даллин Х.Өүкс, “Мөнх бус амьдралд зориулсан бурханлаг тусламж,” Лиахона, 2025 оны 5-р сар, 104).

  5. Алма 32:37–43-ыг үзнэ үү.

  6. Матай 25:14–30-ийг үзнэ үү. Сэргээлтийн эхэн үед Их Эзэн өгсөн авьяас чадвараа булж нуудаг хүмүүсийг зэмлэхдээ энэхүү сургаалт зүйрлэлийг эш татсан. Хэрэв тэд авьяас чадвараа үргэлжлүүлэн булшлах аваас “бүр тэдэнд байгаа нь хүртэл авагдах болно” (Сургаал ба Гэрээнүүд 60:2–3-ыг үзнэ үү) гэдгийг Тэрээр анхааруулсан.

  7. Заримдаа бид тууштай хичээл зүтгэлд биш бэлэг, авьяас чадварт хэт ач холбогдол өгдөг. Бидний цаг үеийн хамгийн амжилттай зохиолчдын нэг ийн бичсэн: “Мэдээж авьяас чадвар байх ёстой ч авьяас бол асар хямд, хоолны давснаас ч хямд зүйл юм. Авьяаслаг хүнийг амжилттай хүнээс ялгах нэг зүйл бол байнга хурцалж байдаг үйл явц болох шаргуу хөдөлмөр, суралцах явдал юм” (Stephen King, Danse Macabre [2011], 88).

  8. “Ode: Intimations of Immortality from Recollections of Early Childhood,” The Poetical Works of William Wordsworth (1835), 249.

  9. Сургаал ба Гэрээнүүд 46:11–12

  10. Моронай 10:8

  11. Олон жилийн өмнө Арван хоёрын төлөөлөгчийн чуулгын ахлагч Марвин Ж.Аштон нүдэнд үл үзэгдэх зарим бэлгийн талаар гайхалтай үг хэлсэн. “There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20–23-ыг үзнэ үү.

  12. Алма 37:6

  13. Колоссай 3:23; Сургаал ба Гэрээнүүд 64:34-ийг үзнэ үү.

  14. Сургаал ба Гэрээнүүд 50:24-ийг үзнэ үү.

  15. Судруудын удирдамж, “Сонгох эрх”-ийг үзнэ үү.

  16. Сургаал ба Гэрээнүүд 84:38-ыг үзнэ үү.