Ерөнхий чуулган
Христ дотор соригдож, хүчирхэгжсэн нь
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:11

Христ дотор соригдож, хүчирхэгжсэн нь

Сорилтын үе бол Их Эзэн та нарыг орхиж явсан гэх нотолгоо биш. Харин Тэрээр та нарыг цэвэршүүлж, хүчирхэгжүүлэхээр хангалттай их хайрладаг гэсэн нотолгоо юм.

Эрхэм хүндэт ах, эгч нар аа, бидний хамтдаа цугларсан энэхүү мөчид би Их Эзэний хайрыг мэдэрч, та нартаа хандан үг хэлэх болсондоо даруусаж байна. Миний хэлэх үгсээс илүү Их Эзэний та нарт сонсгохыг хүссэн үгсийг Сүнс зүрх сэтгэлд тань хүргэх болтугай хэмээн би залбирч байна.

Олон жилийн өмнө би коллежид сурч байхдаа математик, физикийн чиглэлээр суралцахаар болсон юм. Шантармаар санагдаж, өөртөө ахадсан зүйлийг сурах гэж хичээж байгаагаа би мэдэрч эхэлсэн. Дааж давшгүй мэт санагдах тусам үргэлжлүүлэн хичээх хүч тэнхээ тасарч байгааг би мэдэрч байлаа. Урам хугарах мэдрэмж хүчин чармайлтыг маань үр дүнгүй мэт санагдуулж байв. Би болиод, арай хялбар зүйл хийх тухай бодож эхэлснээ хараад, өөрийгөө сул дорой гэж бодож байлаа.

Тэгээд би залбирч, улмаар Их Эзэний чимээгүйхэн өгөх баталгааг мэдэрсэн. Түүнийг оюунд минь: “Би чамайг сорьж байна гэхдээ би чамтай хамт байна” хэмээн хэлэхийг би мэдэрсэн.

Тухайн үедээ би энэ үгсийг бүрэн утгаар нь ойлгоогүй. Гэвч би юу хийхээ мэдэж, хичээж эхэлсэн.

Дараагийн хэдэн жилийн туршид би тунгаан бодож, хичээх тусам судар дахь урам зориг өгсөн энэхүү захиасыг ойлгодог болсон: “Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна.”

Физикийг ойлгох гэж зүдэрсэн маань үнэндээ Их Эзэнээс ирсэн нэгэн бэлэг байсныг би олж мэдсэн. Хэрвээ би Түүнийг надад туслахад бэлэн байдаг гэдэгт итгэвэл боломжгүй мэт санагдсан зүйлсээ ч Түүний тусламжтай хийж чадна гэдгийг Тэр надад зааж байсан юм. Энэхүү бэлгээр дамжуулан Их Эзэн намайг сорьж, хүчирхэгжүүлэхээр ажиллаж байсан.

Сорих гэдэг үг хэд хэдэн утгатай. Ямарваа нэг зүйлийг сорих гэдэг нь зүгээр л нэг шалгах гэсэн үг биш юм. Энэ нь тухайн зүйлийн бат бөх чанарыг нэмэгдүүлэх гэсэн үг. Ганг сорихын тулд ширээлгэдэг. Улайсгах, цохих, давтах зэргээр гангийн жинхэнэ мөн чанар сайжирч, илрэн гартал дахин дахин үйлддэг. Ийнхүү сорьсноор ган хэврэгшдэггүй. Харин ч тэсвэртэй, илүү их ачаа даахуйц хангалттай бат бөх болдог.

Их Эзэн биднийг хүчирхэгжүүлэхийн тулд үүнтэй адил төстэй арга замаар сорьдог. Уг сорилт нь амар, тайван цаг үед ирдэггүй. Энэ нь бидэнд тэсэж чадна гэж бодсоноосоо илүү их соригдох үед ирдэг. Их Эзэн бидэнд үргэлжлүүлэн өсөж хөгжиж, хичээл зүтгэлээ алдалгүй, хэзээ ч бууж өгөхгүй, хичээсээр бай гэж заадаг.

Бид Есүс Христэд итгэх итгэлдээ үнэнч байх үед, бүр аливаа зүйлс боломжгүй мэт санагдсан үед ч үнэнч байвал сүнслэг байдлын хувьд хүчирхэгждэг. Ариун нандин судрын түүхүүдэд энэхүү үнэнийг онцолдог.

Тухайлбал: Бошиглогч Моронай ийм арга замаар соригдож, хүчирхэгжсэн. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд ганцаараа байсан. Найз нөхөд ч байхгүй, эцэг нь хөнөөгдөж, хүмүүс нь устгагдсан хэмээн тэр бичсэн байдаг. Хүмүүс түүний амийг хөнөөхөөр мөрдөн мөшгөж байсан ч Моронай цөхрөөгүй.

Харин ч тэрээр амьдралдаа уулзахгүй хүмүүсийн төлөө, тэр байтугай түүнийг алахыг хүсэж байсан хүмүүсийн үр удмын төлөө Есүс Христийн тухай гэрчлэлээ ялтаснууд дээр сийлсэн юм. Тэрээр бидэнд зориулж бичсэн. Зарим нь түүний үгсийг дооглож тохуурхана гэдгийг, зарим нь үгүйсгэх болно гэдгийг тэр мэдэж байсан. Гэвч тэр үргэлжлүүлэн бичсээр байсан.

Соригдох үедээ Моронайн итгэл цэвэршиж, хүчирхэгжиж, илүү цэвэр ариун болсон. Эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчсэн хүний хүч түүний үгсэд оршиж байдаг. Бид түүний гэрчлэлийг унших үедээ уг хүчийг мэдэрч чадна.

“Эдүгээ Моронай би өөртөө зөв санагдах заримыг бичье; мөн би өөрийн ах дүүс леменчүүдэд бичнэ; мөн Христийн ирэлтийн тэмдэг өгөгдсөнөөс хойш дөрвөн зуун хорь гаруй жил улирч одсоныг тэд мэдээсэй хэмээн би хүснэ.

Мөн та нарт ухуулах үүднээс хэдэн үг хэлснийхээ дараа, би эдгээр цэдгийг лацдах болно.

Болгоогтун, та нар эдгээр зүйлийг уншихдаа, хэрэв та нар тэдгээрийг унших нь Бурханы мэргэн ухаанд нийцэх аваас, Адам бүтээгдсэнээс бүр та нар эдгээр зүйлийг хүлээн авах тэр цагийг хүртэл Их Эзэн хүмүүсийн үрсэд хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг би та нарт ухуулъя.

Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйл үнэн эсэхийг асуухыг би та нарт ухуулъя; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, чин эрмэлзэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.

Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.”

Моронайн гэрчлэл ганцаардал дунд цэвэршүүлэгдсэн ч энэ нь бүх үеийнхнийг Тэнгэр дэх Эцэг, Аврагч Есүс Христ хоёрыг эрэлхийлэхэд чиглүүлэн гэрэлтдэг.

Мормоны Номын өөр нэгэн бошиглогч Иаковын хүүхэд байхдаа туулсан зовлон зүдгүүр, шаналал нь түүнийг сорьж, хүчирхэгжүүлсэн. Харин түүний эцэг Лихай сорилт бэрхшээлээр нь дамжуулан Бурхан түүнийг адислах болно хэмээн заажээ.

“Мөн болгоогтун, чи хүүхэд ахуй үедээ ах нарынхаа балмадын учир их зүдгүүр мөн шаналлыг туулсан билээ.

Гэсэн хэдий ч, Иаков, аглаг буйдад төрсөн ууган хүү минь, чи Бурханы агуу ихийг мэддэг бөлгөө; мөн тэрээр зүдгүүрүүдийг чинь чиний ашиг тусын тул ариулан адислах болно.

Иймийн тул, бодгаль чинь адислагдсан болой, мөн чи ах Нифайнхаа хамт аюулгүй орших болно; мөн чиний өдрүүд өөрийн Бурханд үйлчлэхэд зориулагдсан байх болно. Иймийн тул, Гэтэлгэгчийнхээ зөв шударгын улмаас чи гэтэлгэгдсэнийг би мэднэ; учир нь хүн төрөлхтөнд авралыг авчрахаар тэрээр цаг хугацааны бүрэн байдалд ирэхийг нь чи ойлгосон билээ.”

Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд байхдаа соригдож, хүчирхэгжиж байгаагаа мэдэрч байсан. Зовлондоо цөхөрсөн бошиглогч Иосеф:

“Ай Бурхан минь, Та хаана байна вэ? …

“Таны мутар хэчнээн удаан хүлцэн тэвчих юм бэ?” хэмээн дуу алдаж байв.

Их Эзэн Иосефын зовлон шаналлаа сайн тэвчиж байгаа байдлаас цэвэршүүлэх үр нөлөөг олж хараад ийн хариулжээ.

“Хүү минь, бодгальд чинь амар амгалан байг; саад бэрхшээл болон зовлон зүдгүүрүүд чинь хэсэгхэн зуур байх болно;

Мөн тэгээд, хэрэв чи үүнийг сайн тэвчвэл, Бурхан чамайг дээдэд өргөмжлөх болно; чи бүх дайснаа ялах болно.”

Соригдож, хүчирхэгжсэн хамгийн агуу жишээ Аврагчийн Цагаатгалаар дамжин тохиолдсон юм. Тэр дэлхийн нүглүүдийг Өөр дээрээ авсан. Тэр бидний өвчин шаналал, харуусал гунигийг үүрсэн. Тэр гашуун аяганаас уусан. Тэр хором бүрд итгэлээ нотлон харуулсан.

Есүс Христ алдар суут Цагаатгалынхаа ачаар, зүдэрч явахад маань биднийг хүчирхэгжүүлж чадна. Тэрээр мөнх бус амьдралд бидний мэдэрч болох бүх сорилт бэрхшээлийг мэдэрсэн тул биднийг хэрхэн халамжлахаа мэддэг. “Мөн тэр өөрийн хүмүүсийн өвчин мөн эмгэгүүдийг өөр дээрээ авах болно … тэрээр маханбодын дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд” буюу.

Аврагч Гетсеманид

Аврагч Гетсеманийн цэцэрлэгт байхдаа Эцэгээс зовлон зүдгүүрийг Өөрөөс нь өнгөрүүлэхийг гуйсан хэдий ч Эцэгийн хүслээр ийн үйлдэх ёстой бол үүнийг хийх болно гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, Аврагч эргэлзээтэй, тодорхойгүй байдалд байсан ч гэсэн Тэнгэрлэг Эцэгтээ итгэж байв.

Ах, эгч нар аа, та нарыг сорьж, хүчирхэгжүүлж байгаа нь Моронай, Иаков, бошиглогч Иосефынх шиг биш байж болно. Гэхдээ л тийм үе ирэх болно. Энэ нь гэр бүлийн амьдралын сорилт бэрхшээлээр дамжуулан чимээгүйхэн ирж ч магадгүй. Энэ нь өвдөж, урам хугарч, гашуудаж, ганцаардах хэлбэрээр ч ирж мэднэ.

Тийм үед энэ нь Их Эзэн та нарыг орхиж явсан гэх нотолгоо биш гэдгийг би гэрчилж байна. Харин Тэрээр та нарыг цэвэршүүлж, хүчирхэгжүүлэхээр хангалттай их хайрладаг гэсэн нотолгоо юм. Энэ нь Тэр та нарыг мөнх амьдралын ачааг даах хангалттай хүчтэй болгож байгаа хэрэг.

Хэрэв бид үйлчлэлдээ үнэнч үлдвэл Их Эзэн биднийг цэвэршүүлнэ. Тэр биднийг хүчирхэгжүүлэх болно. Мөн нэг л өдөр бид эргэн харж, тэдгээр сорилт бэрхшээл бүр Түүний хайрын нотолгоо гэдгийг ойлгоно. Тэр биднийг алдар сууд Түүнтэй хамт зогсдог болгон төлөвшүүлж байсныг бид ойлгох болно. Их Эзэний төлөөлөгч Паул амьдралынхаа эцсийн мөчид “Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан” хэмээн дурдсан байдаг.

Бурхан та нарыг мэддэг гэдгийг би гэрчилж байна. Тэр та нарын амсаж буй зовлон зүдгүүрийг мэднэ. Тэр та нартай хамт байна. Тэр та нарыг орхихгүй. Би Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг гэрчилж байна. Тэр бол бидний хүч чадал, бидний Гэтэлгэгч, бидний найдвар. Хэрэв бид Түүнд найдвал Тэрээр бидний тэвчихээр дуудагдсан зовлон зүдгүүр бүрд сүнслэг хүчийг маань тэнцүүлэн өгөх болно. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.