Ерөнхий чуулган
Тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулахын хүч
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:28

Тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулахын хүч

Бид тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулахдаа тэр хүнийг Есүс Христ рүү ирж, Их Эзэний өргөөнд шүтэн бишир хэмээн урьдаг.

Эгч, ах нар аа, энэ хэцүү цаг үед Есүс Христэд ирж, итгэлдээ үнэнч байсан та бүхэнд талархаж байна. Та бол гайхамшигтай нэгэн. Та үзэсгэлэнтэй. Та нарын хүн нэг бүр Бурханы хүүхэд. Бид Есүс Христийн үнэхээр үнэнч шавь болж мөн бусдад тийн шавь болоход нь туслахдаа Ариун Сүнсний нөлөөг танин мэдэх болтугай мөн Их Эзэний өргөөнд шүтэн биширч байхдаа Түүний баяр баясгаланг мэдрэх болтугай хэмээн би залбирч байна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тунхагласан: “Одоо миний ч мөн та нарын ч хувьд өөрсдийн Их Эзэн, Аврагч Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэх цаг ирээд байна. Яг одоо шавь байхаа нэн тэргүүнд тавих цаг маань болж байна. Анхаарлыг маань сарниулах толгой эргэм олон зүйлээр дүүрэн ертөнцөд бид хэрхэн ийн үйлдэж чадах вэ?

Ерөнхийлөгч Нэлсон: “Ариун сүмд байнга шүтэн бишрэх нь бидэнд тусална. Их Эзэний өргөөнд бид Есүс Христэд төвлөрдөг. … Түүнийг таньж мэддэг. … Есүс Христийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх хүн бүр Түүнийг ариун сүмд олох болно хэмээн хариулсан.

За, тэгэхээр бид хэрхэн Есүс Христийн үнэнч шавь болж, бусдад тийн шавь болоход нь туслах вэ? Бид тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулдаг. Аврагчийн арга барилаар тохинуулахад нинжин сэтгэл, эелдэг зан, тэвчээр, ямар нэгэн шүүлтгүйгээр хайрлах хайр багтдаг. Бид тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулахдаа тэр хүнийг Христ рүү ирж, Их Эзэний гэтэлгэгч хүчийг хүлээн авахын тулд Түүний өргөөнд шүтэн бишрэхэд урьдаг. Өөрөөр хэлбэл, бид Их Эзэний өргөө рүү хөтлөх арга замаар тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулахдаа үнэнч шавь болоход нь нэг нэгэндээ тусалдаг.

Бид тусламж хэрэгтэй нэгэнд, шүүхгүйгээр, хайраар тохинуулахын хүчний талаар Есүс Христээс суралцдаг. Та нар худгийн дэргэд байсан Самарийн нэгэн эмэгтэйг санаж байгаа. Тэр эмэгтэй өөрийгөө чухал биш, ганцаардсан, урам нь хугарсан, хэнд ч анзаарагддаггүй, холбоо хамааралгүй нэгэн гэж бодож байсан байж магадгүй. Тэрээр амьдралынхаа туршид таван нөхөртэй байсан ба хамт амьдарч байсан эр нь нөхөр нь биш байв. Бусад хүн түүний амьдралын нөхцөл байдлыг мэдээгүй хэр нь шударга бусаар шүүж байсан байх. Энэ нь магадгүй түүний, өдрийн хамгийн халуун үед худаг руу ганцаараа ирсний шалтгаан ч байж болно. Гэтэл Есүс Христ Өөрийгөө тэр эмэгтэйд Мессиа хэмээн тунхагласан нь анхны тохиолдлуудын нэг байсан юм. Түүний хувьд тэр эмэгтэй Бурханы охин байсан.

Есүс Христ тэр эмэгтэйд аливаа хүн амийн уснаас хүртсэнээр, Түүгээр дамжуулан мөнх амьдралыг хүлээн авах боломжтой гэдгийг заажээ. Тэрээр: “Миний өгөх уснаас уух хэн ч … хэзээ ч цангахгүй. … Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно” хэмээн тунхагласан.

Самарийн эмэгтэй Аврагчийн хайрыг мэдэрсэн ба Сүнсээр дамжуулан Түүнийг Мессиа хэмээх гэрчийг хүлээн авчээ. Тэр эмэгтэй үүний дараа хот руу буцаж очоод, бусдыг ирж үз хэмээн урьсан бөгөөд олон хүн Есүс бол “үнэхээр Христ, ертөнцийн Аврагч мөн” гэж итгэжээ. Христ тусламж хэрэгтэй нэгэнд хайраар тохинуулсан бөгөөд үр дүнд нь олон хүн Түүний үнэнч шавь болсон.

Бид тусламж хэрэгтэй нэгэнд энэрэх сэтгэлээр тохинуулахын хүчний талаар Христийн төлөөлөгч Петр, Иохан нараас суралцдаг. Өдөр бүр сүмийн үүдэнд сууж, мөнгө гуйдаг төрөлхийн суунги нэгэн эрийг та нар санаж байгаа. Тэр эр өөрийгөө чухал биш, ганцаардсан, урам нь хугарсан, хэнд ч анзаарагддаггүй, холбоо хамааралгүй нэгэн гэж бодож байсан байж магадгүй.

“Харин Петр түүнд —Надад алт, мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л би чамд өгье гээд —Назарын Есүс Христийн нэрээр [босоод] явагтун гэж хэл[жээ].”

Петр тэр эрийн баруун гараас нь барьж өндийлгөсөнд тэр бүтэн болсон байв. Гайхамшиг тохиосны дараа тэр эр даруй Петр, Иохан хоёрын хамт сүмд орж, “алхаж … цовхчин, Бурханыг магтав.” Петр, Иохан хоёр тусламж хэрэгтэй нэгэнд Их Эзэний өргөө рүү хөтлөх арга замаар тохинуулсан бөгөөд тэр хүн Христийн үнэнч шавь болжээ.

Анд найз нар аа, миний амьдралд ч бас өөрийгөө чухал биш, ганцаардсан, урам хугарсан, хэнд ч анзаарагддаггүй, холбоо хамааралгүй нэгэн гэж бодож байсан үе бий. Би 19 настайдаа баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлуулсан. Түүнээс хойш нэг жилийн дараа би бүрэн цагийн номлогчоор үйлчлэх дуудлага хүлээн авсан ч надад Сүмийн түүхийн талаар сурч мэдээгүй зүйл их байв.

Номлолын үйлчлэлийнхээ эхэн үед би, Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхээс ирдэг бүх адислалыг хар арьстай африк хүмүүс хүртэхийг зөвшөөрдөггүй цаг үе байсныг олж мэдсэн юм. Энэ талаар анх удаа сонсоход уур бухимдал, төөрөгдөл, эргэлзээ, айдас төрөв. Энэ мэдрэмж маш хүчтэй байсан бөгөөд би хэсэг хугацаанд Ариун Сүнсийг таних чадвараа алдсан юм.

Аз болоход, би Кэвин Вик хэмээх гайхалтай сайн хамтрагчтай байсан бөгөөд тэр надад хайр, тэвчээр, сайхан сэтгэлээр тохинуулж байв. Орой бүр тэр намайг эргэлзээ, тодорхой бус байдлыг мэдэрч байгааг харахдаа залуу ахлагч Жонсонд зүгээр л “би чамд хайртай” гэж хэлдэг байв. Бараг хоёр долоо хоногийн дараа би өөртөө Кэвиний хайрыг мэдрэхийг зөвшөөрсөн юм. Тэнгэрлэг Эцэгт хандан Есүс Христийн нэрээр залбирах зориг ч оров. Би залбирч байхдаа Сургаал ба Гэрээнүүд 6-р хэсгийн 21–23-р шүлэгт:

“Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү бөлгөө. … Би бол харанхуйд цацрагч гэрэл. …

… Чи эдгээр зүйлийн үнэний талаар мэдэхийн тулд надад хандан зүрх сэтгэлдээ залбирсан тэр шөнийг оюундаа бодогтун.

Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй гэж үү? Бурханаас ирэхээс илүү агуу ямар нотолгоо чамд байж болох билээ?” гэсэн нь анхаарлыг минь татав.

Би үүнийг уншаад, нэг зүйлийг санасан. Би Мормоны Ном бол Бурханы үг мөн Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч гэдгийг мэдэхийн төлөө мацаг барьж, залбирч байсан өдрөө санасан. Намайг Есүс Христтэй хувийн маш ойр холбоотой болгодог Их Эзэний өргөөнд байгуулсан гэрээнүүдээ санасан. Би Аврагчийн хайр, нигүүлслийг мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол энэ дэлхий дээрх Түүний хаант улс бөгөөд Түүний Хоёр дахь ирэлтэд биднийг бэлтгэхэд шаардлагатай гэдэг баталгааг мэдэрч байв. Би тэр тухай санасан учраас ахин Ариун Сүнсийг танин мэдэж, Есүс бол Христ, би бол Түүний шавь гэдгийг илүү бүрэн ойлгох чадвартай болсон юм.

Бидэнд хариулагдаагүй асуулттай байх, чухал нэгэн биш, ганцаардсан, урам хугарсан, хэнд ч анзаарагддаггүй гэж мэдрэх үе гардаг. Гэсэн хэдий ч найз нар аа, бид Есүс Христэд итгэх итгэлээр урагшлан, Түүний

“Зүрхээ бүү шаналга.”

Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” гэх үгсийг санаж байх ёстой.

Би энэхүү бодит байдлын болон Аврагчийн амласан адислалын гэрч юм.

Иймээс, тусламж хэрэгтэй нэгэнд Аврагчийн арга замаар тохинуулах үйлчлэлээ хамгийн үр дүнтэй болгохын тулд бид юу хийж болох вэ? Христийн сургаалын дагуу амьдрах нь бидэнд туслах болно. Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэнчлэн “Христийн сургаалаар амьдрах нь бидний амьдралд сүнслэг инерцийг бүтээгч хамгийн хүчирхэг, зохистой дадлыг бий болгодог.

Биднийг Есүс Христийн дээд хуулиудын дагуу амьдрахыг хичээх үед … Аврагч биднийг илүү их энэрэл, даруу байдал, өгөөмөр зан, нинжин сэтгэл, сахилга бат, амар амгалан болон амралтаар адислах замаар биднийг энэ унасан ертөнцийн таталтаас дээш өргөдөг.”

Ахлагч Рэнландын тайлбарласнаар “Христийн сургаалын дагуу амьдарснаар бий болсон [энэхүү сүнслэг] инерц бидний бурханлаг мөн чанарыг мөнхийн хувь тавилан болгон хувиргах хүчтэйгээс гадна биднийг бусдад зөв арга замаар [тохинуулахад] туслахад өдөөдөг”. Ахлагч Рэнланд “Аврагчийн үүрэг бол эдгээх [биднийг бүрэн бүтэн болгох] явдал юм. Бидний үүрэг бол хайрлах, тэр дундаа бусдыг Христэд ойртох арга замаар хайрлаж, тэдэнд тохинуулах явдал юм” гэж бидэнд сануулсан.

Христийн сургаалын дагуу амьдрах чадвар маань Мормоны Номыг өдөр болгон судалж, ариун ёслолоос долоо хоног бүр хүртсэнээр сайжирдаг. Ерөнхийлөгч Нэлсон Мормоны Ном “Христийн сургаалыг зааж, … Есүс Христийн Цагаатгалын тухай өөр хаа ч олдохгүй хамгийн бүрэн дүүрэн бөгөөд тодорхой ойлголтыг өгдөг” хэмээн тунхагласан. Би энэ номд хайртай. Долоо хоног болгон ариун ёслолын ёслолоос залбирч хүртэх нь Есүс Христийн Цагаатгалыг ойлгох ойлголтыг гүнзгийрүүлж, бидний амьдралд сүнслэг байдлын шинэчлэл, тайтгарал, бурханлаг байдлын хүчийг өгдөг. “Бурханлаг чанарын хүч, [санваарын] ёслолуудад илэрхийлэгддэг” бөгөөд Есүс Христээс ирдэг Түүний энэхүү хүч нь тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулах бидний хүсэл, чадварыг хүчирхэгжүүлдэг гэдгийг санаарай.

Мормоны Номыг судалж, ариун ёслолоос хүртэж байсан минь урам хугарсан мэдрэмжийг багасгаж, Аврагчийн арга барилаар тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулахын тулд илүү эрс шийдэмгий болгон, шавь байх зорилгоо хамгийн чухалд тавихад минь тусалдаг.

Анд нөхөд минь ээ, бид Христийн сургаалын дагуу амьдарч, Их Эзэний өргөө рүү хөтлөх арга замаар тусламж хэрэгтэй нэгэнд тохинуулснаар Есүс Христэд итгэх итгэлээр урагш тэмүүлэх болно гэдгийг амлая. Энэ нь бүр хариултгүй асуулттай байх үед, өөрийгөө чухал биш, ганцаардсан, урам хугарсан, хэнд ч анзаарагддаггүй нэгэн гэж бодох үед ч гэсэн боломжтой. Бид тусламж хэрэгтэй нэгнийг Есүс Христэд ирж, Түүний гэтэлгэгч хүч, хайрыг хүлээн авахын тулд Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхэд урих болно. Их Эзэний өргөөнд бид “[Аврагчийн] хайрыг мэдэрч, сэтгэлийг [маань] хамгийн их шаналгаж байгаа асуултууддаа хариулт авч, [түүнчлэн] Түүний сайн мэдээний баяр баясгаланг илүү сайн ойлгох болно.” Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэн Есүс Христ дахин ирэх болно,” Лиахона, 2024 оны 11-р сар, 121-122.

  2. Иохан 4:5–42-ыг үзнэ үү.

  3. Түүхээс харвал, ихэнх хүн Иаковын худаг дээр өглөө эрт ирдэг байжээ. Энэ нь цугларах, нэг нэгэнтэйгээ нөхөрлөх газар байв. Самарийн нэгэн эмэгтэй Иаковын худаг дээр үд дунд буюу өдрийн хамгийн халуун 6-р цагт иржээ. Энэ цагт ирсэн нь тэр эмэгтэйн өөрийнх нь талаар бусад хүн юу гэж боддогийг мэдэрснийг мөн өөрийгөө юу гэж боддогийг нь илтгэж байж болох юм.

  4. Иохан 4:13–14

  5. Иохан 4:42

  6. Үйлс 3:1–11-ийг үзнэ үү.

  7. Үйлс 3:6

  8. Үйлс 3:7-г үзнэ үү.

  9. Үйлс 3:8

  10. Би 1986 оны 8-р сард баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлуулсан. 1987 оны 8-р сараас 1989 оны 8-р сар хүртэл би Алабама Бөрминхам номлолд номлогчоор үйлчилсэн.

  11. See Church and Gospel Questions, “Race and The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Library.

  12. This experience is explained in greater detail in Peter M. Johnson, “Applying the Doctrine of Jesus Christ into Our Lives” (Brigham Young University–Idaho devotional, Mar. 14, 2023), byui.edu.

  13. Сургаал ба Гэрээнүүд 6:21–23

  14. Иохан 14:27

  15. Иохан 16:33

  16. Христийн сургаал нь Их Эзэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх, наманчлах, ёслолуудыг хүлээн авах, гэрээнүүдийг эрхэмлэн дээдлэх, Ариун Сүнсээр ариусах, эцсээ хүртэл тэвчих гэсэн өөр хоорондоо холбоотой таван элементийг илэрхийлдэг. Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл бол үйлдлийн болон тэнгэрлэг хүчний зарчим юм. Наманчлал бол зүрх сэтгэл, бодгалиа Христ рүү хандуулж, Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлэх явдал юм. Наманчлал нь шийтгэл биш. Энэ бол Есүсээс сүнслэг байдлаар төрөх, Түүний дүр төрхийг өөрсдөдөө хүлээн авах үйл явц юм. Ёслолуудыг хүлээн аван Бурхан, Христ хоёртой байгуулсан гэрээнүүдээ эрхэмлэн дээдлэх нь Тэдний хүч ба хайранд нэвтрэх илүү агуу боломжийг өгдөг бөгөөд Ариун Сүнсээр ариусгагдах боломж олгодог. Христийн сургаалын элемент бүрээр “ахин дахин, давтамжтайгаар” амьдрах буюу эцсээ хүртэл тэвчих нь Христийн сургаалын сүүлийн элемент бөгөөд ингэснээр бид өөрсдөдөө болон нэг нэгэндээ Есүс Христийн үнэнч шавь болоход, мөн Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхдээ Түүний баяр баясгаланг мэдрэхэд туслах боломжтой болдог. (Дэйл Г.Рэнланд, “Христийн сургаалын хамгийн хүчирхэг, зохистой дадал,” Лиахона, 2024 оны 5-р сар, 81; мөн Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 97).

  17. Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” 97.

  18. Дэйл Г.Рэнланд, “Христийн сургаалын хамгийн хүчирхэг, зохистой дадал,” 82, 83; тодотгол нэмсэн.

  19. Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56

  20. Сургаал ба Гэрээнүүд 84:20

  21. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэн Есүс Христ эргэн ирнэ,” Лиахона, 2024 оны 11-р сар, 122