Ерөнхий чуулган
Их Эзэний хонийг санагтун
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


12:14

Их Эзэний хонийг санагтун

Тоолж, бүртгэх зарчим үнэхээр үр дүнтэй. Энэ бол Их Эзэний арга зам юм.

Христ бол Сайн Хоньчин. Сүргийнх нь хонь нэг бүр Түүний хувьд үнэ цэнтэй. Тэрээр хонь хариулах арга ухаан, сайн хоньчны зан чанарыг бидэнд үг, үйлдлээрээ харуулсан төдийгүй хонь бүрийг нэрээр нь мэдэх, тэднийг хайрлах, төөрснийг нь олох, тэжээх мөн хамгийн чухал нь тэднийг гэрт нь хөтлөн авчрахыг заасан. Тэр биднийг Өөрийнх нь туслах хоньчдын хувиар мөн адил үйлдэхийг хүсдэг.

Бид Их Эзэний арга замаар тохинуулах талаар эртний бошиглогч, гайхалтай хоньчин Моронайгаас маш их зүйлийг сурч болно. Тэрээр маш хүнд цаг үед амьдарч байсан төдийгүй түүнд гар утас, компьютер, интернэт ашиглах боломж байгаагүй. Гэвч тэр хонь нэг бүр нь хаана байгааг мэддэг байсан. Хэрхэн ийн хийж чадсан бэ? Бид Моронай 6 дээрээс түүний арга замыг цухасхан харж болно. Тэндээс бид гишүүд “Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологддог байв; мөн тэднийг зөв замд байлгахын тулд, Бурханы сайн үгээр дурсагдан мөн тэжээгдэхийн учир тэдний нэрс тэмдэглэгдэв. Сүмийнхэн мацаг барихаар мөн залбирахаар, мөн өөр хоорондоо бодгалиудынхаа сайн сайхны талаар ярихаар ойр ойрхон цугладаг байв” (Моронай 6:4–5; тодотгол нэмсэн) гэж уншдаг.

Моронайгийн хувьд хамгийн чухал зүйл бол хүмүүс, тэдний нэрс байсан. Тэр бүгдийг санахын тулд тоолж бүртгэх зарчмыг хэрэгжүүлж байсан. Хэнд нь хэцүү байгааг эсвэл хэн нь төөрснийг анзаарч, гэгээнтнүүдэд тэдний сайн сайхны талаар зөвлөлдөх боломжийг олгодог байв. Ерэн есөн хонио орхиод (мэдээж аюулгүй, найдвартай газарт), төөрсөн ганц хониныхоо араас явдаг (Лук 15:4–7-г үзнэ үү), хоньчинтой адил биднээс ч бас сүрэгтээ санаа тавьж, анзаарч, санан мөн адил явж, үйлдэхийг хүсдэг.

Энэтхэгт номлолын удирдагчаар үйлчилж байхдаа би салбарын залуу ерөнхийлөгчөөс “Та хэдэн хүнийг Мелкизедек санваар хүлээн авахад бэлтгэх вэ?” гэж асууснаа санаж байна. Тэр шууд л “Долоо!” гэж хариулсан.

Би түүнийг юун дээр үндэслэн яг энэ тоог гаргасан юм бол гэж гайхаж байлаа. Намайг үг хэлэхийн завдалгүй тэр нэгээс долоо хүртэл жагсааж бичсэн цаас гаргав. Эхний таван мөрөнд нь түүний болон ахлагчийн чуулгынхны урих, амьдралдаа санваарын хүчийг хүлээн авахыг урамшуулах бодит хүмүүсийн нэрс байв. Мэдээж би хоосон байсан зургаа, долоо дахь мөрийн тухайд асуухгүй байж чадсангүй. Тэр “Аан, ерөнхийлөгч өө” гээд уриалгахнаар толгойгоо сэгсрэнгээ “энэ оны эцэс гэхэд санваар хүлээн авах хоёр хүнд бид оны эхээр баптисм хүртээчих байх” гэв. Энэ гайхамшигтай удирдагч “тоолж бүртгэх” зарчмыг ойлгосон байсан.

Христэд бодгаль бүр эрхэм нандин учраас Тэрээр тэднийг мартагдахгүй байхаар өөрийн Сүмийг зохион байгуулсан юм. Тойргийн хүн бүрд нас, хүйсээс үл хамааран өөрсдийг нь марталгүйгээр санаа тавих үүрэг даалгавартай олон халамжлагч буюу хоньчин бий. Залуу эрэгтэйд л гэхэд сайн сайхныг нь хариуцсан бишопын зөвлөл, тохинуулагч ах, насанд хүрсэн залуу эрэгтэйчүүдийн зөвлөх, семинарын багш, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл гээд өөр олон хүн бүгдээрээ алдаж унахад нь алдалгүй доороос нь тосож авах хамгаалалтын тор болон үйлчилдэг. Нэг торыг нь л зөв байрлуулсан байхад тэр залууг аюулгүй байлгаж, анхаарч, санах болно. Гэсэн ч бид торнуудыг буруу байрлуулсан байхыг олох нь олонтоо. Хүмүүс байнга манан руу явж ордог бөгөөд хэн ч тэднийг анзаардаггүй. Бид хэрхэн сайн хоньчин байж чадах вэ? Бид тоолж, бүртгэж сурч чадна.

Сүм үүнийг хийхэд буюу санахад зориулан биднийг тайлан, хэрэгслүүдээр хангадаг. Улирлын тайлан бол үүний хамгийн тод жишээ юм. Энэ нь бидэнд гишүүн бүрийг хэд хэдэн удаа тоолж, сураггүй болсон эсвэл бидний тусламж, хайр хэрэгтэй хүмүүсийг олж харах боломжийг олгодог. Гүйцэтгэх ажил, ярилцлагын жагсаалтаас гадна ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн статусын болон бусад тайлан яг одоо бидний анхаарах шаардлагатай хүмүүсийг олоход бидэнд тусалдаг. Эдгээр тоолж, бүртгэх хэрэгсэл нь бидний анхаарлыг хүмүүст чиглүүлдэг. Хэн хэнд дуудлага, санваарыг нь ахиулах, ариун сүмд гэр бүлийнхнийхээ нэрсийг авч ороход тусламж хэрэгтэй байна вэ? Хэнд бүрэн цагийн номлолдоо бэлтгэхэд нь туслах вэ? Энэ сард хэн ирээгүй вэ? Эдгээр хэрэгсэл бидэнд хүмүүсээ санахад тусалдаг.

Африкт ажлын томилолтоор явсан нэгэн Америкаас ирсэн гэр бүлийг би мэднэ. Хамгийн эхний ням гарагтаа тэд тухайн улсын цорын ганц Сүмийн нэгжид очиход тэднийг үнэхээр баярлан угтан авчээ. Үд болохын алдад тэр Залуу эрэгтэйчүүдийн удирдагчаар, эхнэр нь Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудагдсан байна. Тэр ядарсан байрын салбарын ерөнхийлөгчөөс хэдэн залуу эрэгтэй байгааг асуухад тэрхүү итгэлтэй, нэг дэх үеийн гишүүн удирдагч маань ариун ёслолын танхимын хойд хэсэг рүү заагаад, “Тэнд байгаа хоёр” гэжээ. Мэдээж тэр итгээгүй, маш хурдан салбарын гишүүдийн мэдээллийг авч гэртээ ирээд, үнэндээ жагсаалтад 20 залуу эрэгтэй байгааг олж мэджээ. Тэр салбарын ерөнхийлөгч дээр буцаж очоод, эрч хүчтэй, англи хэлтэй хоёр залуу насанд хүрэгчийг зөвлөхөөрөө үйлчлэхийг хүсээд, тэдэнтэй болон нөгөө хоёр хөвгүүний хамт суун нөгөө нэрсийн жагсаалт дээр ажиллаж эхлэв.

Дараа нь эдгээр хичээнгүй залуус ажилдаа шамдан оржээ. Тэд дараагийн хэдэн сарын турш жагсаалтад байгаа бүх хөвгүүнийг олж чадсан байна. Тэдгээр алдагдсан хонийг нэг нэгээр нь үе тэнгийнхнийх нь дунд эргүүлэн авчирч, бие махбод, сүнсийг нь хооллов. Жилийн дотор л гэхэд аль ч ням гарагт ойролцоогоор 21 залуу эрэгтэй Сүмдээ ирдэг болжээ. Бурханы авралаар залуу эрэгтэйчүүдийг тоолж, бүртгэсэн байв.

Миний нэгэн эрхэм найз магистраар үргэлжлүүлэн суралцахаар болж, гэр бүлээ аван Америкийн том хот руу нүүсэн юм. Түүнийг очингуут нь ахлагчдын чуулгыг тэргүүлэн удирдахаар дууджээ. Гадасны ерөнхийлөгчтэй анх ярилцлагад орохдоо тэр бага зэрэг сандарч байсан ч бэлтгэлтэй очихоор шийдсэн байв. Тэр гадасны ерөнхийлөгчид ирэх жил: (1) 90 хувийн тохинуулал, (2) долоо хоног бүр сайн мэдээг чанартай заах, (3) сар бүр чуулгын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах гэсэн гурван зорилт тавьснаа хэлжээ.

Ухаалаг гадасны ерөнхийлөгч миний найз руу инээмсэглээд, “Энэ жил гэр бүлээрээ ариун сүмд ороход нь тусалж болох идэвх султай ахлагчийн чуулгын гишүүнийг нэрлээч?” гэж асуужээ. Энэ асуултад найз маань бэлэн байсангүй. Тэр сайтар бодсоны эцэст нэг нэр олжээ. “Наад нэрээ бич” гэж гадасны ерөнхийлөгч хүсэв. Туршлагатай удирдагч нөгөө л асуултаа дахин гурван удаа тавиад ярилцлага нь дууссан байна. Энэ ярилцлагаас залуу найз маань тохинуулал, удирдагч байх талаар томоохон сургамж аван гарчээ. Уг ярилцлагад тэр хөтөлбөр, хичээл, үйл ажиллагааны талаар бэлтгэж очсон бол тэндээс хүмүүсийн нэрстэй гарч ирсэн юм. Дараа нь тэр болон түүний ахлагчийн чуулга тухайн дөрвөн нэр дээр төвлөрөн тохинуулахаар болсон байна.

Би номлолын удирдагчийнхаа хувиар өөрийн нэг салбарт нэгэн ням гарагт айлчилсан юм. Салбарын ерөнхийлөгч байнга л нэг жижиг цаас гаргаж ирээд, дээр нь юм бичиж байгааг би ажиглав. Хаалтын залбирлын дараа би түүнээс тэр талаар асуухаар шийдсэн юм. Цуглаан дуусаж, намайг цаасны талаар асуухаас өмнө тэр индэр лүү яаран ирэх салбарынхаа номлолын удирдагчид нөгөө цааснуудаа өглөө. Би нөгөө шаламгай удирдагчийг даган явж, салбарын номлогчийн зохицуулах хуралд нь суулаа. Хурал эхлэхээс өмнө тэр нөгөө цааснуудаа халааснаасаа гаргав. Цааснууд дээр ариун ёслолд ирээгүй гишүүдийн нэрсийг бичсэн байлаа. Хэдэн хормын дотор зөвлөлийн гишүүн бүр нэгээс хоёр нэрийг сонгоод тэр өдөртөө багтан эргэн очиж, сайн байгаа эсэхийг нь тодруулж, тэднийг үгүйлсэн гэдгээ хэлэх үүрэг авав. Тоолж бүртгэх гэдэг нь одоо үүнийг л хэлээд байгаа юм.

Хамгийн ойр байх ариун сүм рүү хэдэн цаг нисэж очих зайд байдаг нэгэн дүүргийг би санаж байна. Тэнд, бараг л ашиглахгүй ч ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ хүчинтэй байлгахыг чухалчилж үздэг байсан. Сар бүрийн эхний ням гарагт удирдагчид бүртгэх хэрэгслээ ашиглан хишиг хүртсэн гишүүдээ бүртгэдэг. Хэн нэгний зөвшөөрлийн бичгийн хугацаа дуусах гэж байвал гүйцэтгэх нарийн бичиг нь сунгах ярилцлагын цагийг товлодог байна. Зөвшөөрлийн бичиг нь хүчингүй болсон хүмүүсийн талаар зөвлөлдөн ярилцаж, гэрээний замдаа эргэн ирэхэд нь туслахыг хичээдэг. Хишиг хүртсэн гишүүдийн дунд хэд нь хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байгааг асуухад 98,6 хувь гэж бахархан хэлсэн юм. Зөвшөөрлийн бичгийн хугацаа нь дууссан зургаан хүний талаар асуухад удирдагчид тэднийг нэрээр нь мэдэж байсан төдийгүй эргүүлэн авчрахын тулд хийж буй ажлаа надад тайлагнаж билээ.

Хэдэн жилийн өмнө манай гэр бүл Америк руу буцаж нүүсэн. Бид жижиг, алслагдсан газар байрлах нэгжүүдэд гайхалтай 26 жилийг өнгөрүүлсний дараа энд Сүмдээ ирэхдээ баяртай байлаа. Намайг тойргийн номлогчоор дуудсан. Манай тойрог маш сайн номлолын удирдагчтай байсан бөгөөд бид сонирхолтой ажил хийж, гайхалтай хүмүүст зааж байлаа. Би тойргийн зөвлөлийн хуралд сууж ажиглан, найз нар дээрээ ажиллахдаа тэдний тусламжийг авахыг хүссэн юм. Харин хурлаар зөвхөн удахгүй болох гэж байгаа тойргийн үйл ажиллагааны талаар ярихад би үнэндээ маш их гайхсан. Хурлын дараа би тойргийн номлолын удирдагчид дөхөж очоод манай хүмүүсийн талаар хэлэлцэж, тайлагнаж амжаагүй болохыг нь хэлсэн юм. Тэр юу гэж хариулсан гээч? “Аан, би тайлагнаж амждаггүй юм аа” гэж билээ.

Үүнийг би дөнгөж долоо хоногийн өмнө оролцсон Пакистаны Лахор салбарын зөвлөлийн хуралтай харьцуулав. Цөөхөн хүнтэй бүлэг маань жижиг ширээгээ тойрч суугаад, хүмүүсийнхээ талаар л ярьдаг байсан. Нэрс. Удирдагч бүр хариуцсан хүмүүсээ, санаа зовж байгаа хувь хүн, гэр бүлүүдийнхээ талаар тайлагнадаг байв. Авч хэлэлцсэн хүмүүсээ адислах хамгийн сайн арга замын талаар өөрсдийн бодол санааг нэмэрлэх боломжийг хүн бүрд олгодог. Төлөвлөгөө гаргаж, үүрэг даалгавар өгдөг байсан. Энэ бол тоолж бүртгэх талаар нэг дэх үеийн гишүүн ах эгч нараас юу сурч болохын гайхалтай жишээ юм!

Есүс Христийн Сүмд бид өмнөх болон одоогийн бошиглогчдоос мөн Аврагчийн бий болгосон загвараас хэрхэн тохинуулахыг заалгасаар ирсэн. Бид нэрсийг авч, санаж, бодгалийн сайн сайхны төлөө авч хэлэлцдэг. Үүнийг дагадаг удирдагчдын хувьд зөвлөлийн хурлаар хэлэлцэх зүйлс нь хэзээ ч дуусахгүй. Тоолж, бүртгэх зарчим үнэхээр үр дүнтэй. Энэ бол Их Эзэний арга зам юм. Бид байгаагаасаа сайн байж чадна. Энэ ертөнцийг бүтээсэн, бүхнийг захирагч Бурханы хувьд энэ ажил буюу Түүний ажил, алдар суу нь хувь хүнд чиглэдэг. Тиймээс Түүний гайхамшигт аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэх мутар дахь зэмсэг нь болсон бидний хувьд ч бас ийн байх учиртай. Үр дүнд нь бодит хүмүүсийн амьдралд гайхамшиг тохионо. Есүс Христийн нэрээр, амен.