Ерөнхий чуулган
Их Эзэн зүрх сэтгэлийг нь хардаг
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:41

Их Эзэн зүрх сэтгэлийг нь хардаг

Бурхан зорилгоо гүйцэлдүүлж, биднийг Өөрийн хүсэж байгаа хүмүүс болоход туслахад шаардагдах зүйл нь бидний хүн нэг бүр Түүн рүү бүх зүрх сэтгэлээ хандуулах явдал юм.

Бошиглогч Самуел Иессийн хөвгүүд дундаас Израилын шинэ хааныг сонгох зарлигийг хүлээн авахдаа, Иессийн ууган хүү Елиабыг хараад “Үнэхээр Эзэний тосолсон хүн өөрийнх нь өмнө байна” хэмээн баярлан дуу алджээ. Гэхдээ Елиаб Бурханы сонгосон үйлчлэгч байгаагүй. Их Эзэн Самуелд: “Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг үл хэрэгсэв. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол Эзэн зүрхийг нь хардаг” хэмээн анхааруулсан юм.

Хэдийгээр Давид бие махбодын хувьд хамгийн чадалтай нь биш, ах дүү нараасаа хамгийн чадварлаг нь байгаагүй ч Бурханы мэлмийд түүний зүрх сэтгэл хүчирхэг байв. Тэр Бурханыг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг байсан. Тэр Түүнийг дуулгавартай дагах чин хүсэлтэй байсан. Тэрээр Бурханы хайр, хүч чадал, амласан адислалуудад эргэлзээгүй итгэдэг байсан ба хожим нь Их Эзэний тусламжтайгаар Голиаттай тулалдан ялахад энэ нь харагдсан юм.

Бидний хүн нэг бүр Бурханд зүрх сэтгэлээ бүрэн хандуулах нь Түүнд зорилгоо гүйцэлдүүлэхэд нь төдийгүй Түүний хүсэж байгаа хүмүүс болоход бидэнд тусалдаг гэдгийг энэ түүх заадаг. Тэрээр хуульч нэгэнд, “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрла“ гэж зарлигласан. Тэрээр бошиглогч Иосеф Смитэд, “Болгоогтун, Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг билээ” гэж хэлсэн. Мөн амилсан Аврагч нифайчуудад хандан “та нар харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно” гэх урилгыг өгсөн.

Үүний шалтгаан юу вэ? Аврагчийн заасанчлан, хэрэв бид зүрх сэтгэлээ Түүнд бүрэн хандуулах юм бол Түүний гайхамшигт цагаатгагч золиослолын ачаар мөнх бус амьдралын зовлон бэрхшээлийг ялан дийлж, уруу таталтыг тэвчин гарч, удирдамж, ойлголтыг хүлээн авч, амьдралдаа баяр хөөр, амар амгаланг мэдрэхэд хэрэгтэй хүч чадал, сүнслэг бэлгүүдээр адислагдана. “Өчүүхэн зүйлсээс агуу их болох тэрхүү зүйл гарч ирдэг.” Тэрээр “Сул дорой зүйлсийг нь хүчирхэг болгож” мөн энэхүү мөнх бус амьдралд амжилт олоход болон мөнх амьдралыг хүлээн авахад биднийг хэрэгтэй бүх зүйлээр адисална хэмээн хэлсэн. Тэрээр: “Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ! Тэд Бурханыг харах болно” хэмээжээ.

Иймээс заримдаа Есүс Христ мөнх бус амьдралд тохинуулах явцдаа багш нар болон фарисайчуудыг байнга засаж залруулдаг байсан гэж би боддог. Хэдийгээр тэд Түүний хуулийг хичээнгүйлэн дагадаг байсан ч үүнийгээ буруу сэдлээр үйлддэг байв. Тэр тэднийг “Энэ ард түмэн Намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрх нь Надаас алс хол байдаг” хэмээн зэмлэсэн.

Энэ нь бидний хийдэг зүйл буюу үг, үйлдлээс гадна Есүс Христийн биднээс хийхийг хүссэн зүйлийг хийх хүсэл, сэдэл ч бас чухал гэдгийг бүх шавьдаа чанд сануулж байгаа хэрэг юм. Тэрээр: “Учир нь Их Эзэн бибээр, бүх хүнийг үйлүүдийнх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно” хэмээн хэлсэн. Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хүүхдүүдээс зүгээр л үг дуугүй дуулгавартай байж, үйлчлэхийг хүсдэггүй. Бид Түүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг учраас эдгээрийг чин хүсэлтэйгээр хийгээсэй гэж Тэр биднээс хүсдэг. Тэр биднийг Өөртэй нь адил болох хүсэлтэй байхыг хүсдэг.

Тэгэхээр, бидний зүрх сэтгэлийн сүнслэг эрүүл мэнд Аврагчийн маань санааг хамгийн ихээр зовоодог зүйл юм бол, бас энэ нь үнэн шавиас Түүний хайдаг зүйл юм бол, бид зүрх сэтгэлээ хэрхэн шинжилж, энэ нь Бурханы мэлмийн өмнө зөв байгааг мэдэж болох вэ?

Саяхан эхнэр бид хоёр Португалд номлолд үйлчлэн буцаж ирээд, олон шинжилгээ өгч биеийн эрүүл мэндээ шалгуулсан юм. Тэдгээрийн зарим нь зүрхний эхо, цусны шинжилгээ, зүрхний ачааллын сорил гэх мэт зүрхний эрүүл мэндийг голчлон шалгах шинжилгээнүүд байлаа. Аврагч бас бидэнд зүрх сэтгэлийнхээ сүнслэг байдлыг шинжлэх сүнслэг сорилуудыг өгсөн гэж би боддог. Тэдгээрээс хэдийг нь би та нартай хуваалцъя.

Сүнслэг сорилоор зүрхээ шинжлэх нь

Нэгдүгээрт, бидний төвлөрдөг зүйл, нэн чухал зүйлс болон сэдэл

Есүс: “Учир нь баялаг тань хаана байна, тэнд зүрх сэтгэл тань түүнчлэн байх болно” хэмээн заасан. Баялаг бол бидний хувьд үнэ цэнтэй, хичээл зүтгэл гаргадаг, анхаарлаа төвлөрүүлдэг зүйл маань юм. Бидний хаана юунд цагаа зарцуулж, анхаарлаа төвлөрүүлж байгаа, ямар сэдлээр аливаа зүйлийг хийдэг зэрэг маань бидний зүрх сэтгэлийн талаар ихийг илтгэдэг. Олон нь дуудагддаг ч цөөхөн нь сонгогддог, “учир нь тэд зүрх сэтгэлээ энэ дэлхийн зүйлс дээр нэн ихээр тавьж, мөн [тэд] хүмүүсээс хүндэтгэл хүлээхийг эрмэлздэг” хэмээн Аврагч сэрэмжлүүлсэн. Би амьдралдаа Аврагчийг нэн тэргүүнд тавьдаг уу? Би бүх зүйлийг Түүний алдар сууд хараагаа төвлөрүүлэн хийдэг үү?

Хоёрдугаарт, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахад бэлэн байх

Судруудад хаа сайгүй Их Эзэн болон Түүний бошиглогчид бардам, дуулгаваргүй байдлыг зүрх сэтгэлээ хатууруулахтай холбож ирсэн. Нифай ах нартаа “Та нар Их Эзэний зарлигуудыг сахидаггүй чинь ямар учиртай юм бэ? Зүрх сэтгэлийнхээ хатуугаас болж эрсдэх болж байгаа чинь ямар учиртай юм бэ?” хэмээн ухуулсан байдаг. Миссуригийн гэгээнтнүүдэд хандан Их Эзэн: “Гэвч түүнд зарлиглах хүртэл юу ч хийдэггүй, мөн зарлигийг зүрх сэтгэлийн эргэлзээтэйгээр хүлээн авдаг, мөн үүнийг залхуугаар сахидаг тэр нь, мөнхүү тэр нь яллагддаг бөлгөө” хэмээн сэрэмжлүүлжээ. Аврагч зарлигуудыг нь төгс дагахыг хүсэн хүлээдэггүй ч бүхий л зүрх сэтгэлээрээ сахихыг хүсэж хичээгээсэй хэмээн биднээс хүсдэг.

Гуравдугаарт, судруудыг хичээнгүйлэн судалж, илчлэл эрэлхийлэх

Их Эзэн: “Эдгээр үгийг зүрх сэтгэлдээ нандигнан хадгал” хэмээн Оливер Каудерийг зэмлэсэн. Биднийг судруудыг хичээнгүйлэн судалж, Ариун Сүнсний хүчээр дамжуулан сайн мэдээ үнэн гэсэн ойлголт, гэрчийг хүлээн авахыг эрэлхийлэхэд урьсан.

Бошиглогч Абинадай ёс бус хаан Ноагийн санваартнуудыг ийн үйлдэхгүй байгааг зэмлэн, “та нар ойлгохын тул зүрх сэтгэлээ зориулсангүй; тиймийн тул, та нар ухаалаг байсангүй” хэмээн хэлсэн юм. Би өдөр бүр судруудыг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн судалж, тэдгээрийг ойлгохын тулд залбирч зүрх сэтгэлээ зориулж байгаа юу?

Дөрөвдүгээрт, бидний бодол ба үгс

Аврагч: “Зүрхнээс ёрын бодол гардаг” мөн “зүрхнийхээ бялхлаар ам ярьдаг” хэмээн заасан. Бидний бодол санаа, үгсийн чанар зүрх сэтгэлийн маань цэвэр ариун байдлыг маш сайн тодорхойлдог. Би бусдын үйлдэл, сэдлийн талаар, бүр өөрийнхөө тухай хэт олон сөрөг бодолтой явна уу? Би бусдыг шууд шүүж, буруутгаж байна уу? Би өөрийн гаргасан алдааг шалтаг тоочин, зөвтгөхийг эрэлхийлдэг үү? Бас миний хэлдэг үгс ямархуу байна вэ? Үгс маань эргэн тойрон дахь хүмүүсээ өргөн дэмжиж, урамшуулдаг уу? Эсвэл зөрчил маргаан үүсгэж, гомдол дургүйцэл төрүүлдэг үү?

Эрүүл мэндийн шинжилгээнүүдээ өгч дууссаны дараа эмч маань миний зүрхийг ерөнхийдөө эрүүл байгаа ч одооноос арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй хэдэн асуудал байгаа гэж хэлэв. Тэгээд тэрээр өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт оруулах хэдэн зүйлийг зөвлөсөн. Үүнтэй адилаар та зүрх сэтгэлийнхээ сүнслэг байдлыг үнэлж дүгнэн, зарим сөрөг шинж тэмдэг олж харвал сандрах хэрэггүй! Аврагч танд туслах маш сайн сүнслэг эм, эмчилгээг өгсөн байгаа. Тэрээр бүр танд шинэ зүрх өгнө гэж амласан! Таны зүрх сэтгэлийн сүнслэг хүч чадлыг сайжруулж болох хэдэн үйлдлийг хуваалцъя.

Зүрхнийхээ сүнслэг эрүүл мэндийг сайжруулах нь

Эхлээд, Христтэй харилцаа холбоогоо бэхжүүл

Бид өдөр бүр Христэд илүү их ойртохын тулд цаг зав гаргах үед зүрх сэтгэл маань өөрчлөгддөг. Өдөр бүр судар судлахаас гадна, чин сэтгэлээсээ залбирч, тогтмол мацаг барих нь Аврагчийг хайрлах хайрыг тань нэмэгдүүлж, наманчилж, зүрх сэтгэлээ Бурханд даруухнаар өгөх хүсэл болон итгэлийг тань бэхжүүлнэ. “Иймийн тул би Их Эзэнд хандаж гуйн залбирав; мөн болгоогтун тэрбээр надад зочлов, бас зүрх сэтгэлийг минь зөөллөсний учир би эцгийнхээ ярьсан бүх үгэнд итгэсэн авай” хэмээсэн Нифайн энэ жишээг бодож үзээрэй.

Бид өөрсдийн зөв шударга хүсэл, үйлдлээр итгэлийнхээ үрийг үргэлжлүүлэн арчилж тордсоноор нифайчуудын адил зүрх сэтгэлээ ариусахыг мэдрэх болно. “Сэтгэл оюун нь баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ, тийм ээ, зүрх сэтгэлээ Бурханд зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл нь бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ, тэд ойр ойрхон мацаг барьж мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христэд итгэх итгэлдээ улам улам гуйвшгүй бат болж байв.”

Хоёрт, өөрийн хүслийг Түүнийхтэй нийцүүл

Аврагч: “Та нар намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” гэж заасан. Тэрээр биднийг Өөртэй нь гэрээ байгуулж, сахих замаар хайраа харуул хэмээн урьдаг. Бид өдөр бүр Түүний зарлигуудыг дагаж, нүглээ чин сэтгэлээсээ наманчилж, Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, өөрийн хүслийг Түүний хүсэлтэй нийцүүлэхийг тууштай хичээх юм бол Ариун Сүнстэй байнга нөхөрлөдөг байхаар адислагдах боломжтой.

Нифай: “Хэрэв та нар Бурханы өмнө хоёр нүүр гаргах мөн мэхлэхийг үл үйлдэн, харин чин эрмэлзэлтэйгээр, нүглүүдээ наманчлан, Эцэгт та нар баптисмаар … Христийн нэрийг өөрсдийн дээр авахад бэлэн байгаагаа гэрчлэн, зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдлаар Хүүг дагах аваас, … тэгвэл та нар Ариун Сүнсийг хүлээн авах болно” хэмээн гэрчилсэн. Ариун Сүнс таныг удирдан чиглүүлэх ба Их Эзэний хүслийг мэдэж авч, зөвийг сонгоход тань тусална.

Эцэст нь, Бурханд болон бусдад бүхий л зүрх сэтгэлээрээ үйлчил

Аврагч “бүхий л зүрх сэтгэлээрээ түүнд үйлчлэх” урилгыг бүх хүнд өгдөг. Их Эзэний биднээс хүссэн бүх зүйлийг буюу зарлигуудыг сахих, ариун ёслолоос хүртэх, ариун сүмд шүтэн бишрэх, бусдад үйлчлэх зэргийг чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлийн чин эрмэлзэлтэйгээр хийхийг сонгох юм бол үйлчлэл, шүтэн бишрэх үйлдэл бүр нь бидний итгэл, гэрчлэлийг бэхжүүлэх хүчирхэг сүнслэг туршлага болох төдийгүй зүрх сэтгэлийг маань баяр баясгалангаар, Бурханыг болон бусдыг хайрлах хайраар дүүргэдэг.

Бошиглогч Алмагийн асуулт өнөөдөр ч цуурайтсаар. “Та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү? Та нар түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авсан уу? Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлдээ мэдэрсэн үү?”

Ах, эгч нар аа, би өнөөдөр та нарыг зүрх сэтгэлээ бүхлээр нь Аврагчид зориулахыг урьж байна. Шүтэн бишрэх, үйлчлэх үйлдэл бүрээ чин сэтгэлээсээ, зорилготой үйлддэг бай. Анхаарал сарниулах дэлхийн зүйлсийг хойш тавьж, амьдралынхаа өдөр бүр цагаа Их Эзэнд утга учиртай зориулахыг хичээгээрэй. Наманчилж, Түүн рүү бүхий л зүрх сэтгэлээрээ эргэн оч. Тэр таныг өршөөж, хайрын мутраараа мөнхөд хүрээлэх болно. Энэ дэлхийн зүйлсийг биш, харин Бурханы алдар сууд хараагаа төвлөрүүлэн, илүү сайн зүйлсийг эрэлхийл. Тэрээр таны бодол, зүрх сэтгэлийн хүслийг мэддэг. Тэр таныг Өөрт нь ирэх юм бол энэ амьдралд тань хүч чадал, өөртөө итгэх итгэл, амар амгалан, баяр баясгаланг өгч, үүрд мөнхөд Өөрийн селестиел хаант улсад байхаар адислах болно.

Би Есүс Христ амьд гэдгийг мэднэ. Тэр бол бидний Гэтэлгэгч. Тэр таныг бас намайг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг. Есүс Христийн нэрээр, амен.