Ерөнхий чуулган
Даруухан бодгалиуд тахилын ширээний өмнө сөхөрдөг
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


11:24

Даруухан бодгалиуд тахилын ширээний өмнө сөхөрдөг

Бид гэрээ байгуулан, гэрээгээ эрхэмлэн дээдэлснээр өөрсдийгөө Аврагчтай холбож, Түүний нигүүлсэл, хамгаалалт, ариусгал, эдгэрэл, амралтыг илүү ихээр хүртэх боломжтой болдог.

Найрал дуучид аа, энэ шинэ дууллаар дамжуулан гэрчлэлээ хуваалцсанд баярлалаа.

“Амийн талх, амьд ус” гэдэг ариун ёслолын шинэ дуулал бодгалийг минь дүүргэдэг. Энэ дуулалд “Тахилын ширээний өмнө ирж, Түүнд би харууссан зүрхээ өргөнө” гэсэн мөр бий.

2015 онд гэр бүлээрээ Ютагийн Огдэн номлолд үйлчлэхээр Калифорнийн Нюүбэрри Паркаас явсны дараахан би энэ үгсийн утгыг гүн гүнзгий ойлгосон юм. Намайг Ютагийн Лэйтонд байрлах Хилл нисэх хүчний баазтай танилцахыг урив. Би өмнө нь цэргийн баазад очиж, бас цэргийн санваартан, эх орныхоо аюулгүй байдлыг хангаж, хамгаалдаг хүмүүстэй уулзаж байгаагүй.

Дэлхий даяарх хорих анги, эмнэлэг, цэргийн сууринуудад үйлчилдэг олон мянган сайн дурын болон мэргэжлийн санваартнуудын нэг болох Харп надад сүнслэгээр нөлөөлж, урам зориг өгсөн. Баазтай танилцах сүүлийн зогсоол маань ариун газар байв. Би санваартнаас тунгаан бодох, залбирах, бясалгах, шүтэн бишрэх хүсэлтэй бүх хүнд үйлчилсэн эсэхийг нь асуулаа. Тэр танхимын урд хана руу очоод хөшигний араас загалмай гаргаж ирэв. Тэгээд протестант, католик шашны мөргөлд үүнийгээ ашигладаг гэлээ. Еврей ах, дүүсийн маань мөргөлд юу хэрэглэдгийг нь асуутал тэр нөгөө хана руу явж очоод Давидын одыг гаргаж ирлээ.

Тэгэхээр нь би “Хожмын үеийн гэгээнтнүүдэд үйлчлэхдээ та юу хийдэг вэ?” гэж асуутал тэр тэмдгүүдээ цааш нь тавиад ариун газрын голд байрлах том, модон тахилын ширээ рүү заав. Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд энэ тахилын ширээн дээр талх, усаа бэлтгэж, адисалдаг гэв. Би түүнээс еврей, ислам, католик, протестант шашинтай ах, эгч нарын мөргөлийн өмнө тэр том, бэхэлж суулгасан гэмээр тахилын ширээг холдуулдаг эсэхийг лавлахад дээрх шашныхны зарим нь мөн адил ашигладаг учраас байранд нь үлдээдгээ тайлбарласан юм.

Абрахам тахилын ширээ босгоод, цорын ганц хүү Исаакаа хүлж, золиослох гэж байхад нь түүнийг зогсоосон бөгөөд тэр Их Эзэний тунхагласны адил “Би энд байна”! гэж тунхагласан. Агуу Би байдаг ба Түүний бошиглогчид хэчнээн удаа сайн дураараа ирэн “Би энд байна” хэмээн хэлсэн бол?

Уулан дээрх номлолынхоо үеэр Аврагч биднийг тахилын ширээнд ирэхээсээ өмнө ах, эгч, дүүстэйгээ эвлэр хэмээн урьсан. Паул бидэнд тахилын ширээний өмнө бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан “ариусгагдсан” болохыг заасан юм.

Бошиглогч Лихай “тэр өөрийн гэр, … үнэт зүйлсээ орхин … одсон ажгуу. [Дараа нь] тэрээр …⁠ тахилын ширээ барьж, …⁠ Их Эзэнд өргөл үйлдэн, бас Их Эзэн бидний Бурханд талархлаа өргөсөн авай.”

Библи, Мормоны Ном хоёр бидэнд тахилын ширээний өмнө Бурханы Хүүг шүтэн бишрэх тухай заадаг. Яагаад гэж үү?

Бидний анхны эцэг, эх Адам, Ева хоёр тахилын ширээ босгож, өмнө нь шүтэн биширдэг байсан. Тэд Едений цэцэрлэгээс хөөгдсөнийхөө дараа “олон өдрийн” турш мөргөл үйлдсэнд Их Эзэний тэнгэр элч үзэгдэн “Чи яагаад Их Эзэнд тахил өргөдөг юм бэ?” гэсэн бидний хүн бүрд ирж болох гүн утгатай асуултыг асуухад

Адам “би мэдэх нь үгүй” гэж хариулсан аж.

Адамын энэхүү даруухан өчлийн хариуд тэнгэр элч: “Энэ … бол Эцэгийн Төрсөн Ганц тахил болон өргөгдөхийн адилтгал бөлгөө. … Иймийн тул, чи өөрийн хийх бүхнээ Хүүгийн нэрээр хийх ёстой, мөн чи наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой” гэсэн гайхалтай хариултыг өгсөн.

Ариун ёслолын болон ариун сүмийн тахилын ширээнүүд нь Есүс Христийн золиос, Түүний хязгааргүй Цагаатгалыг бэлгэддэг.

Бид гэрээ байгуулан, гэрээгээ эрхэмлэн дээдэлж, сүмд ариун ёслолоос хүртэн, ариун сүмд хишиг хүртэн, лацдан холбуулснаар өөрсдийгөө Аврагчтай холбож, Түүний нигүүлсэл, хамгаалалт, ариусгал, эдгэрэл, амралтыг илүү ихээр хүртэх боломжтой болдог.

Гэрээгээр ирдэг нигүүлсэл ба хамгаалалт

15 настай залуу эрэгтэй байхдаа би ааваасаа америк хөлбөмбөгийн тэмцээний онцгой тоглолт таарсан учраас 1-р сард ганцхан удаа ариун ёслолын цуглаанаа тасалж болох уу гэж асуусан юм. Тэр намайг ийм шийдвэрийг өөрөө гаргах хэмжээний том болсон гээд, зөвлөгөөг нь сайтар бодож үзэхийг хүслээ. Тэрээр: “Хэрэв чи ариун ёслолыг нэг удаа таслах сонголтыг хийвэл дахин таслах амархан байна” гэв.

Хэрэв Аврагчийг агуу холбогч гэвэл дайсан бол салгагч юм. Сатан биднийг шүтэн бишрэхэд зориулсан ариун газраас, Есүс Христийн хамгаалалтаас салгахаар уруу татдаг. Бид Аврагчийг шүтэн бишрэх үед “дэлхийн урсгалын эсрэг явах хүч чадлыг” хүлээн авдаг. Бид Түүнтэй харилцахаар цаг гаргах үед “Сатанаас чөлөөлөгдө[нө]” гэсэн амлалт хэрэгждэг. “Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн … хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг.” Би ариун тахилын ширээний дэргэд байгуулсан гэрээнүүдээр дамжуулан Аврагчтай харилцдаг туршлагаа ямар их нандигнадаг гээч.

Аврагчийн мөнхийн Цагаатгалын талаарх ойлголтоо шат шатаар, дүрэм дүрмээр хөгжүүлэх нь дайсны заль мэхний эсрэг сүнслэг хамгаалалтыг өгдөг. Мексикт байгаа залуу ахлагч Яагги, Бельгид байгаа Зустэр Яагги эгч гэх зэрэг дэлхий даяар үйлчилж буй бусад номлогч найз нөхөд нь холбоо тогтоосон эхний долоо хоногтоо ариун ёслолын цуглаанд ирж оролцвол баптисм хүртэж, ариун Сүнсний бэлэг хүлээн авч адислагдахыг харах магадлал өндөр.

Тонга эсвэл Самоад амьдардаг залуу сургуулиа төгсөнгүүтээ хишигт бэлдэж, хүлээн авсан бол Их Эзэний өргөөнд лацдан холбогдох магадлал өндөр. Хишгийн үеэр гишүүдийн амьдралыг хүч ба хамгаалалтаар дүүргэдэг таван хуулийн дагуу амьдарч, дагаж, сахихыг урьдаг. Биднийг Их Эзэнтэй гэрээ байгуулахад хоёр талын харилцаа бий болдог. Бид өөрсдийн үнэнч байдал, хайрыг Түүнд харуулдаг. Амлалт өгч, үүнийгээ сахих бүрд бидний хүч, чадал өсөн нэмэгддэг.

Эргэцүүлэл ба ариусал

Их Эзэний тахилын ширээний өмнө даруухнаар мөн бэлгэдлийн утгаар өвдөг сөгдөн суухад бидэнд эргэцүүлэх, “зүрх сэтгэлийнхээ бардамналыг хянаж, Бурханы өмнө … [өөрсдийгөө даруусгах]” боломж ирдэг. Намайг өсвөр насандаа найзуудтайгаа гадагш гарахын өмнө ээж минь үргэлж “Хэн гэдгээ битгий мартаарай, гэртээ ирснээ мөн юу хийснээ хэлээрэй” гэж захидаг байж билээ. Зарим орой би хэт оройтсоноосоо болоод гэртээ ирснээ, юу хийснээ хэлэхгүй өнгөрдөг байв. Ээжтэйгээ ярилцах чухал боломжуудыг алдсандаа би харамсдаг.

Одоо бол би Тэнгэрлэг Эцэгтээ тайлагнан ярилцахыг хүсэн хүлээдэг. Би өдөр бүр хувиараа шүтэн бишрэхдээ орныхоо дэргэд эсвэл гэр бүлтэйгээ өвдөг сөгдөн залбирахдаа өөрийгөө тахилын ширээний өмнө сөгдөн амьдралаа эргэцүүлэн, дүгнэж байгаагаар төсөөлдөг. Би ариун ёслолын талаар, бүтэн талх ч бай, бидний төлөө хувааж, жижиглэсэн хэсэг ч бай бүгд Аврагчийн маань эвдэрсэн биеийн бэлгэдэл болдог тухай боддог. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “талхнаас хүртэж буй хүн бүр өвөрмөц байдгийн адил талхны хэсэг бүр өвөрмөц” гэж заасныг би санадаг. Би өвдөг сөхрөн залбирахдаа өөрийн хүслийг хэрхэн Бурханд өргөх талаар боддог.

Ахлагч Дэвид А.Бэднар заахдаа: “Ариун ёслол нь чин сэтгэлээсээ наманчилж, сүнсээрээ шинэчлэгдэх эрхэм нандин бөгөөд байнга давтагддаг урилга юм. Ариун ёслолоос хүртэх нь өөрөө нүглийг цэвэршүүлдэггүй. Харин биднийг энэхүү ариун нандин ёслолд харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр анхааралтай бэлтгэж, оролцох үед Их Эзэний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалт ирдэг. Мөн бидний байнгын хамтрагч болох Ариун Сүнсний ариусгагч хүчээр бид нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалж чадна” гэсэн.

Эми бид хоёр туулсан амьдралаа нэгд нэгэнгүй эргэн харах үедээ Есүс Христийн төгс хайрын болон золиосын бэлгийг олж харан баясдаг. Бид бас тамын уур хилэн хэрхэн шатаж байгааг хардаг. Шүүлт, түгшүүр, сэтгэл гутрал, хавдар, чихрийн шижин, цахим дээрэлхэлт, хувийн мэдээллээ алдах, үр зулбалт, хүүхэд, ах, дүү, аавыгаа алдах зовлонг бид хэрхэн даван гарч чадах вэ? Есүс миний, миний гэр бүлийн, бидний хүн нэг бүрийн төлөө салгалах хилэнгийн гашуун аяганаас уусан учраас давж гарч чадна!

Аврагч Гетсеманид

Гетсемани, Адам Абрам, altusfineart.com © 2025-ын зөвшөөрлөөр нийтлэв

Гетсеманийн цэцэрлэгт уусан тэр “гашуун аяга”, Калварын загалмай дээр улам “нэмэгдсэн” Түүний зовлон шаналал бидэнд хэцүү бэрхийг, доромжлол, хүчирхийлэл, уур хилэн, салгалалтыг Их Эзэний тахилын ширээн дээр тавьж, үргэлж “Ариун Сүнсний хүлээн авалтаар ариусгагда[х]” боломжийг олгодог.

Патриша Холланд эгч: “Бид хаана ч, юу ч хийсэн байсан өөрсдийгөө Бурханд бүрэн зориулж, Түүний амлалт, амар амгалангийн тахилын ширээн дээр тавиасай хэмээн би өөрийнхөө бас та нарын төлөө чин сэтгэлээсээ залбирч байна” гэж хэлсэн.

Эдгэрэл, амралтын газар

Бид тахилын ширээний өмнө ирснээрээ шагнал хүртдэггүй. Харин Бэлэг өгөгчийн талаар суралцдаг. Тэрхүү суралцахуй ба гэрээт барилдлагаас эдгэрэл ирдэг. Нифай: “Тэрээр намайг хайраараа дүүргэсэн, бүр бүх бие минь төөнөгдтөл буюу” хэмээн тунхагласан. Түүнчлэн хайраар дүүрэн Аврагч маань “Би та нарыг эдгээж болохын тулд та нар эдүгээ надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?” хэмээн урьсан.

Манай том хоёр охин Макэнзи, Эмма хоёр маань багадаа Нарниагийн товчоон: Арслан, шулам ба шүүгээ гэдэг үлгэрт дуртай байсан юм. Арслан Аслан бидний хайрыг татсан. Тэр агуу арслан өөрийн амийг Эдмандын төлөө өгдөг хэсгийг уншсан оройг бид мартдаггүй. Шулам чулуун ширээн дээр арслангийн амийг авч одоход охид гэлтгүй бид хоёр бас нулимс дуслуулсан учраас санаанаас огт гардаггүй. Эмгэнэлт үйл явдал болсон ч гайхамшиг тохиох хүртэл найдсаар байсан учраас мартагддаггүй. Аслан амилж: “Хэрэв шулам золиосын жинхэнэ утгыг мэддэг байсан бол … урвагчийн оронд гэмгүй нэгэн өөрийн хүслээр амиа өгөн үхвэл чулуун ширээ хагарч, Үхэл өөрөө ч замхарч эхэлнэ гэдгийг мэдэх байсан” гэж хэлэхэд нь манай жижигхэн унтлагын өрөө баяр хөөрөөр дүүрч билээ.

Есүс Христ бүх шархыг эдгээдэг. Есүс Христ дахин амьдрах боломжийг олгодог.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр, үзэхээр ирсэн аяллын багийнхны талаар ярьсан билээ. Бяцхан хүү тэдний дунд байжээ. Ерөнхийлөгч Нэлсон:

“Аяллын багийг хишгийн өрөөнд ороход, Бурхантай гэрээ байгуулахын тулд хүмүүсийн өвдөг сөгддөг тахилын ширээ рүү хүү заагаад, ‘Хөөх, гоё юм аа. Ариун сүмд ирсэн хүмүүс энд амардаг юм байна’ гэж хэлжээ.

… Тэрээр ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах, Аврагчийн гайхалтай амлалт хоёр хоорондоо шууд холбоотой талаар ямар ч ойлголтгүй байсан байх. Аврагч ийн амласан:

“‘Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. … Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

“‘Буулга минь аятай, ачаа минь хөнгөн’ [Матай 11:28–30]; тодотгол нэмсэн].”

“Хүний Хүүд толгой хоргодох газар ч үгүй” хэр нь Тэр Өөрийн шавь нарыг, та биднийг ариун ёслолын ширээнд Өөртэй нь хамт тухлан суухыг урьсан. “Даруухан бодгалиуд тахилын ширээний өмнө сөхрөхөд” амар амгалан бялхдаг. Бидний Аврагч гараа дэлгэж, ширээгээ зассан байна. Бурханы Хүүг шүтэн бишрэхээр Түүний тахилын ариун ширээнд ирцгээгтүн. Есүс Христийн нэрээр, амен.