Ерөнхий чуулган
Есүс Христ ба таны шинэ эхлэл
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


14:20

Есүс Христ ба таны шинэ эхлэл

Бид бүгдээрээ Есүс Христийн ачаар, Түүгээр дамжуулан шинээр эхлэх боломжтой. Та ч гэсэн.

Судрын даруухан мэдэгдэл: Есүс сайныг үйлдэж явсан

Есүс “сайныг үйлдэж явсан.” Энэхүү энгийн мэдэгдлийг бид Үйлс номоос уншдаг. Ямар гайхамшигтай даруухан мэдэгдэл вэ! Есүс үнэхээр сайныг үйлдэж явсан! Тэр бол сайн сайхны мөн чанар, уг сурвалж мөн! Тэр мөнх бус амьдралаа бүхэлд нь сайныг үйлдэхэд зориулсан. Тэр “өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, бялхам” ба Түүний сайн сайхан хязгааргүй, Түүний нигүүлсэл үүрдийнх билээ.

Түүний сайн сайхан, нигүүлслийг дүрслэх, дүгнэх аливаа оролдлого хангалтгүй байх биз. Үнэхээр төлөөлөгч Иоханы илэрхийлэхээр хичээсэнчлэн Аврагчийн сайн сайхны тухай илэрхийлэл бүрийг нэг бүрчлэн бичсэн бол “бичигдсэн номуудыг нь энэ ертөнц ч багтаахгүй байхсан.”

Есүс Христ бидний хүн нэг бүрд шинэ эхлэлийг санал болгодог

Есүс “сайныг үйлдэж” явсан тухай сударт мөнхөрсөн тодорхой жишээ, ялангуяа тухайн мөчид тэнд байж, Түүний үйлдсэн гайхамшгуудыг гэрчилж, Түүгээр заалгаж, эдгээгдэх нь ямар байх тухай тунгаан бодоход бидэнд гүн хүндэтгэл, гайхширал төрүүлдэг. Тэр нийгмээс тусгаарлагдсан хүмүүстэй ярилцаж, өвчтэй, цэвэр бус хүмүүст хүрч, зовж зүдэрснийг тайтгаруулж, чөлөөлөх үнэнийг зааж, нүгэлтнүүдийг наманчлалд дуудсан. Уяман өвчтэй хүн, сохор эр, завхай эмэгтэй, суунги, дүлий, хэлгүй хүмүүс, шаналсан ээж, цөхөрсөн аав, гашуудсан бэлэвсэн эмэгтэй, буруушаагдсан, шившиглэгдсэн, зовж зүдэрсэн, биеийн эсвэл сүнсний аль нэг нь үхсэн тэдэнд Тэрээр шинэ эхлэлийг санал болгосон. Тийм ээ, бас нэгэн сэтгэл хөдөлгөм даруухан мэдэгдэл!

Түүний үг, үйлдэл бүр Түүний эдгээсэн, адисалсан, заасан, нүглээс нь ангижруулсан хүн бүрд шинэ эхлэлийг өгсөн. Тэр тэднийг орхиогүй бас Тэр та нарыг орхихгүй нь лавтай. Амийг тэтгэгч эдгээр үгийг Тэр энэ мөчид хэлж байна гээд төсөөлөөд үз дээ.

“Хүү минь, нүгэл чинь уучлагдсан.”

“Бос, бяцхан охин минь.”

“Цэвэрш.”

“Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд.”

“Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа.”

Аврагчийн энэ хүмүүст хэлсэн үг товч байсан ч үүгээрээ Тэр өршөөл, эдгэрэл, сэргээлт, амар амгалан, мөнх амьдралын тухай асар уудам, шинэ мэдлэгийг өгсөн. Баяртай мэдээ гэвэл Тэрээр танд бас надад тэрхүү шинэ эхлэлийг санал болгодог. Бид бүгдээрээ Есүс Христийн ачаар, Түүгээр дамжуулан шинээр эхлэх боломжтой. Та ч гэсэн. Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний төвд шинэ эхлэл байдаг. Энэ бол шинэ эхлэлийн Сүм! Энэ бол цоо шинэ эхлэлийн Сүм!

Энэ бол шинэ эхлэлийн Сүм

Бид усаар болон Сүнсээр баптисм хүртэж “[дахин] төр[снөөр]” “шинэ амийн дотор яв[ж]” чадна. Нүглийн дарамтад зүдэрсэн, бэрхшээлтэй амьдрал, эрүүл бус харилцааныхаа үр дагавраас болж зовж шаналсан хүнд тийм шинэ эхлэл хэр их итгэл найдварыг авчрах бол? Есүст нүглийн өршөөл ч, амьдралын шинэ эхлэл ч шаардлагагүй байсан хэр нь Тэрээр баптисм хүртэж, бидний хүн бүрд зориулан сийлсэн шинэ эхлэлд хүрэх арга замыг тод томруун харуулсан.

Шинэ эхлэл бидэнд ганцхан удаа тохиодоггүй. Бид баптисмыг шинээр эхлэх цор ганц боломж маань гэж ихэнхдээ боддог. Гэхдээ, үгүй. Боломж ганц байдаггүй. Эдгээр шинэ эхлэл өдөр бүр тохиох боломжтой! Тэгээд мэдээж бидэнд хэрэгтэй бүх шинэ эхлэлийг өгөх тодорхой зорилгын төлөө амиа өргөсөн төгс Аврагчийнхаа бэлгийг дурсан бид долоо хоног бүр талхны хэлтэрхийг хүртэж, жижигхэн аягатай усыг уудаг! Есүс хэрэгцээний маань дагуу бидэнд олон шинэ эхлэлийг өгдөг.

Христ доторх шинэ амьдралдаа тууштай, баяр баясгалантай байснаар бид “шинэ бүтээл” болж чадах ба хуучин нь өнгөрч, бүх зүйл шинэ болно. Унасан дэлхий дэх амьдралын хүнд хэцүү зовлон бэрхшээл, бүтэлгүйтлийг үл харгалзан Гэтэлгэгчийн маань эдгээх, сэргээх хүчинд итгэхийг үргэлжлүүлэн сонгож хичээсээр байдаг бодгальд тийм шинэ өглөө ямар амралтыг авчирдаг вэ? Аврагч өвдсөний улмаас бүр дагжин чичирч, сүв бүрээс нь цус шүүрч, бие болон сүнсний аль алинаар нь зовж, тэрхүү гашуун аягыг холдуулахын төлөө залбирч байхдаа хүртэл Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэх, Өөрийн цагаатгагч тэнгэрлэг зорилгыг биелүүлэх амлалтаасаа хэзээ ч ухраагүй. Тэрээр бидэнд Бурхантай хамт итгэлтэйгээр тэвчихэд ямар байхыг дахин харуулсан.

Бид байгуулдаг гэрээнүүдийнхээ, тэдгээрийг сахихын тулд гаргадаг хичээл зүтгэлийнхээ тоогоор “шинэ зүрхийг” бас илүү бүрэн дүүрэн “шинэ сүнсийг” хүлээн авч чадна. Түүний сайн сайхныг бага багаар зүрх сэтгэлдээ урьж оруулан, өөрийгөө чамласан дуу хоолойг оюун бодлоосоо үлдэн хөөснөөр бид Түүний хүмүүс болдог юм. Учир нь ингэж л бид үнэхээр Түүнийг Бурханаа болгодог. Есүс бидний Хаан, Хоньчин, Энхийн Жонон байхыг эгээрэн хүсдэг ба бид зүрх сэтгэл, оюундаа Түүнийг ийм байлгахаар сонгох ёстой.

Наманчлалыг хэрхэн харах тухай шинэ эхлэл

Наманчлал нь шинэ эхлэл, цоо шинэ эхлэл, хоёр дахь боломжийг олж авах хаалгыг бидэнд нээж өгдөг. Бидний хайрт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сургаал наманчлалын тэнгэрлэг бэлгийн талаарх буруу ойлголтуудыг залруулснаар эцэст нь бид үүнийг ойлгож эхэлсэн гэж би бодож байна.

Өсвөр үеийнхнийг өөрсдийнх нь хувьд наманчлал ямар утгатайг тайлбарлахыг сонсох үнэхээр сэтгэл хөдлөм байдаг. Саяхан би нэгэн залуу эмэгтэй баясгалантайгаар “Би наманчлалын тухай, өдөр бүрийн наманчлалын тухай бодох үедээ гайхалтай баяр хөөр, найдварыг мэдэрдэг. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ бас Аврагчийнхаа хайр, аз жаргалыг мэдэрдэг. Тулгарч буй бүхий л бэрхшээлдээ тусламж гуйн Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахаас би айдаггүй. Тэд намайг буруу зүйл хийж байхад барьж авах гэж хичээдэггүй гэдгийг би мэднэ. Тэдний мутар дэлгээстэй байгаа. Энэ бол миний хувьд наманчлал юм” гэж хэлсэн. Есүс Христийн ачаар хэдэн ч удаа шинээр эхэлж чадна гэдгээ энэ залуу эмэгтэй ойлгодог!

Бүх хүнд, бүх цаг үед зориулсан шинэ эхлэл

Та шинээр эхлэх хэрэгтэй байна уу? Та ч гэсэн цоо шинээр эхэлж чадах болов уу? Аврагчийн тохинуулсан, заасан, эдгээсэн, амилуулсан, өршөөсөн, сэргээн босгосон хүмүүсийн талаар бод. Тэр тэднийг тодорхой эдийн засгийн анги давхарга, гарал үүслээр нь сонгосон уу? Тэр тэднийг зөв шударга, ёс бус гэж ялгасан уу? Давуу эрхтэй, илүү хайр татам байсан болохоор тэднийг онцолсон уу? Үгүй.

Эдгээх хүчинд нь найдсан агуу итгэлтэй зарим хүмүүс тухайлбал цус алдах өвчтэй эмэгтэй, зарц нь үхлүүт Ромын зуутын дарга, уяман өвчтөн, Иаир ба сохор Бартимай гэхчлэн Түүнд ирсэн. Тэд бүгд эгзэгтэй үед итгэж, Назарын раббигийн сайн сайхан, хүч чадал өөрсдийнх нь амьдрал, алсын харааг өөрчилнө гэж найдсан. Тэр тэгсэн. Тэр эдгээсэн.

Гэвч Есүс “Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач” хэмээн гуйсан өвчтэй хүүгийн эцэг шиг итгэлдээ эргэлзсэн хүмүүсийг бас адисалсан. Магадгүй та нар бас ийн гуйж байсан удаатай байх. Түүнчлэн Тэрээр завхайрч байгаад баригдсан эмэгтэй, Найны бэлэвсэн эхнэр, Бетзада цөөрмийн дэргэдэх хатангир хүн, төрөлхийн сохор хүн гээд бүр Өөрийг нь огт эрэлхийлээгүй хүмүүс дээр ч гэсэн нинжин сэтгэлээ цутгасан. Та Түүнийг эрэлхийлээгүй, дагаагүй байсан ч Тэр таны амьдралд сайныг үйлдэхийг та мэдэрч байсан уу?

Судрын эдгээр дүр бүрд мөн сонсож, хариулах хүн бүрд Тэрээр нүглээс өршөөгдсөн шинэ амьдралыг, өвчнөөс эдгэрсэн шинэ амьдралыг, үхлээс амилсан шинэ амьдралыг буюу шинэ эхлэлийг өгсөн.

Энэ нь таны мөн миний хувьд ямар утгатай вэ? Түүний сайн сайхан, нигүүлсэл, хайраар дүүрэн нинжин сэтгэлд хязгаар гэж үгүй. Эцэгийн төлөвлөгөөний төвд шинэ эхлэл байдаг! Хүүгийн зорилго бол шинэ эхлэл юм. Шинэ өглөө, шинэ бүлэг, шинэ боломж бол сайн мэдээний сайхан мэдээний энгийн цөм юм.

Тэгвэл та шинэ эхлэлийг хүлээн авахааргүй хэтэрхий удаан гэрээнүүдээсээ холдсон байна уу? Үгүй. Энийг эсвэл тэрийг хэтэрхий олон үйлдсэн учраас өөр боломж байхгүй гэж үү? Үгүй. Христээс хэт холдож явсан учраас Тэр танд үүнээс цааш шинэ түүхээ бичихэд туслахгүй гэж үү? Үгүй. Би ч өнгөрсөн хүн дээ гэсэн бодлоос тань ашиг хүртдэг цорын ганц нэгэн бол дайсан. Та өнгөрсөн хүн биш ээ.

Бид нүгэлтэй, алдаатай учраас л шинээр эхэлдэг юм биш. Аврагчийн сайн сайхан, ач ивээлээр бид хуучин сэтгэлгээ, муу зуршил, ууртай ярдаг зан авир, сөрөг хандлага, сул доройгийн мэдрэмж, бусдыг буруутгаж хариуцлагаас мултардаг байдлаа өөрчилж, цоо шинээр эхэлж чадна. Үнэндээ таныг олон жилийн турш мохоож ирсэн дотор тань байгаа зүйлсийг та өөрчилж чадна. Шинэ эхлэлийн Багшаас ирдэг хүч чадлаар дамжуулан та дахин эхэлж чадна. Тэр бидэнд шинэ эхлэлийг өгөхөөс хэзээ ч цуцдаггүй.

Нэг л нүгэлтэйгээ, нэг л бүтэлгүйтэлтэйгээ ахин дахин тэмцэж байгаа хүмүүст хандан хэлэхэд, үргэлжлүүлэн хичээгээрэй. Тэр өмнө тань хаалт босгоогүй. Тэр хоёр дахь боломжийг тань хязгаарлаагүй. Урагш тэмүүлээрэй. Шантралгүй үргэлжлүүлээрэй. Эргэн тойрны хүмүүсээсээ тусламж эрэлхийлээрэй. Эцэг рүүгээ чин сэтгэлээсээ эргэх бүрд таныг хүлээж байдаг тэдгээр шинэ эхлэлд итгээрэй! Санаатай нүглийг, хэвшмэл давталтыг, бардам эсэргүүцлийг байх ёстой газарт нь буюу ардаа үлдээгээрэй. Та өмнө нь хэн байсан тэр чигээрээ үлдэх ёсгүй. Есүс Христийн цагаатгагч цусаар боломжтой болсон шинэ эхлэлийг, хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх, зуу дахь боломжоо баяртайгаар хүлээн авагтун.

Би хүлээн авсан мөн хүлээн авах бүхий л шинэ эхлэлдээ талархах талархлаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна.

Дүгнэлт

Аврагчийн маань хэлсэн сүүлийн даруухан мэдэгдэлгүйгээр өнөөдөр бидэнд найдах, баярлах шалтгаан үгүй байх байсан. Гетсемани дахь зовлон шаналлынхаа дараа загалмай дээрх тарчлалынхаа төгсгөлд Тэр зүгээр л “Гүйцэлдлээ” хэмээн хэлсэн. Мессиагийн бошиглол биелж, хүн төрөлхтний нүгэл, зовлонгийн төлөөс бүрэн төлөгдсөн. Тэрээр хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол нь “гүйцэлдлээ” хэмээн тунхагласан. Тэр Өөрөө гурав дахь өдрөө Эцэгийн хүчээр сүр жавхлант, амилсан нэгний хувиар шинээр эхэлж, шинэ амьдралыг мэдэх хүртэл Цагаатгал бүрэн гүйцэлдэхгүй байх байсан.

Тэр үргэлж Эцэгтээ тааламжтай зүйлсийг үйлддэг байсан учраас “бүх зүйлд Эцэгийн тааллыг хүлцсэн” учраас та бас би шинээр эхэлж чадна. Шинээр эхлэх боломжоо өнөөдөр, яг одоо хүлээн авна уу. Есүс Христ бол итгэлийн маань Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч. Тэр тоолшгүй олон шинэ бүлгийг бидэнтэй хамт бичиж байгаа. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, бидний ичгүүр зовлонгийн төгсгөл, Түүн доторх шинэ амьдралын эхлэл билээ. Тэр бидэнд өнгөрснөө ардаа орхиж, шинэ өглөө бүр хэдэн удаа ч дахин эхлэхийг зөвшөөрснөөр Өөрийнхөө ач ивээлийг өгдөг. Үнэхээр Түүний “сайн сайхан хийгээд хайр энэрэл [биднийг] насан туршид [маань] дагана.” Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Үйлс 10:38; мөн Gospel Library дахь “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг үзнэ үү.

  2. Моронай 7:12–13-ыг үзнэ үү.

  3. Гэтлэл 34:5–7-г үзнэ үү.

  4. Иохан 21:25

  5. Марк 2:5

  6. Марк 5:41

  7. Maтай 8:3

  8. Иохан 8:11

  9. Лук 8:48

  10. Шэйн М.Бөүэн, “Би амьд учраас, Та нар бас амьдарна,” 2012 оны 11-р сарын Ерөнхий чуулган, 15–17-г үзнэ үү.

  11. Иохан 3:3; Moзая 27:25

  12. Ром 6:4

  13. Moронай 6:8

  14. 2 Коринт 5:17

  15. Сургаал ба Гэрээнүүд 19:16–19-ийг үзнэ үү.

  16. Езекиел 36:26–28-ыг үзнэ үү.

  17. “Бидний Есүс Христэд итгэх итгэл, Түүнийг хайрлах хайр биднийг наманчлахад мөн Түүний таалалд нийцдэггүй санаа бодол, итгэл үнэмшил, зан байдлаа өөрчлөхөд хөтөлдөг. Наманчлалд Бурханы болон өөрсдийн тухай, түүнчлэн дэлхий ертөнцийн талаар шинэ үзэл бодолтой болох явдал багтдаг” (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж [2004], 62).

    “Наманчлалын сургаал нь толь бичгийн тодорхойлолтоос хавьгүй өргөн хүрээтэй. Есүс ‘наманчил’ хэмээн хэлэхэд Түүний төлөөлөгчид энэ зарлигийг грек хэл дээр metanoeo гэсэн үйл үгээр тэмдэглэжээ. Энэ хүчирхэг үг нь маш их ач холбогдолтой. Энэ үгийн угтвар meta гэдэг нь ‘өөрчлөх’ гэсэн утгатай. Дагавар нь дөрвөн чухал грек үгтэй холбоотой. Үүнд: ‘оюун санаа’ гэсэн утгатай nous, ‘мэдлэг’ гэсэн утгатай gnosis ‘сүнс’ гэсэн утгатай pneuma, мөн ‘амьсгал’ гэсэн утгатай pnoe” (Russell M. Nelson, “Repentance and Conversion,” Liahona, May 2007, 103).

    Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг.

    “… Өдөр бүр арай илүү сайныг үйлдэж, сайн байснаар өдөр тутам наманчлахын хүчирхэгжүүлэгч хүчийг мэдэр.

    Бид наманчлахыг сонгохдоо өөрчлөгдөхийг сонгож байна гэсэн үг! Бид өөрсдийгөө хамгийн сайн хувилбараар өөрчлөх боломжийг Аврагчид олгодог. Бид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, баяр баясгаланг хүлээн авах буюу Түүнд байдаг гэтэлгэлийн баяр баяслыг мэдрэх сонголтыг хийдэг. Бид наманчлахыг сонгохдоо Есүс Христтэй илүү адил болохыг сонгодог!” (Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.)

    Өдөр бүр наманчлахад ирдэг баяр баясгаланг олж мэд.

    Наманчлал хэр чухал вэ? Бид “наманчлал түүнчлэн … Их Эзэнд итгэх итгэлээс өөр юуг ч номлох ёсгүй” [Мозая 18:20] гэж Алма заасан. Мөнхийн алдар сууг хүсдэг хариуцлагатай хүн бүрээс наманчлахыг шаарддаг. Үүнээс хэн ч бултах аргагүй. …

    “Гэрээний замаар алхахын зэрэгцээ өдөр бүр наманчилснаар бид сүнслэг эерэг инерцээ тэтгэдэг” (Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, 98-99.)

  18. Марк 5:25–34-ийг үзнэ үү.

  19. Матай 8:5–13-ыг үзнэ үү.

  20. Maтай 8:1–4-ийг үзнэ үү.

  21. Марк 5:22–43-ыг үзнэ үү.

  22. Марк 10:46–52-ыг үзнэ үү.

  23. Марк 9:17–27-г үзнэ үү.

  24. Иохан 8:3–11-ийг үзнэ үү.

  25. Лук 7:12–15-ыг үзнэ үү.

  26. Иохан 5:1–9-ийг үзнэ үү.

  27. Иохан 9:1–7-г үзнэ үү.

  28. Иохан 19:30

  29. Aлма 34:14–16-г үзнэ үү.

    “Аврагч ‘Гүйцэлдлээ’ гэж хэлэхдээ Өөрийн мөнх бус амьдралын туршлагыг дурдсан юм. Учир нь Түүний цовдлолт гүйцэлдсэн ч, тасралтгүй нэмэгдэх хүчнийх нь нэгэн хэсэг байсан юм” (Spencer W. Kimball, in Conference Report, Apr. 1946, 49).

    “Аврагч загалмай дээр нас барснаар ‘Гүйцэлдлээ’ гэж хэлснээр Түүний ажил дуусаагүй. Тэр эдгээр үгийг дэлхий дээрх агуу үйл хэргээ дурдаж бус, харин Өөрийнхөө амссан зовлон зүдгүүрийг илэрхийлж ашигласан” (Иосеф Ф. Смит, Gospel Doctrine, 5th ed. [1939], 449–50).

  30. Иохан 8:29-ийг үзнэ үү.

  31. 3 Нифай 11:11

  32. Дуулал 23:6