Ерөнхий чуулган
Бие биенээ хөгжөөн дэмжих нь
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


11:53

Бие биеэ хөгжөөн дэмжих нь

Зөвхөн Их Эзэн бидний хувийн ​​хязгаарлалт мөн чадавхыг бүрэн мэддэг. Тиймээс ч Тэр бидний гүйцэтгэлийг шүүх бүрэн эрхтэй цорын ганц хүн юм.

Миний сэтгэлийг гүнээ хөндсөн нэгэн үйл явдлын талаар би саяхан уншсан юм. Энэ үйл явдал АНУ-ын Хөнгөн атлетикийн мастерс ангиллын үндэсний аварга шалгаруулах тэмцээн буюу ахмадуудын тэмцээний үеэр болжээ.

100 настай Орвилл Рожэрс нь 1500 метрийн гүйлтийн тэмцээний оролцогчдын нэг байв. Сэтгүүлч ийн бичжээ:

“Гарааны буу дуугаран тамирчид хурдтай гүйж эхлэхэд Орвилл шууд л баян ходоод болж, уралдааны турш ганцаар удаан шогшин гүйв. Сүүлээсээ хоёр дахь гүйгч бариандаа орох үед Орвиллд хоёр хагас тойрог үлдсэн байлаа. Бараг 3000 үзэгч түүнийг гүйлтийн замаар орь ганцаараа, чимээгүйхэн гүйхийг амьсгаагаа даран харж суув.

[Харин] түүнийг сүүлчийн тойрог руугаа орох үед үзэгчид босож дэмжин, алга ташицгаалаа. Түүнийг бариа руу дөхөхөд хүмүүс дуу нийлүүлэн орилолдож байв. Олон мянган үзэгчийн дэмжих уухайн дор Орвилл сүүлчийн хүчээ шавхан гүйв. Түүнийг барианд ороход өрсөлдөгчид нь тэврэн авч, олон түмний баярлан хөөрөх дуу цуурайтаж байлаа. Орвилл цугларсан хүмүүс рүү даруухнаар даллаж, талархаад шинэ найзуудтайгаа хамт уралдааны замаас гарав.”

Энэ бол Орвиллын хувьд тэмцээний тав дахь уралдаан байсан бөгөөд бусад төрөл бүрд тэр бас л сүүлийн байрыг эзэлжээ. Зарим хүн Орвиллыг шүүж, өдий насандаа тэмцээнд оролцох ёсгүй байсан, бусдад төвөг удаж, оролцсон уралдаан бүрийнхээ хугацааг маш их сунгаж байсан учраас гүйлтийн зам дээр гарах ч хэрэггүй байж гэж бодож байсан байж магад.

Хэдийгээр Орвилл бүх тэмцээндээ хамгийн сүүлд орсон ч тэр өдөр дэлхийн таван дээд амжилтыг эвджээ. Түүнийг уралдаж байхыг харсан хэн ч ийм зүйл болно гэдэгт итгэхгүй байсан ч үзэгчид, өрсөлдөгчдийн аль аль нь шүүгч байсангүй. Орвилл ямар ч дүрэм зөрчөөгүй, албаны хүмүүс ч ямар ч жишгээ бууруулаагүй. Тэрээр уралдаанд бусдын адил оролцож, бусад өрсөлдөгчтэйгөө адил шаардлагыг биелүүлсэн. Гэхдээ энэ тохиолдолд түүний хувьд хэр хүнд байсныг мөн нас, биеийн хязгаарлагдмал чадавхыг нь харгалзан үзэж 100-аас дээш насны ангилалд оруулсан байлаа. Харин тухайн ангилалдаа тэр дэлхийн таван дээд амжилтыг эвдсэн юм.

Гүйлтийн зам дээр гарах бүрдээ Орвилл асар их зориг гаргаж байсан шиг, бидний зарим эгч ах ч гэсэн Аврагчийг дагахыг мөн Түүнтэй байгуулсан гэрээгээ эрхэмлэн дээдлэхийг бүхий л чадлаараа хичээж, шударга бусаар шүүгдэж магадгүй гэдгээ мэдсэн ч амьдрал гэгч дэвжээн дээр өдөр бүр асар их зориг гарган гардаг.

Дэлхийн хаана ч амьдардаг, хэдэн настай ч байсан бай нөхцөл байдал, хязгаарлалтаас үл хамааран бид бүгд аливаа зүйлийн нэгэн хэсэг, бусдад хэрэгтэй, хүсүүштэй хүн гэдгээ мөн бидний амьдрал зорилго чиглэл, утга учиртай гэдгийг мэдрэх нь бидний үндсэн хэрэгцээ юм.

Уралдааны сүүлчийн тойрогт цугласан олон Орвиллыг уухайлан дэмжсэн нь цааш явах хүч чадлыг түүнд өгчээ. Сүүлчийн байранд орсон нь тэдэнд хамаагүй байв. Оролцогчид болон цугларсан хүмүүсийн хувьд энэ нь зүгээр нэг тэмцээн байсангүй. Энэ нь олон талаараа Аврагчийн хайрын бодит илрэлийн гайхамшигт жишээ байсан юм. Орвиллыг бариандаа орж ирэхэд тэд бүгд хамтдаа баяссан.

Яг л Мастерс ангиллын аварга шалгаруулах тэмцээн шиг манай цуглаанууд ба гэр бүл нэг нэгийгээ уухайлан дэмжихээр цуглардаг газар буюу тулгарсан аливаа бэрхшээлийг даван туулахад нь тусалдаг, нэг нэгнээ шүүхгүйгээр хүч чадал, урам зориг өгдөг Христийн хайраар тэжээгддэг гэрээгээр холбогдсон хамт олон байж чадна. Бид нэг нэгэндээ хэрэгтэй. Тэнгэрлэг хүч эв нэгдлээс ирдэг. Тиймээс Сатан биднийг хагалан бутаргахыг санаархдаг.

Харамсалтай нь зарим хүний хувьд Сүмд явах нь олон шалтгаанаас болоод хааяа хэцүү санагддаг. Тэр хүн итгэлийн тал дээр асуудалтай эсвэл олны дунд байхаас зайлсхийдэг эсвэл сэтгэлийн хямралтай байж болох юм. Эсвэл тэр хүн өөр улс орноос ирсэн, өөр арьсны өнгө, амьдралын туршлагатай, аливааг өөр өнцгөөс хардаг, бусдаас өөр нэгэн ч байж болно. Бүр нялх нярай, бага насны хүүхдүүдтэй нойргүйдэлд орсон, сэтгэл санааны хямралтай эцэг эх эсвэл хосууд, гэр бүлээр дүүрэн цуглаанд явдаг ганц бие хүн ч байж болох юм. Тэр бас олон жил холдсоныхоо дараа зориг гарган буцаж ирж байгаа эсвэл өөрийгөө хүссэн хэмжээнд нь хүрэхгүй, хэзээ ч нэгэн хэсэг нь болохгүй юм байна гэсэн бодлыг тээж яваа нэгэн байж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Хэрэв танай тойргийн хос салбал эсвэл залуу номлогч номлолоосоо эрт буувал эсвэл өсвөр насны хүүхэд гэрчлэлдээ эргэлзвэл тэдэнд таны шүүмжлэл хэрэггүй. Тэд таны үг, үйлдлээс Есүс Христийн цэвэр хайрыг мэдрэх хэрэгтэй” хэмээн хэлсэн.

Сүм дээрх туршлагууд маань бидний сүнслэг болон сэтгэл санааны сайн сайханд нэн хэрэгтэй бөгөөд Их Эзэнтэй болон бие биетэйгээ холбогдох амин чухал харилцаа холбоог үүсгэх зорилготой. Баптисмаар эхэлдэг Бурхантай байгуулдаг гэрээнүүдийн маань салшгүй хэсэг нь зүгээр л биднээс хүсдэг хийх ажлын жагсаалт биш харин Бурханы гэр бүлийн гишүүн, Христийн биеийн нэгэн хэсгийн хувьд бие биеэ хайрлаж, халамжлах үүрэг хариуцлага юм.

Христийнхтэй адил хайр нь илүү дээд түвшний, илүү ариун хайр юм. Христийн цэвэр хайр бол энэрэл билээ. Ерөнхийлөгч Нэлсоны заасанчлан: “Энэрэл нь нэг нэгнийхээ ачааг хүндрүүлэхийн оронд ‘нэг нэгнийхээ ачааг үүрэлцэхэд бэлэн бай[х]’ [Мозая 18:8] хүсэлтэй болгодог.”

Аврагч “Бие биедээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Нэлсон цааш нь “Энэрэл нь Есүс Христийн жинхэнэ дагалдагчийн гол зан чанар.” “Аврагчийн захиас тодорхой: Түүний жинхэнэ шавь бусдыг хөгжүүлж, өргөж, урамшуулан дэмжиж, ятгаж, сүнслэгээр өдөөдөг. … Бусдын талаар хэрхэн ярьж байгаа байдал маань үнэхээр чухал” хэмээн хэлсэн.

Энэ талаарх Аврагчийн сургаал маш энгийн. Үүнийг “Бусдаас өөрт чинь үйлдэхийг хүссэн шигээ бусдад үйлдээрэй” гэсэн алтан дүрэмд хураангуйлсан байдаг. Өөрийгөө тухайн хүний ​​оронд тавиад, тэдний оронд байсан бол өөртэйгөө хэрхэн харьцаасай гэж хүсэх байсан шиг тэдэнд ханд.

Бусдад Христийн адил хандах хандлага нь манай гэр бүл, цуглааны хүрээнээс гадуур ч хэрэгжих ёстой. Үүнд өөр шашин шүтдэг эсвэл огт шүтдэггүй бидний ахан дүүс багтдаг. Үүнд өөр улс орноос ирсэн, өөр соёлтой, түүнчлэн улс төрийн өөр итгэл үнэмшилтэй ахан дүүс маань ч багтдаг. Бид бүгдээрээ Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг бөгөөд Тэрээр бүх хүүхдэдээ хайртай. Тэрээр хүүхдүүдээ Өөрийг нь бас бие биеэ хайрлаасай хэмээн хүсдэг.

Аврагчийн амьдрал нийгэмд гадуурхагдаж, бузар хэмээн үзэгддэг байсан хүмүүсийг ч хайрлаж, цуглуулж, дэмжихийн үлгэр жишээ байсан. Түүний үлгэр жишээг дагахыг бидэнд зарлигласан. Бид Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж, эцэст нь Аврагчтайгаа адил болохын тулд энд байгаа. Түүний сайн мэдээ бол хийх ажлын жагсаалт биш. Энэ нь Түүн шиг болох, Түүн шиг хайрладаг болох сайн мэдээ юм. Тэр биднийг Сионы хүмүүс болоосой хэмээн хүсдэг.

Би 20 нэлээн гараад сэтгэлийн гүн хямралд орсон юм. Тэр үед Бурхантай хамт байсан бодит амьдрал маань гэнэт алга болсон юм шиг санагдах болсон. Юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байгаа ч бүрэн төөрөлдсөн мэт санагдсан гэх үү дээ. Би бага байхаасаа л Тэнгэр дэх Эцэг минь байдаг, Түүнтэй ярилцаж болно гэдгээ үргэлж мэддэг байсан. Гэвч тэр хэсэг хугацаанд би Бурхан байдаг эсэхийг мэдэхээ больсон. Амьдралд маань өмнө нь ийм зүйл огт тохиолдож байгаагүй бөгөөд итгэлийн маань суурь бүхэлдээ ганхаж байгаа юм шиг санагдаж билээ.

Үүнээс болж сүмд явах ч хэцүү болсон. Би явдаг байсан ч “идэвхгүй” эсвэл “итгэл султай” гэж нэрлэгдэх вий мөн хэн нэгэнд хариуцуулсан “төсөл” болох вий гэж эмээсэндээ л явдаг байв. Тэр үед эргэн тойрныхоо хүмүүсээс шүүмжлэл сонсох биш, тэдний жинхэнэ хайр, ойлголт, дэмжлэгийг мэдрэх нь үнэхээр надад хэрэгтэй байсан.

Хүмүүс миний талаар тэгж бодох вий гэж эмзэглэн бодож байсан зарим зүйл маань бусдыг сүмдээ тогтмол ирэхгүй байхад тэдний талаар миний боддог байсан зүйл байсан. Тэр хэцүү туршлага яагаад бидэнд бие биеэ шударга бусаар шүүхгүй байхыг зарлигласан талаар үнэтэй сургамжийг надад өгсөн.

Хүмүүс ямар хандлага гаргахыг мэдэхгүй тул чимээгүйхэн шаналж, зовлон бэрхшээлээ үзүүлэхээс эмээн нууж буй хүмүүс бидний дунд байна уу?

Зөвхөн Их Эзэн амьдрал гэгч уралдаанд бидний хүн нэг бүр яг юу үүрэн гүйж байгааг буюу тэр болгон хүний нүдэнд өртөөд байдаггүй ачаа дарамт, зовлон бэрхшээл, саад тотгорыг бүрэн мэддэг. Зөвхөн Тэр л бидний өмнө нь туулсан, одоо ч нөлөөгөө үзүүлж байгаа амьдралыг маань өөрчилсөн шарх, гэмтлийг бүрэн ойлгодог.

Ихэнхдээ бид зам дээр илүү хол түрүүлэх ёстой гэж бодон өөрсдөдөө ч хатуурхдаг. Зөвхөн Их Эзэн бидний хувийн ​​хязгаарлалт мөн чадавхыг бүрэн мэддэг. Тиймээс ч Тэр бидний гүйцэтгэлийг шүүх бүрэн эрхтэй цорын ганц хүн юм.

Ах эгч нар аа, дээрх тэмцээний үзэгчид шиг байж, нөхцөл байдлаас үл хамааран шавийн аян зам дээр бие биеэ дэмжицгээе! Үүний тулд бид дүрэм зөрчин, жишгээ бууруулах шаардлагагүй. Энэ бол үнэндээ хөршөө өөр шигээ хайрла гэсэн хоёр дахь агуу зарлиг юм. Бидний Аврагчийн хэлсэнчлэн үр дүн нь сайн ч бай муу ч бай “Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг.” Тэрээр мөн бидэнд “Хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” хэмээн хэлсэн.

Бидний хүн нэг бүрд амьдралд бусдаас тусламж авах, урмын үг сонсох хэрэг гарна. Бүгдээрээ үргэлж бие биедээ ийн хандахаа амлацгаая. Тэгвэл бид илүү эвлэлдэн нэгдэж, Аврагчид хүн нэг бүрийг эдгээж, өөрчлөх ариун нандин ажлаа хийх орон зайг гаргаж өгнө.

Амьдрал гэгч энэ уралдаан, мөнх бус амьдралын энэхүү аянд хоцорч байна гэж бодож байгаа хүн нэг бүрд хандаж хэлэхэд, үргэлжлүүлээрэй. Зөвхөн Аврагч л энэ мөчид таны яг хаана байх ёстойг бүрэн шүүж чадах ба Тэр энэрэнгүй бөгөөд шударга юм. Тэр бол амьдрал гэгч энэ уралдааны Агуу Шүүгч бөгөөд зөвхөн Тэр л таны хэр их хүнд ачаа үүрэн гүйж, алхаж, шогшиж байгааг бүрэн ойлгодог. Тэр таныг хязгаарладаг зүйлс мөн таны чадавх, амьдралын туршлага, дотроо үүрч яваа ачаа дарамт, зүрх сэтгэлийн тань хүслийг харгалзан үзнэ. Та үнэндээ дэлхийн дээд амжилтыг эвдэж байж ч магад шүү дээ. Итгэл найдвараа бүү алд. Үргэлжлүүлэн гүй! Замдаа үлд! Та нэгэн хэсэг гэдгээ сана. Их Эзэнд та хэрэгтэй. Бидэнд бас та хэрэгтэй!

Та дэлхийн хаана ч амьдарч, хэчнээн алслагдсан байсан ч гэлээ Тэнгэр дэх Эцэг, Аврагч хоёр тань таны хэн болохыг бүрэн мэддэг мөн таныг төгс хайрладгийг үргэлж санаж яваарай. Тэд таныг хэзээ ч мартахгүй. Тэд таныг гэртээ авчрахыг хүсдэг.

Аврагчаас хараагаа бүү салга. Тэр бол таны төмөр бариул билээ. Түүний мутрыг бүү тавь. Тэр амьд бөгөөд та Түүнд итгэж болно гэдгийг би гэрчилж байна. Тэр бас таныг хөгжөөн дэмжиж байгааг би гэрчилж байна.

Бид бүгдээрээ Аврагчийн үлгэр жишээг дагаж, бие биеэ хөгжөөн дэмжих нь Есүс Христийн нэр дээрх миний залбирал юм, амен.

Эх сурвалж

  1. Жэффри С.Стронг, хувийн захидал; зөвшөөрлөөр ашиглав.

  2. Манай ерөнхийлөгчийн зөвлөлийн эн тэргүүнд тавьдаг зүйлсийн нэг бол эгч нартаа Сүмийн, ялангуяа Халамжийн нийгэмлэгийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд нь туслах явдал юм. Сэтгэлийг минь ихэд гонсойлгосон олон захидлыг би уншиж, олон тохиолдлын талаар сонссон.

  3. 1 Коринт 12:26-г үзнэ үү.

  4. Henry B. Eyring, “Our Hearts Knit as One,” Liahona, Nov. 2008, 68–71-ийг үзнэ үү; мөн Үлиссэс Соарэс, “Христ дотор нэг болой,” 2018 оны 11-р сарын ерөнхий чуулган; “One in Christ” (видео), Gospel Library-г үзнэ үү.

  5. 3 Нифай 11:29-ийг үзнэ үү.

  6. Рассэлл M.Нэлсон, “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” Лиахона, 2023 оны 5-р сар, 99. Мөнхүү үгэндээ тэрээр “зөрчилдөөн үүсэх тоолондоо Сүнсийг үргээдэг” гэж хэлсэн. (99-р хуудас). Бусдыг шүүмжилсэн бодол нь Сүнсийг бас үргээдэг гэдгийг би нэмж хэлье. Бид бусдыг шүүмжлэн дорд үзэж байгаа нь бардамналын нотолгоо бөгөөд ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэнчлэн “бардамнал бол эв нэгдлийн агуу дайсан юм” (“Our Hearts Knit as One,” 70).

  7. J. Anette Dennis, in “Come and Take Your Place as Covenant Women” (address given by the Relief Society General Presidency at Brigham Young University Women’s Conference, May 1, 2024), Gospel Library, Gospel Library-г үзнэ үү; мөн Мозая 18:8–10-ыг үзнэ үү.

  8. 1 Коринт 12:14–26-г үзнэ үү.

  9. Моронай 7:47-г үзнэ үү.

  10. Рассэлл М.Нэлсон, “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” 100; тодотгол нэмсэн.

  11. Иохан 13:35; тодотгол нэмсэн.

  12. Рассэлл М.Нэлсон, “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” 99, 98.

  13. Матай 7:12-ыг үзнэ үү.

  14. Бид Аврагчийг дагаж, Түүнтэй адил болохыг хүсэх үед хүн бүрийг Түүний мэлмийгээр харахыг хичээдэг болж, энэрлийн бэлгийг авахын төлөө үргэлжлүүлэн залбирах үед чин сэтгэлийн хайр, халамж бидний зүрх сэтгэлд өсөн нэмэгдэнэ. Бид үүргээ ухамсарласандаа бус харин аажим аажмаар Аврагчтайгаа адилхан болж байгаа учраас бусдыг “хөгжүүлэх, өргөн дэмжих, урамшуулан зоригжуулах, ятгах, сүнслэгээр өдөөх” хүсэлтэй болно (Рассэлл М.Нэлсон, “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” 100). Бусдад Христийн адил тохинуулах нь бидний хийдэг зүйл гэхээсээ илүү бидний мөн чанар болох юм.

  15. Мозая 23:15-ыг үзнэ үү.

  16. Жишээлбэл: Матай 9:10–13; Марк 1:40–42; Лук 8:43–48; 14:13–14; Иохан 4:7–26; 5:2–9; 8:3–11-ийг үзнэ үү.

  17. 3 Нифай 27:27-г үзнэ үү; мөн Робэрт К.Гэй, “Есүс Христийн нэрийг өөрсдийн дээр авах нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97– 100-г үзнэ үү.

  18. “Биднийг хагаралдуулж буй зөрчилдөөнийг шийдвэрлэх цорын ганц эцсийн шийдэл бол бүгдээрээ Аврагчийнхаа сургаалыг дагаж, аажмаар Түүнтэй адил болох явдал юм” (Dallin H. Oaks, in Joel Randall, “Following Christ Is ‘a Continuous Commitment and Way of Life,’ President Oaks Teaches European Saints from Belgium,” Church News, July 14, 2025, thechurchnews.com).

  19. Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Liahona, Jan. 2001, 40–43-ыг үзнэ үү.

  20. Иохан 13:34-ийг үзнэ үү.

  21. “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг нэг зүрх, нэг оюунтай байж, зөв шударгаар амьдардаг Сионы хүмүүс болохын тулд хичээхийг уриалан дуудаж байна” (Квинтин Л.Күк, “Зүрх сэтгэлээ зөв шударга байдал, эв нэгдэлд нэгтгэх нь,2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19).

  22. See J. Anette Dennis, “Why I Choose to Stay” (address given at Brigham Young University Women’s Conference, May 2, 2024), Gospel Library-ийг үзнэ үү.

  23. Иосеф Смитийн Орчуулга, Maтай 7:1–2; (Матай 7:1, зүүлт тайлбар a); Алма 41:14-ийг үзнэ үү.

  24. Ж.Анэтт Дэннис, “Түүний буулга амархан, ачаа нь хөнгөн,” Лиахона, 2022 оны 11-р сар, 80–81-ийг үзнэ үү.

  25. Алма 7:11–12-ыг үзнэ үү.

  26. Матай 22:36–40-ийг үзнэ үү.

  27. Maтай 25:40

  28. Сургаал ба Гэрээнүүд 38:27

  29. Дуулал 145:8–9; Ефес 2:4–5-ыг үзнэ үү.

  30. Тамара В.Руниа, “Таны наманчлал Есүс Христэд ачаа дарамт бус баяр баясгалан мэдрүүлдэг,” Лиахона, 2025 оны 5-р сар, 91-ийг үзнэ үү.

  31. Сургаал ба Гэрээнүүд 137:9-ийг үзнэ үү.

  32. Ром 8:38–39-ийг үзнэ үү.

  33. Патрик Кийрон, “Биднийг гэртээ аваачих нь Бурханы зорилго юм,” Лиахона, 2024 оны 5-р сар, 87–89-ийг үзнэ үү.

  34. Иохан 1, бүлгийн гарчиг ба 1-р шүлэг; 1 Нифай 11:24–25-ыг үзнэ үү.

  35. Жэффри Р.Холланд, “Маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116-г үзнэ үү.