Тэд өөрсдөө шүүгчид билээ
Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, Бурхантай гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахиж, нүглүүдээ наманчилсан бол шүүлтийн индэр тааламжтай байх болно.
“Христэд ирэгтүн”, мөн “түүгээр төгөлдөржигтүн”, “бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж,” “Бурханыг өөрсдийн бүх чадавх, оюун ухаан болон хүч чадлаар хайрла” хэмээх Моронайн сүнслэг урилгаар Мормоны Ном төгсдөг. Сонирхолтой нь түүний захиасын сүүлийн өгүүлбэр Амилалт, Эцсийн шүүлтийн аль алиныг нь сануулдаг.
Тэрээр: “Миний сүнс болон махбод дахин нэгдэж, мөн амьд үхсэний аль алиных нь Мөнхийн Шүүгч, агуу Иеховагийн таалалт индрийн өмнө та нартай уулзахаар би агаараар ялгуусан байдалтайгаар хүргэгдэх хүртэл, Бурханы диваажинд амрахаар удахгүй явах болно би” гэсэн.
Моронай Эцсийн шүүлтийг дүрслэхдээ “таалалт” гэдэг үгийг ашигласан нь надад сонирхолтой санагдаж байна. Мормоны Номын бусад бошиглогч шүүлтийг мөн л “гайхамшигт өдөр” мөн бидний “итгэлийн нүдээр харуулдан хүлээх” ёстой өдөр хэмээн дүрсэлсэн байдаг. Гэвч ихэвчлэн биднийг шүүлтийн өдрийн талаар бодоход “ичгүүр болон аймшигт гэмшил”, “аймшигт айдас мөн түгшүүр”, “төгсгөлгүй зовлонгийн байдал” гэх зэрэг бусад бошиглолын дүрслэл санаанд орж ирдэг.
Хэл бичгийн энэхүү туйлын эсрэг тэсрэг байдал нь Христийн сургаал Моронайд болон бусад бошиглогчид тэрхүү агуу өдрийг сүнслэгээр бэлтгэгдээгүй хүмүүст сэрэмжлүүлсэн айдсын оронд хүсэл, найдвар тээн хүлээх боломжтой болгосон гэдгийг харуулж байгаа гэдэгт би итгэдэг. Моронай та бидний сурах хэрэгтэй юуг ойлгосон бэ?
Биднийг Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө, ач ивээл,, Эцэгийн төлөвлөгөөн дэх Аврагчийн цагаатгах үүрэг, бид хэрхэн “шүүлтийн өдөр нүглүүдийнхээ төлөө хариуцлага хүлээх” талаар хэлэлцэх үед Ариун Сүнс туслах болтугай хэмээн би залбирч байна.
Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө
Эцэгийн төлөвлөгөөний хамгийн гол зорилго бол Өөрийн хүүхдүүдэд бие махбодыг хүлээн авч, мөнх бус амьдралын туршлагаар дамжуулан “сайныг муугаас” ялган сурч, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, мөнхөд ахиж дэвших боломжуудыг олгох явдал юм.
Сургаал ба Гэрээнүүд дээр дурдсан “ёс суртахууны сонгох эрх” нь Өөрийнхөө охид, хөвгүүдэд үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах Бурханы төлөвлөгөөний гол хэсэг юм. Энэхүү чухал зарчим нь түүнчлэн сонгох эрх, сонгох, үйлдэх эрх чөлөө хэмээн судруудад дүрслэгдсэн байдаг.
“Ёс суртахууны сонгох эрх” гэдэг хэллэг нь сургамжит утгыг агуулдаг. “Ёс суртахуун” гэдэгтэй адил утгатай үгсэд “сайн”, “зөв шударга”, “ёс зүйтэй” гэдэг үгс багтана. “Үйлдэл”, “үйл ажиллагаа”, “үйлс” хэмээх үгс нь “сонгох эрх” гэдэгтэй адил утгатай үгс юм. Иймээс “ёс суртахууны сонгох эрх” гэдгийг сайн, зөв шударга, ёс зүйтэй, үнэн арга замаар өөрсдийн төлөө сонгож, үйлдэх чадвар болон онцгой эрх гэж ойлгож болох юм.
Бурханы бүтээлд “үйлдэх зүйлс болон үйлдүүлэх зүйлс” аль аль нь багтдаг билээ. Ёс суртахууны сонгох эрх нь тэнгэрлэг арга замаар бий болсон “бие даан үйлдэх хүч” бөгөөд энэ нь бидэнд Бурханы хүүхдүүдийн хувьд үйлдүүлэх амьгүй биет адил бус харин үйлдэх нэгэн болох хүчийг өгдөг.
“Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах юуг боловч, бүх зүйлийг” тэд хийх нь үү гэдгийг харахын тулд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг шалгах газар болгохоор дэлхийг бүтээсэн билээ. Бүтээлт болон бидний мөнх бус оршихуйн гол зорилго бол бидэнд үйлдэх боломжийг олгож, Их Эзэний та биднийг болоосой хэмээн урьдаг тэр нэгэн болох явдал юм.
Их Эзэн Еноход ийн зааварчлав:
“Өөрийн эдгээр ах дүүсийг болгоогтун; тэд бол миний мутрын бүтээл билээ, мөн би тэднийг бүтээсэн тэр өдөр тэдний мэдлэгийг би тэдэнд өгсөн бөлгөө; мөн би Едений цэцэрлэгт хүнд сонгох эрхийг нь өгсөн билээ;
“Мөн тэд бие биеэ хайрлах ёстой, мөн өөрсдийн Эцэг намайг сонгох ёстойг би чиний ах дүүст хэлж, мөн тэрчлэн зарлиг өгсөн билээ”.
Сонгох эрхийг хэрэгжүүлэхийн үндсэн гол зорилго бол нэг нэгнээ хайрлаж, Бурханыг сонгох явдал юм. Энэ хоёр зорилго нь Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла, мөн хөршөө өөрийн адил хайрла” гэсэн анхны ба удаах агуу тушаалтай яг таардаг.
Бидэнд ийн үйлдэхийг зөвхөн сэрэмжлүүлж зөвлөөгүй бөгөөд харин өөрсдийн сонгох эрхийг нэг нэгнээ хайрлан, Бурханыг сонгоход ашиглахыг зарлигласан гэдгийг эргэцүүлэн бодоорой. Судруудад “ёс суртахуун” гэсэн үгийн хувирал нь зөвхөн тэмдэг нэр биш харин сонгох эрхээ хэрхэн ашиглах ёстой талаарх бурханлаг заавар байж болно гэдгийг би санал болгомоор байна.
Бидний мэдэх “Зөвийг сонго” гэдэг дууллыг ингэж нэрлэсэн нь учир шалтгаантай. Биднийг дуртай цагтаа хүссэнээ хий гэж ёс суртахууны сонгох эрхээр адислаагүй юм. Харин бид Эцэгийн төлөвлөгөөний дагуу мөнхийн үнэнийг эрж хайн, үүний дагуу үйлдэхээр ёс суртахууны сонгох эрхийг хүлээн авсан билээ. “Өөрсдийнхөө төлөө сонгогч[дын]” хувьд бид зөв байр суурийн төлөө санаа сэтгэлээ бүрэн зориулж, “чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн зөв шударга байдлыг ихээр тохиолгон авчрах ёстой”.
Ёс суртахууны сонгох эрхийн мөнхийн ач холбогдлыг мөнх бус амьдралын өмнөх оршихуй дахь зөвлөгөөний тухай сударт онцолсон байдаг. Люсифер Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг эсэргүүцэн, бие даан үйлдэх хүчийг устгахыг эрэлхийлсэн. Чөтгөрийн эсэргүүцэл нь ёс суртахууны сонгох эрхийн зарчим дээр шууд төвлөрсөн байсныг онцлох нь чухал.
Бурхан “Иймийн тул, Сатан миний эсрэг бослого гарган … хүмүүнд өгсөн сонгох эрхийг устгахаар эрэлхийлсэн … учир би … түүнийг доош хаягдахаар болгосон бөлгөө” хэмээн тайлбарласан.
Дайсны хувиа бодсон төлөвлөгөө нь зөв шударгаар үйлдэж чадах Бурханы хүүхдүүдээс “өөрсдийнхөө төлөө сонгогчид” болох чадавхыг нь салган авах явдал байв. Түүний зорилго нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг зөвхөн үйлдүүлэх амьгүй биет адил байлгах явдал байсан.
Хийх ба болох
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Есүс Христийн сайн мэдээ биднийг ёс суртахууны сонгох эрхээ зөв шударгаар ашиглан ямар нэгэн зүйлийг мэдэхэд, ямар нэгэн зүйл болоход аль алинд нь урьдаг гэдгийг онцолсон. Тэрээр:
“Библид болон өнөө үеийн олон сударт эцсийн шүүлтийн талаар бүх хүн өөрсдийн үйл, ажил эсвэл зүрх сэтгэлийн хүслийнхээ дагуу шагнагдах болно хэмээдэг. Харин бусад сударт биднийг хүрсэн нөхцөл байдлаараа шүүгдэж байгааг дурдсанаар үүнийг дэлгэрүүлэн тайлбарладаг.
“Бошиглогч Нифай Эцсийн шүүлтийг бидний ямар болохтой хамааруулан дүрслэхдээ ‘мөн хэрэв тэдний үйлс бузар байсан аваас тэд ч бузар байх ёстой нь гарцаагүй; мөн хэрэв тэд бузар аваас тэд Бурханы хаант улсад оршиж чадахгүй байх нь гарцаагүй’ (1 Нифай 15:33; тодотгол нэмэгдсэн) хэмээсэн. Моронай ‘бузар тэр нь бузраараа үлдэж; мөн зөв шударга тэр нь зөв шударгаараа бай[на]’ (Мормон 9:14; тодотгол нэмэгдсэн) гэж тунхагласан”.
Ерөнхийлөгч Өүкс үргэлжлүүлэн: “Ийм сургаалаас бид Эцсийн шүүлт бол бидний үйлдсэн сайн, муу үйлсийн нийлбэрийн үнэлгээ төдий зүйл биш гэдэг дүгнэлтэд хүрдэг. Энэ нь бид үйлдэл, бодол санааныхаа эцсийн үр нөлөөнд ямар хүмүүс болсноо хүлээн зөвшөөрөх явдал юм” хэмээн хэлсэн.
Аврагчийн Цагаатгал
Бидний үйлс ба хүсэл дангаараа биднийг аврахгүй, аварч чадах ч үгүй. “Бид чадах бүхнээ хийсний дараа”, зөвхөн Аврагчийн хэмжээлшгүй бөгөөд мөнхийн цагаатгагч тахилаар дамжуулан боломжтой болсон нигүүлсэл, ач ивээлээр л Бурхантай эвлэрдэг.
“Бурханы Хүүд, тэрээр өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно гэдэгт, мөн тэрээр тэдний нүглүүдийг цагаатгахаар зовж мөн егүүтгэгдэх болно гэдэгт, эцсийн бөгөөд шүүлтийн өдөр бүх хүн үйлүүдийнхээ дагуу шүүгдэхээр түүний өмнө зогсохын тулд тэрээр амилуулалтыг улируулан тохиолгохоор үхэгсдийн дундаас босно гэдэгт итгэж эхлэгтүн” хэмээн Алма тунхагласан.
“Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг”. Бид үнэнээр “дахин төрж”, Гэтэлгэгчдээ итгэх итгэлээ үйлдэл болгож, “чин зүрхнээсээ”, “чин эрмэлзэлтэйгээр” наманчилж, “эцсээ хүртэл тэвчих” аваас нүглүүд, мөн ёс бус үйлүүд маань бидний эсрэг гэрчлэл болон зогсохгүй гэдэгт хэчнээн их талархах хэрэгтэй билээ.
Тааламжит айдас
Бидний олон нь Мөнхийн Шүүгчийн индрийн өмнө зогсох бидний байдал дэлхийн хууль шүүхийн үйл явцтай адил төстэй байна гэж боддог байх. Шүүгч тэргүүлж, баримт нотолгоог танилцуулан, шүүхийн тогтоол унших болно. Мөн бид эцсийн үр дүнг олж мэдэх хүртлээ эргэлзээтэй, айдастай байх болно. Гэвч би иймэрхүү дүрслэл нь буруу гэдэгт итгэдэг.
Бидний байнга мэдэрдэг мөнх бус айдсаас ялгаатай мөртөө үүнтэй холбоотой айдсыг судруудад “тааламжит айдас” эсвэл “Эзэнээс эмээх” хэмээн дүрсэлсэн байдаг. Тааламжит айдас нь цочрол, түгшүүр төрүүлдэг дэлхийн айдастай адилгүйгээр амар амгалан, амлалт, итгэлтэй байдлыг бидний амьдралд урьдаг.
Зөв шударга айдас нь Их Эзэн Есүс Христийг чин сэтгэлээсээ шүтэн бишрэх, хүндэтгэх, зарлигуудад нь дуулгавартай байх, Эцсийн шүүлт ба Түүний мутар дахь шударга ёсонд найдах найдлага зэргийг багтаадаг. Тааламжит айдас нь Гэтэлгэгчийн бурханлаг мөн чанар, зорилгын талаарх зөв ойлголтоос, мөн өөрсдийн хүслийг Түүний таалалтай нийцүүлэхэд бэлэн байхаас, мөн шүүлтийн өдөр эрэгтэй, эмэгтэй хүн бүр өөрсдийн мөнх бус хүсэл, бодол, үг, үйлсийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэсэн мэдлэгээс үүсдэг.
Их Эзэнээс эмээх айдас нь Түүний оршихуйд шүүгдэхээр ирэхээс халшрах түгшүүр биш. Харин энэ нь өөрсдийнхөө талаар зүйлсийг байгаагаар нь, мөн үнэхээр байхаар нь бүр мөсөн хүлээн зөвшөөрөх бололцоо юм.
Дэлхий дээр амьдарч байсан, одоо амьдарч байгаа болон амьдрах хүн бүр “Бурханы индрийн өмнө зогсон үйлүүдийнхээ дагуу, тэдгээр нь сайн ч бай, эсвэл тэдгээр нь хилэнцэт ч бай, түүгээр шүүгдэхээр авчрагдах болно”
Хэрэв бидний хүсэл зөв шударга байдлын төлөө байж, ажлууд маань сайн байвал буюу Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, Бурхантай гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахиж, нүглүүдээ наманчилсан бол шүүлтийн индэр тааламжтай байх болно. Иносын тунхагласнаар бид “[Гэтэлгэгчийн] өмнө зогсо[но]; тэгээд түүний царайг тааламжтайгаар хар[на]”. Мөн эцсийн өдөр бид “зөв шударгад шагнагдах болно”.
Эсрэгээрээ хэрэв бидний хүсэл хилэнцтийн төлөө, үйлүүд маань ёс бус байсан аваас шүүлтийн индэр аймшигтай байх болно. Бид “төгс мэдлэг[тэй]”, “тодорхой дурсамжтай”, “[өөрсдийн] гэмийн амьд мэдрэмж[тэй] байх болно. “Бид өөрсдийн Бурхан өөд харж үл зүрхлэх болно; мөн түүний оршихуйгаас биднийг нуухаар дээр маань нуран унахыг хад уулсад бид тушааж чаддагсан бол сэтгэл маань ихэд баяртай байхсан биз ээ”. Мөн бид эцсийн өдөр “[өөрсдийн] шагнал болгон хилэнцийг авна”.
Эцэст нь бид өөрсдөө өөрсдийнхөө шүүгчид билээ. Хэн ч бидэнд хаашаа явахыг хэлэх хэрэггүй. Их Эзэний оршихуйд бид мөнх бус амьдралд юу болохыг сонгосноо хүлээн зөвшөөрч, өөрсдөө үүрд мөнхөд хаана байх ёстойгоо мэдэх болно.
Амлалт ба гэрчлэл
Эцсийн шүүлт таалалт байж болно гэдгийг мэдэх нь зөвхөн Моронайд зориулсан адислал биш юм.
Алма амлагдсан адислалуудыг Аврагчийн үнэнч шавь бүр хүртэх боломжтой байдгийг ийнхүү дүрсэлсэн. Тэрээр:
“Сэргээлт гэдэг үг нь хилэнцтийн хариуд хилэнцийг, эсвээс зуурдын хариуд зуурдыг, эсвээс чөтгөрийнхийг чөтгөрийнхөд нь—сайн болох түүний хариуд сайныг; зөв шударга болох түүний хариуд зөв шударгыг; шударга болох түүний хариуд шударгыг; нигүүлсэнгүй болох түүний хариуд нигүүлсэнгүйг дахин буцаан авчирдаг гэсэн утгатай бөлгөө.
“… Шударгаар харьц, зөв шударгаар шүү, мөн үргэлж сайныг үйлд; мөн хэрэв чи эдгээр бүх зүйлийг хийвэл чи шагналаа хүлээн авах болно; тийм ээ, чамд нигүүлсэл буцаан сэргээгдэх болно; чамд шударга ёс бас буцаан сэргээгдэх болно; чамд зөв шударга шүүлт буцаан сэргээгдэх болно; мөн чамд сайн нь буцаан шагнагдах болно”.
Есүс Христ бол бидний амьд Аврагч гэдгийг би баяртайгаар гэрчилж байна. Алмагийн амлалт өнөөдөр, маргааш, мөн үүрд мөнхөд таны болон миний хувьд хэрэгжих боломжтой бөгөөд үнэн юм. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.