Ерөнхий чуулган
Сайн мэдээний жор
2025 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:38

Сайн мэдээний жор

Амьдралдаа Есүс Христийг илүү их нэмнэ гэдэгт юу орж болох вэ?

Хэрэв та манай төрөлх нутаг Лүизианад очиж байсан бол гамбо, жамбалаяа, этүфэй зэрэг амтат зоогуудыг мэдэх биз ээ.

Надад үе үе тэдгээр амттай жорын аль нэгээр хоол хийх зориг орж ирдэг юм. Бүх орцыг хольж, нарийвчилсан зааврыг дагасны дараах бичигдээгүй сүүлийн алхам бол эцсийн амталгаа буюу ямар нэгэн зүйл дутуу байгаа эсэхийг шалгах явдал байдаг. Яг тэр мөчид криол хоолны домгууд миний чихэнд “Тонигийн амтлагчаас дахиад жаахан цацчих” гэж хэлээд байх шиг санагддаг. Тони гэдэг нь миний төрсөн хот Лүизианагийн Опэлүсаст хийдэг креол хоолны амтлагч юм. Үүнийг тухайн жорыг дагах явцад гаргасан аль нэг алдааг засахын тулд “нууц орц” болгон ашигладаг.

Миний эхнэр Мишэлл бид хоёр Лүизианад номлолын удирдагчаар үйлчлэх хүндтэй үүрэг хүлээсэн юм. Бид номлогчдодоо номлолын хамгийн сүүлийн өдөр гэр рүүгээ буцаж очихоос нь өмнө номлолын гэртээ эхнэрийнхээ жамбалаяа хийх онцгой жорыг зааж өгдөг уламжлалтай байв. Номлогчид маань номлолын талбараа орхихдоо, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэлээс гадна хоолны жорд талархдаг байлаа.

Хэдэн сарын өмнө, би Сүмийн медиа сан руу орж үзэж байхдаа Restoration Conversations with President Russell M. Nelson гэсэн нэртэй богино видеонуудын цуглуулгын холбоосыг олж харсан. Тэдгээр богино видеоны нэгийнх нь гарчиг сонирхлыг минь татаж, өөрийн эрхгүй инээмсэглэхэд хүргэв. Энэ нь “Судрууд бол Бурханы өгсөн аз жаргалтай амьдралын жор” гэсэн нэртэй. Би энэхүү хоёр минутын видеон дээр шууд дарж, ерөнхийлөгч Нэлсон Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд хэрхэн аз жаргалтай байх талаар энгийн мөртөө хүчирхэг захиас зааж байгааг үзсэн юм. Тэрээр: “Та нар бялуу хийх үедээ зааврыг нь дагадаг, тийм биз дээ? Тийм болохоор үргэлж гоё болдог, тийм биш гэж үү?” гэж зааж байсан.

Тэрээр цааш нь, удахгүй 95 нас хүрч байгаа талаараа яриад, “Хүмүүс надаас ‘Та юу иддэг вэ? Таны нууц юу вэ?’ гэж асуухад нь” “Нууц нь бол судрууд юм шүү дээ. Та нар ч мөн адил уншаад үзээрэй” гэж хариулсан.

Тийм ээ, хариулт нь энэ юм шүү дээ. Аз жаргалтай амьдрах энгийн нууц бол судрууд дээр бичигдсэн Бурханы жорыг дагах явдал юм. Би үүнийг ”Сайн мэдээний жор” гэж нэрлэдэг.

Жорын дагуу үйлдэж байх үед ямар нэгэн зүйл бүтэлгүйтвэл та яах вэ? Сайн мэдээний жорд төгсгөлд нь үргэлж зөв хийж дуусгахад тань туслах нэгэн “нууц орц” орсон байдаг. Тэр бол үргэлж Есүс Христ байдаг.

Бид бүгдэд өөрсдийн орц, найрлагыг нэг л хангалтгүй байгааг мэдрэх эсвэл зааварчилгааг дагахад бэрх болох, үйлдлийн дэс дарааллыг алдаж хийх эсвэл бүр бидний хяналтаас гадуур зүйл тохиолдох үе гардаг.

Үүнийг юугаар залруулах вэ? Хариулт нь ердөө л амьдралдаа Есүс Христийг урьдаг зүйлсийг нэмэгдүүлэх явдал юм.

Тэгэхээр, амьдралдаа Есүс Христийг илүү их нэмнэ гэдэгт юу орж болох вэ?

Номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхад надад зургаан долоо хоног тутамд залуу номлогч бүртэй ганцаарчлан уулзах сайхан боломж гардаг байсан. Ганцаарчлан уулзах үед номлогчид хамтралаа хэрхэн илүү үр дүнтэй ажилладаг болгох талаар удирдамж эрэлхийлэх нь түгээмэл байлаа.

Нэг удаа нэг номлогч хувийн ярилцлагад орохоор ирээд суулаа. Тэрээр нэг зүйлд ихээхэн санаа зовж байгаа нь харахад л илт байв. Намайг “Ахлагч аа, өнөөдөр юуны талаар ярилцмаар байна даа?” гэж асуухад, тэр хамтрагчтайгаа ажиллахад тулгардаг зарим бэрхшээлээ мөн энэ нь номлолын ажлаа хийхэд нь хэрхэн нөлөөлж байгааг тайлбарласан юм. Тэр над руу нүдэндээ нулимстай хараад, “Ерөнхийлөгч өө, би юу хийх хэрэгтэй вэ?” гэж асуув.

Тэрхэн мөчид би яг үнэндээ юу гэж хариулахаа мэдээгүй. Хэсэг хормын дараа би түүнээс Сүнснээс удирдамж авахын тулд хамтдаа өвдөг сөгдөн залбирч болох уу гэж асуулаа. Тэр зөвшөөрч, бид хамтдаа удирдамж хүсэн өвдөг сөгдөн залбирсан юм.

Залбирсныхаа дараа бид хоёр өвдөглөн суусан чигтээ түр байзнаснаа сандал дээрээ сууцгааж, өөд өөдөөсөө харав. Хамтдаа судар унших уу гэж би асуулаа. Судруудаа нээмэгц би түр азнаад, “Ахлагч аа, энэ судрыг уншиж байхдаа чи өөрөөсөө, хэрэв би эдгээр зан чанараар амьдарвал энэ нь хамтралд маань тус болж, номлолын ажлыг маань сайжруулах уу? гэж асуугаарай” гэж түүнд хэлсэн.

Дараа нь бид Mоронай 7:45-ыг чанга уншсан юм. “Мөн төгс хайр бол удаан тэсвэрлэдэг, найрсаг сэтгэлтэй, мөн атаархах нь үгүй, мөн онгирч хөөрдөггүй, өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, амар өдөөн хатгагддаггүй, ямар ч хилэнцтийг боддоггүй, мөн алдаст баясахгүй, харин үнэнд баясдаг, бүх зүйлийг тэсвэрлэдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг.”

Тэр ахлагч нулимстай нүдээр над руу хараад, “Тийм ээ, ерөнхийлөгч өө. Гэхдээ үүнийг хийхэд хэцүү” гэв. Би санал нийлж байсан ч гэсэн, түүнийг Их Эзэнтэй хамт ийн үйлдэх бурханлаг чадамж бүхий Бурханы хөвгүүн гэдгийг нь сануулсан.

Дараа нь бид хоёр Далын ахлагч Кларк Г.Гилбэртийн заасан, одоо байгаа газраасаа эхлэн Их Эзэнтэй хамт урагшилж, дээшилж, эерэг чиглэл рүү явах хэрэгтэйг сануулсан налуу шугамын сургаалт зүйрлэлийн талаар ярилцсан юм. Дараагийн алхмаа бодон шантрангуй маягтай байгааг нь ойлгоод би түүнээс “өчүүхэн мөн энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчрагддаг“ хэмээх судрын талаар юу гэж ойлгодгоо хуваалцахыг хүсэхэд, тэрээр өчүүхэн мөн энгийн зүйлсийг хийснээр агуу зүйлс тохиох боломжтой талаар тайлбарлан хэлэв. Би түүнээс хамтрагчдаа сайхан хандаж болох өчүүхэн мөн энгийн хоёр зүйлийг бодож олохыг хүслээ.

Хэдэн хормын дараа тэр надтай бодлоо хуваалцав. Дараа нь би түүнээс хамтрагчдаа тэвчээртэй хандаж болох өчүүхэн мөн энгийн хоёр зүйлийг бодож олохыг хүсэв. Төд удалгүй тэр надтай санаагаа хуваалцлаа. Тэрээр надтай уулзахаасаа өмнө энэ бүхний тухай тунгаан бодож байсан нь илэрхий байв. Бодсон зүйлсээ төлөвлөн хэрэгжүүлэхийн тулд Бурханд хандан батламж, чиглэл, сүнслэг өдөөлт хүсэн залбирах урилгыг би түүнд өглөө. Тэр ч зөвшөөрлөө. Уулзалтын төгсгөлд би түүнийг долоо хоног тутмын захидалдаа товч мэдээлж байхыг хүссэн.

Хэдэн долоо хоног өнгөрөхөд би түүний долоо хоног тутмын захидлаас нөхцөл байдал сайжирч байгааг харж байлаа. Сайжирч байгаа нь түүний долоо хоног тутмын захидлаас ч, хамтрагчийнх нь захидлаас ч мөн адил харагдаж байв. Бидний дараагийн биечлэн уулзалтад би түүний царай төрх, урам зоригоос өдөр шөнө мэт ялгааг олж харсан. Би түүнээс “За, ахлагч аа, ‘төгс хайр хэзээ ч мөхөхгүй’ гэж үнэн үү?” гэж асуулаа. Тэр нүүр дүүрэн инээмсэглэж, “Тиймээ, өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг“ гэсэн юм.

Та нар аз жаргалтай амьдралын Сайн мэдээний жорыг мөрдөхдөө ерөнхийлөгч Нэлсоны “Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ. Түүний Цагаатгал, Түүний хайр, Түүний нигүүлсэл, Түүний сургаал, мөн Түүний эдгээлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээний талаар илүү ихийг сурч мэд. Түүнд ханд! Түүнийг дага!” хэмээх захиасыг санаарай.

“Түүнийг сонсох,” амьдралдаа Есүс Христийг хэрхэн урих талаар мэдэх хэрэгцээ гарсан үед ерөнхийлөгч Нэлсоны бидэнд заасан хувийн илчлэл авах дараах алхмуудыг дагаж үзээрэй.

“Байнга очиж болох нам жим газар ол. Бурханы өмнө өөрийгөө даруусга. Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудал. Хариулт, тайтгарал авахаар Түүнд ханд.

Өөрийн асуудал, айдас, сул талуудын талаар, тийм ээ, бүр зүрхний хүсэл эрмэлзлийнхээ талаар Есүс Христийн нэрээр залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга. Та энэ үйл явцыг өдөр тутам, сар бүр, жил болгон давтан хийснээр ‘илчлэлийн зарчимд өсөн хөгжих болно.’”

Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Тэрээр “бидний Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж болохын тулд хийх шаардлагатай бүх зүйлийг гүйцэлдүүлсэн.” Есүс Христийн нэрээр, амен.