Есүс Христийн сайн мэдээ: Урам хайрлагч чимээ
Сэргээгдсэн сайн мэдээ мөнх амьдрал руу хөтлөх аялалд тань та нарт зорилго, баяр баяслыг авчирдаг.
Гэрэл ба найдвар, Саймон Дюүи
Хэдэн жилийн өмнө би Японд номлолын удирдагчаар үйлчилж байхдаа жилийн өмнө сүмд элссэн, ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах гэж байсан нэг залуутай ярилцлага хийсэн юм.
Ярилцлагын үеэр энэ шинэ гишүүн баптисм хүртсэнээсээ хойш тухайн жил хүлээн авсан адислалууддаа хэчнээн их талархаж байгаагаа ярилаа. Тэрээр сайн мэдээний ойлголтыг өөртөө гүн гүнзгий тусгасан нь түүнд гэрээнээс ирэх өөртөө итгэлтэй байдлыг төрүүлсэн байлаа. Тэр бол зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрсэн, Есүс Христийн хөрвөгдсөн шавь байв (Moзая 5:2-ыг үзнэ үү).
Ярилцлагын дараа би дүүргийн ерөнхийлөгчид номлогчид болон гишүүд ийм онцгой чадвартай ийм гайхалтай хүнийг олж, сүнслэгээр тэтгэсэнд их бахархаж байгааг хэллээ.
Энэ хүн сүмд ирж, номлогчидтой уулзаж эхэлсэн тэр үедээ орон гэргүй, бараг л найдвар тасармаар нөхцөлд байсныг олж мэдээд би цочирдсон юм. Энэ ах сайн мэдээг хэдэн сарын турш судалж, хөрвөгдсөний ачаар гайхамшигт өөрчлөлт гарч, улмаар сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даах чадвартай болоод баяр баясгалантай болж эхэлжээ.
Сайн мэдээ түүнд амьдралынх нь зорилгын талаар тодорхой ойлголтыг өгсөн. Сайн мэдээний тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүд нь түүнд мөнх бус амьдралын чухал асуултуудад нь хариулт өгсөн. Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан та нар болон Бурханы бүх хүүхэд эдгээр адислалыг мөн адил хүртэх боломжтой.
Амьдралын зорилго
Есүс Христийн сайн мэдээ бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч агсан, ерөнхийлөгч М.Рассэлл Баллард (1928–2023) Сүмд хандсан сүүлчийн гэрчлэлдээ ийн хэлжээ:
“Иосефын ачаар бид Бурхан мөн Аврагч гэж хэн болохыг мэддэг болсон. …
… Бид өөрсдийн амьдралын зорилгоо, яагаад энд байгаагаа, өдөр тутмын амьдралдаа юуг үйлдэхийг хичээж, юунд хүрэхийг зорих ёстой талаар мэдэж буй зүйлсээ мэдэх боломжтой байсан нь ямар их адислал [вэ].”
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд уг мэдлэг нь “аз жаргалын агуу төлөвлөгөө,” “гэтэлгэлийн төлөвлөгөө,” “нигүүлслийн төлөвлөгөө” (Алма 42:8, 11, 15) гэгддэг Бурханы авралын “төгс төгөлдөр төлөвлөгөө”-ний талаарх ойлголтыг агуулдаг. Бурханы төлөвлөгөөг ойлгосноор “амьдрал нууцлаг, ирээдүй маань тодорхойгүй байхаа больдог.” “Христийн сургаал” бол тэрхүү төлөвлөгөөнд болон амьдралын зорилгод амин чухал бөгөөд гол зүйл юм.
Сайн мэдээний ачаар бид амилахын тулд дэлхий рүү соригдож, бэлтгэгдэхээр илгээгдсэн Бурханы хүүхдүүд гэдгээ мэддэг билээ (Сургаал ба Гэрээнүүд 76:39-ийг үзнэ үү). Бид зарлигуудыг мэддэг бөгөөд бидэнд “сайныг муугаас ялгаж мэдэхээр” (2 Нифай 2:5) заасан. Бид энд хайрлаж, үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд Аврагч биднийг дэлхийг ялж, бусдад үүний адил хийхэд нь туслуулахаар дуудсан гэдгийг мэднэ (Иохан 16:33-ыг үзнэ үү).
Иосеф Смитийн хэлсэн “бидний Их Эзэн Есүс Христийн сайн мэдээний урам хайрлагч чимээ” нь хүнд хэцүү өдрүүдэд биднийг хүчирхэгжүүлж, бидэнд болон бусдад утга учир, зорилгыг авчрах болно.
Дуулгавартай байдал ба адислалууд
Бид сонголтуудынхаа төлөө хариуцлага хүлээдэг байхын тулд Бурхан бидэнд ёс суртахууны сонгох эрхийг өгсөн (Сургаал ба Гэрээнүүд 101:78; мөн 2 Нифай 2:16-г үзнэ үү). “Бүх зүйлд сөрөг тал бай[хын]” (2 Нифай 2:11) нэг тал нь биднийг сонгох эрхээ буруугаар ашиглахад уруу татахыг Сатанд зөвшөөрдөг.
Өнөө үед Их Эзэн Есүс Христ бошиглогч Иосеф Смитийг дуудан, “тэнгэрээс түүнд ярьж, мөн түүнд зарлигуудыг өгсөн” (Сургаал ба Гэрээнүүд 1:17). Их Эзэн биднийг энэ амьдралд аз жаргал, ирэх амьдралд селестиел алдар суу өөд хөтлөхийг хүсдэг учраас Өөрийн зарлигууд болон хүслээ өнөөдөр ч гэсэн бошиглогчдодоо илчилсээр байна.
Хаан Бенжамин нифайчуудад номлож байгаа нь, Гари Л.Капп
Үнэн сургаалыг заах нь, Майкл Мом
Иосеф Смит номлож байгаа нь, Сэм Лоолор
Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь бидний Түүнийг гэх хайр болон үнэнч байдлаас ирдэг. Их Эзэн Есүс Христ “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) хэмээн тунхагласан. Их Эзэний зарлигуудыг дагах замаар бид Түүнд хайраа харуулсны эцсийн үр дүн нь аз жаргал, баяр баяслыг авчирдаг адислалууд юм (Сургаал ба Гэрээнүүд 130:20–21-ийг үзнэ үү).
Бид тэнгэрлэг гарал үүсэл, хувь тавилангаа тодорхой ойлгосноор “[бидний] мөнх бус амьдралыг хамгийн сайхан хувилбараар нь байлгах тэр зүйлс нь үнэндээ [бидний] амьдралыг үүрд мөнхөд хамгийн сайхан хувилбараар байлгах яг тэр зүйлс байдаг!” гэдгийг мэдэж авдаг
Аян замын тань баяр баясгалан
Олон жилийн өмнө Японд уулзсан нэгэн баяр баясгалантай шинэхэн хөрвөгч номлогчдын болон гишүүдийн хичээл зүтгэлээр дамжуулан Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг олсон. Тэр өөрийн зорилгоо олж мэдэж, аз жаргалын агуу төлөвлөгөөний талаарх ойлголтоо тэлснээр түүнд адислалууд болон баяр баясал ирсэн ба энэ нь түүний материаллаг болон сүнслэг байдлыг дээшлүүлжээ.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон ийн заасан:
“Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхэд бүрдээ зориулсан хайраар дүүрэн төлөвлөгөөний ачаар, мөн бидний Аврагч Есүс Христийн гэтэлгэлийн амьдрал, номлолын ачаар бид энэ дэлхий дээрх хамгийн баяр баясгалантай хүмүүс байж чадна, байх ч ёстой! Үймээн самуунтай дэлхийн амьдралын шуурга биднийг үргэлж дайрдаг хэдий ч бид Христэд итгэж найдан, аз жаргалын сайхан төлөвлөгөөн дэх өөрсдийн байр суурийг ойлгодог учир өсөн нэмэгдэж буй төгсгөлгүй баяр баясгалан, дотоод амар амгалангийн мэдрэмжээ улам бүр тордож чадна.”
Би Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ болон аз жаргалын агуу төлөвлөгөөнд талархаж, гэрчилж байна. Би та нарыг сайн мэдээний үр жимснээс хүртэж, мөнх амьдралын аялалдаа илүү их баяр баясгаланг мэдрэхийг урьж байна.