2025
Бурхан үргэлж чамтай хамт
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар


Бурхан үргэлж чамтай хамт

Намайг Бурханд итгэхгүй байсан үед ч Тэр намайг хайрлаж, харж хандаж байсан.

Автомашины осол харж байгаа залуу эмэгтэй

Зураг чимэглэлийг Уран Дуо

Бурханыг мэдэхээс минь бүр өмнө Тэр намайг мэддэг байсан.

Намайг найман настай байхад номлогчид эмээ, нагац эгч хоёртой маань гудамжинд тааралдсан юм. Бид сайн мэдээний талаар суралцсаны дараа бүгдээрээ баптисм хүртсэн. Гэвч 2020 онд бид COVID-ийн улмаас сүмд явахаа болих хэрэгтэй болсон. Аажмаар бид итгэхээ больсон юм.

Хоёр жилийн өмнө би Бурханд эсвэл Тэр үнэхээр байдаг эсэхэд ч итгэдэггүй байв. Нэг өдөр хичээлийн дараа би зууш авахаар зам хөндлөн гарах гэж байлаа. Гэтэл нэгэн дуу хоолой надад битгий зам хөндлөн гар гэв. Би зогсож байтал хоёр машин урд минь мөргөлдөв. Хэрэв би зам хөндлөн гарсан бол би машинд мөргүүлж, бүр амь насаа ч алдах байв. Тэр үед би Бурхан намайг мэддэг ба хайрладаг гэдгийг мэдэж авсан. Тухайн үед би Түүнд итгэдэггүй, сүмд явдаггүй байсан ч Тэр намайг хайрлаж, хамгаалсаар л байв.

Би Мормоны Номыг дахин уншиж эхэлсэн бөгөөд энэ ном бол Бурханы үг болохыг мэдсэн юм. Би бас сүмд буцаад явж эхэлсэн. Би сүмд очих үедээ амар амгалан, Бурханы хайр, Түүний тусламжийг мэдэрдэг. Тэр надтай үргэлж хамт байдаг бөгөөд энэ нь намайг аз жаргалтай болгодог.

Миний хамгийн дуртай дуулал бол “Би Бурханы хүүхэд”. Учир нь энэ дуулал Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд бидэнд тусалдаг гэдгийг сануулдаг. Бид хэрхэн зөв бурууг сонгох эрх чөлөөтэй байдаг талаар өгүүлдэг судар болох 2 Нифай 2:27-д би бас дуртай.

Сорилт бэрхшээлтэй үед ч Бурхан надтай хамт байдаг

Олон сарын өмнө ах маань надтай хамт сүмд явж эхэлсэн ч хэсэг хугацааны дараа сүмд очихоо больсон юм. Тэр найз нөхөд, бусад хүн түүний талаар юу гэж бодох бол гэж санаа зовдог байв. Сүмдээ явах нь ичгүүртэй хэрэг гэж тэр боддог, гэвч би түүнд найзууд нь юу гэж бодох нь хамаагүй гэдгийг хэлдэг. Бурхан юу гэж бодож байгаа нь л чухал юм.

Гэр бүлийнхэн маань сүмд явдаггүй ба би ганцаараа явдаг. Манай гудамжинд Сүмийн байр луу очих автобус байдаггүй учраас би тэнд очихын тулд 30 минут алхдаг. Бусад хүн тэдний талаар юу гэж бодох бол гэдэгт гэр бүлийнхэн маань санаа зовдог. Гэвч би Сүм үнэн гэдгийг мэддэг учраас бусдын бодол хамаагүй гэж би хэлдэг.

Найзуудтайгаа уулзах үед тэд заримдаа кофе уудаг. Үүнийг хараад заримдаа би ч бас кофе уумаар болдог. Гэхдээ Бурхан надтай хамт байгааг би санадаг. Тэр миний гараас атгаж, надад тусалдаг. Үүнийг бүү хий гэсэн дуу хоолойг би сонсож, Бурхан эдгээр сорилт бэрхшээлийг даван туулахад надад тусалж байгааг би мэднэ.

залуу эмэгтэй

Нарад гэрийнхэнтэйгээ биш ганцаараа сүмд явах хэцүү байдаг ч Бурхан өөрийг нь хайрлаж, адисалдгийг тэр мэддэг. Тэр ч байтугай нэг удаа түүнийг машины ослоос хамгаалсан юм.

Өөр шигээ хүмүүст өгөх миний зөвлөгөө

Хэрэв би миний нөхцөл байдалд байгаа хэн нэгэнд зөвлөгөө өгөх бол, чи үнэхээр адислагдсан, бас чи маш их итгэлтэй хүн шүү дээ гэж хэлэх байсан. Чи ганцаараа биш учир нь Сүмийн гишүүд болон номлогчид чамд сайн зөвлөгөө өгч чадна. Бурхан танд хайртай. Чи бол Түүний хүү/охин бөгөөд Тэр чамд туслахыг хүсдэг.

Зохиогч нь Армени улсын Ереван хотод амьдардаг.