Сорилт бэрхшээл дааж давшгүй мэт санагдах үед
Сорилт бэрхшээл бол амьдралын нэг хэсэг. Гэхдээ бид тусламж аван тэдгээрийг Бурханы харах өнцгөөр харж чадна.
Маунт Тимпаногос нь АНУ-ын Юта мужид оршдог, 3,353 метр өндөр бөгөөд хүрхрээ, хадан хана, нуга болон зэрлэг амьтдаар дүүрэн уул юм. Ийм уулын бэлд зогсоод та нар өөрсдийгөө өчүүхэн гэдгээ мэдэрнэ. Та нар дээгүүр нь эсвэл эргэн тойрныг нь ч харж чадахгүй. Энэ нь дэндүү нүсэр, дааж давшгүй мэт харагдаж болно.
Гэвч Маунт Тимпаногосоос машинаар 10 минутын зайд машинаар яваад л үүнийг өөрөөр харах боломжтой. Ийм өнцгөөс харахад уулын дундуур зүссэн жим, замыг харж болно. Энэ нь бусад хүн өмнө нь тэнд байсан бөгөөд уулан дээгүүр болон үүнийг тойроод аюулгүй зам байдгийг харуулдаг.
Одоо та нарын амьдралд тохиолдож байгаа сорилтууд ч мөн адил мэдэрч магад. Үнэхээр хүнд сорилтуудтай нүүр тулах нь дээгүүр эсвэл эргэн тойрныг нь ч харж чадахааргүй сүрлэг уулсыг ширтэн харж байгаатай адил байж болно. Тэдгээр нь дэндүү том, давж гарах боломжгүй мэт санагдаж болно. Эдгээр сорилт бэрхшээл таныг өчүүхэн, урам хугарсан, айсан, ганцаардсан мэт мэт мэдрүүлж ч болно.
Гэхдээ туршиж үзэх өөр нэг зүйл бий. Нэг алхам ухраад, сорилт бэрхшээлээ өөр өнцгөөс буюу Бурханы өнцгөөс харахыг хичээ.
Энэ өнцгөөс харвал та нар асуудлуудаа шийдэхдээ ганцаараа биш гэдгээ ойлгох болно. Та нарыг хайрлаж, та нарт туслах Тэнгэр дэх Эцэг байдаг. Бусад хүн, ялангуяа Аврагч мөн хүнд бэрх үеүдийг даван туулсан байдаг. Тэд та нарт үнэхээр том сорилт бэрхшээлийг ч даван туулахад тань хэрэгтэй удирдамжийг өгөхийг хүсдэг.
Бид харах өнцгөө хэрхэн өөрчилж болох вэ?
1 Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дага.
Есүс Христ бол бидний төгс үлгэр жишээ. Түүний заасан зарчмууд энгийн, хүчтэй бөгөөд ойлгоход хялбар байдаг. Энэ нь тэдгээрийг дагахад үргэлж хялбар байна гэсэн үг үү? Үнэндээ, үгүй. Үргэлж хялбар байхгүй. Гэсэн ч бид Түүнийг итгэлтэйгээр дагах бүрд бидний харах өнцөг өөрчлөгдөж эхэлдэг. Бид бэрхшээлийг биднийг Аврагчаас холдуулдаг саад тотгор, урхи, шийтгэл гэж үзэхийн оронд Түүнд хүрч очих боломж гэж харж эхэлдэг.
2 Бурханаас тусламж хүс.
Бурхан бол та нарын Тэнгэрлэг Эцэг юм. Тэр та нарыг мэддэг, хайрладаг бөгөөд асуусан үед тань туслахад бэлэн байдаг. Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон “Их Эзэний харах өнцөг та нарын мөнх бус мэргэн ухаанаас илүү дээр. Түүнээс ирэх залбирлын тань хариулт таныг гайхшируулж болох ч селестиел ухаанаар бодоход тань тусална.”
Та нарыг залбирах үед Бурхан яг одоо харж чадахгүй байгаа зүйлсийг олж харахад тань тусална. Тэр та нарыг сорилт бэрхшээлүүдийн үед чиглүүлж, тэр ч байтугай Түүнийг дагах үед амар амгалан, хүч чадлыг өгч чадна.
3 Бусдаас тусламж гуй.
Тэнгэрлэг Эцэг та нарт туслах сайн хүмүүсийг амьдралд тань илгээсэн. Та нарын өмнө гарч ирсэн сорилт бэрхшээлтэй тэмцэж байгаа үедээ гэр бүлийнхээ итгэлтэй гишүүн, найз, Сүмийн удирдагч эсвэл бишоптойгоо ярилц.
Зохистой санваартнаас тайтгарал ба удирдамжийн адислалыг хүсэх нь өөрийгөө болон амьдралыг Бурханы нүдээр харах өөр нэгэн гайхалтай арга зам юм.
Тодоор харах нь
Заримдаа сорилтууд тань зам дээр тань хөндөлсөх аварга том уул мэт хэтэрхий том санагдаж болно. Гэвч та Бурханы төлөвлөгөөний дагуу амьдарч, Түүнд болон бусдад туслахыг зөвшөөрснөөр сорилт бэрхшээлээ өөрөөр харж чадна.
Та нар нэг алхам ухарвал, сорилт бэрхшээлээ даван туулах арга зам байдгийг олж харах болно. Есүс Христ та нарын явах замыг өгдөг. Та нарын сорилт бэрхшээл хэчнээн хүнд санагдлаа ч гэсэн Бурхан илүү хүчтэй.