2025
Мөнгөний тухай ярилцацгаая!
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар


Мөнгөний тухай ярилцацгаая!

Есүс мөнгөний тухай зааж байсныг илүү онцгойлон уншиж үзье.

залуу эмэгтэй, залуу эрэгтэй хоёр

Зураг чимэглэлийг Алисса Питэрсэн

Судар дээр Есүс мөнгөний талаар цөөн хэдэн удаа дурдсан байдаг.

“Тэнгэр дэх эд баялаг” (Maтай 6:20), талантын тухай сургаалт зүйрлэл (Maтай 25:14–30) эсвэл “бүхий л аравны нэгээ агуулахад авчир” (Малахи 3:10) зэрэг нь танил сонсогдож байна уу? Үүнийг дахин авч үзье!

Хэрэгцээ юу Хүсэл үү

Есүс та нарт хэрэгтэй (жишээ нь, хоол хүнс) мөн та нарын хүсдэг (жишээ нь, тоглоом) олон зүйл байдгийг мэддэг. Тэрээр “өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй” (Maтай 6:19–21) хэмээн заасан. Мөнгөөр худалдан авдаг зүйлсийн ихэнх нь зүгээр л алга болдог. Тиймээс худалдан авдаг зүйлдээ анхааралтай ханд.

Та нар хэрэгцээгээ хүслээсээ ялгаж салгаснаар мөнгөтэй болгоомжтой харьцаж болно. “Би үүнийг хэрэгтэй учраас авч байна уу эсвэл хүсэж байгаа болохоор худалдан авч байна уу?” гэж дотроо бод. Хэрэв та нар итгэлтэй биш байгаа бол нэг сар хүлээгээд үзээрэй. Энэ хугацаа өнгөрсний дараа дахин асуугаарай. Ингэснээр та нар ямар нэгэн зүйлийг шууд л худалдан авах юм уу бусдад гайхуулах гэж оролдохоос зайлсхийж чадна. Оронд нь та нар хэзээ мөнгө хуримтлуулах, хэзээ зарцуулах талаар ухаалаг шийдвэр гаргах болно.

Мөнгөний гахайнаас мөнгө унагааж байгаа нь

Мөнгийг ашиглан бусдыг адислах нь

Талантын тухай сургаалт зүйрлэл дээр Есүс гурван зарцад өөр өөр хэмжээний зоос (“талант” гэж нэрлэгддэг) өгсөн нэгэн эзнийг дүрсэлдэг. Хоёр зарц мөнгөө хоёр дахин нэмэгдүүлж, нэг зарц нь мөнгөө булдаг. Эзэн нь эргэж ирэхдээ талантаа нэмэгдүүлсэн хоёр зарцдаа баярлаж, харин талантаа нэмэгдүүлээгүй зарцдаа сэтгэл хангалуун бус байдаг (Maтай 25:14–30-ийг үзнэ үү).

Сургаалт зүйрлэлд гардаг эзэн зарц нартаа талант өгсөнтэй адил Бурхан та нарыг мөнгөөр адислахдаа санхүүгээ ашиглан өөрийгөө болон бусдыг адислахыг хүсдэг. Та нар бусдад анхаарал тавьснаар “хөршөө өөрийн адил хайрла” (Марк 12:31) хэмээх Есүсийн зарлигийг биелүүлж байгаа хэрэг юм.

Сайхан зүйлс худалдан авах нь асуудал биш ч худалдан авахаасаа өмнө өөрийнхөө болон бусдын хэрэгцээг бодох нь зүйтэй. Та нар бусдын хэрэгцээний талаар бодох үед Бурхан та нарын амьдралд байгаа хүмүүсийг адислахын тулд мөнгөө хэрхэн ашиглахыг мэдэхэд тань туслах болно.

Овоолсон зоосон дээрх залуу эр

Аравны нэгийн адислал

Хэрэв та нар аравны нэг төлсний дараа та нарт хангалттай мөнгө үлдэхгүй гэж санаа зовж байгаа бол Бурханаас ирсэн эдгээр тайтгарлын үгийг унш: “Миний өргөөнд … бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” (Малахи 3:10). Хэрэв та нар аравны нэгээ төлөх юм бол Бурхан та нарыг төсөөлж чадахаас ч илүү ихээр адислах болно!

Та нар материаллаг байдлаар адислагдаагүй байж болно. Та нарт таалагддаг үнэтэй цамцаа авах мөнгө байхгүй байж болно. Тиймээс та агшин зуурын сэтгэл ханамжаа хойшлуулах хэрэгтэй болж мэднэ. Гэвч Их Эзэн та нарыг адислах болно. Цаг хугацаа өнгөрөх тусам аравны нэгээ төлөх нь та нарт илүү хялбар болж, санхүүгийн талаарх санаа зовнилынхоо эсрэг сэтгэлийн хаттай байх болно.

Бурхан танд тусална

Рассэлл М.Нэлсон

“Та нарт туслах Аврагчийн хүчин чадалд хязгаар гэж үгүй” (2024 оны 10-р сарын Ерөнхий чуулган [Лиахона, 2024 оны 11-р сар, 122]) хэмээх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн үгэнд итгэ. Хэрэгцээгээ хангах, бусдыг халамжлах, аравны нэгээ төлөхөд мөнгөө ухаалаг зарцуулснаар та нар Бурханыг болон бусдыг хайрлах гүн гүнзгий хайрыг мэдэрч, өөрт байгаа зүйлсдээ талархаж сурах болно.