2025
Үхлийн дараах амьдрал: Зарим асуултын хариулт
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 7-р сар


Үхлийн дараах амьдрал

Зарим асуултын хариулт

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь үхлийн дараах амьдралыг үзэх үзэл болон амар амгаланг бидэнд өгч чадна.

Үүлэн дундах шат

Зургийг Томас Арноу

Биднийг нас барсны дараа юу болдог вэ?

Энэ нь бол бүх шашинд байдаг хамгийн чухал асуулт байж болох юм. Есүс Христээр болон Түүний сайн мэдээгээр дамжуулан бидний хүлээж авсан хариулт хүчирхэг билээ. Энэ амьдрал бол төгсгөл биш. Есүс Христ амилсан учраас бидний сүнс бие махбодтойгоо дахин нэгдэж, бид бүгд нэгэн өдөр амилах болно.

Мэдээж, үхлийн дараах амьдралын талаар бусад мэдлэг бидэнд орчин үеийн илчлэлээр дамжуулан ирсэн нь бидэнд буй өөр асуултуудад хариулт өгч чадна. Ийм цөөн хэдэн асуултыг товч хариултын хамт энд оруулав.

Сүнсэн биес ямархуу байдаг вэ?

Сүнс нь “илүү нарийн, эсвээс цэвэр” матери (Сургаал ба Гэрээнүүд 131:7) юм. Сүнсэн биес нь насанд хүрсэн хүний биетэй адилхан харагддаг.

Сүнсний дэлхий хаана байдаг вэ?

Энд, бидний эргэн тойронд байна.

Сүнсний дэлхийд юу болдог вэ?

Тэнд болдог зүйлийн нэг нь гэвэл сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн сүнснүүд сайн мэдээг хүлээн аваагүй сүнснүүдэд сайн мэдээг номлохын тулд зохион байгуулагдсан байдаг. Сүнснүүд үүнийг хүлээн авах эсвэл эсэргүүцэх эсэхээ сонгох боломжтой.

Амилуулагдсан биес ямархуу байдаг вэ?

Амилуулагдсан биес үхдэггүй яс, махтай бөгөөд төгс юм. Тэд бол алдар суутай мөн үзэсгэлэнтэй билээ. “Амилсан эрэгтэй, эмэгтэй хүнээс илүү үзэсгэлэнтэй зүйл гэж үгүй.”

Селестиел хаант улсад юу болдог вэ?

Селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд байгаа хүмүүс Тэнгэрлэг Эцэгтэй адил болж, баяр баясгалангийн бүрэн байдлыг мэдэрдэг. Тэд Эцэгт байгаа бүхнийг хүлээн авдаг. Тэд Түүний ажил болон алдар суунд оролцдог. Тэд гэрлэлтээр мөнхөд лацдан холбуулсан бөгөөд одоо мөнхийн гэр бүлд амьдарч, өөрсдийн мөнхийн сүнсэн хүүхдүүдтэй болно.

Энэ амьдралдаа хэзээ ч гэрлээгүй хүмүүст юу болох вэ?

Тэнгэрлэг Эцэг төгс шударга, нигүүлсэнгүй юм. “Зарлигуудыг сахин, гэрээндээ үнэнч байж, зөвийг хүсдэг охид, хөвгүүдээсээ мөнх байдалд ямар ч адислалыг өгөхөөс татгалзахгүй хэмээн Их Эзэн амласан.”

Эцэг эх минь ариун сүмд лацдан холбуулсан ч одоо салсан. Би хэнтэй лацдан холбогдсон бэ?

Та “гэрээнд төрсөн” (эцэг эх тань ариун сүмд лацдан холбуулсны дараа төрсөн гэсэн үг) эсвэл эцэг эх тань ариун сүмд бие биетэйгээ лацдан холбогдсоны дараа та тэдэнтэй лацдан холбогдсон байж болно. Аль нь ч байлаа гэсэн, эцэг эх тань салж, лацдан холболт нь цуцлагдсан ч гэсэн таны адислалууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Эцэг эхийн тань сонголт адислалд тань нөлөөлөхгүй. Хамгийн чухал нь та нар итгэлтэй хэвээр үлдэж, ариун сүмийн адислалуудыг өөрсдөө эрэлхийлэх явдал юм. Гэр бүлийн харилцааны тухайд “хүн бүр өөрийн хүсэл, сонголтын адислал бүрийг хүлээн авахыг Тэнгэрлэг Эцэг анхаарах болно” гэдгийг мэдэж, та нар “Их Эзэнд итгэж, Түүний тайтгарлыг эрэлхийлэх” хэрэгтэй.

Амиа хорлосон хүмүүст юу тохиолддог вэ?

Бид амиа хорлосон хүмүүст юу тохиолдохыг мэдэхгүй бөгөөд тэднийг шүүж чадахгүй (ямар ч үед бид хүмүүсийг шүүж болохгүй). “Хайртай хүмүүс, удирдагчид, мэргэжлийн хүмүүс бүхий л чадлаараа туслахыг хичээсэн ч заримдаа амиа хорлохоос нь сэргийлж чаддаггүй. …

Хүн амиа хорлох нь буруу. Гэхдээ зөвхөн Бурхан л уг хүний бодол, үйлдэл, хариуцлага хүлээх чадварыг шүүх боломжтой (1 Самуел 16:7; Сургаал ба Гэрээнүүд 137:9-ийг үзнэ үү). …

“Хайртай хүн нь амиа хорлон одсон хүмүүс Есүс Христ ба Түүний Цагаатгалаар найдвар, эдгэрэлтийг олж авч чадна.”

Эх сурвалж

  1. Ифер 3:16; Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 131–32-ыг үзнэ үү.

  2. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 279-ийг үзнэ үү.

  3. Сургаал ба Гэрээнүүд 138-ыг үзнэ үү.

  4. Алма 11:45-ыг үзнэ үү.

  5. Лук 24:39-ийг үзнэ үү.

  6. Алма 11:43-ыг үзнэ үү.

  7. Lorenzo Snow, The Teachings of Lorenzo Snow, ed. Clyde J. Williams (1996), 99.

  8. Мосе 1:39-ийг үзнэ үү.

  9. Дуулал 16:11; 3 Нифай 28:10; Сургаал ба Гэрээнүүд 76:59, 62; 130:2; 132:19–23-ыг үзнэ үү.

  10. Даллин Х.Өүкс, 1993 оны 10-р сарын ерөнхий чуулган (Ensign, Nov. 1993, 75).

  11. Gospel Library-аас Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагын 38.4.2.8-ыг үзнэ үү.

  12. Gospel Library, Ерөнхий гарын авлага, 38.4.2-ыг үзнэ үү.

  13. Gospel Library, Ерөнхий гарын авлага, 38.6.20-ийг үзнэ үү.