Өсвөр үеийнхний дуу хоолой
Ариун сүмийг сонгосон нь
Айрис Р., 18 настай, Кабо-Верде, Сал
Уран бичмэл, урлагийн бүтээл туурвих, хоол хийх дуртай.
Надад хамгийн ойр байрладаг ариун сүм өөр арал дээр байдаг. Бид тэнд очихын тулд 45 минут нисэх эсвэл 12 цаг завиар явах хэрэгтэй болдог. Би өмнө нь хэзээ ч ариун сүмд орж байгаагүй бөгөөд сургуулиа төгсөх жил ээж маань явах төлөвлөгөө гаргасан юм. Гэр бүлээрээ хамт явахын тулд тэр бүтэн жил мөнгө хадгалсан байв.
Харамсалтай нь, бид хичээл орсны дараа гэртээ ирэх болсонд миний санаа зовж байлаа. Коллежид тэтгэлэг авахын тулд сайн голч дүнтэй (GPA) байх нь миний хувьд үргэлж чухал байсан юм. Би ариун сүм рүү явахгүй байх талаар бодож үзэв. Учир нь хичээл тасалчихвал миний эцсийн голч дүнд муугаар нөлөөлж болох байв. Тэгэхэд ээж “Чи яагаад залбирч, Их Эзэнээс тусламж гуйж болохгүй гэж?” гэж билээ.
Би айж байсан учир бага зэрэг дурамжхан байсан ч залбирахаар шийдэв. Тэнгэрлэг Эцэг намайг удирдаж, би ариун сүм явах сонголтыг хийсэн. Бид тэнд байх бүтэн долоо хоногийн турш өдөр бүр ариун сүм рүү явсан. Энэ нь үнэхээр гайхалтай байсан! Баптисм хийх нь гайхалтай туршлага байсан ба би Сүнсийг маш хүчтэй мэдэрч байлаа.
Эцэст нь би сайн голч дүнтэй сургуулиа төгсөж чадсан. Аврагчтай ойр дотно харилцаатай байсан нь тэр үед надад итгэл найдвартай байхад тусалсан юм. Тэр надтай хамт байж, хүч өгч байсныг би мэдэж байсан. Их Эзэн бидний хичээл зүтгэлийг мэддэг бөгөөд бид аливааг Түүний гарт даатгах юм бол бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж болно.
Эгчид минь номлогчдыг гэртээ урих зориг байсанд би маш их талархалтай байдаг. Би 13-тай, эгч маань 15-тай байхдаа гэр бүлийнхнээсээ хамгийн түрүүнд баптисм хүртсэн. Би Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхэд гэдгээ мэднэ. Дэлхий дээрх эцэг минь миний амьдралд хэзээ ч байгаагүй ч, бидэнд Тэнгэрлэг Эцэг байдаг бөгөөд би Түүний дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг мэдэхэд надад тусалдаг. Намайг хайрладаг Түүний хайрыг би мэдэрдэг. Хамгийн хэцүү цаг мөчүүдэд Тэрээр миний дэргэд байдгийг би мэднэ.