2025
Христ рүү харагтун
2024 оны 1-р сар


2025 оны Өсвөр үеийнхний уриа

Христ рүү харагтун

Сургаал ба Гэрээ 6:36

2025 оны Өсвөр үеийнхний уриа нь айдсаас илүү итгэл, эргэлзээнээс илүү найдварыг сонгоход тань туслах болно.

2025 оны Өсвөр үеийнхний урианы лого

17 настай Кэйли ослын улмаас тархиндаа гэмтэл авах хүртлээ хөгжөөн дэмжигч багт байсан. Түүний эдгэрэлт сургуульд явахад нь саад болж, тэрээр тусгаарлагдсан мөн ганцаардсан мэдрэмжийг мэдэрч эхэлжээ. Сэтгэл санаа нь хямарч, тусламж хаанаас эрэхээ ч мэдэхгүй байв. Нэг найз нь номлогчдыг сонсохыг зөвлөжээ. Тэд түүнд Есүс Христийн Цагаатгалын тухай заалаа. Христийн тухай илүү ихийг мэдэх нь түүнд найдварыг өгч, Бурхан өөрөө түүнтэй холбоо тогтоож байгаа мэт мэдэрсэн.

Кэйли ээждээ “Бурхан намайг хайрладаг байсныг би хэзээ ч мэдэрч байгаагүй. Харин одоо би Тэр намайг хайрладгийг мэднэ” гэв.

Түүний ээж болох Мишэлл бага зэрэг гайхлаа. Тэрээр нөхөр Брокын хамт янз бүрийн асуулт, эргэлзээ, санааг нь зовоосон зүйлсээс болж, Кэйлиг долоон настай байхад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг орхин явсан ажээ. Тэд охиноо энэ бүх цуглаан, зарлиг тушаалгүйгээр илүү аз жаргалтай байна гэж боджээ. Тэд энэ сонголт нь Кэйлиг Бурхантай ойр дотно холбоотой байхад саад болно гэж хэзээ ч бодож байсангүй. Мишэлл , Брок хоёр Кэйлиг хэрхэн өөрчлөгдөж байгааг хараад, Бурхантай ойр дотно байснаа мэдрээгүй удаж байгааг ойлгож, дахин тэр мэдрэмжийг мэдрэхийг хүсжээ.

Тэд бишоптойгоо уулзсан бөгөөд удалгүй гэр бүл нь, түүний дотор Кэйлигийн дүү Брэйдэн сүмдээ эргэн ирэв. Бурхантай ойр байгаагаа мэдэрч, ялангуяа залбирлаар дамжуулан Түүнтэй дахин холбогдох нь тэдний итгэлийг сэргээсэн юм. Сүмдээ эргэж ирэх нь тэдний бүх асуулт, асуудлыг шийдээгүй ч тэд Бурхантай илүү бат бөх харилцаатай байх нь тэдний итгэлгүй байдлаас илүү чухал болохыг ойлгосон ажээ.

Та нар шиг өсвөр насны нэг найз нь Кэйлиг Христ рүү харахад урьснаар энэ бүхэн эхэлсэн юм. Тэгээд тэр Түүн рүү харсан!

Есүс Христ ийн хэлсэн: “Бодол болгондоо надад хандагтун; бүү эргэлз, бүү ай” (Сургаал ба Гэрээ 6:36). Энэ бол 2025 оны Өсвөр үеийнхний урианы үндэс суурь болсон сүнслэг удирдамж юм. Та нар Христ рүү харах үедээ айдсаас илүү итгэл, эргэлзээнээс илүү найдварыг хэрхэн сонгож болохоо бидэнтэй хуваалцаарай.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл

Зүүнээс баруун тийш: Рүниа эгч, ерөнхийлөгч Фрийман, Спаннаус эгч

Тамара В.Рүниа

Зовж шаналах үедээ Есүс Христийг гараа сунгаж байгаагаар төсөөлөхөд надад үргэлж тусалдаг. Би Түүн рүү харахдаа “Би Есүстэй хамт алхах болно” хэмээх дууны үгсийг санадаг: “Тэр намайг унахад ч гэсэн хэзээ ч орхихгүй.”

Эмили Бэлл Фрийман

Энэ уриа бүхий судрыг унших үед би Галилын тэнгист байсан Петрийн тухай санадаг. Шуурганд анхаарлаа хандуулснаар айдас, эргэлзээ нь нэмэгдсэн ба тэр нь хүчит давлагаанд живэх шалтгаан нь болсон. Харин Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлснээр өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйл болох усан дээгүүр алхах боломж Түүнд олдсон! Үнэхээр гайхалтай. Та нар Түүн рүү харснаар юу хийж чадах вэ?

Андрэа Мүнёоз Спаннаус

Хаана эсвэл ямар нөхцөл байдалд байгаагаас үл хамааран би айж эхлэх үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааныхаа талаар зориуд боддог. БИ БУРХАНЫ ОХИН гэдгээ хэд хэдэн удаа дотроо давтан хэлдэг. Би тайвширч эхлэх хүртлээ үүнийг үргэлжлүүлэн хийдэг. Энэ нь үргэлж үр дүнтэй байдаг!

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл

Зүүнээс баруун тийш: Вилкокс ах, ерөнхийлөгч Ланд, Нэлсон ах

Брадли Р.Вилкокс

Хэн та нарт хамгийн их санаа тавьж, хайрладгийг өөрөөсөө асуу. Та нарын эцэг эх, Сүмийн удирдагчид уу? Та нар тэдний хувьд зүгээр л тоо байж болох олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх хүмүүс үү? Тэнгэрлэг Эцэг болон Христ рүү харагтун. Тэд үнэхээр та нарт санаа тавьдаг юм шүү!

Стивэн Ж.Ланд

Аароны санваарын чуулгын болон Залуу эмэгтэйчүүдийн урианд өгүүлэгдэх Та Бурханы хайртай хүү эсвэл охин хэмээх үгсийг уншихад санаанд тань юу орж ирдгийг сана. Та нарт зориулсан төлөвлөгөө бидний Эцэгт бий гэдэгт итгэ. Христ рүү харах гэдэг нь Түүний Цагаатгал уг төлөвлөгөөний төвд байгааг ойлгоно гэсэн үг юм.

Майкл Т.Нэлсон

Судруудыг унших нь Христ рүү харж байгаа хэрэг! Бид Есүсийн гайхамшиг, сургаалуудыг санаснаар эргэлзээ, айдас аяндаа замхран алга болдог. Түүний үгсийг сонсох боломжтой байгаадаа бид үнэхээр азтай. Тэдгээр нь бидний амьдралд тохиолддог бүх нөхцөл байдалд хэрэгждэг.

Эх сурвалж

  1. Үг, аяыг Стивэн П.Шанк (see Friend, Feb. 2020, 27; see also Hymns—For Home and Church, no. 1004).