2025
Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаарх тэмдэглэлүүдийг ойлгох нь
2024 оны 1-р сар


Ирээд, Намайг дага

Иосеф Смит—Түүх 1:1–20

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн цэдгийг ойлгох нь

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн тухай дөрвөн цэдэг хоорондоо ямар ялгаатай вэ? Тэдгээр нь яагаад өөр байдаг вэ? Мөн тэдгээр нь бидэнд юу заах боломжтой вэ?

Иосеф Смит

Чи сүнслэг туршлагынхаа талаар хэн нэгэнд ярих гэж оролдож байсан уу? Чи ямар, ямар мэдээллийг оруулсан бэ? Чи ямар, ямар мэдээллийг орхисон бэ? Хэрэв чи ариун ёслолын цуглаан дээр найздаа эсвэл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бус хэн нэгэнд энэ түүхийг ярих бол үүнийг өөрөөр хэлэх байсан даа гэж боддог уу?

1820 онд Иосеф Смит Нью-Йоркт байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай үзэгдлийг хэрхэн тайлбарласныг бодоход эдгээр асуулт чухал юм. Иосеф энэ явдлыг хэд хэдэн удаа хуваалцсан. Өнөөдөр бидэнд Иосефын өөрийнх нь бичсэн дөрвөн цэдэг байдаг.

  1. 1832 оны зун Иосефын бичсэн хувийн түүх. Иосеф сүнслэг зүйлсийн талаар эргэлзэж байсан учраас ой руу залбирахаар явсан тухайгаа тайлбарлав. Тэр мөн нүглүүдээсээ өршөөгдөхийг хүссэн.

    залуу Иосеф Смит
  2. Иосефын 1835 оны тэмдэглэл. Робэрт Майттиүс гэгч номлогч Огайогийн Көртландад ирэв. Тэрээр Иосефт шашны сэдвээр ярихыг хүссэн учраас Иосеф үзэгдлийнхээ тухай түүнд ярьж өгчээ. Иосефын тэмдэглэлийг хөтөлж байсан Уоррэн Парриш Иосефын хэлсэн үгийг бичжээ.

    Иосеф Смит судруудыг барьж байгаа нь
  3. Иосефын 1838 онд эхлүүлсэн Сүмийн албан ёсны түүх. Тэрээр Сүм хэрхэн сэргээгдсэн болон үүний нэг хэсэг болох Анхны Үзэгдлийн тухай ярьсан юм. Энэ түүхийг Агуу Үнэт Сувдад нийтэлжээ.

    Иосеф Смит бичиж байгаа нь
  4. 1842 онд Иосефын бичсэн захидал. Жон Вентвөрт хэмээх сэтгүүлч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэрхэн бий болсон талаар тайлбарлахыг Иосефоос хүсжээ. Иосеф хариу болгон захидалдаа анхны үзэгдлийн тухай мэдээллийг оруулсан.

    гараар бичиж байгаа нь

Тэмдэглэл бүрийг өөр, өөр цаг үед өөр, өөр хүмүүст зориулан бичсэн байна. Иосеф тус бүрд нь өөр, өөр зорилготой бичжээ. Харин бид тэдгээрийг хамтад нь уншсанаар Ариун төгөл дэх Иосефын туршлагын талаар илүү баялаг, илүү тодорхой ойлголттой болдог.

Юу нь өөр вэ?

Эдгээр тэмдэглэлд өөр, өөр мэдээлэл байдаг. 1832 оны тэмдэглэлд Иосеф нүглээсээ өршөөгдөх хүсэлдээ илүү төвлөрч бичсэн. Тэр аль сүм үнэн болохыг мэдэхийг хүссэн тухай тодорхой дурдаагүй. Тэрээр “Их Эзэн” өөрт нь хэрхэн үзэгдсэн тухай ярьсан ба Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг тус тусад нь тодорхойлоогүй.

1835 болон 1838 оны тэмдэглэлд Иосефыг залбирахад нь саад болж байсан муу хүчний тухай гардаг. Иосеф 1835 оны тэмдэглэлдээ хоёр хүн мөн тэнгэр элчүүд түүн дээр айлчилсан болохыг бичсэн. 1838 болон 1842 оны тэмдэглэлд мөн хоёр хүнийг дурдсан бөгөөд тэдгээрийн нэгийг нь Есүс Христ гэж онцгойлон тодорхойлсон байдаг. Энэ хоёр тэмдэглэл Иосефын үнэн сүмийн эрэл хайгуулд онцгой анхаарал хандуулсан байдаг.

Яагаад ялгаатай байдаг вэ?

Уг тэмдэглэлүүд ялгаатай байх хэд, хэдэн шалтгаан бий.

Санах ойн мөн чанар

Заримдаа бид дурсамж маань үргэлж ижил байна гэж боддог. Гэвч санах ой нь ийм байдлаар ажилладаггүй юм. Бид нас ахихын хэрээр аливаа зүйлийг өөрөөр санадаг. Өмнө нь тохиолдсон ямарваа нэг үйл явдал амьдралд болсон өөр, өөр туршлагаас болж өөр утгатай болж магад. Гол санах ой үлдсэн ч зарим нарийн мэдээлэл өөрчлөгдөж болох юм. Энэ нь бидний ой санамж үнэн эсвэл зөв биш гэсэн үг биш харин үүний хэсгүүд нь өөр, өөр цаг үед илүү онцгойрч гарч ирдэг.

Өөр, өөр зорилго

Иосефт энэ түүхийг ярих янз бүрийн шалтгаан байсан. 1832 онд тэрээр хувийн түүхээ бичиж байсан учраас Анхны үзэгдэл өөрт нь ямар утга учиртай вэ гэдэгт илүү төвлөрсөн. Тэрээр 1838 болон 1842 онд Сүм хэрхэн бий болсон, мөн үүний нэг хэсэг болох Анхны үзэгдлийн тухай ярьсан. Тиймээс тэр аль сүм үнэн болохыг мэдэхийг хүссэн хүслээ онцлон тэмдэглэсэн байна.

Өөр, өөр сонсогчид

Робэрт Майттиүс, Жон Вентвөрт нар Сүмийн гишүүн биш байв. Иосеф зарим зүйлийг өөрөөр дүрслэх хэрэгтэй болсон. Тэрээр 1838 оны тэмдэглэлийг илүү Сүмийн гишүүдэд зориулан бичсэн. Тэрбээр 1832 оны тэмдэглэлээ зөвхөн дотнын найз нөхөд, гэр бүлийн гишүүд нь уншина гэж бодсон байж болох юм.

Юу нь ижил байна вэ?

Бүх дөрвөн тэмдэглэлд гол мэдээлэл нь адилхан байдаг. Иосеф өөрийнхөө аврал болон дэлхийн авралын талаар эргэлзэж байсан. Тэр залбирал нь хариулагдах боломжтой гэдгийг Иаков 1:5–6-аас уншлаа. Тэр ой мод руу очиж, залбирав. Тэнгэрлэг биес түүнд үзэгджээ. Тэд түүнийг нэрээр нь дуудав. Тухайн үеийн сүмүүд зөв сургаал заадаггүй байсан гэж тэд хэлжээ.

Анхны үзэгдэл

Тэмдэглэлүүд надад юу зааж байна вэ?

Би өөр, өөр тэмдэглэлүүдийг унших дуртай учир нь эдгээр цэдэг Анхны үзэгдлийг илүү сайн ойлгоход надад тусалдаг. Иосеф яагаад эргэлзэж, залбирахыг хүссэнийг би илүү тодорхой ойлгосон. Анхны үзэгдэл Иосефын амьдралын өөр, өөр цаг үед ямар утга учиртай байсан тухай унших үед би Сүнсийг илүү хүчтэй мэдэрч чадна. Уг тэмдэглэлүүд нийлээд Иосеф үнэнийг хэлж байсныг мэдэж авахад надад тусалдаг. Тэр Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг Ариун төгөлд харсан. Энэ нь залбирлынхаа хариуг би ч хүлээн авах боломжтой гэсэн илүү их найдварыг надад өгдөг.

Тэмдэглэл

Иосеф яагаад залбирсан гэж хэлсэн бэ?

Хэн үзэгдсэн гэж Иосеф хэлсэн бэ?

1832 он

Нүглүүдийнхээ өршөөлийн төлөө

Их Эзэн

1835 он

Шашны асуудалд хэн нь зөв, хэнийх нь буруу байсныг мэдэхийн тулд

Нэг нь нөгөөгөө дагасан хоёр хүн ба тэнгэр элчүүд

1838 он

Аль сүм нь Христийн үнэн Сүм байсныг мэдэхийн тулд

Эцэг болон Түүний Хүү Есүс Христ

1842 он

Аль сүм нь Христийн үнэн Сүм байсныг мэдэхийн тулд

“Алдар суут хоёр хүн”