2025
Гэр орон ба гэрчлэлээ барьж босгох нь
2024 оны 1-р сар


Гэр орон ба гэрчлэлээ барьж босгох нь

Сарагийн барилгын бизнес өргөжин тэлж байлаа. Гэвч тэрээр нэгэн шийдвэр гаргах хэрэгтэй болов.

Залуу эмэгтэй

Тэмдэглэснээс бусад нь Кристина Смитийн авсан гэрэл зургууд

Ноагийн хувьд шийдвэр нь хөвөгч авдар байсан. Хаан Бенжамин цамхаг барих шийдвэр гаргасан. Жаредын ах хөлөг барих шийдвэр гаргасан. Харин АНУ-ын Монтана мужид амьдардаг Сара Кристэнсэний хувьд ямар шийдвэр гаргасан бол? Тэрээр байшин барихыг хүсэж байсан тул ийн шийджээ.

Миннесота Миннеаполисын номлолд бүрэн цагийн номлогч болсон Эрмана Кристэнсэн нэг удаа номлол нь түүний барилгын ажлын зорилгод саад болж байгаад багахан дургүйцжээ. Энэ нь түүний өөрийнх нь номлол ч биш байлаа!

Эхнээс нь эхэлцгээе.

Тэр “Би бүхий л амьдралынхаа турш аавдаа юм хийж, барихад нь тусалдаг байсан. Би цахилгааны багаж хэрэгсэл, барилгын ажилд дадсан болохоор үүндээ үнэхээр дуртай болсон. Тэгээд би 16 настайдаа хувиараа барилгын бизнес эхлүүлэхээр шийдсэн юм” гэж ярив.

аав охин хоёр байшин барих ажил хийж байна

“Аав надад хоёр самбараас эхлээд бүхэл бүтэн байшин босгохыг заасан” гэж Сара хэллээ.

Бизнесээ хөгжүүлсэн нь

Нэг жил Сара зуны турш анх удаагаа байшин засжээ. Энэ нь түүнд маш их таалагдсан учраас тэр дараа жил нь дахин засварын ажил авсан. Эцэст нь тэр илүү том төсөл болох “худалдах” байшин барихаар шийдсэн. Тэрээр туслах барилгын ажилчидтайгаа сууриас эхлээд дуустал нь байшин барьжээ. Тэр ашигтай зарж борлуулна гэж найдаж байв.

барилгын талбай дээр лантуу барьсан залуу эмэгтэй

Байшинг нураах өдөр! Сара нэг төсөл дээрээ угаалгын өрөө рүү алх барин орж байгаа нь

Бизнес эхлүүлэх нь тийм ч амар ажил биш. Ялангуяа Сара ахлах сургуулийн хичээл, холын зайн гүйлт гээд завгүй байдаг байв.

барилгын талбай дээр алхаар нүдэж буй залуу эмэгтэй

Сара 16 настайдаа барилгын компаниа байгуулсан байна.

Тэр “Би маш их зүйл сурсан. Би хүмүүст мөнгө төлөхийн тулд өмнө нь хэзээ ч ашиглаж байгаагүй чекийн дэвтэр ашиглах хэрэгтэй болсон. Би туслах барилгачид болох танихгүй хүмүүстэй ярилцаж сурах хэрэгтэй болов. Би мөн компани удирдахад үүсэх стрессийг хэрхэн даван туулах талаар сурсан. Энэ нь тийм ч зугаатай байгаагүй. Алдагдалгүйгээр байшингаа зарахын тулд мөнгө хангалттай олохгүй байх вий гэж үргэлж санаа зовдог” хэмээн ярив.

Хэзээ ч ганцаараа биш

Гэвч бизнес эрхлэхэд санаа зовж, сэтгэлийн дарамттай байсан ч том мөрөөдөлтэйгөө хэзээ ч ганцаараа нүүр тулах шаардлага Сарад байсангүй.

“Бүх зүйл үргэлж бүтдэг байсан ба энэ нь Их Эзэний ачаар гэдгийг би мэддэг. Их Эзэнгүйгээр энэ бизнес гэдэг зүйл боломжгүй байсан. Тэр хүнд өдрүүд, нөр их хөдөлмөр гээд бүх зүйлийг даван туулахад надад тусалсан юм” гэж тэр ярилаа.

залуу эмэгтэй барилгын талбай дээр нэгэн хөвгүүнд өрөмдлөг хийхэд нь тусалж байна

Сара гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно харилцаатай байдаг нь тэдний хамтын хөдөлмөрөөс үүдэлтэй.

Сарагийн гэр бүл ч мөн адил алхам бүрд нь түүнийг дэмждэг байсан бөгөөд энэ нь биднийг түүний төлөвлөгөөнд саад болж байсан тэрхүү номлол руу эргэн аваачна.

Сарагийн ах Тайлэр нь номлолоосоо гэртээ ирэнгүүтээ түүнд байшин барихад нь туслахаар төлөвлөсөн байв. Гэвч нэг өдөр тэр Сара руу утасдаж, түүнээс номлолын үйлчлэлээ сунгахыг хүссэн тухай мэдээг дуулгажээ.

“Би түүнд маш их уурласан. Намайг ‘Тайлэр аа, чи үүнийг зөвшөөрч болохгүй шүү дээ. Би үүнийг төлөвлөчихсөн байгаа’ гэж хэлэхэд тэр ‘Их Эзэний ажил чиний ажлаас илүү чухал’ гэж Тайлэр хэлсэн. Түүний үг надад хүчтэй нөлөөлсөн. Түүний зөв гэдгийг мөн Бурханы төлөвлөгөөнд итгэх хэрэгтэйг би мэдэж байсан” гэж тэр хуваалцлаа.

гэр бүл

Сарагийн гэр бүлийнхэн Тайлэрыг номлолынхоо сунгасан хугацааг дуусгаад бууж ирэхэд халуун дотноор угтан авчээ.

Гэрэл зургийг Сара Кристэнсэний зөвшөөрлөөр нийтлэв

Барилгын талбайд буй аав, охин хоёр

Сара ааваасаа эсвэл Тэнгэрлэг Эцэгээс тусламж авч байна уу гэдгээс үл хамааран ганцаараа биш гэдгээ мэддэг.

Өөрийнх нь номлол

Тайлэрын үлгэр жишээ нь Сарад өөрөө номлолд үйлчлэх тухай бодоход сүнслэгээр нөлөөлжээ. “Ах маань Христэд ирэхэд нь хэчнээн олон хүнд тусалсныг би ойлгож, мөн тэр өөрөө Христэд хэр их ойртсоныг харсан. Би ч мөн адил туршлагатай болохыг хүссэн. Би сайн мэдээг нухацтай судалж эхэлсэн бөгөөд Аврагчтай харилцах миний харилцаа, гэрчлэл маань өсөхийн хэрээр өөртөө байгаа зүйлийг хуваалцахыг илүү их хүсдэг болсноо олж мэдсэн” гэж Эрмана Кристэнсэн хэлэв.

Сара барилгын бизнесээ түр зогсоож, Их Эзэнд үйлчлэх сонголтыг хийсэн. Энэ шийдвэр нь түүнд хүчирхэг шинэ ойлголтыг өгсөн юм.

“Сайн мэдээ хүмүүсийн амьдралыг бүрмөсөн өөрчилдөг гэдэг нь миний номлолын надад заасан хамгийн чухал зүйл юм. Сүмд өссөн болохоор сайн мэдээ миний амьдралд хэчнээн чухал болохыг олж харах нь надад хэцүү байсан.

Миний номлолд эргэн тойронд маань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэдэхгүй хүмүүс байгаа. Тэд өөрсдийгөө Бурханы хүүхдүүд бөгөөд тэдэнд зориулсан төлөвлөгөө Түүнд байгааг мэдэх үед энэ нь тэдний амьдралыг өөрчилдөг. Үүнийг гэрчилж, нэг хэсэг байх нь хамгийн сайхан зүйл юм. Би номлолынхоо өмнө энэ талаар ойлголттой байсан ч одоо Есүс Христийн сайн мэдээ энэ дэлхийд болон ирэх дэлхийд баяр баясгалантай байхад туйлын чухал гэдгийг мэддэг болсон” хэмээн Эрмана Кристэнсэн ярив.

будаг өнхрүүлэгч барьсан номлогч эгч нар

Эрмана Кристэнсэн (баруун талд) болон түүний хамтрагч Эрмана Тэйлор (зүүн талд) чадах бүхнээрээ үйлчлэл хийх дуртай.

Гэрэл зургийг Сара Кристэнсэний зөвшөөрлөөр нийтлэв.

Айдсаас илүү итгэл

Номлолд үйлчлэх тухай бодож байгаа өсвөр үеийнхэнд Эрмана Кристэнсэн ийн захисан: “Итгэлтэй бай, бүү ай. Номлол амаргүй ч үнэ цэнтэй. Бурханы үйлчлэгчдийн нэг байх шийдвэр гаргавал Тэрээр та нарыг төсөөлөхийн аргагүй арга замаар адислах болно.”

Эрмана Кристэнсэн үйлчилж байхдаа байшин барихаа үгүйлдэг ч сонгосон зүйлдээ харамсдаггүй. “Мэдээж хэрэг, бүрэн цагийн номлогч байх хугацаанд бизнес маань өсөж хөгжих боломжтой байсан. Гэвч бизнесээ багахан хугацаанд ардаа орхиж буй золиослолыг маань Их Эзэн адислах болно гэдгийг би мэднэ. Миний бизнес хүлээж чадах ч Их Эзэний ажил хүлээх боломжгүй!” гэж тэрээр хуваалцлаа.