Бошиглогч ба түүний Аврагч
Нэг талаараа Сэргээлтийн түүх нь Есүс Христэд илүү ойртсон Иосеф Смитийн түүх юм.
Өвдөг бүхэн сөгдөх болно, Дайн Вилсон
Иосеф Смитийн амьдралын түүх нь Иосеф Смитийн амьдралын түүх төдий зүйл биш юм.
Бид Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн түүхийг ярихдаа ихэнхдээ Иосеф Смитийн түүхийг ярьж эхэлдэг. Мөн тэр нь ч утга учиртай. Сэргээлт хэрхэн эхэлснийг ойлгоход хүмүүст туслахын тулд тэрээр хэд хэдэн өөр цаг үед хүүхэд насныхаа түүхийг өөрөө ярьсан байдаг. Гэвч нэг талаараа Иосеф Смитийн амьдралын түүх нь түүний Есүс Христэд илүү ойртсон түүх юм.
Өршөөлийн тухай үзэгдэл
Залуу Иосеф Смит шашны талаар эргэлзэж байлаа. Мөн түүнд төрсөн өөр нэгэн мэдрэмж түүнийг Анхны үзэгдлээ үзсэн ойн цоорхойд ийн залбирахад хүргэсэн: “Би өөрийнхөө нүглийн улмаас гашуудан шаналсан.”
Аврагч Иосефтой ярилцахдаа, “Иосеф хүү минь, нүглүүд чинь өршөөгдсөн” гэжээ.
Иосеф Есүс Христ амьд гэдгийг өөрийн биеэр мэдэж авсан юм. Есүс Христ нигүүлсэнгүй бөгөөд нүглийг уучилдаг гэдгийг мөн тэрээр олж мэдсэн. Энэхүү хувьдаа олж авсан мэдлэг нь Иосефын хувьд чухал байв. “Бодгалийн минь аврал надад хамгаас чухал юм. Учир нь би мөнхийн юмсыг тодорхой мэднэ шүү дээ” гэж тэр нэгэнтээ хэлсэн байдаг.
Есүс Христийн тухай энэхүү мэдлэг нь бошиглогчийн хувьд Иосефын хийхээр дуудагдсан ажилд мөн адил чухал байсан. Тэрээр Есүс Христийн ач ивээл, нигүүлслийн талаарх хүчирхэг гэрчлэлийг амьдралынхаа турш хуваалцсан юм. Жишээ нь, тэрээр нэгэнтээ “Бүх зүрх сэтгэл наманчилж, цэвэр ариун байх ёстой. Тэгвэл Бурхан тэднийг хүндэтгэж, өөр ямар ч байдлаар адислагдаж эс чадах тийм байдлаар тэднийг адислах болно” хэмээн заажээ.
Алдаа ба нигүүлсэл
Иосеф Смитийн хийхээр дуудагдсан ажил туйлын чухал байлаа. Мөн Иосеф зарим талаар гаргасан алдаануудаараа дамжуулан Их Эзэний зарлиг, зөвлөгөөнд нухацтай хандаж сурсан.
Жишээлбэл, Мормоны Номын гар бичмэлийн хуудас алдагдахад Их Эзэн орчуулгын бэлгийг Иосефоос авч, хожим нь түүнд “Бурханы зарлигуудыг болон хуулиудыг чи хэчнээн удаа зөрч[сөн] билээ. … Чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ” (Сургаал ба Гэрээ 3:6–7) гэжээ.
Гэвч “Бурхан нигүүлсэнгүй гэдгийг санагтун; тиймийн тул, … наманчлагтун” (Сургаал ба Гэрээ 3:10) хэмээх захиасыг Их Эзэн Иосефт мөн хэлсэн.
Иосеф наманчилж, орчуулгын бэлгийг дахин хүлээн авсан билээ. Энэ бүх туршлага түүнийг шаналгасан байж болох ч тэрээр чухал сургамжуудыг авсан. Тухайлбал, Их Эзэн нигүүлсэнгүй учраас бид наманчилж, адислагдах боломжтой гэх мэт.
Аврагч ба найз
Иосеф Смит Их Эзэн Есүс Христийг хэд хэдэн үзэгдэл, айлчлал, илчлэлээр харж, сонссон хийгээд Түүний мөн чанар, зан чанар, номлолын талаар мэдэж авсан (жишээлбэл, Сургаал ба Гэрээ 19; 76; 93; 110-ыг үзнэ үү).
Түүний олж мэдсэн нэг үнэн бол: Аврагчийн гэтэлгэх ажил нь энэ дэлхий дээр амьдарч байсан бүх хүн, мөн Бурханы охид, хөвгүүдийн амьдарч байсан бүх дэлхийн төлөө юм (Сургаал ба Гэрээ 76:24-ийг үзнэ үү).
Үүний зэрэгцээ Иосеф Аврагчийн ажил хэр өргөн цар хүрээтэйг мэдэж авсан бөгөөд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний хүн тус бүрийг нэг бүрчлэн мэддэг бөгөөд хайрладаг гэдгийг мөн ухаарсан. Тэд бидний хүн нэг бүртэй илүү ойр дотно харилцаатай байхыг хүсдэг. Тэд биднийг гэрээ байгуулж, гэрээгээ сахиж, эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчээсэй гэж хүсдэг. Энэхүү гүн гүнзгий харилцаа нь бидэнд баяр баясгалан, итгэл найдварыг авчрах болно.
Иосефын Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа нь маш гүнзгий болсон учраас түүний амьдралын хамгийн хэцүү үе болох Либерти шоронд хоригдож байхдаа тэрээр ийнхүү хэлсэн:
“Бурхан бол миний анд найз гэдгийг мэдэх учир би хувь заяандаа сэтгэл хангалуун байхыг хичээх болно. Түүнээс би тайтгарлыг олох болно. Би амь амьдралаа түүний мутарт даалгасан хүн. Түүний дуудсан цагт явахаар бэлтгэж байна. Христтэй хамт байхыг хэчнээн их хүснэ вэ.”
Та нар Иосеф Смитийн амьдрал, сургаалуудыг судлахдаа түүний үлгэр жишээг дагаж болно. Наманчилж, гэрээнүүдийг байгуулж, тэдгээрийг сахиж мөн итгэлтэй хэвээр байгаарай. Тэгвэл та нар ч бас Аврагч бол та нарын Найз гэдгийг мэдэж чадна.