Та нарт болон дэлхийд зориулсан баярт сайн мэдээ
Та нар хайр, баяр баясгалангийн мэдээг хүлээн авч чадна. Учир нь Есүс Христ Бурханы бүх хүүхдийг адислахын тулд Өөрийн Сүмийг сэргээсэн.
Ариун ойн цоорхой, Ал Раундс
Есүс Христ амьд бөгөөд хожмын энэ өдрүүдэд Өөрийн сайн мэдээг болон Сүмийг сэргээсэн гэдэг нь бүх хүнд хандсан бидний итгэл найдвар, амар амгалангийн захиас юм. “Эдгээр зүйлс хүн төрөлхтөнд өгүүлэхийн аргагүй аугаа юм!” гэж бошиглогч Иосеф Смит тунхаглажээ. Тэдгээр нь “бүх ард түмнийг үлэмж баярлуулах… дэлхийг дүүргэж, үүнийг сонсох бүгдийн зүрх сэтгэлийг өргөн дэмжих баярт мэдээ юм.”
Эдгээр баярт мэдээ нь Тэнгэр дэх Эцэг болон бидний Аврагчийн дуусашгүй хайрын агуу илэрхийлэл юм. Тэд бүх хүнийг адисалж, Есүс Христийн эргэн ирэх өдөрт дэлхийг бэлтгэх болно. Би эдгээр үнэнийг бүх дэлхий даяар тунхаглахад амьдралаа зориулж байгаадаа баясдаг.
Амилалтын өглөө, Сара Хатч
Боломжгүй ба гайхалтай зүйл
Ойн цоорхойд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр аль сүмд нэгдэх ёстой талаарх Иосефын залбирлын хариуд Иосеф Смитэд үзэгдэж, түүнтэй ярьсан (Иосеф Смит—Түүх 1:16–20-ийг үзнэ үү). Есүс Иосефт аль ч сүмд бүү нэгд гэж хэлсэн. Түүний сайн мэдээний бүрэн байдал ирээдүйд Иосефт илчлэгдэх болно хэмээн Тэрээр амласан.
Иосеф ийм чухал ажилд дуудагдах нь олон хүнд хамгийн боломжгүй мэт санагдсан. Тэдний бодлоор тэр зүгээр л нэг жижиг фермээс ирсэн боловсролгүй хүү байв. Гэвч Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосефоор дамжуулан үнэхээр гайхалтай зүйлийг хийх байсан. Биднийг адисалж, гэртээ хэрхэн эргэж очихоо мэдэхэд туслах Есүс Христийн гэтэлгэх хайр, Цагаатгал болон Тэнгэрлэг Эцэгийн хайраар дүүрэн төлөвлөгөөний тухай чухал сургаалууд, үнэ цэнтэй илчлэлүүд болон зарлигууд Иосефт өгөгдөх байлаа.
Бурханы хайрын хүчит гэрчлэл
Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдэн, ойрхон булагдсан алтан ялтсууд дээр бичигдсэн цэдгийн тухай ярьжээ (Иосеф Смит—Түүх 1:33–34-ийг үзнэ үү). Эцэст нь Иосеф уг цэдгийг Библитэй эн зэрэгцэх Есүс Христийн өөр нэгэн гэрч болох Мормоны Ном болгон орчуулсан.
Мормоны Номын туршид хүмүүс Христээс хэдэн зуун жилийн өмнө Түүний ирэхийг мэдэж, бошиглож, уг ирэлтийг маш их хүсэн хүлээж байсан. Мөн бид Аврагч нифайчуудад хэрхэн үзэгдэж, тохинуулсныг уншдаг. Тэрээр бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьсан. Тэрээр өвчтэй, доголон, сохор болон зовж зүдэрсэн бүгдийг эдгээсэн. Дараа нь Тэр бяцхан хүүхдүүдийг адисалж, тэдний төлөө залбирсан (3 Нифай 11:14–15; 3 Нифай 17:7–9; 3 Нифай 17:21-ийг үзнэ үү).
Мормоны Ном Аврагчийн хайр, нигүүлслийн тухай маш их зүйлийг бидэнд заадаг. Энэ нь “Есүс бол Христ” гэдгийг үнэнхүү гэрчилдэг. Энэ ном Түүний үүрдийн сайн мэдээний сайхан байдлыг агуулдаг. Мормоны Ном нь Тэнгэр дэх Эцэг болон Аврагч маань бидний төсөөлж чадахаас ч илүүгээр биднийг хэрхэн хайрладаг тухай тодорхой ойлголтыг өгдөг.
Алтан ялтсууд, Робэрт Тиодор Баррэтт
Санваарын адислалууд ба Сүм
Бусад тэнгэрлэг элч Иосеф Смит дээр ирэв. Иохан Баптисч баптисм хүртээх эрх мэдлийг сэргээхээр ирсэн. Петр, Иаков, Иохан нар санваарын эрх мэдлийн түлхүүрүүд болон төлөөлөгчийн эрхийг сэргээсэн. “Өөр бусад хүн ирсэн ба тэдний дунд гэр бүлүүдийг үхлийн дараа ч үүрд мөнхөд үргэлжлэх мөнхийн харилцаанд холбох эрх мэдлийг сэргээсэн Елиа байжээ.”
Есүс Христ дараа нь бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Шинэ Гэрээний үед өөрийн зохион байгуулсан Сүмийг загварчилсан (Итгэлийн Тунхаг 1:6-г үзнэ үү). Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Есүс Христ болон Түүний төлөөлөгчид, бошиглогчдоор дамжуулан сэргээгдсэн санваарын хүчний адислалуудыг Бурханы бүх хүүхдэд хүртээмжтэй болгодог.
Хэрэв та нар сэтгэлээр унаж, өөрийгөө хангалттай сайн гэж боддоггүй эсвэл нэгэн хэсэг нь мэт санагддаггүй бол өөртөө илүү зөөлөн хандаж, Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү, бидний Аврагч та нарыг төсөөлж чадахаас тань илүү их хайрладгийг ухаараарай гэж би хэлмээр байна. Бүх хүнийг Христэд болон Түүний Сүмд ирэхэд урьдаг. Сүм төгс хүмүүст зориулагдаагүй. Сүм бол биднийг эмчилдэг эмнэлэгтэй адил. Сүм дээр бид өөрсдийгөө гадагш нээж, бусдад хайраар үйлчилж, сайн мэдээг хуваалцдаг. Бид “Бурханы сайн үгээр тэжээгдэж мөн дурсагдах” (Моронай 6:4) боломжтой. Бид амар амгаланг болон эдгэрлийг олж чадна. Ямар гайхалтай адислал вэ!
Агуу их баяр баясгалангийн шалтгаан
Тэнгэрлэг Эцэг, Түүний хайртай Хүү Есүс Христ та нарыг хайрлаж, юунаас ч илүүгээр гэртээ авчирч, Тэдний амьдардаг амьдралыг үүрд мөнхөд өвлөн аваасай гэж хүсдэг. Тэд та нарт энэхүү гайхамшигтай боломжийг олгохын тулд бүхнийг хийсэн гэдгийг Сэргээлт илчилдэг. Зарим үед та нарт сорилт бэрхшээл тохиолдож болох ч энэ болон ирэх амьдралд “[та нар] баясгалантай байж болохын тул” (2 Нифай 2:25) билээ. Бошиглогч Иосеф үүнийг бусдаас илүү сайн мэддэг байсан. Та нар үргэлж наманчлан, Тэнгэр дэх Эцэгтээ болон Аврагчид хандах үед та нар баяр баясгалантай байж чадна гэдгээ мэдэж авах болно.
Иосеф олон удаа эсэргүүцэл, хавчлагатай тулгарсан ч “төрөлхийн хөгжүүн баяр хөөртэй” (Иосеф Смит—Түүх 1:28) байдлаа хадгалсан. Тэрээр баяр баясгалантай, хүчтэй, тэсвэр хатуужилтай хэвээр үлдэж, хийх ёстой ажлаа ч хийж гүйцэтгэсэн юм. Түүний дараах бүх бошиглогч ч мөн ялгаагүй ийм байсан.
Сүмийн эхэн үед энэ нь хэцүү байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн хэцүүхэн байж болох ч Сэргээлт тэр үед үргэлжилсэн бөгөөд өнөөдөр ч үргэлжилж байна. Есүс Христ Өөрийн Сүмийг удирддаг. Амьд бошиглогчид биднийг удирдан чиглүүлсээр байна. Их Эзэний өргөө цаашид ч баригдах болно. Бид Аврагчийн хоньдыг тэжээж, Түүний сайн мэдээг хуваалцан Түүний зарлигийг дагавал Бурхан болон Есүс Христийн хайр бүх дэлхийд хүрэх болно. Сэргээлтийн үнэнүүд Иосефын үед төсөөлөхөд ч бэрх байсан газрууд руу боломжгүй мэт арга замаар урагшлах болно. Бид дэлхийг арай эелдэг, хагарал багатай болгохыг хичээх болно.
Та нар сайн мэдээг тогтмол судалж, байнга залбирч, бусдад үйлчилснээр Сэргээлтийн захиас зүрх сэтгэлд тань хүрч, амьдралыг тань өөрчлөх болно. Энэ нь тэр даруй тохиохгүй байж болох ч бошиглогч Иосефт тохиолдсон шиг та нарт ч бас баяр баяслыг авчрах болно.
Сэргээлтийн авчирдаг хайр, баяр баясгалангийн баярт мэдээ нь одоо болон үргэлж та нарын амьдралыг адисалж, удирдан чиглүүлэх болтугай.