2025 оны Өсвөр үеийнхний уриа
Христ рүү харах 7 арга
Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эдгээр дадал зуршлыг туршаарай.
“Христ рүү харагтун” хэмээх энэ жилийн өсвөр үеийнхний уриаг хэрэгжүүлэх нь багагүй сорилт болж байна. Та нар биечлэн хамт байхгүй хэн нэгнийг хэрхэн харах вэ? Эдгээр долоон дадал зуршлаас эхэл.
1. Тэр нуугдаагүй гэдгийг сана.
Тийм ээ, та нар Түүнийг эрж хайх хэрэгтэй. Харин Тэрээр өөрийг нь олоосой хэмээн хүсдэг! Энэ нь нуугдаж тоглодог тоглоом биш юм. Их Эзэн та нарыг адислахаар тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд үнэндээ энэ нь Түүнийг баярлуулдаг (Сургаал ба Гэрээ 41:1-ийг үзнэ үү). Тэр та нарын адислал авах эрхийг хасахаар шалтгаан хайгаагүй. Харин ч эсрэгээрээ: Тэр үргэлж та нарыг адислахыг эрэлхийлдэг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон ийн заасан: “Үгүй ээ, [Аврагч] хаалт, саад тотгорыг тавьдаггүй, харин ч тэдгээрийг зайлуулдаг. Тэр таныг гадна үлдээдэггүй, харин ч урин оруулдаг. Түүний тохинуулал тэр чигтээ энэ зорилгын амьд тунхаглал байсан юм.”
2. Өөрийн амьдрал дахь Түүний нөлөөллийг хүлээн зөвшөөр
Биднийг “бүх зүйл дээр түүний гарыг хүлээн зөвшөөрөх” (Сургаал ба Гэрээ 59:21) үед Их Эзэн баярладаг. Тиймээс өөрсдийн амьдрал дахь Түүний нөлөөг хүлээн зөвшөөрөхөд анхаар! Бүх зүйл сайн байгаа үед Түүнд таларх, харин тийм биш үед амар амгаланг эрэлхийлж, ойлгохыг хичээ.
3. Өөрт байгаа зүйлдээ талархалтай бай.
Их Эзэний нөлөөг амьдралдаа хүлээн зөвшөөрөхийн сацуу талархлыг мэдэрч, харуулах нь мөн адил чухал юм. Та нар Аврагчийг биечлэн “харахгүй” байж болох ч Түүний адислалуудыг амьдралдаа харж чадна! Далын ахлагч Гари Б.Сабин та нар “хэзээ ч талархалтай байхаас илүү жаргалтай байхгүй” гэж хэлжээ. Адислалуудынхаа төлөө Их Эзэнд өдөр бүр таларх. Сэтгэлээр унасан үедээ хуучин дууллын зөвлөгөөг дага: “Адислал бүрээ тоол. Нэг нэгээр тоолж үз. Бурханы хийснийг ухааран, та биширнэ.”
4. Өдөр бүр залбир.
Хэрэв та нар өдрөө Тэнгэрлэг Эцэгтэй ярьж эхлүүлэх юм бол тэр өдрийн турш Аврагчийг илүү сайн “харах” боломжтой байх болно. Аврагчийг дурсан санахад болон өөрийн амьдрал дахь Түүний нөлөөг анзаарахад туслахыг Түүнээс хүс. Та нар өдрийн турш хүссэн үедээ залбирч болно. Мөн унтахынхаа өмнө Тэнгэрлэг Эцэгтээ хандан, хэр байснаа ярьж өгөхийн тулд дахин залбир. Тэр та нарыг сонсохоос хэзээ ч залхахгүй!
5. Судар болон дууллуудыг цээжил.
Есүс Христэд бодол санаагаа төвлөрүүлэх нэг арга зам бол дуртай судрын үгсийг эсвэл сэтгэл сэргээх дууны үгийг ой тойндоо хадгалах явдал юм. Сөрөг бодол аажмаар орж ирэх үед тэдгээрийг санах дадлага хий. “Би Бурханы хүүхэд” зэрэг дууллын гарчгийг эргэн санах (дотроо дуулах) нь та нарын бодлыг өөр чигт чиглүүлэхэд хангалттай байж болох юм. “Та байнга хэрэгтэй.” “Be still, my soul (Бодгаль минь тайван бай).”
6. Аврагчийн зургийг хар.
Өөрт таалагддаг Аврагчийн уран зургуудыг олж, дараа нь тэдгээрийг байнга харж болох газарт байрлуул. Унтлагын өрөөний хана, угаалгын өрөөний толь, сургуулийн шүүгээ, компьютерын дэлгэцний зураг эсвэл гар утасныхаа дэлгэц зэрэгт байрлуулж болох юм.
7. Эргэн тойрныхоо ертөнцийг хар
Үнэхээр үзэсгэлэнтэй шүү! Мөн Аврагч үүнийг та нарын төлөө бүтээсэн (Сургаал ба Гэрээ 14:9-ийг үзнэ үү)! Дэлхий яагаад хайр татам сайхан байх ёстой гэдгийг бид мэдэх шаардлагагүй. Магадгүй бид мөнх бус байдлыг хавтгай, дөрвөлжин, саарал дэлхийд өнгөрүүлж болох байсан. Үүний оронд Аврагч “хүмүүний тусын тулд мөн ашиглалтын тулд, нүд баясгах бөгөөд сэтгэл баярлуулах аль алиных нь тулд” (Сургаал ба Гэрээ 59:18) дэлхийг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, сайхан зүйлс бидэнд сайхан мэдрэмж өгдөг тул дэлхий үзэсгэлэнтэй байдаг. Хэрэв та нар Аврагчийг санахыг хүсвэл зүгээр л эргэн тойрноо хар.