12.
Есүс Христ баяр баясгалан авчирдаг
Таны Тэнгэрлэг Эцэг баяр баясгалантай байдаг. Тэрээр Өөрийн хүүхэд болох таныг аль болох их баяр баясгалан мэдрээсэй хэмээн хүсдэг. Тиймээс Тэрээр аз жаргалын төлөвлөгөөг бэлдсэн билээ. Тэр Өөрийн Хүү Есүс Христийг таны Аврагч болгож, Өөрийнхөө сайн мэдээг заалгуулахаар илгээсэн. Сайн мэдээ гэдэг үг нь “сайн сайхан мэдээ” гэсэн утгатай бөгөөд та Есүс Христийн ачаар энэ амьдралд аз жаргалтай мөн мөнхөд дүүрэн жаргалтай байж чадна гэсэн сайн мэдээ юм.
Мөнхийн үнэн
Таныг аз жаргал, баяр баясгалантай байлгахаар төлөвлөсөн. Энэ бол таны амьдралын зорилго билээ. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний зорилго. Энэ нь та хэзээ ч гунихгүй, хэцүү цаг үеийг туулахгүй гэсэн үг биш. Харин энэ нь Аврагч танд хүнд хэцүү үеийг давж, баяр баяслыг олоход тусалж чадна гэсэн үг.
Баяр баясгалан таны нөхцөл байдлаас болж ирдэггүй; энэ нь Есүс Христийг дагаснаас ирдэг. Танд муу өдөр, муу долоо хоног, муу жил тохиосон байж магадгүй. Гэхдээ баяр хөөртэй байна гэдэг бол амьдрал тань гуниг зовлонгүй байна гэсэн үг биш, харин таны амьдралд Христийн оршихуй байна гэсэн үг.
Аврагчийн баяр баясал бүхнээс илүү агуу, илүү удаан үргэлжлэх зүйл юм. Сатан таныг амин хувиа хичээсэн байдлаар эсвэл дэлхийн таашаалуудаас зугаа цэнгэл, сэтгэл ханамж хайхад уруу татна. Есүс Христэд болон Түүний тушаалуудад харшлах аливаа зүйл танд удаан үргэлжлэх жинхэнэ баяр баясгалан, аз жаргалыг авчирч чадахгүй. Энэ дэлхийн зүйлс бол түр зуурынх гэдгийг санаарай. Есүс Христийн сайн мэдээ нь мөнхийн гүн гүнзгий ариун баяр баясгалан, аз жаргалыг өгдөг.
Урилга
Баяр баясгаланг сонго. Энэ дэлхийд гуниг, бэрхшээл үнэхээр байдаг хэдий ч Тэнгэрлэг Эцэг дэлхийг олон сайн сайхан, үзэсгэлэнтэй зүйлээр дүүргэсэн. Тэдгээрийг хайж олоорой. Өдөр бүр баярлах шалтгаан олж харахыг хичээ. Олж харсан шалтгаанаа бүр бичиж ав. Эдгээр нь таныг хайрладаг Тэнгэр дэх Эцэгээс өгсөн бэлэг юм.
Бусдад баяр баясгалан, аз жаргал өг. Есүс Христ бидэнд баяр хөөрийг авчрахдаа баяр баясгалангийн дүүрэн байдлыг олсон. Та бусдад үйлчлэхдээ баяр баясгалан, аз жаргалыг олсноор Түүний жишээг дагаж чадна. Хайрлагдсан гэсэн мэдрэмжийг мэдрэхэд нь хэн нэгэнд тусал. Бусдыг чин сэтгэлээсээ магтаж, урамшуул. Хүнд хэцүү зүйл туулж буй хэн нэгнийг дэмж. Хэрвээ танд амьдралдаа илүү их баяр баясгаланг мэдрэх хэрэгтэй мэт санагдаж байвал өөр хүнд баяр баясгалан өгөх гэж оролдоод үзээрэй.
Их Эзэнийг шүтэн бишрэхдээ баяр хөөртэй бай. Сүмд явахдаа Есүс Христийн танд өгдөг баяр баясгаланд анхаарч, үүнийх нь төлөө Түүнд магтаал өргө! Сүмийн цуглаанд оролцохдоо баяр баясгалант уур амьсгалыг бий болгоход хувь нэмэр оруулаарай. Ариун нандин хөгжмийг гэртээ болон сүм дэх шүтлэг бишрэлийнхээ хэсэг болго.
Амлагдсан адислал
Амьдрал хэцүү байсан ч та баяр баясгаланг мэдэрч чадна. Та хэрхэн ингэж мэдэрч болох вэ гэж бодож магадгүй. Гэхдээ энэ бол үнэн. Есүс Христэд итгэх итгэл, Түүний эдгээх хүч, мөнхийн амлалтууд танд байнгын баяр баясгалан авчирдаг. Түүний баяр баясгалан гуниг зовлонг дарж, ямар ч ойлголтоос давсан амар амгаланг өгдөг.
Бурханы селестиел хаант улсад баяр баясгалангийн бүрэн дүүрэн байдал таныг хүлээж байна. Есүс Христ таныг мөнхийн баяр баясгаланг хүлээн авахад саад болох бүх зүйлийг даван туулсан. Таныг Түүнд итгэж, дагах үед энэ баяр баясгалан таных байх болно.
Асуулт, хариулт
Хэрвээ сайн мэдээ баяр баясгалантай зүйл юм бол яагаад би ийм гунигтай байдаг вэ? Гунигтай байх нь сайн мэдээний дагуу амьдардаггүй гэсэн шинж тэмдэг биш. Хүн бүрийн амьдралд зовлон, сорилт, гуниг тохиолддог. Есүс Христийг дагах нь үүнийг өөрчилдөггүй ч таныг тайвшруулж, баяр баясгалан, аз жаргал олоход туслах Аврагчтай холбодог.
Яагаад энэ дэлхийд ийм их зовлон зүдүүр байдаг вэ? Дэлхий дээрх зарим зовлон хүмүүсээс өөрсдөөс нь буюу сонгох эрхээ ашиглан буруу сонголт хийснээс болдог. Энэ нь өөрсдөдөө болон бусдад зовлон шаналал учруулж болно. Бусад тохиолдолд зовлон нь хэн нэгний буруу биш харин энэ нь төгс бус дэлхийд амьдарч байгаагаас үүдэлтэй үр дүн юм. Ямар ч шалтгаантай бай, хэн нэгнийг, ялангуяа хайртай хүнээ зовж байгааг харах зүрх өвтгөм байдаг. Таныг зовж шаналж байхад Бурхан ч бас гунигтай байдаг гэдэгт итгээрэй. Тэрээр Өөртэй нь хамт мөнхийн баяр баясгаланг эдлэхэд бэлтгэх, өсөж хөгжихөд туслах зорилгоор мөнх бус амьдралын сорилтыг өгдөг хэдий ч зовлонд таныг ганцааранг нь орхидоггүй. Тэрээр танд тусалж болохын тулд өвчин шаналлыг тань Өөртөө авах Есүс Христийг илгээсэн. Есүс Христ бол таны хүч чадал! Тэрээр Өөрийн дагагчдын нэг болох таныг бусдын зовлонг хөнгөлөхийн тулд чадах бүхнээ хийгээсэй гэж урьдаг.
Дуулал 16:11 (Бурханы оршихуйд баяр хөөр дүүрэн байдаг); 95:1 (Эзэнд дуул); Иохан 16:33 (зоригтой бай; Есүс Христ дэлхийг ялсан); Галат 5:22 (Сүнсний үр жимс бол баяр баясгалан); Еврей 12:2 (Есүс Бурханы хүүхдүүдийг аврах баяр баясгалангийн улмаас зовлонг тэсвэрлэсэн); 2 Нифай 2:25 (Бурхан таныг баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг); Алма 26:15–16 (Бурханы ажлыг хийх нь баяр баясгаланд хүргэдэг); Сургаал ба Гэрээнүүд 18:15–16 (Бусдыг Христэд ирэхэд нь туслах үедээ мэдрэх таны баяр хөөр хэчнээн агуу байх билээ) зэргийг тус тус үзнэ үү.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт
-
Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?