Гэрэл рүү харж буй гэр бүл, Ловэтта Рэйэс Каиро. Зургийг Havenlight-аас авав.
10.
Таны бие махбод бол ариун нандин
1 Коринт 6:18–20
Таны бие махбод бол Тэнгэрлэг Эцэгээс тань өгсөн гайхамшигтай бэлэг юм. Бие махбодтой байх нь сонгох эрх чөлөөгөө хэрэгжүүлэх хүчийг нэмэгдүүлдэг. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь бие махбодоо Бурханы нүдээр харахад тань туслах болно. Энэ нь бие махбодоо хэрхэн авч явах, хэрхэн анхаарах тал дээр томоохон өөрчлөлт гаргахад нөлөөлнө.
Мөнхийн үнэн
Таны бие махбодыг ертөнцийн хамгийн сүр жавхлант, алдар суут Нэгэн болох Бурханы дүр төрхөөр бүтээсэн. Судрууд бидний бие махбодыг Сүнс оршдог ариун сүмтэй харьцуулсан байдаг. Мэдээж, таны бие махбод одоо төгс биш. Гэсэн хэдий ч таны бие махбодоороо туулж буй туршлагууд хэзээ нэг өдөр төгс, амилуулагдсан, алдар суут бие махбодыг хүлээн авахаар бэлтгэхэд тань тусална.
Таны бодгаль бие махбод, сүнс хоёроос бүрддэг. Тиймээс биеийн болон сүнслэг эрүүл мэнд хоорондоо уялдаа холбоотой. Аврагч бие махбоддоо анхаарал тавих зарчмуудыг зааж, бие махбодын болон сүнслэг адислалуудыг амлахын тулд Мэргэн ухааны үгийг илчилсэн.
Бэлгийн дур хүсэл нь Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг бөгөөд аз жаргалтай гэрлэлт, мөнхийн гэр бүлийг бий болгодог. Энэ мэдрэмж нь нүгэл биш, харин ариун нандин зүйл юм. Бэлгийн дур хүсэл нь үнэхээр ариун нандин, хүчирхэг зүйл учир энэ мэдрэмжийг Өөрийнх нь зорилгын дагуу ашиглахад тань бэлтгэх үүднээс Бурхан ариун явдлын хуулийг өгсөн. Ариун явдлын хуулинд зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох бэлгийн харьцааг Бурхан зөвшөөрдөг талаар мэдэгддэг. Дэлхий дээр олон хүн Бурханы хуулийг үл ойшоож, бүр доог тохуу хийдэг ч Бурхан биднийг Өөрийнх нь шавь байх, дэлхийн жишгээс илүү өндөр жишгээр амьдрахад урьдаг.
Урилга
Өөрийн болон бусдын бие махбодод хүндэтгэлтэй ханд. Та өөрийнхөө хувцаслалт, үс засалт, гадаад төрхийн тал дээр сонголт хийх үедээ өөрөөсөө “Би бие махбодоо Бурханаас ирсэн бэлэг хэмээн хүндэтгэн үзэж байна уу?” гэж асуугаарай. Тэнгэрлэг Эцэг биднийг нэг нэгнээ үнэхээр хэн бэ гэдгээр нь буюу зүгээр нэг бие махбод биш, харин бурханлаг хувь тавилантай, Өөрийнх нь хайртай хүүхдүүд гэж хараасай хэмээн хүсдэг. Мөнхийн ирээдүйтэй Бурханы хүүхэд гэдгийг тань илтгэхийн оронд бие махбоддоо зохисгүй байдлаар анхаарал татах эсвэл үүнийг тодотгон харуулах загвараас зайлсхий. Ёс суртахууны хувьд цэвэр ариун байж мөн Бурханыг хайрлаж сонголтоо хий. Гэр бүлийнхнээсээ зөвлөгөө эрэлхийл.
Бие махбодоо өвтгөх, гэмтээх зүйлсийг бус харин хүчирхэгжүүлэх зүйлсийг хий. Бурханы өгсөн олон сайн сайхан зүйлийг талархан хүлээн ав. Согтууруулах ундаа, тамхи, кофе, цай, бусад хортой хар тамхи, бодис зэрэг нь таны бие махбод, сүнсэнд зориулагдаагүй гэдгийг сана. Жороор олгох эм зэрэг ач тустай бодис хүртэл зөв хэрэглээгүй тохиолдолд хор хөнөөл учруулж болно.
Бэлгийн харьцаа, бэлгийн дур хүслийг ариун нандин байлга. Тэдгээрийг тоглоом шоглоом, зугаа цэнгэлийн сэдэв болгох ёсгүй. Гэрлээгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хүний нууцлаг, нандин газруудад хувцастай байсан ч хүрэх нь буруу. Хийх, харах, унших, сонсох, бодох, олон нийтийн сүлжээнд нийтлэх зүйлдээ эсвэл зурвас илгээхийг сонгох үедээ өөртөө болон бусдад тачаадсан мэдрэмжийг зориуд төрүүлэх аливаа зүйлээс зайлсхий. Үүнд бүх хэлбэрийн порнограф орно. Хэрэв та тухайн нөхцөл байдал эсвэл үйл ажиллагаа уруу таталтыг илүү даамжруулж байгааг анзаарвал тэдгээрээс зайлсхий. Тэдгээр нөхцөл байдал, үйл ажиллагаа юу байж болохыг та мэднэ. Хэрэв та өөртөө итгэлтэй биш байвал Сүнс, эцэг эх, удирдагчид тань таньж мэдэхэд тусалж чадна. Амьдрал бүтээх ариун нандин хүчийг хүндэтгэн дээдэлж байгаагаа Тэнгэр дэх Эцэгтээ харуул.
Амлагдсан адислал
Зан авир, гадаад төрх, хувцаслалтаараа бие махбодоо хүндэтгэж байгаагаа харуулах үед өөрийгөө болон бусдыг хүндэтгэх үзэл тань өсөн нэмэгдэх болно.
Мэргэн ухааны үгийг сахидаг хүмүүст Их Эзэн мэдлэгийн агуу сан хөмрөгийг амласан. Донтолтоос ангид эрүүл бие махбод нь хувийн илчлэл хүлээн авах, эрүүл ухаанаар сэтгэн бодох, Их Эзэнд үйлчлэх чадавхыг тань мөн нэмэгдүүлдэг.
Ариун явдлын хуулийн дагуу амьдрах нь Бурханы зөвшөөрөл, хувийн сүнслэг хүчийг авчирдаг. Энэ нь таныг болон ирээдүйн гэр бүлийг тань хамгаалдаг. Гэрлэх үед энэхүү хууль гэрлэлтэд тань илүү их хайр, итгэлцэл, нэгдмэл байдлыг авчрах болно. Энэ хуулийг дагах нь танд мөнхөд өсөж хөгжих, Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болох боломжийг олгоно. Есүс Христийн шавийн амьдралаар амьдрах үед өөртөө итгэх итгэл тань өсөн нэмэгдэнэ.
Асуулт, хариулт
Хувцаслалт, үс засалт, шивээс, арьсаа цоолох талаарх Их Эзэний жишиг юу вэ? Дэлхийн жишгээс өөр байсан ч өөрийн бие махбодын ариун нандин байдлыг хүндэтгэн авч явах нь Их Эзэний танд өгсөн жишиг юм. Сонголт хийх үедээ, ялангуяа бие махбодод тань урт хугацааны нөлөө үзүүлэх шийдвэр гаргахын өмнө энэхүү үнэнээр хийгээд Ариун Сүнсээр хөтлүүл. Ухаалаг бас итгэлтэй байж эцэг эх, удирдагчдаасаа зөвлөгөө хүс.
Би уруу таталт, муу зуршлаа хэрхэн ялан дийлж чадах вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт танд туслах хүч чадал бий. Залбирах, судраас судлах, бусдад үйлчлэх гэх мэт энэхүү хүчийг амьдралд тань авчрах зүйлсээр амьдралаа дүүргэ. Есүс Христэд мөн Түүний сайн мэдээнд ханд. Тэгвэл сул тал тань давуу тал болж хувирахыг та харах болно. Шаардлагатай бол эцэг эх, удирдагч, итгэл хүлээсэн мэргэжлийн зөвлөхүүдээс туслалцаа ав. Тэд амьдралаа эргүүлэн удирдахад тань тусална. Үүнд цаг хугацаа орох тул тэвчээртэй байж, хэзээ ч бүү бууж өгөөрэй.
Би ижил хүйстэндээ татагддаг. Би эдгээр жишгийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ижил хүйстэндээ татагдах нь нүгэл биш юм. Хэрэв танд ийм мэдрэмж төрж байгаа бол мэдрэмждээ хөтлөгдөж, тийн үйлдэхгүй л бол та Тэнгэрлэг Эцэгийн ариун явдлын ариун нандин хуулиар амьдарч байгаа. Та бол Бурханы хайртай хүүхэд, Есүс Христийн шавь юм. Аврагч үзэж туулж буй бүхнийг тань ойлгодог гэдгийг санаарай. Та Бурхантай гэрээгээр холбогдсоноор Түүний зарлигуудыг дагах хүчтэй болж, амласан адислалуудыг нь хүлээн авах болно. Түүнд, Түүний сайн мэдээнд итгэ.
Би хүчирхийлэлд өртсөн, надад ичгүүртэй байна. Би нүглийн гэм буруутай юу? Үгүй ээ. Хүчирхийллийн эсвэл халдлагын золиос болох нь таныг нүглийн гэм буруутан болгохгүй. Аврагч танд хайртай. Тэр бол таны хүч чадал. Тэр танд тусалж, эдгээж, амар амгалан болгохыг хүсдэг. Итгэл хүлээсэн мэргэжлийн зөвлөхүүд, гэр бүлийн гишүүд, удирдагчид тань танд мөн тусалж чадна.
Эхлэл 1:27 (бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн); Иохан 14:18 (Аврагч тайтгарал амладаг); Филиппой 4:7 (Бурханы амар тайван ойлголтыг давдаг); Мозая 2:41 (Бурханы зарлигийг сахидаг хүмүүс эд хөрөнгө, сүнсний аль алинд адислагддаг); Сургаал ба Гэрээнүүд 88:15 (сүнс болон бие нь хүмүүний бодгаль болой); 89 (Мэргэн ухааны үг); 121:45 (ариун журамтай бодол санаа өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг) зэргийг үзнэ үү.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт
-
Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгддэг” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээнүүд 42:41). Та өөрийн бодол, үйлдлийг ёс суртахууны хувьд цэвэр ариун байлгахыг хичээдэг үү?
-
Та ариун явдлын хуулийг дагадаг уу?
-
Та Мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?