8.
Ариун сүмийн ёслол, гэрээнүүд танд Бурханы адислалаас хүртэх илүү агуу боломж олгодог
Тэнгэрлэг Эцэгийн зарим адислал маш ариун нандин. Тэр бидэнд тэдгээрийг хүлээн авдаг ариун тусгай газар буюу ариун сүмийг тусад нь байлгахыг тушаасан. Ариун сүмд, Их Эзэний өргөөнд та Түүний хамгийн дээд ёслол болох хишиг, лацдан холболтыг мөн Түүний агуу амлалтыг хүлээн авах боломжтой.
Мөнхийн үнэн
Хишиг бол мэдлэг, эрх мэдлийн бэлэг. Ариун сүмийн хишгийн ёслолоор та Аврагчийн нэрийг өөртөө илүү бүрэн авдаг. Та Бурханд дуулгавартай байх, Түүний хүслийг биелүүлэхийн тулд золиос гаргах, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах, ариун явдлын хуулийг дагах, амьдралаа болон Бурханы танд өгсөн бүхнийг Түүний Сүмд зориулах гэрээ байгуулдаг. Энэ бол таны амлалт юм. Бурхан танд илүү их мэдлэг, хамгаалалт, Түүний хүчийг хүртэх боломжоор адисална гэж амладаг. Тэр мөн танд Өөртэйгөө хамт амьдрах мөнх амьдралыг өгөхөө амладаг. Хишгийн нэг хэсэг болгож та ариун санваарын өмсгөл өмсөх ариун нандин онцгой эрх хүлээн авдаг. Энэ өмсгөл нь Есүс Христийг бэлгэдэж, ариун сүмийн гэрээг тань сануулдаг.
Ариун сүмийн лацдан холболт хосуудыг болон гэр бүлүүдийг үүрд нэгтгэдэг. Ариун сүмийн лацдан холбох ёслолоор та болон таны хань Бурхантай мөн нэг нэгэнтэйгээ гэрээ байгуулах болно. Та Бурханд болон нэг нэгэндээ чин үнэнч байх, бие биеэ хайрлах, үйлчлэх, Бурханы хуулийг дагахын тулд хамтдаа ажиллах амлалт өгнө. Энэ бол таны амлалт. Бурхан хань ижил, үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа тань үүрд үргэлжлэх болно гэж амладаг. Тэр мөн таныг гэрээгээ сахивал селестиел хаант улсад Түүнтэй хамт амьдрах хамгийн дээд сүр жавхланг хүлээн авах боломжтой гэж амладаг. Энэ адислалыг өргөмжлөл гэж нэрлэдэг.
Урилга
Үргэлж ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй бай. Зөвшөөрлийн бичгийг авахын тулд бишопын зөвлөлийн гишүүнтэй уулз. Тэрээр Их Эзэний ариун өргөөнд ороход Түүний жишгүүдийн дагуу хэрхэн амьдарч буй талаар танаас асуух болно. Эдгээр асуултыг байнга үзэж байгаарай. (Эдгээрийг энэхүү хөтчийн хавсралтаас олж болно.) Та ариун сүмээс хол амьдардаг бол зөвшөөрлийн бичиг тань Их Эзэнийг гэх таны хайр, Түүний жишгүүдийн дагуу амьдрах амлалтын тань бэлгэ тэмдэг болог.
Ариун сүмд аль болох олон удаа ор. Та ариун сүмийн зөвшөөрлийн бичгээр Их Эзэний өргөөнд орж, таны өвөг дээдэс танд өгөгдсөн адислалуудыг хүлээн авч болохын тулд та тэдний өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах боломжтой. Ариун сүмд байхын тулд бүхий л боломжийг ашигла. Их Эзэнийг Түүний ариун өргөөнд эрэлхийл. Түүнийг ёслол, бэлгэ тэмдэг, мэдэрч буй Сүнснээс хай. Та Түүнийг олох болно.
Их Эзэний өргөөнд гэрээ байгуулахад бэлд. Ийн үйлдэх хамгийн сайн арга замуудын нэг бол баптисмын гэрээгээ сахих явдал юм. Ариун сүмийн ёслол хүлээн авах, насан туршдаа гэрээгээ сахидаг байхын тулд үүнийг чиглүүлэгч зорилгуудынхаа нэг болго. Ариун сүмд дагана хэмээн амласан Бурханы зарлигуудад дуулгавартай байх, золиослол, Есүс Христийн сайн мэдээ, ариун явдал, бүхнээ зориулах зэрэг хуулиудын дагуу амьдарч эхэл. Гэр бүл, бишоп эсвэл Сүмийн бусад удирдагч тань танд тусалж чадна.
Амлагдсан адислал
Та Есүс Христтэй илүү адил болж чадна. Тэр таныг зөв шударга ёсны илүү агуу дагалдагч болоход тань тусална. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд танд Бурханы оршихуйд хэрхэн орох, Түүнтэй хамт амьдрах мөнх амьдралыг хэрхэн хүлээн авахыг заана.
Та Бурханы хүчээр зэвсэглэнэ. Ариун сүмийн гэрээ нь Бурханы хүч чадал, сүр жавхлан тан дээр байх амлалттай хамт ирдэг. Түүний тэнгэр элч нар таныг харж хамгаална.
Ариун сүмд өнгөрүүлсэн цаг хугацаа таныг Есүс Христтэй болон Ариун Сүнстэй илүү ойртуулж холбоно. Та Бурханы амар амгалан, амралтыг мэдрэх болно. Та Түүний дуу хоолойг илүү тод сонсоно. Тэнгэр танд нээгдэнэ. Та Түүний арга замыг илүү сайн ойлгоно. Таны зүрх сэтгэл Түүнийхтэй холбогдсон тул сорилт бэрхшээлтэйгээ нүүр тулах илүү агуу хүчтэй болно.
Асуулт, хариулт
Би хэзээ хишгээ хүлээн авах вэ? Хишгээ хүлээн авах шийдвэр бол хувийн шийдвэр бөгөөд уг шийдвэрийг гаргахдаа залбир. Гэр бүл, Сүмийн удирдагчидтайгаа зөвлөлд. Хишгээ хүлээн авахын тулд та дор хаяж 18 настай байх хэрэгтэй ба ахлах сургуульд эсвэл дунд сургуульд сурдаггүй байх ёстой. Та номлолд үйлчлэхээсээ өмнө эсвэл лацдан холбуулахаасаа өмнө хишиг хүртэнэ. Гэхдээ хишиг хүртэхээсээ өмнө эдгээр үйл явдлын аль нэгийг хүлээх шаардлагагүй. Танд ердөө л Тэнгэрлэг Эцэгтэйгээ нэмэлт гэрээ байгуулах, сахих хүсэл, бэлтгэл хэрэгтэй. Таны бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч бэлтгэлтэй байгаа эсэхээ мэдэхэд тань тусалж чадна. Хишгийг байнга хийх ёстой зүйлсийн жагсаалт дээр байдаг ямар нэгэн зүйл болгон бүү хар. Үүнийг Христэд ирэх, Бурханы хамгийн агуу сүнслэг адислалуудыг хүлээн авах мөнхийн аяллынхаа үзэсгэлэнтэй, гайхамшигт хэсэг гэж үзээрэй.
Яагаад би ариун сүмд орохын тулд ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байх хэрэгтэй вэ? Ариун сүм бол Их Эзэний өргөө бөгөөд Тэрээр тийш орох жишгийг тогтоодог. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд тун ариун нандин тул сүнслэгээр тусгайлан бэлтгэхийг шаарддаг. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлага нь таныг ариун сүмийн гэрээний илүү дээд эрхийн төлөө сүнслэг байдлаар бэлдсэн эсэхийг баталгаажуулах зорилготой. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ Өөрийнх нь ариун өргөөнд Өөртэй нь хамт амлалт өгөхөд бэлтгэхэд урьдаг.
Ариун сүмийн гэрээ байгуулахын тулд би төгс байх ёстой юу? Хэн ч төгс биш. Бурхан таныг Өөрийнх нь зарлигуудыг дагах хүсэлтэй, үнэнч байгаасай хэмээн хүсдэг. Бурхантай гэрээ байгуулах, сахих нь Есүс Христээр дамжуулан төгс болох хүчийг өгдөг. Тэр бол таны хүч чадал!
Исаиа 2:2–3 (Бурхан бидэнд ариун сүмд Өөрийн арга замаар заадаг); Матай 11:28–30 (Аврагчийн буулгыг өөртөө ав); 1 Нифай 14:14 (Бурханы хүч гэрээт хүмүүсийн дээр байна); Сургаал ба Гэрээнүүд 97:15–16 (Бурханы оршихуй ба сүр жавхлан нь Түүний өргөөнд байна); 109:22 (ариун сүмд бид Бурханы хүчээр зэвсэглэдэг); 131:1–4; 132:4–6, 15–20 (мөнх амьдралыг хүлээн авахын тулд эрэгтэй, эмэгтэй хоёр нь гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр мөнхөд лацдан холбогдох ёстой); Абрахам 1:2 (Абрахам зөв шударга ёсны илүү агуу дагалдагч болох, илүү агуу мэдлэг хүлээн авахыг хүссэн) зэргийг үзнэ үү.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт
-
Та өөрийгөө Их Эзэний өргөөнд орж, ариун сүмийн ёслолуудад оролцох зохистой гэж үзэж байна уу?